Шинэ 7 хоногийн ажлын эхний өдрийн мэндийг эрхэм уншигч та бүхэнд хүргэе. Сүүлийн хэдэн өдөр нийт нутгаар хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурч байгаа тул та бүхэн гадуур гарахдаа дулаан хувцсаа өмсөж байгаарай. Мөн өөрийн эрүүл мэнддээ анхаарал тавьж аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэж ханиад томуунаас сэргийллээрэй. Дашрамд дуулгахад ханиад эмчилгээний хамгийн энгийн арга нь аарц юм. Хvйтний улиралд шар тос хєвсєн, єтгєн халуун аарц уухад ханиад намддаг гэнэ шүү. Мөн чацаргана, аньс зэрэг аминтэй жимсний шүүс тогтмол хэрэглэж дархлаагаа дэмжих нь ханиад хүрдэггүй юм байна шүү. Нийгэм улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.
Н.Алтанхуягийн дүүг яллагдагчаар татжээ
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн дүү болон төрсөн эгчийнх нь охиныг баривчлаад байгаа билээ. Н.Алтанхуягийн төрсөн дүүг энэ сарын 16-нд онгоцны буудлаас баривчилж, өдгөө ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид цагдан хорьж байгаа. Тэгвэл Н.Наранцэцэгийг албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн үзэж Эрүүгийн хуулийн 150, 263-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.
Цасанд боогдсон иргэдийг аварчээ
Онцгой байдлын алба хаагчид цасанд саатсан иргэдийг аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Манай орны ихэнх нутгаар цас их орсонтой холбогдуулан иргэдээс төөрсөн, цасанд автомашинтайгаа суусан, саатсан гэсэн дуудлага ихсэх хандлагатай байгаа аж. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын Бор гүвээ багийн суугч 18 настай Б.Б үхэртээ яваад сураггүй болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж, тухайн өдрийн 19:30 цагт “Охинды” гэдэг газраас /аймгийн төвөөс баруун урд зүгт 25 км-т/ эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.
Мөн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор нуурын хажууд автомашин цасанд суусан гэсэн дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн албан хаагчид ажиллаж, иргэн Б.Т-ын “Примо” загварын автомашиныг татан гаргасан байна.
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Шавартын ам” гэдэг газар автомашин цасанд суусан гэсэн дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн албан хаагчид ажиллаж, иргэн О.Г-ын “Митцубиши” загварын автомашин тус тус цасанд суусан байсныг татан гаргаж аюулгүй болгожээ.
Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор ард иргэд, жолооч, тээвэрчид цаг агаар, зам давааны нөхцөл байдлыг харгалзан хол, ойрын замд зорчихгүй байх, хүчтэй салхи шуурганы үеэр малчид малаа бэлчээрт гаргахгүй дулаан хашаа, хороо, саравчинд байлгаж, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.
Чухал анхааруулга: Орон нутагт зорчихгүй байхыг анхааруулж байна
Цаг агаарын нөхцөл байдал хүндэрч их хэмжээний цас орж, зам даваанд халтиргаа, гулгаа үүсч автотээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын Онцгой комиссын гишүүн, Зам тээврийн сайдын 11 дүгээр сарын 18-ны 142 тоот тушаалаар зарим чиглэлийн автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаад арга хэмжээ аваад байсан билээ.
Тухайлбал, Улаанбаатар хот, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул, Хөвсгөл, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн төвөөс гарах ачаа, нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 18-ны өдрийн 23:00 цагаас 19-ний өдрийн 08:00 цаг хүртэл, цас их орж зам даваа хаагдсан Завхан аймгийн Улиастай сумаас гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 19-ний өдрийн 10:00 хүртэл зогсоож, Улиастай-Тосонцэнгэл чиглэлийн авто зам, замын байгууламжийг хаах арга хэмжээ авсан юм.
Энэ хугацаанд хаагдсан зам, давааны бэлэн байдлыг хангах шуурхай арга хэмжээ авч ажиллахыг орон нутгийн АЗЗА компаниудад үүрэг болгосон.
Одоогийн байдлаар авто замын хөдөлгөөнийг хязгаарласан газар байхгүй ч Хөвсгөл, Завхан, Баян-Өлгий, Ховд аймгуудад цас ихээр орж, шуурсаны улмаас зам даваанд халтиргаа, гулгаа үүсч автотээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа тул тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа техникийн бүрэн, бүтэн байдлыг хангаж, дулаан хувцас, шатахууны нөөцтэй явах, түүнчлэн автозам, даваанд хальтиргаа гулгаа ихтэй байгаа тул автомашины хурдыг тохируулж хөдөлгөөнд оролцох;
Ард иргэд, жолооч, тээвэрчид цаг агаар, зам давааны нөхцөл байдлыг харгалзан хол, ойрын замд зорчихгүй байх,
Хүчтэй салхи шуурганы үеэр малчид малаа бэлчээрт гаргахгүй дулаан хашаа, хороо, саравчинд байлгаж, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.
С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг М.Алдар шүүнэ
С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор прокуророос яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Тус хэрэгт оролцох шүүгчээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч М.Алдарыг томилжээ.
Одоогийн байдлаар С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдуулан сэжигтнээр Орхон аймгийн харьяат иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын гурван иргэнийг хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа билээ
"Эрдэнэт"-ийн захиралд Х.Бадамсүрэн томилогдох уу
"Эрдэнэт" үйлдвэрийн захирлыг энэ долоо хоногт томилно гэж эх сурвалж мэдээллээ. Засгийн газраас тус үйлдвэрийн захиралд өмнө нь нэр нь огт яригдаж байгаагүй нэгнийг томилохоор зэхэж байгаа аж. Тодруулбал, Уул уурхайн дэд сайд Х.Бадамсүрэнг томилж магадгүй гэх мэдээлэл байна. Х.Бадамсүрэн нь өмнө нь Аж үйлдвэрийн яамны харьяа Зэс хайлуулах цэвэршүүлэх үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирлаар ажилласнаас гадна УИХ, Ардын их хурлын депутатаар сонгогдон ажиллаж байжээ. Мөн Орос, Монголын хамтарсан “Монголросцветмэт” нэгдлийг удирдаж байсан юм.
Тус үйлдвэрийн захиралд томилогдох магадлалтай олон хүний нэр яригдаж байсан ч МАН-ынхан Х.Бадамсүрэнг томилохоор ярилцаж эцсийн байдлаар саналаа нэгтгэсэн гэх мэдээлэл байна. “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар Х.Бадамсүрэн дэд сайд томилогдсон нөхцөлд МАН-д дэд сайдын суудлын төлөөх марафон бас эхэлнэ.
Засгийн газраас “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захиралд нэр дэвшигч дээр байр сууриа нэгтгэж, өнгөрсөн баасан гаригт материалыг нь Авлигатай тэмцэх газар руу илгээжээ. Тус газраас нэр дэвшигчтэй холбоотой албан бичиг ирсний дараа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт асуудал нь ирж, улмаар “Эрдэнэт” үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөлд нэрийг нь хүргэх аж.
АНУ-ын сонгуулийн дүн долларын ханшийн өсөлтөнд нөлөөлсөн
Дэлхий дахинаа сүүлийн 14 жилийн хугацаанд доллар урьд хожид байгаагүйгээр өсөж, АНУ-аас бусад орнуудад эдийн засгийн хүндхэн үе нүүрлээд байна. АНУ-ын нийгэм, эдийн засгийн хувьд өсөлт гарч сайнаар нөлөөлсөн ч бусад орны дотоодын зах зээлд ноцтой өөрчлөлт авчирсан юм. Өнгөрсөн долоо хоног АНУ-ын долларын бодлого тодорхойлогчид уулзаж,“Дэлхийн хөрөнгө оруулагчд”-ын уулзалтын үеэр ирэх жилүүдэд долларын үнэ цэнийг нэмэгдүүлж,дэлхийн зах зээлд валютын борлуулалтын үнийг нэмэгдүүлэхээр ажиллана гэжээ.
Дэлхийн эдийн засагчдын үзэж буйгаар “Доналд Трамп төр бариад эхэлвэл дэлхийн эдийн засаг болон валют арилжаа 5 хувиар нэмэгдэх боломжтой болж байна. Трамп АНУ-ын урт хугацааны бодлогыг тодорхойлоход хөрөнгө оруулагчдын зах зээлийг сайжруулж, татвар татаасаас чөлөөлж магадгүй юм” гэж үзжээ. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
Монголын зээлжих зэрэглэл буурч, гадаад дотоодын өрөө тэглэж чадахгүй
Мооди-гээсМонголын зээлжих зэрэглэлийг бууруулж, ирэх хоёр жилд Монгол улс гадаад болон дотоодын өрөө тэглэж чадахгүй хэмээн тодорхойлжээ.
