8o
Улаанбаатар хот
mobile menu

З.Даваасүрэн: Амиа алдсан 7 настай хүүгийн дурсгалд зориулсан дуу удахгүй мэндэлнэ

2016-11-03 09:06:00

Эгч нь “Хүний сайхан сэтгэл”-ээр амьдарч явна даа гэж ярих энэ бүсгүйг Занабазарын Даваасүрэн гэдэг. Тэрбээр кино урлагийн алтан үеийн сор болсон бүтээлийн нэг нь “Хүний сайхан сэтгэл” Монголын уран сайхны киноны жирэмсэн эмэгтэй Дэжидийн дүрийг одоогоос 30 орчим жилийн өмнө бүтээж байсан. Түүнээс хойш хувийн уран бүтээл хийж, гол төлөв хүүхэд рүү чиглэсэн уран бүтээл чамгүй олныг хийсэн байна Мөн нийгмээс тусгаарлагдсан хорих анги, хүний хайр халамж хүссэн асрамжийн газрын хүүхдүүдэд очиж үнэгүй жүжиг тоглож өгдөг аж. Мөн үүнээс гадна “Мөнхзул” нэртэй ганц хүний театрыг үүсгэн байгуулагч, жүжигчин, яруу найрагч Соёлын тэргүүний ажилтан З.Даваасүрэнтэй  амьдрал, уран бүтээлийнхэн нь талаар ийнхүү ярилцсанаа хүргэе.

-Монгол түмний сэтгэлд хоногшсон “Хүний сайхан сэтгэл” киноны жирэмсэн эмэгтэй Дэжидийн дүрийг та хэдэн онд бүтээж байв гэсэн асуултаар ярилцлагаа эхлүүлэх үү? 

-Баярлалаа. Бололгүй яахав. Би Баянхонгор аймгийн Баян-Овоот сумын харьяат хөдөөний хүүхэд л дээ. 1979 онд Улсын багшийн дээд сургуулийн дуулаачийн ангид оюутан болж “Ардын элч” киноны Ариунаагийн дүрд тоглодог П.Цэвэлсүрэн багшид шавь орж дуулаач байсан юм. Тухайн үед би гурван өдөр өвчтэй хичээлдээ ирээгүй. Энэ хойгуур манай сургууль дээр  жирэмсэн эмэгтэйн дүрд хүн шалгаруулж асван, кино драмын ангийн хүүхдүүд очиж пробонд орж байсан юм байна лээ. Нэг өдөр хичээлдээ ирсэн чинь энэ талаар хүүхдүүд яриад тэгсэн “Би ямар азгүй юм бэ, ийм сайхан зүйлээс хоцорчихлоо” гэсэн юм бодоод  шатаар дээш гарч байтал нэг хүн намайг дуудаад “Чи аль ангийн хүүхэд вэ. Ойрдоо сургууль дээр байсан уу” гэж асуудаг юм байна. “Байгаагүй. Би өвчтэй байсан” гэхэд тэгвэл багштай чинь уулзъя гээд манай багштай уулзаад энэ хүүхэдийг пробонд оруулна гээд зөвшөөрөл аваад шууд кино үйлдвэр дээр ирлээ. Очтол Ардын жүжигчин Д.Чимэд-Осор гуай сууж байсан. Тухайн үед би маш гоё эмэгтэйн дүрд тоглох юм байна гэж бодохгүй юу. Гэтэл Ардын жүжигчин Д.Чимэд-Осор гуай “Энэ хүүхэд яагаад одоо хүртэл ингээд зүгээр сууж байгаа, наад юмаа зүү” гэдэг юм байна. Гайхаж харснаа “Би энийг зүүх юм уу гэсэн чинь “Энэ жирэмсэн эмэгтэйн дүр шүү дээ. Наад гэдсээ зүү” гэсэн. Гэдсээ зүйгээд пробонд ороод шууд тэнцсэн. 1987 онд Улсын багийн их сургуулийг дулаач, кино жүжигчний ангийг зэрэг төгссөн. 

-Энэ кинонд тоглож байхад та хэдэн настай байсан вэ?

-19 настай байлаа. 

Миний чаддаг зүйл дуу дуулах, жүжиг тоглох. Үүгээрээ л олныг баясгаж сэтгэлийн цэнгэл, жаргал эдлүүлье гэж бодсон үүднээс хорих ангиуд, асрамжийн газар, цэцэрлэгээр явж үнэгүй жүжиг, тоглож өгдөг.

-Дөнгөж оюутан болсон хүн жирэмсэн эмэгтэйн дүр бүтээхэд мэдээж хэцүү байсан байх даа. Тухайн үед натурт гарч байсан үеэ эргэн дурсвал?

-Натурт гарч байхдаа их л гоё зүйл гэж бодож анх ирж байсан. Зураг авалтын үеэр миний нүүрэн дээр сэвх тавиад будалт хийхээр би сэмхэн арилгачихдаг байлаа. Хүүхэд байсан болохоор ичиж, муухай харагдаж байна гэж бодсон байх. Тухайн үед муухай л санагдсан юм байлгүй. Зурганд орох болохоор найруулагчаараа загнуулна будгаа арилгачихсан байна дахиад буд, арилгаж болохгүй гэж их загнуулдаг байсан. Кино зохиолоо унших тусмаа маш гоё санагддаг байлаа. Хамтран тоглосон мундаг уран бүтээлчдээс их зүйл сурсан. Ардын жүжигчин Д.Чимэд-Осор гуай, Гавъяат жүжигчин Л.Жанчивдорж ахтай хамтран тоглож уран бүтээлийн гараагаа эхэлж байлаа. Төрөх нь байтугай жирэмсэн ч болж үзээгүй би энэ кинонд тоглоход найруулагч,  хамтран тоглосон уран бүтээлчид, киноны багийхан их тусалж байсан. Эмэгтэй хүн төрж байгааг надад харуулж, ингэж яв, алхаа гишгээгээ хяна зэрэг маш их зүйл зааж өгч байсан. Энэ хүмүүсээ маш их зүйл сурсан. Тухайн үед бага залуу байсан болоод ч тэр үү кинонд тоглосон нь сайхан санагддаг байж. Гэтэл өнөөдөр би “Хүний сайхан сэтгэл” киног үзэхэд үг, үйлдлээс нь нэгийг ойлголж, хоёрыг тунгааж авдаг. Энэ кинонд тоглоогүй бол би одоо мэргэжлээрээ ажлаа ч үү, үгүй ч үү мэдэхгүй шүү дээ. Би их аз, хувь заяагаар энэ сайхан кинонд тоглосон.

-Зураг авалтын явцад хөглөсөн хөгжилтэй зүйл их гарч байсан байх даа?  

-Би морь сайн унадаг хүүхэд байсан. Нэг өдөр морь унаж байгаад дараа нь шууд зураг авалтад орсон чинь миний гэдэс хажуу талдаа гарчихсан түүнийгээ мэдэхгүй зураг авалтанд ороод найруулагчаараа загнуулж билээ. Тухайн үед хальсны филонкоор зураг авдаг байсан. Тэгсэн найруулагч цаад нөхрөө дууд гэдэс нь хаана явж байгааг харуул гэж байсан. Би үнэхээр мэдсэнгүй яанаа уучлаарай гээд дахиад зураг авалтаа хийж байлаа. 

Нийт хэчнээн кинод тоглосон байдаг юм бэ?

-Хамгийн анхны уран бүтээл “Хүний сайхан сэтгэл” кино. Үүнээс хойш 20 гаруй кинонд гол, болон туслах дүр бүтээсэн. Нэг хэсэг завсарлаж театр байгуулан ажиллаж байснаа саяхнаас кино руу эргээд орж байна. Хамгийн сүүлд гэвэл америкт хийгдэж байгаа хурдан морь унаач хүүхдүүдийн тухай өгүүлсөн “Чингисийн хүүхдүүд” кинонд тоглосон. Энэ кинонд багийн даргын эхнэрийг дүрийг бүтээсэн. Зураг авалтыг Архангай аймгийн Цэнхэрийн голд авсан. Энэ кино сайхан бүтээл болно.

-Монголд анх удаа ганц хүний театр байгуулсан хүн гэж ярьдаг юм байна лээ таныг. Театраа хэзээ байгуулж байсан вэ?

-“Мөнхзул” нэртэй ганц хүний театрыг 1995 онд байгуулж байсан. Би Улсын багшийн их сургуулийн кино, жүжигчний ангийн найруулагч, “Говийн зэрэглээ” киноны Арслангийн дүрд тоглодог Г.Доржсамбуу агсны удирдлага дор төгссөн. Сургуулиа төгсөж байхад намайг ганц хүний тоглолтыг илүү хөгжүүл, энэ чиглэлээр явбал илүү амжилт гаргана гэж хэлж байсан. Тухайн үед “Ээ багшаа ганц хүний тоглолт уу” гээд санаа алдаж байсан. Багшийгаа тэгж хэлснээс хойш ганц хүний театр байгууллаад ажиллаж чөлөөт уран бүтээлч гээд явж байна.

Хүүхэд гэдэг чинь танд бурхнаас өгч буй бэлэг. Тэд бурхны элч, ямар гэм зэвгүй хайрлуулах гэж, хайрыг танд өгөх, түгээх гэж мэндэлсэн болохоос ингэж цаг бусаар, муугийн муугаар хорвоогоос явах гэж ирээгүй.

-Таныг эмэгтэйчүүдийн хорих, хүүхдийн асрамжийн газар, цэцэрлэгүүдэд очиж үнэгүй жүжиг тоглож өгдөг гэж сонссон юм байна. Энэ талаараа хуваалцана уу?

-Өнөөдөр ялангуяа залуу эцэг, эхчүүд үр хүүхдээ тавих анхаарал, халамж, хайр багассан юм шиг надад санагддаг. Нийгмээ дагаад аав, ээж нь ажил хөдөлмөр эрхэлж амьдралаа босгох хэрэгтэй байдаг гэтэл хүүхдийн асуудал хоцрогдоод байна. Хүүхдийг хүмүүжүүлэхийн тулд багаас нь зөв харьцаж, зөв төлөвшүүлэх нь чухал л даа. Би урлагийн хүн болоод тэр үү надад хүүхдийг урлагаар хүмүүжүүлбэл зүгээр юм болов уу гэж боддог. Ер нь урлагаар дамжуулж хөгжүүлсэн хүүхэд их мэдрэмжтэй бусдаас өөр байдаг. Хүүхэд рүү хандсан жүжиг, дуу, шүлэг нэлээд олныг хийж эхнээс нь хэвлэлтэд гарахад бэлэн болоод байна. Жүжгийн хувьд арван жилийн хүүхдүүдтэй хамтраад зохиолч Л.Ванган гуайн “Худалдагчийн зүүд” жүжгийг Эрдэнэтийн театрт  тавьж байна. Одоо дахиад сэргээж тавих гээд бэлтгэл ажилдаа орчихсон. Соёлын тэргүүний ажилтан, Хөгжмийн дээд сургуулийн багш  Ц.Эрдэнэтэй хамтраад “Чоно ба 7 ишиг” үлгэрийг “Өнөр бүл”-ийн хүүхдүүдтэй хамтраад дуулалт жүжиг хэлбэрээр тоглохоор бэлтгэж, ажилдаа орчихсон явж байна. Энэ үлгэрийг хүүхдүүд мэддэг ч цаад мөн чанарын сайн ойлгодоггүй. Харин өөрөө дүрд нь орж тоглосноор хайхрамжгүй байдлаас үүдэн хүүхэд төдийгүй томчууд алдаа гардаг гэдгийг ойлгуулах гэсэн үүднээс үүнийг хийж байна. Өв тэгш хүн гэж байдаггүй. Хүн бүр л амьдралдаа алддаг. Би алдаж үзсэн хүн. Хамгийн анх Салхитын хорих анги рүү очсон. Дараа нь эмэгтэйчүүдийн хорих анги рүү очиж байсан. Салхитын хорих анги руу анх ороход бие чичирч, сандарч байсан. Тэнд хоригдож байсан хүмүүсийг бүгдийг нь миний ах, дүү гэж бодож сэтгэлээ хуваалцан, харилцан ярилцаж, дуу дуулж, шүлэг уншиж, ганц хүний театрчилсан тоглолт хийж өгсөн. Уг нь тэнд нэг цаг болно гэж очоод гурван цаг болж байлаа. Эмэгтэйчүүдийн хорих ангид очиход намайг маш гоё хүлээж авсан. Тэнд очихдоо ихэнхдээ хувцас авч очдог. Тоглолтоо хийж дуусгаад хувцсаа тарааж өгнө. Ял эдэлж байгаа зарим бүсгүйчүүд төрдөг. Тэд нарын хүүхдүүдэд хаяа ном аваачиж уншиж өгнө.

-Та сая би ч гэсэн амьдралдаа алдсан гэж гундуухан ярилаа. Энэ талаараа бидэнтэй хуваалцвал болох уу?

-Би 27-хон настай байхад хань минь намайг 2 охинтой минь орхиод явж байсан. Тухайн үед хэн хэнд нь алдаа байсан байх. Тэр хүн солонгос явахдаа нэгэн бүсгүйтэй суугаад явчихсан. Түүнээс хойш бид 2 хоёр тийш болсон. Тэр үед би яах ёстой гэсэн асуултаас өөр зүйл надад байгаагүй. Би нөхрөө 6 жил хүлээсэн. Тэгтэл нэг өдөр манай хүн гэнэт ороод ирсэн. Тэгэхэд би хоёр хүүхдээ бодоод хамт амьдаря гэхэд “Би нөгөө хүүхэнтэй хамт амьдарна” гэсэн /уйлав/. Тэгэхэд би хүн хүнээр дутах, хүн хүний хүслэн болох, хүн хайр халамжаар дутмаг ямар байдгийг өөрийн биеэр мэдэрсэн. Түүнээс хойш би хайр халамж хүссэн, нийгмээс тусгаарлагдсан хүмүүсийн төлөө би юу хийж чадах уу гэж өөрөө асуусан. Миний чаддаг зүйл дуу дуулах, жүжиг тоглох. Үүгээрээ л олныг баясгаж сэтгэлийн цэнгэл, жаргал эдлүүлье гэж бодсон үүднээс хорих ангиуд, асрамжийн газар, цэцэрлэгээр явж үнэгүй жүжиг, тоглож өгдөг. Заримтай нь сэтгэлээ онгойтол нь ярилцдаг байсан. Салхитын хорих анги рүү ороод гарсны дараа надад хамгийн түрүүнд “Би яагаад нөхрөө итгэлээ үзэж ядаж, сайн явах, сайхан амьдрахын харна гэж харааж зүхэж байсан юм бол. Энэ хүн миний хөөрхөн  хоёр охины эцэг шүү дээ. Би эх хүн байж ийм муухай юм бодож явж байна” гэсэн бодол төрж байсан. Одоо ч гэсэн хань минь хүрээд ирвэл тосоод л авна гэсэн бодолтой байдаг. Хүний анхны хайр, анхны бүх зүйл сайхан шүү дээ. Үүнийг орлох сайхан зүйл хэзээ ч байхгүй /нулимас дуслуулав/. Нөхөртөө зориулж.

 “Миний дөлгөөнхөн нууранд дэгдээхэйгээ өдлүүлсэн чи минь Хүний шорвог нууранд жиндэж л яваадаа хөөрхий” гэж хүртэл шүлэг бичиж суулаа.

-Сэтгэлийн тань зовиурыг хөндсөндөө эмзэглэж байна. Одоо таны  залуу насны зарим нэг үеийг дурсая. Таныг залуудаа их сайхан бүсгүй байсан. Танай сургуулийн зураачийн ангийн хүүхдүүд таныг натур болгож их зурдаг байсан гэж сонссон юм байна. Энэ үнэн үү?

-Үнэн шүү дээ. Би одоо ч сайхан бүсгүй /инээв/. Манай сургуулийн зураачийн ангийн оюутнууд намайг натур болоод өгөөч зурах гэсэн юм гэж их шалгаадаг. Тухайн үед залуу ч байж, сайхан ч байж ихэнхдээ зуруулдаг байдаг. Зарим нь нүцгэн зуръя гэдэг байсан. Би үгүй юу гэсэн үг вэ гээд огт зуруулдаггүй байсан. Цамцтай л сууж зуруулдаг байлаа. Мөнгө авч натур болно.  

-Тийм үү. Нэг натур болж зуруулахад хэдэн төгрөг авдаг байсан вэ?

-Тухайн үед овоо хэдэн төгрөгөөр зуруулдаг байсан. Тогтмол мөнгөтэй явдаг байлаа. Надад мөнгө нь чухал биш би зуруулах дуртай байсан юм шиг байна лээ /инээв/.

-Яг одоо та хаана ажиллаж байна?

-“Буман жаалууд” гэдэг хувийн цэцэрлэгт дуу, хөгжмийн багш хийж байна.

-Саяхан Дорнод аймагт 7 настай хүүгийн амийг захиалгаар хөнөөлгөсөн аймшигтай хэрэг гарсан. Энэ хүүгийн дурсгалд зориулж дууны шүлэг бичсэн гэж сонссон. Дуу хэзээ мэндлэх вэ?

-Энэ хэрэг хүн бүрийн сэтгэлд нэгийг бодогдуулсан болов уу. Хүүхэд гэдэг чинь танд бурхнаас өгч буй бэлэг. Тэд бурхны элч, ямар гэм зэвгүй хайрлуулах гэж, хайрыг танд өгөх, түгээх гэж мэндэлсэн болохоос ингэж цаг бусаар, муугийн муугаар хорвоогоос явах гэж ирээгүй. Энэ хэргийг сонсоод би үнэхээр хэлэх ч үггүй болсон. Яасан гэж, яагаад тэр хүүд ийм зүйл тохиолдож байгаа. Энэ хүүгийн гэгээн дурсгалд зориулж “Хүүхэд алхаж байна” нэртэй дууны шүлэг бичсэн. Ганбаатар багшаар хөгжим хийлгүүлэхээр өгчихсөн. Энэ дуу тун удахгүй мэндэлнэ.  

-“Болор цом”-д таныг шүлгээ сойж байсан гэж ярих юм хүмүүс?

-Тиймээ. Би шүлэг, бичдэг яруу найрагч шүү дээ.  “Болор цом”-д орж байсан. Хэдэн оны “Болор цом” гэдгийг  сайн мэдэхгүй байна. Тухайн үед яруу найраг Б.Ичинхорлоо түрүүлж байсан.  Энэ тэмцээнд “Сүүдэр” шүлгээ уншиж дөрөвдүгээр шат хүртэл явж байлаа.

-Манай уншигчддад “Сүүдэр” шүлгээ уншиж өгч болох уу?

-Бололгүй яахав.

Сүүдэр

Сүүдэр намайг дагана

Сүүдэртэйн би ихэрхэн

Сүү шиг цагаахан  сүүдэр

Сөгдөж цөхрөлтгүй дагана

Улмаас минь найзалж алхаад сүүдэр намайг дагана

Угтаад мэндлэх найзуудыг минь сүүдэр мэхийн ёсолно

Хажуугаар өнгөрөх хүмүүсийн их хачин сонин сүүдэр зөрөлдөнө

Хаашаа  зугтасан ч намайгаа л олсон  

Хар сүүдэр миний дагуул

Сүүдэр сүүмийсэн гэж нэгнийгээ шоолно

Сүүдэр гэж юу гэдгийг үл ойлгоно

Сүг шиг хачин хүмүүс хорвоод дэндүү олон болжээ

Сүүдэр шиг үнэн ч нь ингэхэд хаахнан явна аа

Андыгаа алж мөсөө таниулсаныг чинь гэрчилнэ

Алаг үрээ орхисон арчаагүй дүрийг чинь буулгана

Урваж няцдаг эзнийхээ төрхийг улнаас нь өвчөөд сүүдэр  дуурайн

Уянгалан амилах найргийн үзгийн хошуу минь сүүдэртэн

Уйлаад мэндлэх үр минь энэ бүлээн хэвлийд минь сүүдэгнэн

Унаж босох, дунших зүрхэн дотор минь шүүдэртэн  

Уйтай хорвоо тэнхлэгээ тойрохтоо ч сүүдэртэн

Ярьдаг муу чалчаа хүүхэнд сүүдэр заяачихаж

Ярьдаггүй төлөвхөн зан сүүдэрт минь заяагджээ

Саваагүй үнэн сүүдэр минь чи

Сайн буулга миний төрхийг

Уужир ч би сүүдрээ харвал аз

Ухаар ч би алдаагаа засвал зол

Сүүдэр хар өнгөтэй ч миний найз

Сүү шиг цагаахан сэтгэлтэй анд минь

Сүүмэлзэх бие минь сульдан алжаахад

Сүүдэр сүүмийв ч миний тэргүүнийг минь л түшинэ

Сүг шиг хачин хүмүүс энэ хорвоод дэндүү олон болж дээ

Сүүдэр шиг үнэнчийг би даан ч олохгүй л  буцахнээ.

Олон кинонд тоглоогүй ч, амьдралд хайраар дутсан хүмүүст тусалж өнөөдрийг хүрлээ гэж даруухан ярихдаа “Би энэ амьдралд ханийн хайрыг хамгийн их хүсч, ганцхан үүгээр дутсан хүн. Хоёр хөөрхөн охиноо эцгийн хайраар л дутаасан. Бусдаар би хувь илүү дүүрэн, хангалуун байлгаж чадсан. Энэ л намайг хүүхэд рүү, хүн рүү хандсан зүйл хийхэд хүргэсэн болов уу” хэмээн санааширч байсан юм.

Д.Нэргүй

-Ярилцсанд баярлалаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Эмэгтэй хүн гэдэг агуу сэтгэлтэй шүү, сайхан эмэгтэй байна. Амьдралаа бодсон нь дээр ш дэ, ханьтай болох хэрэгтэй.
2020/10/20 103.14.37.4
zochin
bagshdaa ajliin amjilt husie
2016/11/04 202.179.29.81