Та амралтын өдрийг яаж өнгөрөөж байна вэ. Нэг хэвийн байдлаар идэвхгүй өнгөрүүлж байна уу эсвэл өдөржин идэж, унтаж амарч байна уу. Тэгвэл та яг одооноос амьдралдаа идэвх нэмж эрүүл мэнддээ хувь нэмрээ оруулаарай. Энэ нь таны стресстэй хотод урт наслахын суурь нь болж өгөх юм шүү.
Тэгэхээр өнөөдрөөс эхлэн өөрийн эрүүл мэндэд анхааран хөдөлгөөнтэй, идэвхтэй амьдарцгаая залуусаа. Хөдөлгөөнгүй, хөшүүн хэмнэлээр амьдарч буй залууст яг тохирох нэгэн арга хэмжээ өчигдөр болсныг бид та бүхэндээ танилцуулж байна. Тодруулбал, “Ripped Fitness” болон “Onefit” төв хамтран фитнесс сонирхогч залуус, бүсгүйчүүдэд зориулан яаж хурдан биеэ хөгжүүлэх вэ, биеийн зөв харьцаа гэж юу болох, булчингаа хэрхэн чигд хөгжүүлэх үү, уураг, аминдэм гэж юу болохыг таниулах зорилготой “Friday fitness night out” өдөрлөгийг өчигдөр зохион байгууллаа. Оролцогчид фитнесс сонирхогч залуус, бүсгүйчүүдэд зориулсан Монголын нэртэй элит дасгалжуулагчидтай хамт тусгай бэлтгэл хийж, өөрийсдийн сонирхсон асуултад хариулт авч, зөвлөгөө мэдээлэл авснаараа онцлог юм. Уг өдөрлөгт нийт 50 гаруй залуу, Бодибилдингийн Дэлхийн Аваргын шагналт, 2 удаагийн Улсын аварга, 2 удаагийн Монголын Мистер Д.Бат-Эрдэнэ буюу БАК, Улсын аваргын 7 медальт, Азийн аваргын 4-р байрт шалгарсан Н.Сумъяа, Хотын аваргын 4 медальт, Монголын мистерийн мөнгөн медальт Г.Дамбадаржаа, Улсын аварга болон хотын аваргын шагналт, 2016 оны Play Mate Б.Болортуяа буюу Энжи, АМУ үр тариа, хоол заслын төвийн их эмч Г.Балжинням нарын оролцож харилцан туршлагаас суралцаж, үнэтэй зөвлөгөө авч нэгэн үдшийг үр дүнтэй өнгөрүүлсэн юм. Энэ өдөрлөг анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд цаашид тогтмол зохион байгууллахаар төлөвлөсөн аж.
Өдөрлөгийн арга хэмжээ оролцогчид дасгалжуулагчидтай хамт 45 минутын дасгал хийж, дасгалын арга техникээ сайжруулах арга барилд суралцсанаар эхэлсэн. Үүний дараа оролцогчид асуулт, хариулт хэсэг эхэлж дасгалжуулагчдын амжилтын түүх, өмнө нь олон нийтэд хуваалцаж байгаагүй чухал зөвлөгөө, өөрийн асар их хөдөлмөр, тэсвэр хатуужлын үр дүнд олж авсан үнэтэй туршлагаа хуваалцлаа.
Энэ үеэр фитнессийн багш нар энэ төрлийн спортыг сонирхож буй залууст зориулан зөвлөгөө өгсөн юм. Залуусаа дасгалжуулагч тамирчид ийнхүү зөвлөж байна.
Монголын Мистер Д.Бат-Эрдэнэ: Бодибилдингийн тамирчид уураг хэрэглэж байх нь зүйтэй
-Фитнессээр хичээллэж байгаа хүмүүс уураг хэрэглэдэг. Энэ нь хоёр төрөл байдаг. Сүүний, шар сүүний уураг гэсэн ангилж үздэг. Энэхүү уургийн цэвэр үнээний сүүнээс гаргаж авдаг. Сүү ээдэхээр шар сүү, ээдэм хоёр гардаг гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх.Шар сүүнээс уураг гардаг. Үүнийг янз бүрийн аминдэмтэй холиод уураг гаргаж авна. Энэ уураг хүний биед ямар ч хор хөнөөлгүй, сөрөг үр дагавар үүсгэдэггүй. Ээдсэн нь хүний биед арай удаан шингэдэг. Олон цагийн дараа биед ороод задардаг болохоор тамирчид шөнө ихэвчлэн хэрэглэдэг. Уураг хүний бие зайлшгүй шаардлагатай. Тамирчид болон бэлтгэл сургуулилт хийдэг хүмүүс хөлсөөрөө биед байгаа аминдэм, эрдсээ алдаж байдаг. Үүнийг заавал буцааж нөхөж байх ёстой. Ингэхийн тулд ялангуяа Бодибилдингийн тамирчид уураг хэрэглэж байх нь зүйтэй.
Улсын аварга Б.Болортуяа: Галбиржуулах дасгал булчинг их ажлуулдаг
-Миний бие дасгалжуулагч багш хийж байна. Ихэнхдээ галбиржуулах дасгал заадаг. Галбиржуулах дасгалыг сонирхож байгаа бүсгүйчүүдэд хандаж хэлэхэд “Өөртөө хайртай байгаарай. Тэгж байж бусдыг хайрлана. Өөртөө өдрийнхөө нэг цагийг заавал зарцуулаарай” гэж хэлмээр байна. Мэдээж галбиржуулах дасгал маань булчинг их ажлуулдаг. Нэг булчин дээр илүү их ачаалал өгдөг. Тиймээс бүсгүйчүүд минь битий шантраарай. Галбиржуулах дасгалд явснаар биеийн зөв харьцаа, өв тэгш байдаг, гоо зүйн талаас ихээхэн ач тустай. Над дээр ирж байгаа бүсгүйчүүдийн хамгийн түрүүнд асуудаг зүйл бол “Би одоо энэ чигээрээ булчинлаг болчихгүй биз дээ. Өөх маань булчин болоод үлдэх үү. Булчинлаг биш галбирлаг эмэгтэй болмоор байна” гэж их ирдэг. Дасгалын үр дүнд мэдээж өөх хайлж шатна. Тэглээ гээд булчин тийм амар бий болдог зүйл биш. Маш их цаг хугацааны дараа үр дүн харагддаг.
Бодибилдингийн дасгалжуулагч багш Н.Сумъяа: Биеийн харьцаа, булчингаа жигд хэмжээтэй болох хэрэгтэй
-Бодибилдингээр хичээллэх гэж байгаа хичээллэж буй залууст хандаж хэлэхэд булчингийн жижиг, том нь чухал биш. Хамгийн гол нь өөрийнхөө биед таарсан дасгал, сургуулилт хийж биеийн харьцаа, булчингаа жигд хэмжээтэй болох нь хэрэгтэй. Залуус дасгал, сургуулилт хийх гэж ирэхдээ шууд хүнд жинг өргөх гэдэг. Энэ буруу. Бодибилдингийн бэлтгэл сургуулилт давтамжтай олон удаа хийж байж үр дүн нь харагддаг. Бодибилдинг биеийн жигд харьцаа, гоо сайхан талаасаа илүү хөгжүүлдгээрээ онцлог.
Ripped фитнесийн фэйсбүүк хаягаар зочлохыг хүсвэл https://www.facebook.com/Ripped-Fitness-Center-274096796116696/ дарна уу.