Монгол улс "B3" зэрэглэлээс "CAA1" зэрэглэл хүртэл буурч Беларус, Барбадос зэрэг оронтой ижил түвшинд очиж байгаа тухай өнгөрсөн баасан гарагт зарлажээ. Шинэ засгийн газар санхүү, эдийн засгийн хэд хэдэн асуудалтай тулгараад байгаа бөгөөд төгрөгийн ханшийн сулрал, дотоод гадаадын өрийн хүүгийн байдал дээрхи асуудлыг үүсгэхэд нөлөөлсөн гэж үзэж болно.Өнгөрсөн сард ОУВС-аас төлөөлөгчид Монголд ирж, дотоодын нөхцөл байдалтай танилцаж, хөрөнгө оруулалт өгөх эсэхээ хамтран ярилцаж, тохиролцоонд хүрсэн.
"Мооди" агентлагийн тайланд “Монгол улсын эдийн засгийн гадаад орчин муудаж, гадны санхүүгийн заах зээлээс хамааралтай харагдаж байна.Тухайлбал нэг биш олон талт эх үүсвэрээс хөрөнгө үүсгэхээр зэхэж байна” гэжээ.
Монгол улсын засгийн газар 800 сая ам долларыг 2017 онд өрийн тусламжийн төлбөртөө өгнө. Энэ нь Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 7,5 хувьтай тэнцэх юм хэмээн Мооди тайландаа дурдажээ. Мөн тус агентлагын шинжээчдийн үзэж буйгаар 2018 онд Монголын эдийн засаг сэргэж, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэж болох ч ДНБ өсөлт бага зэрэг ажиглагдах болно гэжээ.
Истанбул дахь монголчуудын анхааралд
Истанбул хотын Фатих дүүрэг Кумкапи дахь Гадаадийн иргэд, шилжилт хөдөлгөөний газрын саатуулах байранд энэ сарын 19-ний өдөр гал түймэр гарсны улмаас Турк улсаас албадан гаргах шийдвэрийн дагуу тус байранд саатуулагдаж байсан 100 гаруй гадаадын иргэн зугтсан хэрэг гарсан байна. Истанбул хотын цагдаагийн газар зугтсан иргэдийг яаралтай буцаан барьж саатуулах арга хэмжээг авч байгаа тул гудамж, олон нийтийн газруудаар гадаадын иргэдэд бичиг баримтын шалгалт ихээр хийж байна.
Иймд иргэд та бүхэн бичиг баримтгүйгээр гадуур гарахгүй байж, хүн ихээр төвлөрсөн газруудаар явахгүй байхыг анхаарна уу гэж Истанбул дахь Консулын газраас анхааруулжээ.
Хүний амь хөнөөгөөд хэргийн газраас зугтжээ
2016 оны 11 дүгээр сарын 19, 20-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 853 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 730 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 9 бүртгэгдэж, 1 хүний амь нас хохирч 14 хүн хүнд хөнгөн гэмтэж, 1 хүний амь нас хохирсон. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 1 Зам тээврийн осолд сургуулийн насны 5 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 52 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Тухайлбал: СХД-ийн нутаг Найрамдлын зам, Цанын баазын баруун замд марк, улсын дугаар нь тодорхойгүй авто машины жолооч нь явган зорчигч 47 настай эрэгтэй Л-ийг мөргөж амь насыг нь хохироон хэргийн газрыг орхиж явсан байна. СХД-ийн нутаг Ханын материалын зам, Өндөр настны автобусны буудлын замд H.Sonata маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 07 настай Ц нарын 3 хүнийг мөргөж гэмтээжээ.
Хүнд бэртэл авсан 7 хүн ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна
Сүүлийн өдрүүдэд цас их орж, хүйтний чангарч байгаатай холбоотойгоор хальтиргаа, гулгаа ихэсч явганаас унаж бэртэж, гэмтэл авах тохиолдол нэмэгдсэн байна. Тодруулбал ГССҮТ-д нэг хоногт 234 хүн үйлчүүлсэнээс 55 хүн үүнээс найман хүүхэд явганаас унаж хальтирч бэртсэн аж. Үүнээс 7 хүнд бэртэл авч хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.