8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: С.Зоригийн хэргийн шүүх хурал хойшилж, Бүлэглэн дээрэм хийж байсан этгээдүүдийг илрүүлсэн өдөр

2016-12-21 19:00:00

Эрхэм уншигч танд энэ өдрийн мэнд хүргэе. Нэг л мэдэхэд хүн төрөлхтөн хуучин оноо үдэж, хамтдаа шинэ оноо угтах мөч хаяанд иржээ. Хуучин оноо үдэж шинэ оноо угтахад 10-хан хоног үлдлээ. Яг энэ мөчид хүн бүр энэ жилийнхээ алдаа, оноог дэнсэлж, дүгнэлт хийж суугаа болов уу. Өнөөдөр нийгэм улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

С.Зориг агсны шүүх хурал: Ц.Амгаланбаатар хүн гүтгэж амьдралаа зугаатай болгож байна

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хурал 18 жилийн дараа болж байна. Өнөөдрөөс долоо хоногийн өмнө тус шүүх хурал товлогдсон ч шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтээр өнөөдрийг хүртэл хойшилсон юм. Тодруулбал, өмгөөлөгчид “Шүүх хуралдаанд нэр бүхий гэрчүүдийг оролцуулах мөн хавтаст хэрэгтэй бүрэн танилцах хугацааг олгож өгнө үү” гэх хүсэлтийг бичгээр өгсөн байдаг. Үүнийг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзэж өнөөдрийг болтол хойшлуулаад байсан юм. Тэгвэл өнөө өглөө 10.00 цагт эхлэхээр товлогдоод байсан шүүх хуралдаан бага зэрэг хожимдож эхэлсэн. Ингэхдээ нууцын зэрэглэлтэй хэрэг учир хаалттайгаар хэлэлцэх болсноо шүүгчдийн бүрэлдэхүүн танилцуулаад, шүүх хуралдааныг эхлүүлсэн. Яг одоогийн байдлаар шүүх хуралдаан завсарлаад үргэлжилж байна. Завсарлах болсон шалтгаан нь мөн л хүсэлт ирсэнтэй холбоотой. Гэвч яг ямар хүсэлт ирсэн нь хараахан тодорхойгүй байгаа юм.

Шүүх хуралдаанд талуудын өмгөөлөгч, шинжээч, улсын яллагч, иргэний төлөөлөл, мөн гэрчүүд оролцож байгаа төдийгүй сэжигтэн Б.Содномдаржаагийн төрсөн эх ч мөн хүрэлцэн ирээд байгаа юм. Түүний хувьд хуралдаанд гэрчээр оролцож байгаа гэх мэдээллийг ар гэрийнхэн нь өгч байв. Үүнээс гадна Д гэх иргэн гэрчээр оролцож байгаа гэх мэдээлэл байгаа юм.

Мөн шүүх хуралдаан болж буй Цагдан хорих 461-р ангийн гадна яллагдагчдын ар гэрийнхэн ирсэн байна. Тэдний зүгээс хэвлэлийнхэнд хандаж өөрсдийн байр сууриа илэрхийлж байлаа.

Энэ үеэр хүн амины хэргээр ял эдэлж хоригдож байгаад Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг уг хэрэгт холбогдуулсан гэх Ц.Амгаланбаатарын талаар хэн юу хэлснийг энд онцолж байна.

Б.Содномдаржаагийн төрсөн ах Б. Даваадаржаа: Багадаа тоглоод гүйж байсан хүүхэд дүүг маань хилс хэрэгт гүтгэж байгаад гомдолтой байна

-Бид хамар хашааны хүүхдүүд. Багадаа тоглож наадаад л явж байдаг байсан. Харамсалтай нь манай ахыг энэ хэрэгт хэлмэгдүүлж байна. Хүчээр хэлмэгдүүлж байна гэж бодож байна. Маш их гомдолтой байна.  Ц.Амгаланбаатарын хувьд мал маллаад явж байдаг л хүүхэд байсан. Ямар учраас ахыг маань хилс хэрэгт гүтгээд байгааг ойлгохгүй байна.

Б.Содномдаржаагийн хүргэн дүү Д.Үйлсдэлгэрэх: Ц.Амгаланбаатар бол таксины жолоочийг мөчилж алж байсан гэмт хэрэгтэн шүү дээ

-Ц.Амгаланбаатарыг хүүхэд байхаас нь мэднэ. Манай хадмын хажуу айл байсан. Ер нь Ц.Амгаланбаатар хүүхэд байхаасаа болж бүтэхгүй нөхөр байсан. Сургууль төгсөөгүй. Мөн түүний хувьд 1998 онд буюу С.Зоригийн хөнөөсөн гэх хэрэг гарч байхад юун Улаанбаатар явах, нутаг сумандаа л байж байсан хүн. Аав нь том машины жолооч, аавдаа туслаад явж байсан залуу. Миний хувьд түүнийг Улаанбаатарт ирээд хүн амины хэрэг үйлдээд явж байсан гэхээр итгэхгүй байгаа юм. Мөн тэрээр 2007 онд Эрдэнэтэд таксины жолоочийг мөчилж алсан хүнд ноцтой хэрэгтэн. Судлаад, сонсоод байх нь ээ төрсөн ах дүүс байдаггүй юм билээ. Ер нь энэ бүгдээс дүгнэхэд өөрөө шийдчихсэн хүн юм шиг байна. Бидний зүгээс бол хаалттай шүүх хуралдааныг нээлттэй болгохыг л хүсч байна. Ар гэрийнхнийх нь бодол санааг сонсож болохгүй гэж үү. Монгол Улсын төр засаг үнэнч шударга байж, шүүхийн шийдвэрийг үнэн зөвөөр гаргаасай л гэж найдая.

Т.Чимгээгийн төрсөн ах Т.Хүрэлбат: Ц.Амгаланбаатар хүн гүтгэж амьдралаа зугаатай болгож байна
- Ц.Амгаланбаатар бол хүн амины хэргээр шоронд орчихсон нөхөр. Манай ерөнхийлөгч цаазгүй болгоод энэ хүн 25 жилийн ялтай. Тэгэхээр 25 жилийн ялтай хүн юу ч хийж мэднэ. Хүн гүтгэж, амьдралаа зугаатай болгож байна. Ийм хүний үгийг улс төржүүлж, хэргийг ингэс гээд хаах сонирхолтой байна. Энэ хүн бол улстөрчдөд хэрэгтэй. Төр үнэний эсрэг төрийн машины ажлуулчихаж байна. Тагнуул, прокуроруудыг ажлуулж байгаа хүнд хандаж хэлэхэд та Монгол Улсыг, Монголын төрийг муухай харагдуулж байна гэж хэлмээр байна. Шүүх үнэн зөв шийд гаргаасай.

2016 оны онцлох хүмүүс

Тоостой, баяртай алаг хорвоогийн нэгэн оныг та бид хамтдаа үдэж, айлчлан ирж буй шинэ оноо угтах гэж байна. Улиран өнгөрөгч 2016 он баяр жаргал, уйтгар гуниг, сайн муугийн ахин давтагдашгүй мөрөө үлдээж хүн төрөлхтөний түүхийг урагшуулж байна. Мэдээ мэдээллийн Чухал.мн веб сайт улс орондоо болон дэлхий дахинд болж өрнөсөн үйл явдлуудыг уншигч танд цаг алдалгүй хүргэсээр ирсэн. Тэгвэл 2016 оны онцлох үйл явдлуудыг цувралаар тоймлон танд дахин хүргэж байгаадаа баяртай байна. Цувралын энэ удаагийн дугаарт 2016 оны онцлох монгол хүнийг танд танилцуулья. Ямар нэгэн шилдэгүүд гэхээсээ илүүтэй, үг үйл хэргээрээ олны анхаарлыг татсан, эх орныхоо сайн нэрийг гаргасан зарим нь нийгмийг шуугиулж маргаан дэгдээсэн зэрэг 2016 онд мартахгүйгээр ул мөрөө үлдээсэн эрхмүүдийг бид онцолсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: “Ши Жиньпин дарга аа! Бид монголчуудад туслах ёстой шүү. Та Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид сайн туслаарай”... В.Путин хэр барагтаа бидэнд ингэж хандаж байгаагүй. Гэвч зуун жилийн дараа уулзсан гурван улсын өндөр дээд хэмжээний уулзалтын үеэр тэр ингэж хэлсэн юм. Хоёр хөршийнхөө төрийн тэргүүнийг гэртээ урьж, нэгэн зэрэг хоёулантай нь уулзаж бүс нутгийн эдийн засгийн том харилцааны суурь бусад асуудлаар нүүр, нүүрээ харалцаад ярих боломж Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх найман жилийн хугацаанд бидэнд иржээ. Айлын найм дахь хүү найман жил төрийн тэргүүний албыг хашихдаа Ази-Европын хамтын ажиллагааны байгууллагуудын АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг эх орондоо хийж чадсан нь түүнийг карьерийнхээ хамгийн оргил амжилтуудыг гаргахад хүргэв. 2016 он түүнд ээлтэй байлаа. 

Н.Айшолпан: “Монголд төдийгүй дэлхийд ганцхан бүргэдчин охин” хэмээн онцлогдож буй Н.Айшолпаны нэр Монголын алдар цуу, өв уламжлал, өвөрмөц соёлтой хамт Оскарын тайзнаа гэрэлтэнэ. Талын Монголын охин, бүргэд шувууныхаа хамтаар үгүй ээ мөн их яригдлаа даа.  Үргэлжлэлийн энд дарж уншина уу.

С.Зоригийн хэргийн шүүх хурал завсарлаж, маргааш үргэлжлүүлэхээр боллоо

С.Зоригийг хөнөөсөн гэх Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гурван сэжигтнүүд мэдүүлэг өгсний дараа дөнгөж сая шүүх хурал завсарлалаа. Хурлыг маргааш Цагдан хорих 461 дүгээр ангид 10:00 цагт үргэлжлүүлэхээр болжээ.

Ц.Баасандорж: Н.Алтанхуягийн данс руу нэг ч төгрөг шилжиж ороогүй. Үүнийг нотлох баримт байхгүй

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг АТГ-аас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Энэ талаар Н.Алтанхуягийн өмгөөлөгч Ц.Баасандоржоос зарим зүйлийг тодрууллаа.

-Ерөнхий сайд асан Н.Алтанхуягтай холбоотой их хэмжээний мөнгөний асуудал яригдаж байгаа. Хамгийн сүүлд гэхэд УЕПГ-ын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат ярилцлага өгсөн байсан. Н.Алтанхуягийн эхнэр Сэлэнгийн данс руу их хэмжээний мөнгө шилжиж орсон гэж байна. Та үүнд үнэн бодит мэдээлэл өгөхгүй юу?

-Улсын ерөнхий прокурорын газрын эрх мэдэл бүхий албан тушаалтан шударга бус ажиллаж, худлаа мэдээлэл цацаж байна. Өмнө АТГ гэдэг байгууллага улс төрийн байгууллага болчихлоо гэж байсан бол одоо прокурорын байгууллага өөрөө улс төрд хутгалдан орлоо. Хэн нэгний талаар худлаа мэдээлэл цацаж, сенсаци тарьдаг ийм л байгууллага болж байгаад харамсаж байна. Н.Алтанхуяг болон түүний хамаатан садангийн данс руу ямар ч мөнгө шилжиж ороогүй. Үүнийг нотлох ямар ч  баримт байхгүй. Нэг ч төгрөг орж гарсан асуудал байхгүй.

-Тэгэхээр ямар ч үндэслэлгүй хэрэг дээр эрүүгийн хэрэг үүсгээд байна гэж хэлэх гээд байна уу?

-Би Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэж байгаа гэж үзэж байгаа. Ингэж худал цуурхал тарааж, шударга бус ажиллахаар иргэд яаж прокурорын байгууллагыг зөв шударга ажиллаж байна гэж итгэх юм бэ. Прокурорын байгууллагын ганц албан тушаалтны хариуцлагагүй байдлаас болж тус газрын нэр хүнд бүхэлдээ унаж байна. Иргэдийн прокурорын байгууллагад итгэх итгэл алдарч байна. Прокурорын байгууллага хэвлэлээр хүн гүтгэдэг, худал хуурамч зүйл хийдэг газар биш ээ. Үүнийг  хязгаарлаж, хуульд заасан чиг үүргээ биелүүлэх хэрэгтэй байна. Шүүхийн байгууллага гэм буруутай эсэхийг эцэслэн тогтоогоогүй байхад бусдын нэр хүндэд санаатайгаар халдаж болохгүй. Хэвлэл мэдээллээр мөнгө төлж гэмт хэрэгтэн мэтээр зарлаж болохгүй. Хууль хяналтын байгууллага улс төрчдийн гар хөл болсон. Шийдэгдээгүй хэргийн төлөө улс төрчдийг намнах гэсэн оролдлогод Прокурорын байгууллага оролцож болохгүй гэж хэлэмээр байна.

-Хуулийн байгууллага шалгаж байгаа нь цаашид АН-ын дарга болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд саад болох уу?

-Улс төрийн үйл ажиллагаа явуулахад нь холбоотойгоор үндсэндээ хууль хяналтын байгууллагийн “хэвлэл мэдээлэл”  гэдэг моод дэлгэрчихээд байна. Сая АН-ын даргад нэр дэвшлээ гэсэн чинь өнгөрсөн даваа гаригт буюу ажлын эхний өдөр Прокурорын байгууллагын эрх мэдэл бүхий хүн ярилцлага өгч байна. Тэр ярилцлагыг нь бусад хэвлэлүүд авч онцлох хэсэгтээ байрлуулж байгааг би хардаж байгаа. Улс төрийн үйл ажиллагаагаа цаашид явуулдагаар явуулна, шүүхээр гэм буруутай гэж тогтоогүй байна. Нүүрс хөтөлбөрийн А.Гансүхийг яаж ялласан билээ, энэ л зарчимаар явж байна.

-Хууль бус тендер авсан компани нь "Ар дааган” ХХК, "Алтан тэнгэр” ХХК нь Н.Алтанхуягийн хүргэн ажилладаг мөн Н.Алтанхуягийн төрсөн эгчийнх нь хүүхэд ажилладаг учраас хууль бусаар тендэр авсан гэж яригдаад байгаа?

-Энэ бас худлаа мэдээлэл. Тендер авсан компани нь ажлаа хийгээд улсын комисст хүлээлгэж өгөөд тоглоомын талбай дээр хүүхэд тоглож байна. Тендэр авсан компани зохих ёсны ажлаа хийгээд  комисст хүлээлгэж өгсөн юман дээр хэрэг үүсгээд явж байна. Гэмт хэрэг хэлэхэд хэцүү.

-Тухайн тендерийг авахдаа Н.Алтанхуягийн нэр хүндийг ашиглаж хууль бусаар авсан гэсэн зүйл яригдаад байгаа шүү дээ?

-Тендерийг хууль бус гэдгийг ганцхан шүүх л тогтооно. Гэтэл урьдчилаад АТГ, Прокурор хоёр урьдчилаад яриад байгаа байхгүй юу. Энэ хоёр зүгээр л харддаг сэрддэг баримт цуглуулдаг газар.

-Хууль бус тендэр авсан компани гэгдэж байгаа  "Ар дааган” ХХК, "Алтан тэнгэр” ХХК Н.Алтанхуягтай хамаатай компани юм уу бүр огт хамаагүй компани юм уу?

-Н.Алтанхуягтай ямар ч хамааралгүй компани. Энэ  хэрэг 2012 оноос хойш А.Гансүхийн хэргээс хойш хөвөрсөн. Дунд нь гэм зэмгүй эмэгтэйн амьдралаар тоглолоо. Цаашид энэ хэрэг шүүх рүү явбал шүүх хурлыг нээлттэй явуулах ёстой. Сенсаацлаад байгаа хэргүүдээ бүгдийг нээлттэй явуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Гэмт хэрэг мөн үү гэдгийг олон нийт харах ёстой.

Далай ламыг урихгүй хэмээн хятадуудад амлаж, уучлалт гуйжээ

Монгол улсын Гадаад Харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Далай ламын айлчлалтайгаар холбоотойгоор Хятад Улсын Засгийн газраас уучлалт гуйсан тухай “Global Times”-ийн хуудаснаа нийтлэгдсэн байна. 

Тодруулбал, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил "Хятад улсад хандан Далай ламын айлчлалд гүнээ харамсаж буйгаа илэрхийлээд түүнийг дахин улс орондоо урихгүй тухай амлалт өгсөн байна. Мөн Далай ламын айлчлалтай холбоотойгоор Хятадын Засгийн газраас уучлалт гуйжээ. Түүнчлэн хоёр улсын хамтын ажиллагааг сайжруулж, зөв замд нь оруулахын тулд хичээл зүтгэл гаргаж, “Нэг Хятад” бодлогыг дагаж мөрдөн, Төвдийг Хятадаас тусгаар бус гэдгийг хүлээн зөвшөөрөхөө мэдэгдсэн байна" хэмээн бичжээ.

АСЕМ-аар ажилласан жолооч нар цалингаа бүтэн авахыг хүсэв

АСЕМ-ын дээд түвшний уулзалтын үеэр ажилласан жолооч нар өнөөдөр цалингаа авахыг шаардан өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Тодруулбал жолооч Б.Очирпүрэв нарын 50 хүн 53 хоног ажиллаж 1.590.000 төгрөгийн цалин авах ёстой байтал 500 мянган төгрөг олгосон байна.

Хурлын үеэр жолооч  Б.Очирпүрэв "Бид цалингаа бүтнээр нь авмаар байна. Бидний цалинг дутуу өгсөн учраас шүүхэд хандана. Гэрээ ёсоор 48 хоног, дээрээс нь тээврийн хэрэгслээ хүлээлгэж өгөх хүртэл нийтдээ 53 хоног ажилласан. Гэтэл бидний ажилласан хоногийг 35 гэж тооцож 1.050.000 төгрөг гэж бодоод шимтгэл төлөгдөөд үндсэндээ 875 мянган төгрөг олгохоор болж байна" гэв. 

Ш.Раднаасэд: Эрдэнэтийн асуудал оноос өмнө шийдэгдэнэ

Хуульзүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хилийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэтийн 49 хувийн асуудал юм болсон бэ. Оноос өмнө Их хурлаар хэлэлцэж шийдвэр гаргах уу” гэж асуулаа.

Түүний асуултад УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд "Ажил явж байна. 7 хоногт хоёр удаа хуралдаж байна. Зарим зүйл нь бүрэн биш учир удаашралтай байна. Ямар ч байсан оноос өмнө ГОК-ийн асуудал нэг талдаа гарна. Шалгалтын ажлын хэсэг дүгнэлтээ бичиж байна. “Эрдэнэт”-ийн асуудал оноос өмнө шийдэгдэнэ гэлээ. 

Бүлэглэн дээрэм хийж байсан этгээдүүдийг илрүүлжээ

Энэ сарын 18-ны шөнийн 03:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Т-г бүлэглэн, хүч хэрэглэж бэлэн мөнгө, гар утсыг нь дээрэмдсэн хэрэг гарсан байна.

Хэргийг цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж эхэлжээ. Одоогоор уг хэрэгт мөрдөн байцаалтын үйл ажиллагаа явуулж байгаа юм байна.

Дэлхий дахинд: Андрей Карловын шарилыг эх оронд нь авчирлаа

Анкара хотод Туркийн цагдаагийн гарт амиа алдсан Оросын Элчин сайдын цогцсыг эх оронд нь авчирлаа. Даваа гарагийн орой уран зургийн галерейд болсон гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын үеэр үг хэлж байх үед нь Элчин сайд Андрей Карловыг Мевлют Мерт Алтинтас гэгч 22 настай цагдаа есөн удаа буудан хөнөөсөн юм. Сирийн Алеппо хотод цэргийн ажиллагаа явуулахад Оросын арми оролцсоныг эсэргүүцэн  гэмт этгээд энэ халдлагыг үйлдсэн бололтой.

Мягмар гарагийн үдээс хойш Оросоос илгээсэн нисэх онгоцоор Москвад хүргэсэн Карловын шарилыг Туркийн зургаан хүндэт харуул хүндэтгэлтэйгээр хүлээлгэн өгсөн байна. Карловын цогцсыг Москва руу илгээхийн өмнө болсон ёслолд Туркийн нөлөө бүхий дипломатчид, шадар сайд Тугрул Тюркеш нар оролцжээ. Амь үрэгдсэн Элчин сайдын хөрөг зургийг Туркийн нэгэн цэрэг барьж, бэлэвсэн эхнэр Марина нь уйлан зогсч байх үед шарилын өмнө Үнэн алдартны шашны лам арц хүж уугиулан, залбирал үйлдэж байв. Лалын шашинт Туркэд өөр шашны лам ийм ёслол үйлдсэн нь тун ховор тохиолдол юм.

2013 онд Анкарад суух Элчин сайдаар томилогдож байсан Карлов руу гэмт этгээд буудах үед Элчин сайдын эхнэр, хатагтай Карлова үзэсгэлэнгийн танхимд хамт байжээ. Гэмт этгээд Алтинтасыг Туркийн цагдаа нар хэргийн газарт буудан устгасан юм. Алтинтас ямар нэгэн бүлэглэлтэй холбоотой эсэх нь тодорхойгүй хэвээр байна. А.Карловын аллагын ард хэн байгааг олж тогтоохын тулд хамтран ажиллахаа тус хоёр улс мэдэгдсэн юм. Энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд туслахаар Оросын мөрдөн шинжээчид өчигдөр Туркэд очжээ. Туркийн шадар сайд Т.Тюркеш өчигдөр болсон ёслолын үеэр А.Карловыг “Турк-Оросын найрамдлын мөнхийн бэлгэ тэмдэг” гэж үнэлсэн байна.

Бан Ги Мүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг ирэх онд болох Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй гэнэ.

Учир нь тэрбээр энэ оны эцсээр НҮБ-ын тэргүүний албан тушаалаа өгсөн нь ийм шийдвэрт хүргэсэн байж болзошгүй гэдгийг олон улсын улс төр судлаач, шинжээчид үзэж байгаа юм байна.  Тэрбээр  2007 оноос хойш НҮБ-ыг удирдсан аж. 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Mongoloo
Ene elbegdorj hyatad hun mun yum bna. Mongol uls Hyatad Oros 2 toi tsug uulzaj gadaad bodlogo yavuulah no tuilin ayultai. Tuuh notolsoor irsen dee
2016/12/22 202.9.43.199
  • Recent
  • Most Read
  • Most Comment