8o
Улаанбаатар хот
mobile menu

Бодибилдинг, фитнесийн холбооны ерөнхийлөгчөөр Г.Анархүү сонгогджээ

2016-11-29 11:51:09

 Монголын Бодибилдинг, фитнессийн холбооны шинэ Ерөнхийлөгчөөр “Октобус консалтинг” компанийн захирал Г.Анархүү сонгогдсон байна. Одоо үйл ажиллагаагаа явуулж буй спорт холбоодын хамгийн залуу Ерөнхийлөгч болсон тэр одоо 26 настай. Бодибилдинг фитнесийн холбооны ажлыг шинэ мэнежмэнтээр явуулах, спортын энэ төрөлд олон нийтийн анхаарал хандуулах, өв тэгш бие бялдартай болгодог энэ спортоор олон залуучууд хичээллэхэд үлгэр дуурайлал болгохыг холбоо зорьж ажиллах юм байна. Өмнө нь энэ холбоог Улаанбаатар хотын Ззхирагч бөгөөд Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-үүл удирдаж байжээ. 2017 онд тус холбоо нэлээд олон ажил төлөвлөжээ. Жил бүр болдог хот, улсын аваргын тэмцээнийг өвөрмөц байдлаар зохион байгуулахаас гадна тус спортыг үзэгчдэд илүү ойр байлгах үүднээс сонирхолтой хэлбэрээр хийнэ гэнэ. Шагналын санг өндөр хэмжээтэй болгох зорилт ч тавсан байна. Мөн анх удаа бодибилдинг, фитнессийн ДАШТ-ийг Монгол Улсад зохион байгуулахаар болсныг өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр дуулгалаа. Энэхүү тэмцээн Улаанбаатар хотноо 2017 оны 10 сарын 3-9-ний өдөр болох аж. Тэмцээнд дэлхийн 61 орны 1000 гаруй тамирчид оролцох боломжтой гэнэ. 

 Өчигдөр болсон 2016 оны Дэлхийн аваргын тэмцээнийг зорьж буй Монголын тамирчдыг үдэх хэвлэлийн бага хурлын үеэр шинээр сонгогдсон Ерөнхийлөгөөс зарим зүйл тодруулахад. -“Залуу хүний хувьд спорт холбоо удирдах амаргүй. Энэ саналыг хүлээн авч, үүрэг хариуцлага хүлээн ажиллах шийдвэр гаргахдаа спортын болон ойр дотны хүмүүстэйгээ сайтар зөвлөж, ярилцсан. Холбооны үйл ажиллагааг улам идэвхжүүлэхийн тулд олон ажил хийхээр төлөвлөж байна. Гол нь тамирчдаа дэмжихэд анхаарна. Бидний хамгийн ойрын тэмцээн ДАШТ байна. Энэ тэмцээнээс олон тамирчид амжилт дүүрэн ирнэ гэдэгт итгэлтэй байгаа. 2017 онд манай холбооны хувьд чухал жил байх болно. Учир нь Монгол Улсад анх удаа бодибилдинг, фитнессийн ДАШТ болно. Үүнд бид маш сайн бэлтгэн, оролцож, зохион байгуулах үүрэгтэй. Миний хувьд үргэлж спортод ойр байсан. Хөлбөмбөгт дуртай. “Улаанбаатарын унаганууд” багт тоглож байсан учраас спортын ялалт, ялагдлын амтыг мэдэрнэ. Өвөө маань Монголын морин спорт, уяачдын холбоонд 18 жил нарийн бичгийн даргаар ажилласан. Спортын төлөө ажиллахыг би амаргүй боловч сайхан ажил гэж үзнэ” гэсэн юм

 Энэ удаа Монголын  баг тамирчдыг “Пэпси” брэнд дэмжин ажиллаж байгаа юм байна. Нийгэмд зориулсан олон сайхан ажил хийдэг, олон улсын нэртэй брэндийн Монголын салбар  тамирчдаа дэмжиж, харамгүй сэтгэл гаргасанд тадархаж байгаагаа тамирчид хэлж байлаа.

Тайландын Бангкок хотноо 2016 оны бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ өнөөдрөөс эхэлж байна. Тус тэмцээнд Монголын бодибилдинг, фитнессийн холбооны эрэгтэй 10, эмэгтэй зургаа, нийт 16 тамирчин оролцохоор эх орноосоо мордлоо. Энэ удаагийн ДАШТ-д 59 орны 600 гаруй тамирчид оролцохоор мэдүүлгээ өгчээ. Бодибилдинг, фитнессийн ДАШТ нь нийт 36 ангилалд болдог. Манай тамирчид бодибилдинг, атлетик, фитнес, модель, спорт модель гэсэн төрлүүдэд оролцох юм байна.

 Энэхүү тэмцээн залуучууд, насанд хүрэгчид, мастерсийн ангилалд зэрэг болдгоороо онцлогтой. Манай баг тамирчдаас насанд хүрэгчдийн ангилалд хамгийн олон буюу 13 тамирчин өрсөлдөх бол залуучуудад хоёр, мастерт нэг тамирчин оролцох юм. 2015 оны дэлхийн аваргаас эмэгтэйчүүдийн атлетик-бие бялдар ангилалд алтан медаль хүртсэн Г.Угалзцэцэг, мөн ангилалд хүрэл медалийн эзэн болж байсан Г.Гансаруул нарын шилдэг тамирчид энэ удаагийн багт багтжээ. Мөн Азийн аварга болон олон улсын тэмцээнд өндөр амжилт үзүүлж байсан тамирчид байгаа бөгөөд тэд өмнөх амжилтаа ахиулах боломжтой байгааг өчигдөр /2016.11.28/ болсон хурлын үеэр мэдэгдлээ. ДАШТ долоон өдөр үргэлжилж, арванхоёрдугаар сарын 5-ны өдөр өндөрлөх юм.

ДАШТ-д шүүгчээр Монголын бодибилдинг, фитнессийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Одбаатар ажиллахаар болжээ. Түүний хувьд олон улсын зургаа дахь тэмцээндээ шүүгчээр ажиллах аж.


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment