8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Ховд аймагт хорио тогтоож, Н.Алтанхуягийн эхнэрийн дансанд мөнгө ороогүй гэдгийг мэдэгдсэн өдөр

2016-11-24 19:00:00


Энэ 7 хоногийн ажлын сүүлийн өдрийн мэндийг хүргэе.  “Баян хүн болохыг төлөө бүү хичээ. Оронд нь үнэ цэнэтэй нэгэн болохыг хичээ. Хүссэн хүсээгүй амьдрал чамд мөнгөнөөс илүү чухал зүйл байдаг болохыг хэлээд өгнө” гэсэн сайхан үгийн хамтаар энэ өдрийг үдье. Өнөөдөр улс эх оронд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн тоймоо хүлээн авна уу.  Амралтын өдрөө сайхан өнгөрүүлээрэй.  


Н.Алтанхуягийн эхнэрийн дансанд их хэмжээний мөнгө ороогүй гэв

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн эхнэр Х.Сэлэнгийн хилээр гарах эрхийг хориглоод байгаа билээ. Тодруулбал, түүнийг энэ сарын 5-ны өдөр Герман улс руу зорчихоор Москва-Берлиний чиглэлийн онгоцоор нисэх гэж байхад нь хуулийнхан саатуулсан юм. Хилийн хоригийг прокурорын байгууллагаас тогтоосон бөгөөд ямар үндэслэлээр тогтоосон бэ гэдгийг өөрсдөө албан ёсоор мэдэгдээгүй байгаа юм. Гэтэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Н.Алтанхуягийн гэргий Х.Сэлэнгийн дансаар их хэмжээний мөнгө шилжиж орсон учраас хилийн хориг тогтоосон гэх мэдээ олон нийтэд хүрсэн. Тэгвэл эл мэдээллийн талаар Монголын хуульчдын холбооны гишүүн, Өмгөөлөгч С.Баянмөнх мэдэгдэл хүргүүлсэн байна. Тус мэдэгдэлд иргэн Х.Сэлэнгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, өмгөөлөгчөөр нь ажиллаж байгаагаа дурьдаад “Иргэн Х.Сэлэнгэ болон түүний нөхөр Н.Алтанхуягийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг илтэд гутаан доромжилсон худал мэдээлэл” гэдгийг албан ёсоор мэдэгджээ.

Завхан аймгийн зарим сумдад зам хаагджээ

Завхан аймгийн Тэс, Баянтэс, Баянхайрхан, Асгат, Түдэвтэй  суманд өвөлжилт хүндэрч болзошгүй, цас их хэмжээгээр орсон байдалтай байна. Тиймээс аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг газар дээр нь очиж ажиллажээ.

Энэ жил өмнөх жилүүдээс эрт цас орж, цасны зузаан тал газартаа 15-20 см, уулархаг хэсгээрээ 20-40 см байна. Тиймээс өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх хэмжээнд хүрээд байгаа юм. түүнчлэн зарим сумдад зам хаагдаад байна.

Тухайлбал, Тэс сумын Нисэг,  Баян-Уул баг, Баянхайрхан сумын Төөнөт, Минж  багт нэлээд их хэмжээний цас орсон байгаа бол Баянтэс сумын Зайгал, Хачиг багуудын малчдад машин техникээр төрийн үйлчилгээг хүргэх боломжгүй болж, ердийн хөсгөөр харилцаа холбоо тогтоож байна.  Мөн Тосонцэнгэл, Их уул сумдад ч нөхцөл байдал нэлээд хүндэрсэн тухай  мэдээллийг өгч байгаа юм. 

Ц.Мөнх-Оргил: Хятадаас зээл авах асуудлыг ярилцах боломжгүй боллоо

Далай ламын айлчлалаас үүдэн Хятад улс манай улстай хийх хэд, хэдэн албаны уулзалтаа цуцлаад байна. Тэгвэл энэ талаар Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил өөрийн байр, суурийг илэрхийллээ. Тэрбээр "Монголын талаас БНХАУ-д хийх хэд хэдэн айлчлал цуцлагдсаныг Хятадын талаас өчигдөр албан ёсоор мэдэгдлээ. Үүнд, арваннэгдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд Монгол Улсын Их хурал, БНХАУ-ын парламнетын зөвлөлдөх уулзалт болох ёстой байсан. Энэ бол хоёр жилд нэг удаа болдог, хоёр улсын парламентын хэмжээнд яригддаг том асуудлаа шийдэх чухал уулзалт байсан. Гэвч цуцлагдлаа. Мөн арваннэгдүгээр сарын 28-29-ны өдөр Шадар сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны даргаар ахлуулсан ажлын хэсгийнхэнтэй уулзах ёстой байсан. Энэ уулзалтаар хөнгөлөлттэй зээл, Тавантолгойн төмөр зам, зэс хайлуулах үйлдвэр, нүүрснээс хий гаргах төсөл гэх мэт асуудлаар яриа хэлэлцээ хийхээр төлөвлөсөн байсан. Гэвч БНХАУ хүлээж авах бололцоогүй гэдэг хариуг өгсөн. Түүнчлэн арванхоёрдугаар сарын 5-ны өдөр БНХАУ-ын Гадаад харилцааны сайдын урилгаар миний бие БНХАУ-д айлчилж, У.Хүрэлсүх сайдын айлчлалыг дүгнэх, Ерөнхий сайдын ирэх онд хийхээр төлөвлөж байгаа айлчлалын бэлтгэл ажлын талаар ярицлах ёстой байсан. Энэ уулзалт мөн л хойшлогдох байх гэдгийг мэдэгдсэн. Гэхдээ албан ёсоор хойшилсон гэж хэлээгүй. Үүнээс гадна арванхоёрдугаар сарын 5-7-ны өдрүүдэд Москва хотноо Ази, номхон далайн улс орнуудын Зам тээврийн сайд нарын уулзалт болно. Энэ үеэр Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд БНХАУ болон ОХУ-ын Зам тээврийн сайд нар гурван улсын хооронд зам тээврийн гурвалсан гэрээнд гарын үсэг зурах ёстой байсан. Энэ ажил хойшлогдох нөхцөл байдал үүссэнд Монголын тал харамсч байгаагаа Хятадын талд илэрхийлсэн. Далай ламын сая Монгол улсад хийсэн айлчлал улс төрийн агуулгагүй, зөвхөн Монголын сүсэгтэн олонд ном айлдсан гэдгийг бид тайлбарлаж, хойшилсон, цуцлагдсан айлчлал удахгүй зохих хугацааны дараа үргэлжилнэ гэж найдаж байгаагаа бас илэрхийлсэн. Мөн Далай багшийг урьж авчрахад ямар нэгэн төр, засгийн байгууллага албан тушаалтан оролцоогүй. Энэ бол Монголын бурхан шашинтны төв Гандантэгчлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц тэргүүтэй шашны байгууллагаас зохион байгуулсан айлчлал юм. Монгол Улсад төр, шашин тусдаа учраас энэ айлчлалыг зохион байгуулахад төр оролцоогүй. Монголын сүсэгтэн олон энэ айлчлалыг хүлээж байгаа үед бид сүсэгтэн олонд хүндэтгэлтэй хандана гэдэг тайлбараа хийсэн. Монгол улс Хятад улсаас зээл авах асуудал яригдаж байсан. Энэ зээлийн асуудлаарх яриа хэлэлцээг арваннэгдүгээр сарын 28,29-нд үргэлжлүүлэх ёстой байсан ч боломжгүй болж байгаа юм" гэлээ. 

"Гадны хэвлэлд": Далай ламын айлчлал Хятад, Монгол хоёр орны харилцаанд хохирол учруулна

Дээрхийн гэгээнтэн Түвд улсын буддын шашны тэргүүн Далай лам дөрвөн өдрийн турш Монгол улсад албан ёсны айлчлал хийж, өндөрлөсөн. Далай ламыг айлчлахтай холбоотой асуудлаар БНХАУ-ын Олон Улсын Радиогоор “Хятад, Монгол улсын эдийн засаг, бизнесийн харилцаанд ноцтой өөрчлөлт гарч, хоёр орны хамтын ажиллагааны байдалд хохирол учруулна” хэмээн мэдээлжээ.
Хятадын Гадаад Хэргийн сайд Гень Шуан“Далай лам бол улс төрийн орогнол хүсэгч этгээд” хэмээн тодорхойлсон. Иймд Монголын тал ч анхаарах хэрэгтэй гэжээ. Тэрээр цааш хэлэхдээДалай ламын айлчлал Хятад улсын эсрэг чиглэгдсэн бөгөөд хоёр орны харилцааг ноцтой сэвтүүлж болох юм гэлээ. Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

Зудтай аймгийн Засаг дарга нар ингэж ярьж байна

Манай орны нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсон байдалтай байна. Энэ сарын 22-ны өдрийн байдлаар 13 аймгийн 54 сум “Цагаан зуд”-ын байдалтай байгаа аж. Тиймээс бид дараах аймгуудын Засаг дарга нартай холбогдож өвөлжилтийн нөхцөл байдал ямар байгааг тодруулсан юм. Эхний удаад эдгээр таван аймгийн сонголоо. Цаашид аймгуудын өвөлжилтийн нөхцөл байдлыг цувралаас хүргэх болно.

А.Гылымхан: Булган суманд өвөлжилтийн нөхцөл хүнд байна

Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан:
-Манай аймгийн хувьд зарим сумдуудад өвөлжилт хүндэрсэн. Тухайлбал, аймгаасаа 300 км зайд байдаг Булган суманд өвөлжилтийн нөхцөл хүнд байна.Өнөөдөр аймгаас 11 хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулаад тус суманд ажиллаж байна. Хоёр хоногийн өмнө Улсын онцгой комисс хуралдаж Булган сумын малын Ховд аймгийн Луут, Мөнххайрханд өвөлжүүлэх, оторлуулах шийдвэр гаргасан. Мөн цас их орсны улмаас аймаг руу орох хэд хэдэн зам даваа хаагдсан. Тиймээс замын компаниудыг дайчилж цас цэвэрлэх, зайлуулах ажил хийж байна. Өвөлжилтийн бэлтгэлээ сайн хангасан. Гэхдээ манай аймагт цас их орсон тулд нөхцөл байдал хүндхэн байна. Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

Т.Гантөмөр: Битгий унгас алд. Атга давсаа хаагуур цацахаа бид мэднэ

Улаанбаатарт дараалан орсон цас Хотын ерөнхий менежерийн тарыг таниулав. Хотын ерөнхий менежерийн хувьд нийслэлийн аж, ахуйн бүхий л асуудлыг хариуцах ёстой албатан. Хотын зам талбай, цэцэрлэгжилт, цэвэрлэгээ, дулаан хангамж тохижилт үйлчилгээ гээд энэ бүгд түүнээс хамааралтай. Тэгэхээр сүүлийн хэдэн мөсөн гулгуур шиг болсон хотын зам түүнд л хамгийн их хамаатай болж таарах нь. Иргэд өдөрт хэдэн арваараа хөл, гараа хугалж, эмнэлэг ачааллаа дийлэхээ болиод удаж байна. Энэ бүх хохирол зам дээр давс цацаагүй мөн хотын төвийн цасыг сайн арилгаагүйтэй холбоотой. Харин дарга нар давсаа сайн нөөцлөөгүйн улмаас Орос руу нэмж давс захиалчихаад хүлээж байгаа гэх. Давс иртэл бантсандаа юу ч ярихаа мэдэхгүй болсон Т.Гантөмөр дарга “Атга давсаа хаагуур цацахаа бид мэднэ” гэдэг тайлбарыг өгөөд сууж байна. Лавшруулаад асуухаар “Битгий унгас алд” гэж байдгаараа уурлан иргэдээ доромжилж байна шүү дээ. Ийм менежер гэж байх уу. Монгол оронд өвлийн улирал эхлэхтэй зэрэгцэн бэлтгэлээ хангалттай базаах үүрэг түүнд ногдож байгаа. Гэтэл тэр өөрийнхөө хийх үүрэгт ажлаа ухамсарлан давсаа хангалттай нөөцөлж чадаагүйдээ уучлалт гуйгаад зогсож байхын оронд “ Тэнгэрийг бид захирч чадах биш” гээд бачуурах юм. Энэ олон иргэд эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирчихоод байхад уучлалт гуйхын оронд ундууцан, дургүйцэж байгааг нь хараад үнэхээр шүүмжлэхээс өөр аргагүйд хүргэж байна. Бид ийм л хүнийг төрийн хариуцлагатай албанд томилжээ. 

Гоц халдварт цэцэг өвчин гарч, хорио цээр тогтоожээ

Ховд аймагт ямааны гоц халдварт цэцэг өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоожээ. Тодруулбал, тус аймгийн Ховд сумын Баянгол багийн нутагт энэхүү өвчин гарсан нь шинжилгээгээр тогтоогдсон байна.Энэ асуудлаар Ховд аймгийн онцгой комисс өчигдөр хуралдаж, өвчин гарсан бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоохоор болсон байна.

Иймд иргэдийг онцын шаардлагагүй бол дээрхи бүс нутаг дэвсгэрт зорчихгүй байх, мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, баталгаатай газраас гарал үүслийн гэрчилгээтэй мал махыг хүнсэндээ хэрэглэж байхыг албаныхан анхаарууллаа.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл