8o
Улаанбаатар хот
mobile menu

Э.Идэрболд: Их зохиолч Д.Нацагдоржийн зөн бодол, бие хүн хоёр нь тайзнаа амилна

2016-11-08 10:26:00

Шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жил, Улсын Драмын Эрдмийн Театрын үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойг тохиолдуулан их зохиолчийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн “Жаргаагүй нар” түүхэн жүжиг нээлтээ хийгээд удаагүй байгаа билээ. Энэхүү жүжгийн туслах найруулагч, Их зохиолчдын доторх хүн буюу хүн зөнийг бүтээж буюу Улсын драмын эрдмийн театрын туслах найруулагч, Соёлын тэргүүний ажилтан Э.Идэрболдтой жүжгийн талаар цөөн хором хөөрөлдсөнөө хүргэе.

-Хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийсэн Их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн тухай өгүүлсэн “Жаргаагүй нар” жүжигт туслах найруулагчаар ажиллаж байгаа юм байна. Энэ талаар хоёулаа яригаа эхлүүлье?

-Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой, Улсын драмын эрдмийн театрын 85 жилийн ойд зориулсан  томоохон бүтээл бол Соёлын гавъяат зүтгэлтэн Ш.Гүрбазар гуайн зохиол “Жаргаагүй нар” жүжгийн туслах найруулагчаар ажиллаж байна. Жүжгийн ерөнхий найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшин ах ажиллаж байна.

-Жүжгийн анхны уншилт хэзээнээс эхэлсэн бэ?

-Өнгөрсөн есдүгээр сарын 22-наас эхэлсэн. Дүр хувиарлахаас өмнө хамгийн анх ширээний уншлага хийдэг. Үүний жүжигчид зохиолоо ойлгож, гүн рүү орсны дараа дүр хувирлалт хийсэн.  

-Их зохиолч Д.Нацагдоржийн дүрд хоёр хүн тоглож байгаа гэсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Энэ жүжигт би Их зохиолчийн доторх хүн буюу хүн зөнийг бүтээж байна.  Нэг үгээр хэлбэл надаар дамжуулан их зохиолч юу хүсэж мөрөөдөж, тэмүүлж ирсэн тэр бүхэн илэрхийлэгдэж гарна гэсэн үг. Тэгэхээр тайзан дээр хоёр Д.Нацагдорж амилж байна гэж хэлж болно. Нэг үгээр хэлбэл, Их зохиолч Д.Нацагдоржийн зөн бодол, бие хүн хоёр нь тайзан амилна.  Үүнээс гадна би Д.Нацагдоржийн дүр дээр давхар ажиллаж байна. Гол дүрд тоглож байгаа жүжигчин Б.Шинэбаяр бид хоёр дүрээ сольж тоглоно гэсэн үг.  

-Жүжгийн ерөнхий найруулагч, туслах найруулагч хоёрын үзэл бодол зөрөлдөх зүйл энэ жүжиг дээр хэр гарч байна вэ?

-Үзэл бодол зөрөлдөх тохиолдол гарна. Гэхдээ ерөнхий найруулагч юу бодож байгаа, энэ зохиолоор дамжуулж үзэгчид, олон нийтэд юу хүргэхийг зорьж байна түүгээрээ хийнэ. Харин туслах найруулагч миний хувьд жүжгээ өөрийнхөө хэмжээнд харна.  Үзэл бодол зөрчилдөх гэхээс илүүтэй харилцан ярилцаж хийнэ.

-Жүжгийн туслах найруулагч, гол дүрийн доторх хүн зөнийг гаргаж байгаа хүний хувь дүрийн судалгааг хэр хийсэн вэ?

-Д.Нацагдоржийн түүх холын түүх биш. Ойрын түүх. Тийм болохоор судалгаа хийхэд бэрх. Энэ хүний уран бүтээл нь бидний нүдэн дээр ил байж байдаг. Гэтэл тэр хүний хувийн амьдралын талаар төдийлөн мэдээлэл байхгүй. Д.Нацагдорж судлаачдын ном, зохиолыг бидний судалгааны гол суурь болж өгч байна. Дүрийн судалгааг эхэндээ бодит байдлаас хайна. Дараа нь дүрийн фантаз гэж хайна.  Магадгүй бидний дунд байгаа хүмүүс Д.Нацагдоржтой уулзаж байгаагүй. Уурлах, инээх, баярлах, гунисан үедээ ингэдэг байсан гээд дүрийн фантазийг хийж өгнө. Судлаачдын зохиол дээр их зохиолчийг даруухан, дөлгөөнхөн, шооч, инээмтгий хүн байсан гэж бичсэн байдаг. Тиймээс энэ зан чанарыг нь жүжиг дээрээ гаргаж өгөхийг хичээж байна. Энэ жүжгээр их зохиолчын туулсан амьдралыг гаргахаас илүү хүний хүсэл мөрөөдөл гэдэг тухайн хүн хэзээ энэ хорвоогоо явна тэр үед дуусдаг юм байна гэсэн санааг гаргахыг барьж ажиллаж байна.

-Өмнө нь та “black box” театрт ажиллаж байсан. Хэзээнээс Улсын драмын эрдмийн театрт орсон вэ?

-Би сургуулиа төгсөөд 2009 оноос хойш Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрт жүжигчнээр ажиллаж байсан. Тэнд таван жил ажлаад 2013-2014 онуудад “black box” театрт ажилласан. Үүний дараа Улсын драмын эрдмийн театрт ороод хоёр ажил ажиллаж байна.

Д.Нэргүй

-Ярилцсанд баярлалаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment