8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Л.Болд АН-ын даргад өрсөлдөхөө мэдэгдэж, С.Зоригийн аллагын хэргийг шүүхэд шилжүүлсэн өдөр

2016-11-14 18:50:00

“Чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдөр”-ийг жил бүрийн 11 дүгээр сарын 14-нд буюу өнөөдөр Дэлхийн нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Тэгвэл энэхүү өвчинтэй холбоотой мэдээлэлийг Монголын нэг өдөр тойм булангаараа хүргэж байна. Чихрийн шижин өвчтэй олон сая хүний амийг аварсан “инсулин” нэртэй эмийг нээсэн Фредерик Бантингийн төрсөн өдрийг ийнхүү аюулт өвчний эсрэг тэмцэх өдөр болгон өргөн тэмдэглэх болжээ. Манай улс 1990-ээд оноос хүн амын өвчлөл, эндэгдлийн шалтгааны бүтцэд өөрчлөлт орсон гэж үздэг. Хүний амьдралын хэв маяг, дадал зуршил зан үйлээс хамааралтай цусны эргэлтийн тогтолцооны өвчин хорт хавдар болон чихрийн шижин хоёр давамгайлах болсон. Халдварт бус өвчлөлийн тоо нэмэгдэж нийт өвчлөлийн 75-80 хувийг шинэ өвчлөл эзэлж байна.

Чихрийн шижинтэй тэмцэх хамгийн гол зэвсэг бол энэ өвчний талаар сайн мэдээлэлтэй, урьдчилан сэргийлэх аргыг таниулан сурталчлах юм. Хүнсний бүтээгдэхүүнээ зөв сонгон, зохистой хооллож, биеийн тамир, дасгал хөдөлгөөн тогтмол хийснээр зөвхөн зүрх судасны өвчнийг 80 хувиар бууруулаад зогсохгүй чихрийн шижингийн  хоёрдугаар хэлбэрийг 90 хүртэл хувиар, хавдрын тохиолдлыг 1/3-ээр бууруулах боломжтойг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг манай сэтгүүлчийг бэлтгэсэн ярилцлагаас үзэх боломжтой.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Б.Оюунцэцэг: Хэвлийн таргалалт чихрийн шижин өвчнөөс шууд хамааралтай

Жил болгоны 11-р сарын 14 өдөр нь Дэлхийн нийтээр чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдөр юм. Чихрийн шижинтэй тэмцэх хамгийн гол зэвсэг бол энэ өвчний талаар аль болох ихийг мэдэж, урьдчилан сэргийлэх, таргалалттай тэмцэх явдал гэдгийг эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна. Уг өвчний талаар “Ачтан” эмнэлгийн дотоод шүүрлийн эмч Б.Оюунцэцэгтэй ярилцлаа.

-Өнөөдөр Чихрийн шижин өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна. Манай улсын хэмжээнд жилд хэчнээн хүн энэ өвнөөр өвчлөөд байна вэ?

Энэ өвчин таргалалттай шууд холбоотой. Тодруулбал, таргалалт бүрийн цаана чихрийн шижин өвчин байдаг. Ялангуяа хэвлийн таргалалт чихрийн шижин өвчин шууд хамааралтай.

-Манай “Ачтан” эмнэлэг дэлхийн Чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдөрт зориулж өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр манайхаар үйлчлүүлдэг хүмүүсийн сахарыг үнэгүй үзэх, хоолны сургалт явуулах зэрэг арга хэмжээг авч ажилласан. Чихрийн шижин өвчны өвчлөл манай улсын хэмжээнд нэлээд дээгүүр ордог. Судалгаанаас үзэхэд жилд 20 мянга гаруй хүн энэ өвчнөөр өвчилж хяналтанд орж эмчилгээ, оношлогоо хийлгэж байна гэсэн дүн мэдээлэл гарсан. Энэ оношлогдсон тохиолдол. Үүний цаана оношлогдоогүй, хяналтад ороогүй 100 мянга орчим хүн өвчилсөн байх болзошгүй гэсэн судалгааг Чихрийн шижин өвчинтэй тэмцэх эмч нарын нийгэмлэгээс гаргасан.

-Энэ өвчин таргалалттай шууд хамраалтай гэж та сая ярилаа. Сүүлийн үед таргалалт нэлээд ихэссэн шүү дээ?

-Энэ өвчин таргалалттай шууд холбоотой. Тодруулбал, таргалалт бүрийн цаана чихрийн шижин өвчин байдаг. Ялангуяа хэвлийн таргалалт чихрийн шижин өвчин шууд хамааралтай. Мэдээж таргалалтын шалтгаан хөдөлгөөний хомсдол, хэт их калорилог хоол идэх. Үүнээс болж жингийн илүүдэлтэй болдог. Энэ тохиолдолд хүн ховдог болдог, тогтмол жин нэмэгддэг. Ингэж явсаар байгаад тухайн хүн асар богино хугацаанд 10, 20, 30 кг-аар жин нэмдэг. Чихрийн шижин олдмол өвчин. Тиймээс тухайн хүний амьдралын зөв хэв маяг, идэвхтэй хөдөлгөөнөөс шууд хамааралтай.

-Чихрийн шижин өвчин гурван хэлбэр байдаг гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү. Манай улсад аль хэлбэрийн өвчлөл нь элбэг байна вэ?

Чихрийн шижингээр өвдсөн хүн чихэр, шоколоад,  сахар орлуулагч, молоко, зайрмаг, компод зэргийг идэхийг хориглоно. Шар, цагаан, гурвалжин, хөц будаа, төмс, пүнтүүз зэргийг чөлөөтэй идэж болно. Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү.

Б.Чойжилсүрэн: Бусдын хийсэн нүглийг бид үүрэхгүй. Хариуцлага хүлээхгүй

Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээс валютын ханшийн өсөлтэй холбоотойгоор зарим зүйлийг тодрууллаа.

- Эдийн засгийн хүндрэл лавширч, валютын ханш нэг өдрийн дотор 100 гаруй төгрөгөөр өссөнд Засгийн газар хариуцлага хүлээх ёстой гэсэн байр, суурьтай гишүүд байна. Ер нь эдийн засгийн нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилсээр байвал та хариуцлага хүлээх үү? Та өөрийгөө хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна уу?

- Үнэхээр энэ Засгийн газрын буруугаас шалтгаалаад эдийн засаг ийм болчихсон бол хариуцлага хүлээжил таарна шүү дээ. Тийм биз дээ. Бид нарын буруу гэж үзэхгүй байна.

- Хариуцлага хүлээхгүй гэж ойлгож болох уу?

- Бид ямар байдалтай эдийн засаг хүлээж авсныг чи мэдэж байгаа. Энэ Засгийн газрын эсвэл өмнөх Засгийн газрын буруу юу ялгах ёстой байх гэж бодож байна. Хэрвээ энэ Засгийн газрын буруу байгаад ийм болсон бол хариуцлага хүлээнэ. Бусдын хийсэн нүглийг бид үүрэхгүй. Өөрийнхөө хийсэн ял, ямба хоёрын хариуцлагыг хоёуланг үүрч таарна. Бусдын хийсэн алдааны хариуцлагыг хариуцахгүй. Энэ өрийн дарамт, зээлжих зэрэглэл юу болчихсон байлаа. Бид ямар юм хүлээж авлаа. Засгийн газар бүхий л арга хэмжээг авч харин ч энэ улсыг нэг төсөвтэй болгохоор ажиллаж байна.

- Валютын ханш сүүлийн нэг өдрийн дотор 100 гаруй төгрөгөөр өслөө. Цаашид буулгах боложтой юу. Эсвэл ингээд тасралтгүй өссөөр л байх юм уу?

- Сая би Монгол банкныхантай уулзаад бололцоотой бүхий л аргыг ашиглахаар ярилцаад ирлээ. Цаашид нэг их өсөхгүй байлгүй дээ.

- Монгол банк валютын нөөцөө үнэхээр шавхчихсан юм уу?

- Гадаадын хөрөнгө оруулалтыг хүлээж байна. Валютын урсгал нэмэгдэх шаардлагатай. Тэгэж байж валютын ханшийг барина. Энэ хүндрэл нэг л өдөр тэнгэр цэлмэсэн юм шиг арилчихгүй шүү дээ. Өвөл гадны хөрөнгө оруулалт, зээл тусламж авах ажлууд үргэлжлэн явагдана. Цаашлаад хавраас эхний хөрөнгө оруулалтууд орж ирнэ. Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү.

С.Зоригийн аллагын хэргийг шүүхэд шилжүүлжээ

18 жилийн турш олны анхаарлыг татсан С.Зориг агсны хэргийг  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал, прокурор яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.

Уг хэргийн талаар Улсын ерөнхий прокурорын туслах, Дотоод Аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат "С.Зоригийн хэрэгт Б.Булганаас гадна нэг бус хүнийг сэжигтнээр татаж, саатуулан байцааж байгаа. Энэ хэргийг нууцын зэрэглэлтэй шалгаж байгаа тул илүү мэдээлэл өгөх боломж алга" хэмээн мэдэгдэж байсан билээ.

Н.Алтанхуяг, С.Жавхлан нар ТТЭНН-д элсэх үү

Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намын даргаас УИХ-ын гишүүн Г.Уянгыг чөлөөлж оронд нь тус намыг үүсгэн байгуулагч Ц.Баянбилэгийг томилсон сурагтай. Саяхан тус намын бага хурал болж гишүүдийн олонхийн саналаар Г.Уянгааг намын даргаас огцруулж Ц.Баянбилэгийг томилсон байна.

Тус намын даргаар саяхан сонгогдсон Ц.Баянбилэг хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчид нэр дэвшихээ мэдэгдээд байгаа. Тэрээр АН-аасаа гарцгүй учраас ТТЭНН-аас нэр дэвших сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Мөн С.Жавхлан ТТЭНН-д элсэхээр Г.Уянгатай ярилцсан байна лээ" гэж хэлжээ.

Н.Номтойбаяр: Банкууд хуйвалдаж валютын ханшийг нэмсэн үү. Шалгах хэрэгтэй

Өнгөрсөн долоо хоногт долларын ханш 200 орчим төгрөгөөр өссөн ч эргээд суларсан. Тэгвэл уг үзэгдэлтэй холбоотойгоор Мэргэжлийн Засгийн газрын тэнхимийн гишүүн, ХНХ-ын сайд Н.Номтойбаяр өөрийн твиттер хуудсаараа дамжуулж байр сууриа илэрхийлжээ.
 
Тэрбээр “Юань/хэний нөлөөллөөр хөөсрөв? Банк/бүлэглэлийн хуйвалдаан биш үү?!Гэмт хэргийн шинжтэй энэ үйлдлийг холбогдох газар нь шалгах хэрэгтэй” хэмээжээ.Тэрбээр өмнө нь хүү тогтоох тал дээр арилжааны банкууд хуйвалдаж байж магадгүй хэмээн байнгын хорооны хуралдаанд оролцох үеэрээ мэдэгдэж байсан. Энэ удаад ч гэсэн ам.долларын ханшны асуудал дээр хуйвалдаан байгаа хэмээн хардаж байгаагаа илэрхийлээд амжжээ. 

Л.Болд АН-ын даргад өрсөлдөхөө мэдэгдлээ

 

УИХ-ын гишүүн Л.Болд АН-ын даргад нэрээ дэвшүүлж байгаагаа мэдэгдлээ. Мөн намаа хатуухан шүүмжилсэн байна. Тэрбээр энэ талаар “Ардчилсан нам хувиа хичээсэн, эрх мэдлийн төлөө яахаас ч буцахаа байсан, өөрийн номлолоор улайран дарангуйлах гэдэг цөөхөн хүний үйл хөдлөлөөс болж одоогийн хөшүүн байдалд орчихоод байна. Энэ нам Монгол төрийн тулгуур багануудын нэг гэдгийг хамгаас сайн мэддэг эдгээр нөхөд ялагдлаасаа, буруудлаасаа сургамж авч сэхээрэх, ухаарч эргэцүүлэх шинжгүй болоод удаж байна даа. Монголын төрийг дампууруулж, улстөрийг булингартуулж, эдийн засгийг сөхрөөж байгаа нам дамжсан, улстөрийн бүлэглэл Монголд  үүсээд бүх зүйлийг хянаж зохицуулж тохируулдаг болсон учраас АН ч ийм хөшүүн байдалд удаан хугацаагаар оршсоор байна” гэж ярьжээ. 

Мөн “Эцсийн бүлэгтээ, АН-ын ҮЗХ хуралдаж чадах уу, хуралдсан ч өмнө тавьсан дэглэлт, зохиомжит захиалгаар хийгдэх үү зэрэг нь нэг их сонин биш юм. Хамгийн чухал нь энэ улс орныг хүнд байдлаас гаргаж, эдийн засгийн өсөлт, иргэдэд итгэл найдвар өгч чадах нам болох эсэхээ хэлэх учиртай цаг үе юм. Нам ийм үгээ хэлэхгүй бол би ч бас байдлыг улам дордохыг, намаа үхширч ялзрахыг ажаад дуугүй байх сонирхолгүй байна. Би өөрийгөө АН-ын бэлтгэгдсэн улстөрч гэж үздэг. Миний хийж чадахгүй, хойш суух алба ажил байхгүй гэж бодож байна. АН-аа байр суурь нь унасан, эв дүйгээ олохгүй байгаа энэ цагт тулж түшиж аван бие, сэтгэлээрээ зүтгэхээс хойш суухгүй” гэж  хэлсэн байна.

Дэлхий дахинд

Трампыг эсэргүүцсэн жагсагчдын дунд халдлага гарлаа

Доналд Трампыг эсэргүүцэгчдийн жагсаал өдөр ирэх тусам хүчээ авч Вашингтон ДС болон Сан Франциско хотуудад эрчээ авч байна. Манхаттан хотод Трампын цагаачлалын бодлогтой холбоотойгоор мянга мянган жагсагчид эсэргүүцэн тэмцэж байна. Трампын эсэргүүцэгчдийн жагсаалд оролцогч Ноел Яассо “Трамп өөрийн эрх мэдлийг ашиглан 11 сая бичиг баримтгүй иргэдийг шууд хөөгөөд гаргаж чадахгүй. Бид Трампын цагаачлалын эсрэг бодлоготой тэмцэнэ. Энд байгаа олон зуун цагаачдыг нэг өдөрт гаргаж болохгүй, тэд бидэнд хэрэгтэй” гэв. Мөн зарим иргэдийн үзэж буйгаар бэлгийн цөөнхийн эрхийг зөрчиж, шийдвэр гаргасан хэмээн үзэж байна.

Бямба гарагт 8000 гаруй иргэн Лос Анжелес хотын төвд тайван жагсаал зохион байгуулжээ. Тус жагсаалтай холбоотойгоор баасан гарагт 187 насанд хүрсэн хүмүүсийг баривчилсан хэмээн Лос Анжелес хотын цагдаагийн газраас мэдээллээ. 

Харин Бямба гарагийн шөнө Ореган мужийн Портландад 71 хүнийг баривчлан саатуулсан.Эдгээр иргэдийг олон нийтийн газарт зохисгүй авирласан цагдаагийн ажилчид руу шил, лааз шидсэн хэмээн буруутгаж байгаа юм. Мөн энэ шөнө нэмэж 17 хүнийг баривчилсан бөгөөд нэг хүн буудуулж шархдсан. Бямба гарагийн орой Моррисон гүүрний ойролцоо эсэргүүцэгчдийн жагсаал тулж ирж, машинаас нэгэн этгээд хоёр удаа буун дуу гаргажээ. Оногдсон эрийн амь насанд ноцтой хохирол учраагүй ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Цагдаа нарын хэлж буйгаар 18 настай эрэгтэй олон нийтийн газарт буу, зэвсэг ашигласан хэмээн буруутгаж, саатуулаад байна гэжээ. 

Пак Гын Хэ сайн дураараа огцрохгүй гэв

Өнгөрсөн амралтын өдөр  буюу бямба гарагт Сөүл хотод олон арван мянган иргэн оролцсон эсэргүүцлийн жагсаал болсон. Тэдний шаардлага нь ерөнхийлөгч Пак Гын Хэг огцруулах байв. Тэрээр дотны найз Чой Сүн Шилд улсын хэрэгт оролцох эрх олгосон нь илэрснээр солонгосчууд Ерөнхийлөгчийнхөө эсрэг томоохон эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж байгаа. Үүнээс болж Ерөнхийлөгч Пан Гын Хэ нүдэндээ нулимс цийлэгнүүлэн, ард иргэдийнхээ өмнө уучлалт гуйсан юм. Өөрийгөө уучилж чадашгүй нь" хэмээн мэдэгдсэн эрхэм Ерөнхийлөгч өөрт холбогдох хэргийг прокурорын байгууллагаар эцсийг нь хүртэл шалгуулна гэдгээ хэлсэн байгаа. Харин Пак Гын Хэ улс төрийн хавчилт шахалтан дунд байгаа ч сайн дураар ажлаа өгөх хүсэлгүй байгаагаа мэдэгдлээ.

Таны маргаашийн ажилд амжилт хүсье.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment