8o
Улаанбаатар хот
mobile menu

Долоо хоногийн тойм: Далай ламтай, Н.Алтанхуягтай, С.Амармандахтай, Хөгжлийн банктай долоо хоног

2016-12-04 10:00:00


Дуулиан шуугиантай онцлох сонин содон мэдээллээр дүүрэн нэгэн долоо хоног шувтарч байна. Энэ долоо хоногт хүн бүрийн хүсэн хүлээдэг 12 сар гарлаа. 12 дугаар сар айлчлан ирэхээр хүн бүр шинэ жилийг догдлон хүлээдэг билээ. Мэдээж сайны хажуугаар саар мэдээллүүд ч мөн гарлаа. Энэ долоо хоногт Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АТГ байцаагдаж, Монголын нэртэй төртэй дуучин С.Амармандах хүнд зодуулж  толгойндоо хүнд гэмтэл авч, ар гэрийнхэн мэдээлэл хийж бичлэг цацсан дуулиан дэгдээсэн долоо хоног байлаа. Мөн үүнээс гадна "Дэлхийн мисс-2016" тэмцээн эх орноо төлөөлөн оролцож байгаа Мисс А.Баярцэцэгийн танилцуулга бичлэг шилдэг арван танилцуулгыг тэргүүлсэн сайхан мэдээлэл гарлаа. Ингээд энэ бүхнийг багтаасан Долоо хоногийн онцлох тоймоо хүлээн авна уу. 

Н.Алтанхуяг байцаагдаж, төрсөн дүү Н.Наранцэцэгийг нь суллалаа

 Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг  АТГ-т  мэдүүлэг өгсөн. Түүнийг АТГ дөрвөн цаг байцааж, төрсөн дүү Н.Наранцэцэгийг суллалаа. Н.Алтанхуяг  мэдүүлэг өгөхөөр ирэхдээ “Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй тэдний бүлэглэл амь тавьж байгаа юм байна. Цөөхөн хоногийн дотор гурав дөрвөн эмэгтэй хүнийг шоронд хийлээ.Намайг эхнээс нь дуудчихгүй Гансүх, Мөнгөнтуяагаас эхлээд төрсөн охин, одоо ойр орчмын хүмүүсийг тарчилгах хэрэггүй байсан юм. Зарлан дуудах хуудсаа жаахан давчуу өгнө лээ. Одоо 16.00 цаг болж байна. Ингэж яарч өгсөн нь намайг ирэхгүй гэж шалтаглах гэж байсан юм байлгүй. Ер нь Элбэгдорж бид 90 оноос Ардчиллын төлөө явсан. Элбэгдоржийн үгэнд орохгүй бол шоронд ордог тийм ардчиллын төлөө би яваагүй” хэмээн хэлчихээд мэдүүлэг өгөхөөр орсон билээ. Өнгөрсөн сард Н.Алтанхуягийн гурван дүүг саатуулан шалгаж эхэлсэн. 

Ц.Мөнх-Оргил: БНХАУ-ын талд бид байр, сууриа тодорхой хэлж байгаа

Далай ламын айлчлалаас үүдэн манай улсын БНХАУ-тай хийх хэд, хэдэн уулзалт, яриа хэлэлцээр хойшлогдсон. Уг асуудлаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилоос тодрууллаа.
-БНХАУ-тай хийх хэд, хэдэн уулзалт яриа хэлэлцээр хойшлогдсон. Уг асуудал хэрхэн шийдвэрлэгдэж байна вэ?
-Тодорхойгүй хугацаагаар яриа хэлэлцээрүүд болон айлчлалууд хойшилсон. Бид гадаад харилцааныхаа шугамаар БНХАУ-ын талд Засгийн газрынхаа байр, суурийг маш тодорхой хэлж байгаа. Энэ байдал хоёр орны харилцаанд нөлөөлөх ёсгүй юм. Монгол улс өөрийнхөө зарчмын байр, суурийг баримталсан хэвээрээ байгаа. Монгол улс бол БНХАУ-ын нутаг дэвсгэр, бүрэн бүтэн байдал,тусгаар тогтнолд гүн хүндэтгэлтэй ханддаг хэвээрээ байгаа гэдгээ баталж хэлж байгаа. Мөн яриа хэлэлцээрүүдийг ойрын хугацаанд эхлүүлье гэдэг саналаа тавьсан. Хэдийгээр яриа хэлэлцээр хойшилсон ч дотооддоо цэгцлэх, УИХ, Засгийн газрынхаа хуралдаанаар ярилцаж тохирох, байнгын хороотойгоо зөвшилцөх олон асуудал байна. Үүнийгээ хийж байя. Мөн зөвхөн БНХАУ гэлтгүйгээр Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Япон, АНУ, Солонгос зэрэг бусад түншүүдтэйгээ яриа хэлэлцээрээ үргэлжлүүлж байгаа.Бид “Төсөв хүнд байна. Мөнгө төгрөг хэрэгтэй байна” гэхээсээ илүүтэйгээр “Бид ийм бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэ арга хэмжээний үр дүнд Монгол улсын төсвийн алдагдал энэ онд хэдэн хувиар буурна. Дараа жил ч мөн буурна. Зардлаа хэмнэж орлогоо нэмэгдүүлнэ. Төсвийн хариуцлагатай бодлогуудыг хэрэгжүүлнэ. Хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ” гэдгээ танилцуулаад явах ажлуудыг хийж байна. Манай Засгийн газар төлөвлөсөн ёсоороо бусад орнуудтай асуудлаа ярьж байна. Энэ сарын 16-нд УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-д айлчилна. Тэнд хэлэлцээр үргэлжилнэ. Маргааш бид донорынхоо зөвлөлдөх уулзалтыг хийх гэж байна. Энэ уулзалтаар дээрх ярьсан асуудлуудаа ярина. Мөн донорын уулзалт дуусмагц Сангийн сайд Б.Чойжилсүрэн Японд айлчилна. Үүний хажуугаар миний бие Германд уулзаж Европын түншүүдтэйгээ уулзана.
-БНХАУ-ын талаас ямар нэгэн хариу өгсөн үү?
-БНХАУ-тай хийх яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэх асуудал зөвхөн манай талаас шалтгаалахгүй. Хоёр тал хоорондоо ярьж байж шийдэх асуудал. Тодорхой мэдээлэл ирвэл би хэлнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Гадны хэвлэлд: Хятадын дарамтыг үл тоон Далай ламын айлчлалыг зөвшөөрсөн Монголын эрх баригчдын зүрх зоригийг магтан сайшаажээ


Далай ламыг урьсан Монголын засгийн газрын эр зоригийг магтжээ гэсэн мэдээлэл tibet.net сайтад гарсан байна. Тухайн нийтлэлд, Хятадыг тайван замаар ардчилсан засаглалд шилжүүлэхийн төлөө тэмцдэг “Хятадын санаачилга” (Initiative for China - IFC) хөдөлгөөн өчигдөр мэдэгдэл гаргаж Коммунист Хятадын дарамт шахалтыг үл тоон Далай ламын шашин номын айлчлалыг зөвшөөрсөн Монголын эрх баригчдын зүрх зоригийг магтан сайшаасан байна. 
Тэдний мэдэгдэлд Далай ламын Улаанбаатарт хийсэн айлчлалтай холбоотой Бээжингийн гаргасан мэдэгдэл, авсан арга хэмжээнүүдийг шүүмжилсэн байна. Мөн Тайвань, Өмнөд Африк зэрэг бусад орнуудыг Монголын жишгээр Хятадын дарамтаас айлгүйгээр Далай ламыг нутагтаа хүлээж авахыг уриалжээ. АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трампыг Далай ламтай ойрын үед уулзахыг IFC бас уриалсан байна.
Өнгөрсөн долоо хоногт Төвдийг дэмжигч олон улсын парламентчдын бүлэг (The International Network of Parliamentarians for Tibet) мэдэгдэл гаргаж, Монголын үлгэр жишээг дагахыг Азийн Буддын шашинт орнуудад уриалсан юм. Тус бүлгийн тэргүүн, Евро парламентын гишүүн Томас Манн мэдэгдэлдээ “Далай ламын шашин номын айлчлалыг зөвшөөрсөн Монголын засгийн газрын шийдвэрийг бид алга ташин хүлээж авч байна” гэжээ.
14 дүгээр Далай лам манай улсад айлчилсаны дараагаар Монголын талаас БНХАУ-д хийх хэд хэдэн айлчлал цуцлагдаад байгаа билээ. Монгол улс Хятад улсаас зээл авах асуудал яригдаж байсан ч энэ асуудал бүтэх эсэх нь тодорхойгүй болоод байгаа юм. 


Танилц: "Хөгжлийн банк"-наас зээл авсан компаниудын нэрс ил боллоо


Хөгжлийн банкнаас зээл авсан компаниудын нэрсийг Хууль зүйн дэд сайд Н.Энхбаяр олон нийтэд зарлалаа. Тэрбээр "Та бүхэнд хэлсэнчлэн Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн ЗЭЭЛ, САНХҮҮЖИЛТ-тэй холбогдсон жагсаалтыг нийтэллээ. Өөрсдөө цэгнэж, дүгнэх буйзаа..." хэмээн цахим ертөнцөд жиргэж орхив.  Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгах ажлын хэсгийг Засгийн газраас томилсон бөгөөд уг ажлын хэсгийн Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр ахалж байсан юм. Тэгвэл тэрбээр олны анхаарлын төвд байсан энэхүү асуудлыг ийнхүү ил болголоо.Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 


Мисс А.Баярцэцэгийн танилцуулга бичлэг тэргүүллээ

"Дэлхийн мисс-2016" тэмцээн энэ жил АНУ-ын Вашингтон хотноо энэ сарын 29-нөөс 12 дугаар сарын 18-нд болно. Энэ удаагийн тэмцээнд манай улсаас “Торго модель” агентлагийн загвар өмсөгч, мисс А.Баярцэцэг оролцохоор явсан билээ. Энэ удаагийн шалгаруулалтанд  110 гаруй гоо бүсгүй өрсөлдөж байна.Тэгвэл тэмцээний шилдэг арван танилцуулгад манай улсаас эх орноо төлөөлөн “Дэлхийн мисс-2016” тэмцээнд оролцож буй Алтангэрэлийн Баярцэцэгийн танилцуулга багтсан байна. Тэмцээний шүүгчид “Монголын гоо бүсгүйн танилцуулга видеоны чанар болон өөрийнх нь гоо үзэсгэлэн шилдэг танилцуулагын жагсаалтыг тэргүүлэхэд  болзолыг хангаж байна" хэмээн хэлсэн байна. Түүний танилцууллага "Яг л кино мэт, агшин бүрт нь алга ташилт бэлэглэмээр" гэсэн үнэнлэлт дүгнэлтийг аваад байна. 

 

“Хар сарнай” хамтлагийн Амарааг сэхээнд ортол нь зоджээ

ОХУ-ын дипломат төлөөлөгч А.С гэгч нь Хар сарнай хамтлагын ахлагч С.Амармандахыг  сэхээнд ортол нь зодсон хэрэг гарлаа.  Тус хэрэг ХУД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрийн HOME PLAZA худалдааны төвд байрлах ONE EVENT HALL-д 2016 оны 11 -р сарын 23-ны орой болсон байна. Тухайн үйл явдал “Жаргалтай Улаанбаатар” цэнгүүний үеэр болжээ. Тус цэнгүүнд  “Хар сарнай” хамтлагын ахлагч С.Амармандах өөрийн ая дуугаа өргөж, хүмүүстэй хамт дуулан, цэнгэжээ. Цэнгүүн дууссаны дараагаар С.Амармандахыг  гэртээ харихаар гарч явахад нь ОХУ-ын дипломат төлөөлөгч А.С нь архины шилээр толгойн тус газарт нь цохьж ухаан алдуулсан байна. Одоогийн байдлаар С.Амармандахын биеийн байдал хүнд байгаа бөгөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Өнгөрсөн тав дахь өдөр С.Амармандахын аав болон уран бүтээлч нөхөд нь мэдээлэл хийсэн. Энэ үеэр С.Амармандахын аав С.Сүхбаатар "Надад маш хүнд байна. Та нар намайг таньж байна уу. Намайг Сэвжидийн Сүхбаатар гэдэг. Би энэ арваад хоногийн хугацаанд өөрийнхөө хүү,  Монгол Улсын иргэн Амармандахыг таниагүй. Энэ бичлэгийг та нар үзвэл тэр хүнийг танихгүй. Тэр зодож байгаа, танхайрч байгаа тэр сахалтай хүнийг харлаа. Би энэ 10 хугацаанд өөрийнхөө хүүхдийн царай зүсийг таниагүй. Одооноос харин эмч нарын гавьяагаар одоо хүүтэйгээ танилцаж байгаа. Надад хэлэхэд хэцүү байна. Монгол, Оросын дипломат харилцааг эвдэж, аливаа улс орнуудыг эвтэй байлгахын тулд дипломат ёс гэж байдаг. Тэгтэл тэр хүн ийм зүйл хийлээ” хэмээн хэллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment