Сүүлийн өдрүүдэд хүйтэрч, цас ихээр орсон тул бүсгүйчүүд маань нүүрээ хэрхэн арчлах талаар зөвлөгөө хайж байгаа болов уу. Биднийг цагаахан цасаар нүүрээ угаавал цайрна, мөн нүхжилт агшаана гэдэг байсан бол тэр нь хамгийн буруу зүйл юм. Учир нь цас орохдоо агаарт байдаг утааны хамгийн нарийн тоосонцрыг шингээж газарт буудаг байна. Ийм утаатай цасаар нүүрээ угаах нь бохирдлыг нэмэгдүүлэхээс гадна маш олон сөрөг үр дагавартай байдаг байна.
Хүйтний эрч чангарах үед нүүрний арьс хуурайших хандлагатай болдог. Өвөл арьсанд хамгийн их тохиолддог гамшиг бол “хүйтэнд цохиулсан” цочролоос үүдсэн хуурайшилт, гуужилт, улайлт зэрэг юм.
Эдгээр өөрчлөлтийн хамгийн гол хүчин зүйл нь хүйтэн агаар. Мөн хүйтнээс гэнэт дулаан байшинд орох явцад болдог температурын огцом ялгаа маш муу нөлөө үзүүлдэг байна.
Шинэхэн цас орсон өглөө гэрээсээ гарахдаа нүүрэндээ нарнаас хамгаалах тос заавал түрхэж байх хэрэгтэй. Яагаад гэхээр, нарны шууд туяа цасан дээр ойгоод, нүүрэн дээр илүүгээр туяа ойдогтой холбоотой.
Хүйтэн салхи арьсны чийгийг авдаг тул арьс хатуу, хуурай болдог бөгөөд тос ялгаруулах булчирхайнуудын ажиллагаа эрс буурснаас хамгаалалтын тос – чийгний давхарга маань нимгэрч арьсны уян хатан байдал мууддаг.
Энэ нь арьс үрчийх бас нэг томоохон шалтгаан. Хүйтэн агаарт байгаа бичил мөснүүд арьсыг улайлгах нөлөөлөл үзүүлдэг аж. Ийнхүү хүний арьс өвлийн улиралд илүү хурдан хөгширч үрчлээтдэг байна.