Өглөө бүр үгийн сайхныг хэлэлцэж
Өдөр бүр хүний сайнтай учирч
Зүрх сэтгэлд чинь баяр гийж
Зүүд үргэлжлэх цагаар нас нэмж
Зөрж өнгөрөх хоёр оны заагаар
Зүйрлэшгүй тансаг жаргалыг хүртээрэй гэсэн сайхан мэндчилгээгээр Эрхэм уншигч тан шинэ 7 хоногийн мэндийг эрье.
Өнөөдөр нийгэм, улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэдбэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.
2016 оны онцлох 30 ишлэл
2016 он улиран одож 2017 онтой учран золгох цаг айсуй. Яг 12 хоногийн дараа бид шинэ оноо угтан авахаар догдолж байна. Энэ өдрүүдэд хүн бүр өнгөрсөн онд хийж бүтээсэн ажил, алдаа оноогоо дүгнэж ирэх онд илүү ихийг амжуулахаар төлөвлөж буй. Чухал.мн мэдээллийн сайт энэ цаг мөчид 2016 онд болж өнгөрсөн чухал үйл явдлыг хэн нэгэн эрхмийн хэлсэн үгээр эргэн сануулж байна. 2016 он бол монголчуудын хувьд АСЕМ-тай, олимптой, Эрдэнэт үйлдвэрийн талцалтай, шинэ УИХ бүрэлдсэн, эдийн засгийн хүндрэлтэй бодитоор нүүр тулсан жил байлаа. Ингээд 2016 ОНЫ ОНЦЛОХ 30 ИШЛЭЛ-тэй танилцана уу.
1 . Зурхайч Л.Тэрбиш: “Ноёд хэрэлдэхээр ногоо ургадаггүй” хэмээн хуучны өтгөсийн сургааль цагтаа буув уу хэмээн бодогдож байсан. Бичин жилд элдэв хилэнцээ эс боомтлон тонгочвоос “Нигуур муугаа үзүүлэх” гэмтэй.
(2016.2.8 Ардын эрх сонин)
2. УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар: ХҮН Ерөнхийлөгчийн нам байх болно. Бид 2016 онд үнэмлэхүй, 2017 онд хоёр дахь ялалтаа байгуулна.
(2016.1.19 Зууны мэдээ сонин )
3. Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Долларын ханш бага зэрэг буурах байх.
(2016.1.29 Chuhal.mn)
4. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Төрийн албан хаагчдын цалинг бууруулж, хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтод бүлэгт өгнө. Ер нь танах ёстой зардлуудаа танана.
(2016.8.15 24tsag.mn)
5. УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг: Архи, тамхи, секс гурав бол хүний амьдралд байх ёстой бүх юм.
(2016 .6.13 Олон нийтийн сүлжээ сайт)
6. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг: Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монголын мэдэлд шилжлээ.
(2016.6.18 Засгийн газрын олон нийттэй харилцах хэлтэс)
7. УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Би танай гэр бүлийн гишүүн
(2016 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаанаас)
8. УИХ-ын дарга З.Энхболд: Ардчилсан нам ард түмний сонголтыг хүлээн зөвшөөрч байна. Сонгуулийн үр дүн гэдэг бол ард түмэн тавьж байгаа үнэлгээ юм. Албан ёсоор энэ үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Л.Эрхэмбаяр бид хоёр хариуцлагаа хүлээнэ. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
С.Баярцогтын оффшор дахь 9.2 сая ам.долларт Швейцарийн прокурорын газраас эрүү үүсгэн шалгаж эхэлжээ
УИХ-ын дэд дарга С.Баярцогтыг Швейцарийн банкинд нэг сая гаруй ам.долларын нууц данстай гэх мэдээлэл 2013 оны дөрөвдүгээр сарын 04-ны өдөр The Guardian сайтад гарч байсан. Тухайн үед С.Баярцогт оффшор дансандаа нэг сая хүрэхгүй мөнгөтэй гэж тайлбарлаж байсан билээ.
Тэгвэл өнөөдөр С.Баяцогтыг оффшор данстай болохыг нотолсон хоёр баримтыг Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооноос дэлгэлээ. Тус холбооны тэргүүн З.Туяацэцэг "С.Баярцогтын оффшор данстай болох нь нотлогдсон есөн баримт илэрсэн. Одоогоор нягталж байна. Сайтар шалгасныхаа дараа бид дахин мэдээлэх болно. УИХ-ын Тамгын газар "С.Баярцогтод ёс зүйн хариуцлага тооцсон тул дахин хариуцлага хүлээлгэх боломжгүй” гэсэн хариу өгсөн. Тиймээс өнгөрсөн онд Швейцарийн прокурорын байгууллагад хандсан. Тус байгууллагаас энэ оны зургадугаар сарын 27-ноос С.Баярцогтыг мөнгө угаасан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн" гэлээ.
З.Энхболд: Сунгаанд оролцуулсангүй гэж сошиалд гомдоллохоо боль
Ардчилсан намын даргын сунгаанд өрсөлдөхөөр бүртгүүлсэн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Л.Гантөмөр, Ж.Батзандан, Н.Алтанхуяг нар нэр дэвших үнэмлэхээ гардаж авлаа. Энэ үеэр АН-ын дарга З.Энхболд "АН-ын даргын сунгаа манай намын түүхэнд сайн, муугаар бичигдсэн байдаг. Үүнийг манай таван нэр дэвшигчид сайнаар авч явах байх. Намын даргын сунгаа бол дүрмийн дагуу явж байгаа. Энэ дүрэмд хэн нэгнийг намд байсан хугацаагаар нь ялгаагүй. Бид хөгшин байна чамайг оруулахгүй гэж хэлээгүй. Сунгаанд оролцуулсангүй гэж сошиалд гомдоллохоо боль. Намын даргад нэр дэвших бүх гишүүдэд нээлттэй байсан. Сонгууль явуулахад зардал гарах нь тодорхой. Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахад 10-15 тэрбум төгрөг зарцуулагддаг. Бид байдаг бүх зардлаа хасаад энэ удаад 1,5-2 тэрбум төгрөг багтаахаар төлөвлөсөн. Үүнийг иргэд ойлгож байгаа. Нэр дэвшиж буй таван эрхэмдээ амжилт хүсэе " гэв.
Нэр дэвшигчид ижил тэгш нөхцөл олгох үүднээс тэднээс 200 сая төгрөгийг хурааж авсан. Харин М.Чимиддорж мөнгөө төлж чадаагүй учир түүнийг сунгаанаас хассан байна. Сунгаа ирэх оны нэгдүгээр сарын 29 хүртэл явагдаж, АН-ын шинэ даргыг тодруулах санал хураалтад татвараа төлсөн АН-ын бүх гишүүд оролцох юм. Ардчилсан намын даргын төлөө өрсөлдөхөөр дэнчингийн 200 сая төгрөгөө төлсөн нэр бүхий хүмүүс нэмж 40 сая төгрөг тушаахаар болжээ.
АН-ын даргад нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авлаа
Ардчилсан намын даргад өрсөлдөх таван нэр дэвшигч өнөөдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа. Намын даргад УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, АН-ын дарга асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр нар АН-ын даргад өрсөлдөхөөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авсан юм.
Нэр дэвшигчид үнэмлэх гардуулах үйл ажиллагаанд АН-ын дарга З.Энхболд “АН-ын их хурлаар батлагдсан журмын дагуу таван нэр дэвшигч бүртгүүллээ. Энэ үеэр АН-ын дарга З.Энхболд “Намын даргад хэн нь ч ялсан энэ таван нэр дэвшигч цаашдаа хамтран ажиллах ёстой. Энэ таван нэр дэвшигчийн хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр энэ намыг цаашид эв нэгдэлтэй, нэг зүгт харсан, бусад нэр дэвшигчээ хүлээн зөвшөөрсөн хариуцлагатай байгаарай” гэв.
Нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа энэ сарын 22-нд албан ёсоор эхэлнэ.
МАН: Цаашид ирцээ бүрдүүлж хариуцлагатай ажиллана
МАН-ын бүлэг хуралдаж хэд, хэдэн асуудлаар саналаа нэгтгэсэн байна. Нэгдүгээрт, Сонгуулийн тухай хууль, Ард нийтийн санал асуулгын тухай хууль, Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа эсэх асуудлаар саналаа солилцсон байна. Ингээд дээрх хуулиудад өөрчлөлт оруулах шаардлага байгаа эсэхийг судлах ажлын хэсэг байгуулахаар болжээ. Ажлын хэсэг энэ ондоо багтаж дүгнэлтээ намын бүлэгтээ танилцуулах юм байна.
-
Сонгуулийн тухай хууль өөрчлөлт оруулах эсэхийг судлах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат
-
Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах эсэхийг судлах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан
-
Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах эсэхийг судлах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн
-
Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах эсэхийг судлах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаанар ажиллахаар болжээ.
Хоёрдугаарт, Туул голын сав газрыг тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг хөндөж ярьсан байна. Ингээд Туул голын сав газартай холбоотой УИХ-ын тогтоол, шийдвэр болон цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байгаа нөхцөл байдалд хяналт тавьж ажиллах ажлын байгуулахаар болжээ. Ажлын хэсгийг УИХ-ын дарга М.Энхболд томилолтоос ирсэний дараа томилох юм байна.
Гуравдугаарт, Бүлгийн ирцтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн байна. Гишүүд цагтаа цуглаж хуралдаа идэвхтэй оролцох талаар өнөөдрийн хурлаар нэгдсэн санал хурчээ. Мөн Хэрэглэгчийн эрх ашгийн хамгаалах тухай хуулийг хэлэлцсэн байна. Уг хуулиар тус бүлгийн гишүүд өөр, өөр байр суурьтай байгаа аж. Зарим гишүүд уг хууль нь аж, ахуй хэрэглэгчдийг хохироосон хууль болсон гэж дүгнэж байгаа учраас дахин сайн нягтлах шаардлагатай гэж үзжээ.
ЦЕГ: Хувийн мэдээллээ facebook-дээ байршуулахгүй байхыг анхаарууллаа
Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид энэ онд иргэн, аж ахуй нэгж байгууллагад хоёр тэрбум 44 сая төгрөгийн хохирол учруулсан 34 гэмт хэргийг илрүүлсэн байна. Үүнээс цахим орчинд компьютер, мэдээлэл аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг хамгийн их үйлдэгджээ.
Тиймээс Цагдаагийн байгууллагаас иргэдийг цахим орчин дахь худал мэдээлэлд итгэн, хохирол амсахгүй байхыг анхааруулж байна. Иргэн фэйсбүүк, твиттер хуудсандаа өөрийн тухай мэдээллийг хэт дэлгэрэнгүй оруулахгүй байх тал дээр анхаарах, танихгүй хүмүүс рүү өөрийн хувийн мэдээлэл, фото зургаа явуулахгүй байхыг зөвлөж байна. Учир нь тухайн мэдээллийг ашиглан иргэдийг дарамталж, их хэмжээний мөнгө нэхэж, хохироосон асуудал цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдсаар байгаа гэнэ.
Тиймээс ЦЕГ-аас хувийн мэдээллээ facebook-дээ байршуулахгүй байхыг анхаарууллаа
Элэгний С вирусын эмийг даатгалаар олгож эхэлжээ
Элэгний С вирусын эсрэг “Харвони” эмийг “Омбол” ХХК эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр олгож эхэлжээ. Монгол улсад элэгний С вирусын “Харвони” эм болон Энэтхэг Улсад үйлдвэрлэсэн тухайн эмийн ерөнхий нэршлийн дөрвөн эмийг албан ёсны бүртгэлтэйгээр хэрэглэж байгаа билээ. Элэгний С вирусын эсрэг Харвони эм нь эмнэлзүйн судалгаагаар үр дүн нь олон улсад батлагдаж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн аж. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол Улсад тухайн эмийг хэрэглэсэн өвчтнүүдийн эмчилгээний үр дүн 99% байгааг судалгаагаар тогтоожээ.
Мөн өнгөрсөн есдүгээр сарын 9-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд ХАРВОНИ, ХЕПСИНАТ-ЛП эмийг худалдан авсан хүмүүст Эрүүл мэндийн даатгалаас эмийн үнийн буцаан олголт хийхээр болсон байна.
Эмийн буцаан олголт авахын тулд иргэд овог, нэр, регистрийн дугаар, /иргэний үнэмлэхний хуулбар/, холбогдох утасны дугаар, буцаан олголтын мөнгийг авах банкны нэр, өөрийн нэр дээрх дансны дугаарыг Элэгний эмийн мэдээлэл үйлчилгээний төвд өөрийн биеэр авчирч өгөх эсвэл info@ombol.mn и-мэйл хаягаар явуулахыг санууллаа.
Элчингийн ажилтны нэрээр иргэдээс 32 сая төгрөг залилсан этгээдийг баривчилжээ
“Чех улсад ажиллах урт хугацааны визний цаг гаргуулна” гэсэн зар цахим ертөнцөд тарааж, нийт 35 иргэнээс 32 сая төгрөгийг залилсан этгээдүүдийг Эрүүгийн цагдаагийн газрын албан хаагчид баривчилсан байна. Гэмт этгээдүүд нь өнгөрсөн наймдугаар сараас эхлэн Бүгд Найрамдах Чех улсын Элчин сайдын яамны цахим шуудангийн хаягийг хуурамчаар дуурайлган хийж, тус яаманд ажилладаг хэмээн хохирогчдыг итгүүлдэг байсан нь тогтоогджээ.
Мөн хохирогчийн цахим шуудангийн хаяг руу хуурамч шууданг илгээж, 30 минутын дотор мөнгө шилжүүлэхгүй бол цуцлагдана хэмээн иргэдээс их хэмжээний мөнгө нэхэн залилж авдаг байжээ.
Э.Содномпэлжээд гурван өрөө байрны түлхүүр гардуулан өгөв
Бразилийн Рио Де Жанейро хотноо бослон паралимпд амжилттай оролцож Паурлифтингийн төрлөөр хүрэл медаль хүртсэн Энхбаярын Содномпэлжээд өнөөдөр д гурван өрөө байрны түлхүүр гардуулж өглөө. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Э.Содномпэлжээгийн амьдралд тэгш дүүрэн байхыг бэлгэдэн тоононд нь алд цэнхэр хадаг зангидаж, спортын өндөр амжилт хүслээ.
74 настай эмээг дээрэмдсэн этгээдүүд Дээд шүүхэд давж заалджээ
Энэ оны нэгдүгээр сард гарсан Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны орцонд өндөр настай эмээ дээрэмдэж, улмаар шатаар чирч биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан. Гэтэл уг хэргийг үйлдсэн этгээдүүд Дээд шүүхэд давж заалджээ.
Уг хэргийг Увс аймгийн Давст сумын харьяат Лхагважав овогтой Амаржаргал 1990 онд төрсөн, Энхболд овогтой Мөнх-Эрдэнэ Дорнод аймгийн Матад сумын харьяат 1990 онд төрсөн, Увс аймгийн Давст сумын харьяат Аюуш овогтой Баатар 1995 онд төрсөн, нар үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн 147.2 зүйл ангиар Амаржаргал 6 жил 5 сар, Мөнх-Эрдэнэ, Баатар нарт 5 жил 1 сарын ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр оноожээ.
Тэд шүүхээс оноосон ялыг хүндэдсэн хэмээн үзэж өмгөөлөгчөөрөө дамжуулан энэ сарын 12-нд давж заалдах өргөдлөө Улсын дээд шүүхэд гаргасан бөгөөд одоогоор шүүх хурлын тов гараагүй байна.
"Монголын нэг өдөр" тойм булангаа хүлээн авсан танд баярлалаа.Таны маргаашийн ажил үйлсэд амжилт хүсье.