8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Гадаад паспортын захиалгыг шуурхай авч, Монгол охин Дэлхийн аварга болсон өдөр

2016-11-02 18:50:00

Гадаа хүйтэрч өвлийн улирал аль хэдийн айлчлан ирсэн. Хүйтний эрч чангарч байгаа энэ үед  дулаан хувцасаа өмсөж эрүүл мэнддээ анхаараарай. Хэрвээ та хүйтний харшилтай бол нимгэн явж болохгүйг зөвлөж байна. Учир нь Харшлын өвчин зуны саруудад л эрчээ авч, хүйтэн сэрүүний улиралд намждаг гэж хүмүүс ойлгодог. Гэтэл өвлийн улиралд ч бас энэ өвчнөөр өвдөж эмчид хандах хүмүүсийн тоо өдрөөс өдөрт элбэгших хандлагатай байдаг.  
Ургамлын тоосны харшил хавар, намар ихэсдэг бол өвлийн улиралд элдэв янзын арьсны өвчлөлөөс гадна хүйтний харшилтай гэх хүний тоо бас олширдог ажээ. Хүйтний харшлын үед арьсан дээр ягаан, цайвардуу өнгөтэй тууралт, гүвдрүү гардаг. Ийм тууралт гарсан үед маш хүчтэй загатнуулахаас гадна хавагнадаг. Заримдаа хүйтний харшилтай хүн аяга хүйтэн ус уусны дараа хэл, залгиур нь хавагнаж, гэдэс нь өвдөх тохиолдол ч байдаг. Ер нь хүйтэн, чийг хоёр хосолсон үед харшлын илрэл бүр хүчтэй мэдрэгддэг. Хүйтний харшилд нүүр, сарвуу, шилбэ, гуяны дотор тал хамгийн их өртдөг юм байна гэсэн мэдээлэлээр өнөөдрийн
Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Цэргүүдээр албадан хөдөлмөр эрхлүүлдэг сүлжээний “бизнес”-ийг хэн зогсоох вэ

Хилийн цэргийн 0131-р ангийн дөрвөн цэрэг хүчингийн хэрэгт нэр холбогджээ 

Одоогоос хоёр жилийн өмнө 016 дугаар ан­гийн захирагч болох нэгэн бригадын генерал хувийн зорилгоор цэргүүдээ бүтэн дөрвөн сар хэнд ч мэдэгдэлгүйгээр ажил хийлгүүлж байсан нь илэрсэн. Мөн 2013 онд Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид нэг цэрэг барилга дээр ажиллаж байгаад хөлөө бэртээсэн. Тус хэрэг намжаагүй байтал нийслэлийн Хан-Уул дүүрэгт барилга дээр ажилладаг Хойд Солонгосын ажилчид мөн тэнд ажиллаж байсан 016 дугаар ангийн цэргүүдийг зодож бэртээж байв. Цэргүүд бэртэж, гэмтсэн энэ мэт олон үйл явдлыг энд дурдаж болно. Илэрсэн нь энэ болохоос цэргийн ангиудад ийм хариуцлагагүй явдал их гардаг гэдэг. Хэрэг гарах бүрт ангийн захирагч нь ч тэр, ЗХЖШ-ын дарга нар ч тэр болж л өгвөл нуун дарагдуулж арьсаа хамгаалахыг боддог. Зуны улиралд нийслэл дэх цэргийн ангиудад ил далд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүйгээр цэргүүдийг олон хоногоор  элдэв янзын ажилд явуулах нь хэвийн үзэгдэл болсон тухай тус салбарын учир мэдэх хүмүүс ярьж байгаа юм. Иргэд ч мөн энэ талаар мэддэг.

Монгол улс албадан хөдөлмөр эрхлэлтийг хуулиар хориглосон ч ялтан болон цэргүүдээр албадан ажил хийлгэдэг байдал одоог арилаагүй байгаа гэж Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээлж байв. Тус байгууллагын явуулсан хяналт шалгалтаар цэргийн алба хаагчдаар өөр төрлийн ажил хийлгэх тохиолдол түгээмэл байгаа нь тогтоогдож байсан. Уг нь Монгол улс Үндсэн хуулиндаа “...Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй” гэж заасан байдаг. Мөн Хөдөлмөрийн тухай хууль, Эрүүгийн хуулиудад албадан хөдөлмөрийг хориглож, зөрчсөн этгээдэд хүлээлгэх хууль зүйн хариуцлагыг тусгаснаас гадна 1930 оны Албадан хөдөлмөрийн тухай 29 дүгээр конвенцид 2005 онд, 1957 оны Албадан хөдөлмөрийг хориглох тухай 105 дугаар конвенцид мөн 2005 онд нэгдэн орж, соёрхон баталсан байдаг. Гэтэл эдгээр хууль дүрэм, бичиг баримт нь цэргийн ангиудад л хэрэгждэггүй бололтой.

Дээрх хууль дүрмийг хэрэгжүүлдэггүйгээс үүдэн цэргүүд бэртэж гэмтэх, амь нас, эрүүл мэндээрээ хохирох цаашлаад хууль бус үйл ажиллагаанд оролцож шоронд орох тохиолдол гарсаар байгаа юм.

Үүнтэй холбоотой нэгэн жишээг дурдахад, өнгөрсөн сард хурандаа н.Ганболд захирагчтай Хилийн цэргийн 0131-р ангид алба хаадаг 19-20 насны дөрвөн цэрэг Төв аймаг дахь амралтын газарт дарга нарынхаа тушаалаар албадан хөдөлмөр эрхэлж явахдаа хүчингийн хэрэгт холбогдсон хэрэг гарчээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү.

Б.Майцэцэг: Амь насанд аюул хүрч болзошгүй тохиолдолд антибиотикийг хэрэглэнэ

Манайд хоёр алхаад таарах нэг төрлийн үйлчилгээ үзүүлдэг газар олон бий. Ломбард, эмийн сан, эмэгтэйчүүдийн эмнэлэг гэх мэт. Үүнээс эмийн сангийн тухай тодруулж үзвэл орлого олдоггүй аптек байдаггүй гэхэд хилсдэхгүй. Ялангуяа гэр хороолол дунд байрлалтай эмийн сан 24 цагийн турш хүний хөлд дарагдаастай. Заримдаа үйлчлүүлэгчид бүр дугаарлаад зогсчихсон харагддаг. Тэр хүмүүс дунд эмийн жор бичгээ бариад зогсч байгаа хүн тун цөөн. Ууж заншсан, эсвэл хэн нэгнээс дам сайн гэж сонссон эмийнхээ нэрийг буруу, зөв хэлж авч байгаа дүр зурагтай та бид өдөр бүр таардаг гэхэд буруудахгүй болов уу. Эм, антибиотикийн зохистой хэрэглээний талаар  НЭМХ-ийн Эрүүл мэндийг дэмжих сургалт, судалгаа, арга зүйн төвийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Майцэцэгтэй ярилцлаа.

-Эм, антибиотикийн зохистой хэрэглээ гэж юу вэ. Энэ хоёрын ялгаа. Ингэж асууны учир нь үүнийг иргэд нэг зүйл гэж ойлгоод хэрэглээд байдаг юм шиг санагддаг?

-Аливаа өвчин эмгэгийг эмчлэх, оношлох болон түүнээс урьдчилан сэргийлэх зориулалттай, эмчилгээний үр нөлөө нь судалгаагаар бүрэн нотлогдсон, орчин үеийн эмийн хэлбэрт оруулан тодорхой тун хэмжээгээр савласан бэлдмэлийг эм гэнэЭмийг хэрэглэхдээ тухайн цаг мөчид ямар өвнөөр өвдсөн, хавсарсан өвчлөл юу байна, хэдэн настай,  одоо хэрэглэж буй эм, бусад хорт зуршил зэргийг  тодруулах нь зүйтэй. Жирэмсэн болон хөхүүл эх, гурав хүртэлх бага насны хүүхэд, өндөр настнуудад хэрэглэж болдоггүй эм гэж байдаг. Эм хоол хүнстэй адил зүйл биш. Тухайн бие организимд тохирсон үйлчилгээ үзүүлдэг бодис гэж ойлгож болно. Харин антибиотик нь нянг устгадаг үйлчилгээтэй. Халдвар авсан, биемахбодид үрэвсэл үүсэх, халдвар тархах, энэ нь цаашид амь нас нь аюулд хүрч болзошгүй тохиолдолд антибиотикийг эмчийн зааврын дагуу хэрэглэх ёстой. Заавал эмчийн зааврын дагуу хэрэглэх ёстой гэдгийг сайтар ухамсарлах хэрэгтэй. Ийм л ялгаатай. Антибиотик  олон янз байдаг. Антибиотикоор эмчлэхийн тулд нянгийн антибиотикт мэдрэг чанарыг шинжилгээгээр тодруулсны дараа хэрэглэх нь зүйтэй.

Антибиотик нь нянг устгадаг үйлчилгээтэй. Халдвар авсан, биемахбодид үрэвсэл үүсэх, халдвар тархах, энэ нь цаашид амь насанд аюулд хүрч болзошгүй тохиолдолд антибиотикийг эмчийн зааврын дагуу хэрэглэх ёстойЗаавал эмчийн зааврын дагуу хэрэглэх ёстой гэдгийг сайтар ухамсарлах хэрэгтэй.

 

-Ямар үед антибиотик,  ямар үед эм авч хэрэглэвэл илүү зохистой вэ. Манайхан ханиад, томуу хүрсэн үед хамгийн эхэнд таарсан эмийн сангаасаа ороод эм аваад уучихдаг шүү дээ? 

-Эмийг хэрэглээнийхэн хувьд жоргүй олгох эм, жороор олгодог эм, эмнэлгийг нөхцөлд хэрэглэдэг эм гэж гурав ангилдаг.  Жоргүй олгодог эмийг эмийн сангаас авч хэрэглэж болно. Үүнд, аминдэм, сүүлийн үед хүмүүсийн нэрлэж заншснаар биологийн идэвхтэй бүтээгдэхүүн, халуун бууруулах эм зэрэг багтана. Иргэд ханиадыг хүндрүүлэхгүй гэдэг үүднээс антибиотикийг шууд авч хэрэглэдэг. Гэтэл ханиад нь нянгаар үүсгэгдээгүй, вирусаар үүсгэгдсэн байдаг. Дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж үзнэ үү.

Онцлох 30 ишлэл: УИХ-ын гишүүн Н.Учрал оюуны салбарыг хөгжүүлэх талаар ингэж ярив

УИХ-ын гишүүн Н.Учрал боловсрол болоод оюуны салбарын хөгжлийг дэмжих ёстой гэж ярьдаг цөөн гишүүдийн нэг. Тэрбээр УИХ-ын гишүүнээр ажиллаж эхэлснээсээ хойш чуулганы хуралдаан болон хууль батлах үйл ажиллагааны хүрээнд оюуны салбарын хөгжлийг дэмжих чиглэлээр дуугарч, ажиллаж иржээ. Монголчууд нүүрсээ олборлоод хөгжих үү эсвэл боловсрол болон оюуны салбараа дэмжиж байж хөгжих үү гэдэг асуултад тэрбээр хэрхэн хариулж ирснийг онцлох 30 ишлэлээр хүргэж байна.

 

  1. Газар тариалан, барилгын салбарыг нэг хувийн татварын хөнгөлөлтөд оруулж байхын оронд оюуны экспорт хийж байгаа салбаруудыг дэмжих хэрэгтэй. 
  2. Шинэ бүтээгдэхүүн болон ашигтай загвар гаргаж мэдээлэл технологийн салбарыг дэмжиж чадвал монголчууд оюуны экспортыг хийж чадна. 
  3. Инноваци, техник технологийн дэвшил нэвтрүүлж буй салбарыг дэмжихгүй юм бол бид цаашид уламжлалт хэдэн салбараасаа өөр ахисан зүйлгүй улс болох нь ээ.
  4. Шилэн кабель, троллейбус зэрэг технологийн сайн үйлдвэрлэл явуулж буй ААН-үүдээ дэмжье. Оюуны хөдөлмөр эрхлэдэг залуусаа дэмжихгүйгээр энэ улс хөгжихгүй ээ.
  5. Улаанбаатар хотод 10-20 сая төгрөг бүр зарим нь 30 сая төгрөгийн төлбөртэй хувийн дунд сургуулиуд үйл ажиллагагаа явуулж байна. Энэ сургуулиудад 30 тэрбумын хувьсах зардал өгдөгөө болиод “Насны хишиг”, 36 сарын тэтгэмж, хүүхдийн мөнгөнд өгч болно шүү дээАрд иргэд рүү чиглэсэн бодитой санаачлага гаргах хэрэгтэй.
  6. Боловсролын зээлийн сангаас оюутнууд зээл авдаг хууль бол их зөв юм.  
  7. Манай оюутнууд төрөөс 70 мянган төгрөг авснаар сайжирсангүй.
  8. 70 мянгыг олгосноор бэлэнчлэх сэтгэлгээтэй, хариуцлагагүй болсон. Зүгээр өгч буй, үнэгүй зүйл ямар ч хүнийг бэлэн зүйлд дуртай болгодог.
  9. Зээл хэлбэрээр олгосноор оюутнуудын хандлага өөрчлөгдөнө. Эргэж төлөх мөнгө учраас ядаж л хичээлдээ мэрийж эхэлнэ.
  10. Төр оюутнуудад зээл олгосон учраас мөнгөө буцааж олж авахын тулд сургуулиа төгсөх үед нь ажлын байраар хангах юм. Залуусыг ажилд авч буй компаниудыг төрийн зүгээс дэмжих хэрэгтэй.

Гадны жишгийг анзаараад байхад олон хүүхэдтэй ангид заавал туслах багш байдаг. Манай багш нар бүх зүйлийг ганцаараа болгож байна.  Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү.

Дэлхий дахинд

Зимбабве улсын албан ёсны мөнгөн дэвсгэрт Хятадын юань болно

Зимбабве болон Африкийн буурай орнуудад хятадын мөнгөн дэвсгэрт болох юаныг хэрэглэх явдал 2015 оноос эхлэн газар авч, тус улсын албан ёсны мөнгөн дэвсгэртийг юань болгохоор олон удаа хэлэцээрийн ажил явуулж байсан. Тэгвэл Зимбабвегийн засгийн газар нэг хэсэг үүнийг зөвшөөрөхгүй байсан ч хүлээн зөвшөөрч хэрэглэхээр боллоо. 

Энэхүү нийтлэлийг www.howafrica.com вебсайтад нийтлэн оруулсан бөгөөд хөгжиж буй ядуу буурай орнуудад томоохон сургамж боллоо хэмээн үзэж байна. Тухайн улсын үндэсний аюулгүй байдал, дархлааг дотоодын валютын хүч өөртөө агуулдаг. Иймд ч олон шинжээчид үүнийг Хятад улсын колони хот болох магадлалатай хэмээн үзэж байна. 

Өнгөрөгч нэгдүгээр сарын нэгнээс эхлэн Өмнөд Африкийн Зимбабье, Боствана зэрэг хотуудад хятад улсын мөнгөн дэвсгэртийг хэрэглэх явдал ихэсэж, ард иргэдийн халаасанд юань харагдах болсон.

Тэгвэл энэ байдлаа Өмнөд Африкийн ерөнхийлөгч Роберт Мугабе “Бидэнд өөрсдийн гэсэн вапют, мөнгөн дэвсгэртээ байхгүй болоод удаж байна. Ойролцоогоор 2009 оноос хойш бид бусад улс орны мөнгөн дэвсгэртийг хэрэглэж байна. Өөрсдийн дэвсгэртээ гаргая гэсэн ч хэвлэх мөнгө байхгүй” хэмээн мэдэгдлээ. Улмаар ОУВС-аас судалгаа гаргахад валютын инфлиац 500,000,000,000 хувь дахин буурсан гэв. 2009 онд Африкийн дотоодын нийт банкууудад 100,000 тэрбум ам доллар эргэлдсэн байна. 

БНХАУ-ын удирдагч Ши Жин Пинь өөрийн улсын валютыг өмнөд Африкийн зарим улс оронд хэрэглүүлэх сонирхолтой байгаа аж. Тэрээр өнгөрсөн сард  Зимбабве улсад их хэмжээний юаныг нийлүүлж байсан аж. Харин саяханаас хятадын юань Зимбабаве улсын албан ёсны мөнгөн дэвсгэрт болох нь тодорхой боллоо. 

Си Жиньпиний туслах асан хотын дарга болно

БНХАУ-ын дарга Си Жиньпиний ойрын туслахаар ажиллаж байсан Цай Ци нийслэл Бээжин хотын дарга болох төлөвтэй байгаа тухай "Синьхуа" агентлаг мэдээлжээ. Бээжин хотын ардын төлөөлөгчдийн их хурдын байнгын хороо өнгөрсөн даваа гарагт хуралдан Цай Ци-г хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгчээр томиложээ. Тэрээр үндэсний аюулгүй байдлын комиссын орлогч даргын албан тушаалыг хашиж, Си Жиньпиний үнэнч туслах байсан гэнэ.

Энэхүү томилгоо олон нийтийн анхаарлыг нилээдгүй татаад байгаа аж. Учир нь Бээжин хотын даргаар ихэвчлэн сайд, өндөр албан тушаалтныг томилдог байжээ. 

Өнөөдрийн дуулиан

Н.Доржсүрэн: Архиар хүүхэд зарах гэж байна гэсэн мэдээлэл гарсан тухай надад танил маань хэлсэн

“Нялх хүүхдийг ганц шил архиар зарна” гэх мэдээлэл өчигдөр олон нийтийн мэдээллийн сүлжээнд цацагдсан билээ. Энэ асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв болон   тухайн зураг дээр гарсан хүүхдийн өвөө болон аав ээж нь ЦЕГ-ын хэвлэл мэдээлэлийн төвийнхөнтэй хамт мэдээлэл хийлээ. Энэ үеэр иргэн н.Доржсүрэн мэдээлэл хийх үеэрээ “Өчигдөр гадаа дулаахан байхаар нь хүүхдээ салхилуулахаар түр гарсан. Тэгтэл зургийг маань авч олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна. Надтай ирж юм ярьсан хүн байхгүй. Тийм байж архиар хүүхэд зарах гэж байна гэсэн мэдээлэл гарсан тухай надад танил маань хэлсэн. Тиймээс цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Зураг авч байгааг би ер мэдээгүй. Би ер нь хүүхдээ байнга ингэж сугавчилж авч явдаг. Энэ мэдээлэл надад маш хүнд туссан” хэмээсэн хэллээ. Одоогоор тус хэргийг ЦЕГ-ын харьяа Цахим гэмт хэрэгтэй тэмцэх тасаг шалгаж байгаа бөгөөд хүүхдийн зураг ашиглан худал мэдээлэл цацсан энэ хэрэгт СХД-ийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хуулийн тусгай ангийн 111-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
 

Гадаад паспортын захиалгыг Драгон, Дүнжингарав дээр авна

Иргэдийн хувьд гадаад паспорт захиална гэдэг маш төвөгтэй асуудал болсон. Паспортаа захиалах болон авахын тулд багагүй оочер дугаар үүсгэдэг. Тэгвэл манай улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас бүртгэлийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулж, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилтын хүрээнд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд гадаад паспортын үйлчилгээг нэвтрүүллээ.

Тодруулбал гадаад паспорт захиалах иргэд Мишээл экспо, Дүнжингарав худалдааны төв, Драгон төвд байрлаж буй Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд очиж гадаад паспортоо захиалах боломжтой болсон байна.

Уг үйлчилгээ төрийн нэгдсэн төвд шилжсэнээр олон давуу талууд бий болжээ. Тухайлбал, гадаад паспорт шинээр захиалах иргэдээс цээж зураг зайлшгүй шаарддаг байсан бол Дүнжингарав, Драгон, Мишээл төвөөр үйлчлүүлэх иргэдээс гадаад паспортын зураг шаардахгүй. Бүртгэлийн ажилтан тухайн иргэний зургийг бүртгэл хийх үедээ авах юм байна.

Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг эцэслэх олон улсын өдөр тохиож байна

Өнөөдөр сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг эцэслэх олон улсын өдөр тохиож байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхий даяар 800 гаруй сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан харамсалтай судалгаа байдаг байна. Энэ нь дунджаар долоо хоногт нэг удаа хэвлэл мэдээллийн ажилтан амь насаа алдаж байна гэсэн үг юм. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хэвлэл мэдээллийн ажилтнуудын эсрэг үйлдсэн нийт гэмт хэргийн 10 тохиолдлын зөвхөн нэг нь л олон нийтэд ил болж, ял шийтгэл авдаг байна.Ийм харамсалтай тоо баримт их гарч байгаа учраас НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганаараа тогтоол гаргаж, өнөөдрийн энэ өдрийг Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр болгохоор шийдвэрлэсэн юм.  Энэхүү өдрийг сонгосон нь бас учиртай. 2013 оны энэ өдөр Мали улсад Францын хоёр сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан. Тиймээс энэ хоёр сэтгүүлчийн гэгээн дурсгалын хүндэтгэж, энэхүү өдрийг сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж байгааг эцэслэх олон улсын өдөр болохоор шийдвэрлэсэн байна.

Монгол охин Дэлхийн аварга боллоо

Турк улсын Измир хотноо өсвөр, залуучуудын ДАШТ-ий блиц төрлийн тэмцээн өнөөдөр болж өндөрлөлөө. Тэмцээний 11 хүртэлх насны охидын ангилалд Монгол улсын тамирчин Э. Хүслэн дэлхийн аваргын алтан медалийн болзол хангалаа. Тэрээр 9 тоглосноос 6 хожиж, 3 тэнцэн 15 оноогоор нийт оролцсон 28 тамирчныг манлайлжээ. Харин энэ насны ангилалд өрсөлдсөн Н.Налжормаа 14 оноогоор хүрэл медаль хүртжээ. 14 хүртэлх насны ангилалд өрсөлдсөн дэлхийн даамын холбооны дэд мастер Б.Мишээл 12 оноогоор хүрэл медалийн болзол хангасан амжилт үзүүлэв.

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment