Амьдрал гэдэг бидний туулж өнгөрөөсөн өдрүүд биш, ой тойнд үлдэж хоцорсон тэр мөчүүд юм. Үүний нэгэн адил өнөөдөр ч гэсэн таны амьдралын нэгэн тод мөч байсан болов уу. Өнөөдөр эх оронд минь болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.
Дорноговь аймгийн хоёр суманд өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ
Дорноговь аймгийн хоёр сумын гурван голомтод хонины цэцэг өвчин гарч гурван айлын 60 гаруй малыг устгалд оруулж, одоогоор хорио цээрийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байна. Тодруулбал Зүүнбаян багт 13 хонь, Сайншанд суманд 40 хонь, Дэлгэрэх суманд 14 хонь тус тус өвчилснийг шинжилгээгээр тогтоож устгалд оруулсан бөгөөд голомтот бүс нутагт албаны зургаан хүн нэг техниктэй ажиллаж байгаа ажээ.
Тун удахгүй иргэд өвлийн идэшээ бэлтгэж эхэлнэ. Харин үүнд аймгийн Онцгой байдлын газар ямар хяналт тавих талаар Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн А.Мөнхбатаас тодруулахад “Одоогоор гурван голомтод хорио цээрийн дэглэм тогтоож, ариутгал хийгээд байна. Удахгүй иргэд өвлийн идэш нэрийдлээр малын мах зарах борлуулах их хэмжээгээр бэлтгэх цаг болно. Үүнтэй холбогдуулан бид аймгийн хэмжээнд амьд мал тээвэрлэх, зарж борлуулахыг хориглоод байгаа. Мөн хөрш зэргэлдээ сум, аймгаас амьд мал, малын мах тээвэрлэхдээ зайлшгүй мал эмнэлэгийн бичигтэй байхыг шаардаж байна” гэлээ.
Д.Хаянхярваа: Монголчууд бус гадны жуулчдад зориулсан казино байгуулахыг дэмжиж байгаа
МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагаас төсөв, мөнгөний бодлоготой холбоотой асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
- ОУВС-ийн төлөөлөгчид Монголд ажиллаад буцсан байна. Хэрвээ ОУВС-аас зээл авбал төсөвтэйгөө уяалдуулах ёстой юу?
-Энэ удаагийн төсвийг боловсруулахдаа эдийн засгийн өнөөгийн бодит боломжиндоо тулгуурлан хийсэн. ОУВС-гийнхантай Засгийн газар уулзалт, хэлэлцээр хийж байна. Мөн ОУВС-гийнхан УИХ-ын байнгын хорооны дарга нартай уулзаж, санал солилцсон. Өмнө нь тавьж байсан шаардлагуудаасаа хөнгөрсөн байна гэж бүлэг дээр мэдээлэл өгсөн. ОУВС-гийнхан судалгаагаа хийгээд арванхоёрдугаар сарын эхээр Монгол Улсад дахин ирж хөтөлбөрийнхөө ерөнхий нөхцлийг тохиролцно гэсэн. Мөн ОУВС-гаас эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа учраас “Станд бэй” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын хөнгөлөлтэй нөхцөлтэй зээл олгох гэх мэт санхүүгийн эх үүсвэр олгох чиглэлд хамтарч ажиллаж болно гэдгээ илэрхийлсэн гэсэн мэдээллийг бүлэг дээр өгсөн.
-ОУВС-гийнхан өмнө нь тавьж байсан нөхцлөө хөнгөлсөн гэж байна. Яг ямар шаардлага тавьж байгаа юм бэ?
- ОУВС-гийхан хоёр долоо хоногийн хугацаатай манай улсад ирж ажилласан. Илүү таатай нөхцөл тавьж байгаа гэдэг нь өмнө нь өөрсдийнхөө шаардлагыг авчраад тулгадаг байсан. Харин энэ удаад манайхныг нэлээд сонсож байна. Эд өөрсдийнхөө нөхцөл байдлыг хэр ойлгож байгаа юм, энэ хүндэрлээ хэрхэн даван туулахаар төлөвлөж байгаа, банкны системдээ, төсөв, мөнгөний бодлого дээрээ ямар арга хэмжээнүүд авахаар бэлэн байгаа юм гэдгийг сонсож, шийдэр гаргая гэсэн байдлаар хандаж байна. Өмнө нь ийм нөхцлийг сонсдоггүй, шууд өөрдсийнхөө нөхцлийг тулгадаг байсан. ОУВС-гийхан сая ирж ажиллахаадаа ОУВС-гаас дангаараа хөнгөлөлттэй зээл олгоод энэ хүндэрлээс гарахгүй. Танайх өөрсдөө бас хичээж манайхаас авах зээлээс гадна гаднын эх үүсвэр нэмж олж ирэх нөхцөл, шаардлага тавьсан. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
70 мянгыг он дуустал бүх оюутанд олгоно
“Боловсролын зээлийн сан” хөтөлбөрт хамрагдаж, зээл авсан оюутнуудад үндэсний тэтгэлэг болох 70 мянган төгрөгийг олгохгүй гэх мэдээлэл ташаа болохыг холбогдох яамны сайд мэдэгджээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурийн хэлж буйгаар “Боловсролын зээлийн сан”-аас сургалтын зээл авсан оюутанд үндэсний тэтгэлэг болох 70 мянган төгрөг олгохгүй гэдэг сайдын тушаал гаргаагүй. Ийм тушаал гаргах ч боломжгүй. УИХ-аас 2016 оны төсвийн тодотголыг батлахдаа их, дээд сургууль, коллежид суралцаж байгаа оюутан бүрт энэ оныг дуустал 70 мянган төгрөгийг олгох ёстой гэж үзээд шаардлагатай санхүүжилтийг нь тусгаж өгсөн. УИХ-аас баталсан хуулийг давсан Засгийн газрын тогтоол юм уу, сайдын тушаал байдаггүй. Тийм учраас “Боловсролын зээлийн сан”-гаас сургалтын зээл авсан оюутан ч энэ оныг дуустал 70 мянган төгрөгийн тэтгэлгийг авна гэж ойлгох хэрэгтэй” гэнэ. Дашрамд дурьдахад, их дээд сургууль, коллежуудад үндэсний тэтгэлэгтэй холбоотой ямар нэг чиглэл өгөөгүй бөгөөд бүх оюутанд тэтгэлгийг олгоно гэдгийг хэлж байна.
Аюултай ачаа тээвэрлэхдээ ЦЕГ-аас зөвшөөрөл авдаг боллоо
Аюултай ачаа тээшийг тээвэрлэхдээ Цагдаагийн ерөнхий газраас урьдчилан зөвшөөрөл авсан байх ёстой аж. Энэхүү зөвшөөрлийг хүсэхдээ тухайн аж ахуйн нэгж, байгууллага хүсэлтээ гаргаж аюултай ачааны техникийн нөхцөл стандартыг ажилтнууддаа танилцуулсан тухай хуудсыг ачааны фото зурагтай хавсарган ЦЕГ-ын Лицензын төвд хандах юм байна.
Б.Солонго: Сүрьеэгийн халдвар авсан хүн болгон энэ өвчнөөр өвчилдөггүй
Монгол Улсын хүн амын дундах сүрьеэгийн өвчлөл ихэссэн. Өвчлөгсдийн дийлэнх хувийг залуучууд эзэлж байгааг эмч, мэргэжилтнүүд онцолж байна. Ингээд Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, Нийгмийн эрүүл мэндийн магистр Б.Солонготой сүрьеэ өвчний талаар ярилцлаа.
-Манай улсад сүрьеэ өвчний тархалт хэр байна. Энэ өвчин яагаад залуужаад байна вэ?
-Сүрье өвчний тархалт манай улсад өндөр байдаг. Залуучуудын дунд энэ өвчлөл ихэссэн. Тодруулбал, 16-44 насныхан буюу ид хөдөлмөрийн насныхан энэ өвчнөөр өвчилж байна. Өндөр хөгжилтэй орнуудад ахимаг насны хүмүүсийн дунд сүрьеэ илүүтэй тохиолддог бол манай улсад эсрэгээрээ залуучууд их өвчилж байгаа нь анхаарал татах асуудал юм. Сүрьеэ өвчний тархалтад ажилгүйдэл, ядуурал, нийгэм эдийн засгийн байдал, амьдралын хэв маяг нөлөөлдөг. Сүрье бүрэн эдгэрдэг өвчин. Эмчилгээгээ бүрэн хийж, эмээ эмчийн заасны дагуу уух хэрэглэсэн тохиолдолд эдгэрнэ.
-Энэ өвчний шинэ тохиолдол жилд дунджаар хэчнээн бүртгэгдэж байна вэ?
-Манай орон нь ДЭМБ-ын Ази, номхон далайн баруун эргийн бүсийн сүрьеэгийн өвчлөл өндөртэй долоон орны тоонд ордог. Жилд сүрьеэ өвчний дөрвөн мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгддэг. Энэ бол албан ёсоор бүртгэгдсэн тоо. Үүний цаана оношлогдоогүй, эмчилж чадаагүй олон тохиолдол бий. Саяхан хийгдсэн үндэсний хэмжээний сүрьеэгийн тархалтын судалгааны үр дүнгээс харахад сүрьеэгийн тохиолдлын 1/3-ийг л оношилж, эмчилж байна гэсэн судалгааны үр дүн гарсан. Үлдсэн хэсгийг нь алдаад байна гэсэн үг. Сүүлийн үед олон эмэнд дасалтай сүрьеэгийн тохиолдол нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, сүрьеэгийн нян эмэнд дасалтай болж байгаа юм.
-Сүрьеэ өвчин тусаад эдгэрлээ. Гэтэл энэ өвчнөөр дахин өвчлөх үү?
-Зарим халдварт өвчнүүд тухайлбал салхин цэцэг, улаан бурхнаар хүн нэг өвчилсөн бол дахин өвчилдөггүй. Насан туршийн дархлаа тогтдог. Харин сүрьеэ бол нэг өвчилсөн ч дахин өвчлөх эрсдэлтэй.
-Сүрьеэ нь дотроо халдвартай, халдваргүй гэж хоёр янз байдаг гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Сүрьеэ өвчин ихэвчлэн уушгийг гэмтээдэг ч бусад эд эрхтнийг ч мөн өвчлүүлдэг. Уушгины сүрьеэ нь дотроо халдвартай, халдваргүй гэж хоёр янз байдаг. Уушгины бус эрхтний сүрьеэ халдваргүй байдаг. Хүмүүс сүрьеэгийн халдвар, сүрьеэ өвчин хоёроо сайн ялгадаггүй. Сүрьеэгийн халдвар авсан хүн болгон энэ өвчнөөр өвчилдөггүй. Дэлхийн хүн амын 1/3 нь сүрьеэгийн халдварыг авсан байдаг гэсэн тоо баримт байдаг. Өөрөөр хэлбэл гурван хүний нэг нь энэ өвчний халдварыг авсан гэсэн үг. Гэхдээ тухайн хүн өвчлөх эсэх нь биеийн эсэргүүцлээс нь шалтгаална.Биеийн эсэргүүцэл сулрахад сүрьеэгийн нян идэвхждэг. Сүрьеэгийн халдвар авсан ч насан туршдаа энэ өвчнөөр өвчлөхгүй байх боломжтой. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
Пак Гын Хэг эсэргүүцэж 100,000 гаруй иргэд өлсгөлөн зарлаж байна
Ерөнхийлөгч Пак Гын Хэ олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглан хоёрдах удаа ард иргэдээсээ уучлал гуйсан ч ард түмэн энэ байдалд дургүйцэж байгаагаа илэрхийлж байна. Жагссан ард олон түүнийг өөрийн хийсэн зүйлдээ хариуцлагаа үүрч, шийтгэхийг хүсэж байгаа аж.
Пак Гын Хэгийн хэрэгтэй холбоотойгоор 100,000 гаруй жагсагчид 16 эгнээ үүсгэн өлсгөлөн зарлаж байгаа талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.
Пак Гын Хэ нь өөрийн найз, орон тооны бус зөвлөх Чой Сун Силд төрийн нууцад хамаарах бичиг баримт үзүүлсэн гэх хэргээр буруутгаж байна. Мөн өмнөд Солонгосын хэвлэл мэдээлийн хэрэгсэл, сөрөг хүчнийхэн түүний найз Чой Сүн Сил гэгч ерөнхийлөгчий нэр хүндийг ашиглан томоохон байгууллагаас хандивын мөнгө их хэмжээгээр авсан хэмээн үзэж байна. Чой Сүн Силийг өнгөрсөн лхагва гарагт баривчилж, ерөнхийлөгчийн нарийн бичгийн дарга асан Ан Чонг Бумыг хэргийг нуун дарагдуулах гэж байсан хэмээн шалгаж, баривчилсан байна.
Энэ бямба гарагт Солонгосын ард түмэн тайван жагсаал зохион байгуулж, төрийн нууцыг задруулж, эх орноосоо урвасан бол шийтгэл хүлээх ёстой хэмээн лаа барьж, эсэргүүцлээ илэрхийллээ. Иргэдийн хэлж буйгаар энэ авилгын хэрэг асуудал 40 жилийн өмнө болсон ч байсан олон нийт жагсаж, гэмээ цайруулж, хариуцлага хүлээх хүртэл чадах бүхнээ хийх байсан хэмээн CNN-ны сурвалжлах багт хэллээ. Мөн хүүхдээ дагуулж ирсэн эмэгтэй “Энэ бол манай ард түмний түүхэнд байж болохгүй зүйл, би өөрийн хүүхдээ энд авчирсаны учир гэвэл түүхийн гэрч болгож, ардчилсан нийгмийн гайхамшигийг харуулах гэсэн юм” гэлээ.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн эхнэрийг хилээр гарахыг хоригложээ
Энэ сарын 5-ны өдөр ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн эхнэр Э.Сэлэнгэ Герман улс руу зорчих гэж байхад нь хуулийн байгууллагынхан таслан зогсоосон байна. Торуулбал, Москва-Берлин чиглэлийн онгоцоор нисэх гэж байхад нь хуулийн байгууллагынхан түүнийг онгоцноос буулгасан байна. Улс төрийн хүрээнийхэний мэдэгдэж буйгаар Э.Сэлэнгийг монгол улсын хилээр гарахыг хориглоод байгаа нь үнэн гэнэ.Харин Улсын ерөнхий прокурорынхон “Манайд энэ талаар мэдээдэл одоогоор байхгүй байна. Хилийн хоригийг зөвхөн манай байгууллагаас биш Шүүх болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоож болдог. Мөн өр зээлтэй иргэдийг хилээр гарахыг хориглож болно. Гэхдээ заавал гэмт хэрэгтэнд хилийн хориг тавина гэж ойлгож болохгүй” гэжээ.Одоогийн байдлаар ямар шалтгааны улмаас хилийн хориг тавьсан тодорхойгүй байна. Их хэмжээний өртэй мөн гэмт хэрэгтэнд хилийн хориг тавьдаг билээ.
Сураггүй болсон таван иргэнийг олжээ
Өнгөрсөн бямба гаригийн 19:00 цагт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн Хийдийн өвөр газар /Сумын төвөөс зүүн зүгт 25 километрт/ “PRADO” загварын автомашинтай иргэн Д (37 настай, эрэгтэй), О (38 настай, эмэгтэй), Б (68 настай, эрэгтэй), Б (65 настай, эмэгтэй), Т (19 настай, эмэгтэй) нарын таван хүн Дархан-Уул аймаг руу гараад сураггүй болсон гэх дуудлага ирэн, эрлийн ажил явуулж байсан билээ.Тус дуудлагын дагуу Онцгой байдлын газрын эрлийн баг хоёр хоног шуурхай ажиллаж, алга болсон таван иргэнийг эсэн мэнд олсон байна.
Эхний 9 сарын байдлаар 9 хүүхэд түлэгдэж нас барсан байна
Эцэг, эхийн анхаарал болгоомжгүй байдлаас бага насны хүүхэд түлэгдэж гэмтэх, нас барах тохиолдол гарсаар байна. Нийслэл хотод 2016 оны эхний 9 сарын байдлаар 52 хүүхэд түлэгдсэнээс 9 хүүхэд нас барсан байна. Иймд эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах талаар дараах зөвлөгөөг хүргэж байна.
- Эцэг эх асран хамгаалагч нар хүүхэд тэвэрч байхдаа халуун хоол, цай идэж уухаас зайлсхийх
- Ус буцалгагч халуун тогоо, индүү, халуун савтай болон данхтай цай, савтай халуун ус, тос, цахилгааны утсыг хүүхдээс хол байлгах
- Шүдэнз, гал гаргаж болзошгүй зүйлсийг хүүхдийн гар хүрэх газар болон ил бүү тавь
- Цахилгааны залгуур, унтраалга зэргийг хамгаалалттай байлгах
- Эм бэлдмэл, ахуйн хэрэглээний бодис, хордож болзошгүй хоол, хүнсийг хүүхдээс хол байлгах
- Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр ганцааранг нь орхихгүй байхыг зөвлөж байна.
Алдраа бяцхан үрсээ агшин ч бүү мартаарай
"Монголын нэг өдөр" тойм булангаа хүлээн авч уншсан танд баярлалаа. Таны маргаашийн ажилд амжилт хүсье.