8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүнсний бүтээгдэхүүнийг шинэ эсэхийг хэрхэн таних вэ

2016-12-15 14:42:00

Хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгон, зөв аргаар бэлтгэн хэрэглэх нь зохистой хооллолтын үндэс бөгөөд хоол хүнсээр дамжих аливаа өвчин эмгэгээс та өөрийгөө болон гэр бүлээ сэргийлж чадна.

Тэгвэл та хүнсний бүтээгдэхүүн авахдаа юу анхаардаг вэ? Мэдээж сав, баглаа боодол, хадгалах хугацаа, хэрхэн хадгалж байгаа зэргийг хардаг байх. Үүнээс гадна шинэ хүнсний бүтээгдэхүүн ямар чанартай байдгийг “Амьдралын зөв хэвшилд алхам алхмаар” номд бичсэнээр хүргэж байна.

Мах: Тод улаан өнгөтэй, гадаргуу нь цэвэр, хуурай, салс өнгөргүй, загсаалтын хальсан бүрхүүл үүссэн, хуруугаар дарахад үүссэн хонхорхой хурдан арилж, өөх нь үл мэдэг шаргал туяатай, цагаан өнгөтэй, хатуу, шинэ махны өвөрмөц, аятайхан үнэртэй байна.

Загас: Хайрс нь гялгар, тунгалаг салсаар бүрхэгдсэн, цэвэрлэхэд хялбар салахгүй, нүд нь тунгалаг, гялгар, ширгээгүй, заламгай нь тод улаан ягаан өнгөтэй, мах нь нягт, хэт зөөлөн биш, уян хатан, гэдэс нь дүүрэн биш, шинэ загасны өвөрмөц үнэртэй байна.

Хиам: Бүрхэвч хальс нь бүтэн, хуурай, цэвэр, өнгөргүй, хөгцний үнэргүй, зүсэж үзэхэд таташ нь жигд, нягтшил сайтай, хийн цэврүүгүй, шүүслэг ягаан, өөх нь цагаан өнгөтэй, исгэлэн, гашуун биш, аятайхан амттай байна.

Өндөг: Хальс нь хатуу, бүтэн, цэвэр, хэт жижиг биш (удаан хадгалах тусам чийгээ алдаж жижгэрдэг), өнгө, үнэр амт нь хэвийн байна.

Сүү: Ялимгүй шаравтар туяатай, цагаан өнгөтэй, аятайхан амт, үнэртэй байна. Зохих хэмжээний өтгөн байх бөгөөд усархаг, салслаг байж болохгүй.

Гурил: Исгэлэн, хөгцөрсөн үнэргүй, гашуун, эсвэл чихэрлэг амтгүй, шинэхэн буудайн аятайхан үнэртэй байна. Гурилын зэрэг, нэр төрлөөс хамаарч цагаан шаргалаас сааралдуу боровтор өнгөтэй байж болно. Сайн чанарын гурил нь хуурай байх бөгөөд гартаа атгаад тавихад бөөгнөрөхгүй, амархан бутардаг байна.

Будаа: Харлаж цоохортоогүй, гашуун хөгцний үнэр, амтгүй, хортон шавж, мэрэгч, тэдгээрийн өт, авгалдай, ялгадсаар бохирлогдоогүй байна.

Жимс, хүнсний ногоо: цэвэр, бүрэн бүтэн, хэлбэрээ алдаагүй, хортон шавж, мэрэгч, ургамлын өвчний улмаас гэмтэж муудаагүй, ялзраагүй, хөгцгүй, гаднын аливаа үнэргүй, хөлдөөгүй, хатаагүй байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл