8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: С.Зориг агсны хэргийн сэжигтнүүдийг яллаж, Ерөнхийлөгч давхар иргэншлийн талаар байр сууриа илэрхийлсэн өдөр

2016-12-27 18:54:00

Эрхэм уншигч танд энэ өдрийн мэнд хүргэе. Нэг л мэдэхэд хүн төрөлхтөн хуучин оноо үдэж, хамтдаа шинэ оноо угтах мөч хаяанд иржээ. Хуучин оноо үдэж шинэ оноо угтахад 4 хоног үлдлээ. Яг энэ мөчид хүн бүр энэ жилийнхээ алдаа, оноог дэнсэлж, дүгнэлт хийж суугаа болов уу. Өнөөдөр нийгэм улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

Chuhal.mn Монгол Улсад болсон ОНЦЛОХ 15 ҮЙЛ ЯВДЛЫГ НЭРЛЭЖ байна

2016 он улиран одож, 2017 айлчлан ирлээ. Чухал.мн мэдээллийн сайт энэ цаг мөчид 2016 онд болж өнгөрсөн чухал үйл явдлуудыг эргэн сануулж байна. 2016 он бол монголчуудын хувьд АСЕМ-тай, олимптой, Эрдэнэт үйлдвэрийн талцалтай, шинэ УИХ бүрэлдсэн, Далай ламтай, нэгдэж чадсан түүхэнд тэмдэглэхээр он жил байлаа. Энэ онд улс төрийн амьдрал, спортын  салбарынхан  нэлээд дуулиан шуугиан дагууллаа. Ингээд 2016 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ-тай танилцана уу.

Монголчууд АН, МАН-д үнэлэлт дүгнэлт өгч сонголтоо хийв 

Өнгөрч буй 2016 он онцлох үйл явдлаар дүүрэн байлаа. АСЕМ-тай, Олимптой, наадамтай, С.Зоригийн хэргийн шүүх хуралтай онцлох үйл явдлаар дүүрэн 2016 оныг үдэж байна. Энэ жилийн хувьд дөрвөн жилд нэг тохиодог 2016 оны УИХ-ын сонгууль боллоо. Сонгууль өнгөрсөн зургадугаар сард болж МАН-ынхан  65 суудал үнэмлэхүй ялалт байгуулсан. Нийт 65 тойрогт буюу үнэмлэхүй ялалт байгуулсан  МАН-ын дарга М.Энхболд сонгуулийн дүн гарсан тэр даруй “Энэ их итгэл найдварын ард талд асар өндөр хариуцлага байгаа гэдгийг бид ойлгож байна” гэж мэдэгдсэн бол есөн суудал авсан АН-ын дарга З.Энхболд “Сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч байна. Монголын ард түмнийг сонголтыг хүндэтгэж байна” гэснээр Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгууль өндөрлөсөн юм. Бүх шатанд ялалт байгуулсан МАН-д хүндхэн үед улс орныг удирдах амаргүй үүрэг оногдлоо. 

"Аварга шиг барилд. Монгол шиг тэмц" 

Хүн төрөлхтөний эв найрамдлын билэг тэмдэг болсон зуны олимпийн 31 дэх удаагийн “Рио-2016” наадам Бразилийн  Рио-Де-Жанейро хотноо  болсон нь энэ зуны хамгийн онцлох үйл явдлын нэг байсан юм.  Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д хүч үзэж буй манай бөх Д.Сумьяа  татамид гарч зодоглож олимпийн наадмын мөнгөн медаль хүртэж, Монголын баг тамирчдын медалийн салхийг бахдам амжилтаар хагалж Монгол түмнээ баярлууллаа. Мөн 60 кг-д Д.Отгондалай тулалдаж хүрэл медалийн эзэн болсон юм. Харин дэлхийд чансаагаараа дээгүүр эрэмбэлэгдэж олимпийн наадмаас медаль хүртэх тамирчнаар нэрлэгдэж байсан Монгол Улсын Гавьяат тамирчин Г.Мандахнаран хүрэл медалиас атгаад алдсан юм. Учир нь барилдааны явцад өрсөлдөгч нь ухаангүй дайрч манай бөх хамгаалсаар барилдааны хугацаа дууссан. Гэтэл шүүгчид манай бөхийг зугтаасан гэж 1 оноогоор торгож, дасгалжуулагчид челленж шидэхэд бичлэгийг үзээд, Узбекийн бөхөд 1 оноо нэмж өгснөөр манай бөхийг 7:8 оноогоор ялагдуулж, хүрэл медалийн үзүүрээс атгаад алдав. Уг шүүлтийг  эсэргүйцэж дасгалжуулагчид дэмжээн дээр нүцгэлж бухимдлаа илэрхийлсэн юм.Монгол дасгалжуулагчдын тэмцэл энэ оны спортын ертөцийн хамгийн дуулиантай үйл явдлын нэг байлаа.   Үүний дараа АНУ-ын Нью-Йорк хотын "Wrestleology" компани нэгэн шинэ брэнд гаргасан бөгөөд "Аварга шиг барилд. Монгол шиг тэмц" футболк худалдаанд гарсан нь бас л онцлох үйл явдлуудын нэг байв. Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү. 

Шуурхай: Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноолоо

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн  шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа. Шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж ийнхүү шийдвэрээ гаргасан талаар шуурхай мэдээлэл ирлээ. Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноолоо. Т. Чимгээ  эмэгтэйчүүдийн чанга дэглэмтэй хорих ангид ял эдлэх бол Б. Содномдаржаа болон Ц.Амгаланбаатар нар эрэгтэйчүүдийн чанга дэглэмтэй хорих ангид ял эдлэхээр болсон байна. Сэжигтэнүүд талийгаачийг  шунахайн сэдлээр, захиалгаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж амь насыг нь онц хэрцгий аргаар хөнөөсөн хэмээн шүүх үзсэн байна. Мөн үүнээс гадна шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Б.Содномдаржааг санаатайгаар бусдын амь насыг захиалгаар онц хэрцгийгээр хөнөөсөн, насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэгт уруу татсан, өөр гэмт хэргээ нуун далдлах зорилгоор хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэмээн үзсэн байна. Тэгвэл энэ хэргийн захиалагч нь хэн бэ гэсэн асуулт 18 жилийн дараа ч хэвээрээ үлдлээ. Шүүгдэгч Т.Чимгээгийн өмгөөлөгч давж заалдана хэмээн мэдэгдсэн байна. 

Ц.Нямдорж: Дээд шүүх захиалгын байгууллага болж хувирлаа

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулах тухай хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Сүүлийн үед дээд шүүх захиалгын байгууллага болж хувирлаа. Долдугаар сарын  1-нд хүмүүсийн хэн буудсаныг тогтоогоогүй байж цагдаагийн дарга нарыг хүчээр зүйлчилж байгаад яллаж шийтгэсэн.

Нүдэн дээр ийм хэлмэгдүүлэлт хийсэн. Одоо С.Зоригийн амь насанд халдсан хэргийг таслан шийдвэрлэх тогтоолыг хаалттай хийж байгаад унших гэж байх шиг байна. Энэ хүмүүс амины хэрэг үйлдсэн нь тогтоогдсон юм бол шүүх хурлаа нээлттэй хийгээд олон түмэнд гэмтнийг үзүүлээд, нотлох баримтаа гаргаж ирээд, шийдвэрлэчихэж болдоггүй юм уу? Өмгөөлөгч нарын шүүх хурлыг нээлттэй хийх хүсэлтийг хүлээж авалгүй хаалттай шийтгээд хаядаг. Ийм юм хэрхэвч байж болохгүй шүү. Хууль зүйд “Нэг гэмгүй хүнийг шийтгэснээс 10 гэмтэй хүнийг сулласан дээр” гэдэг нэг том зарчим байдаг. Гэмгүй хүнийг шийтгэхээр эцэг эх, үр хүүхэд, хань ижлийг нь давхар шийтгэдэг. Энэ дуулиан шуугиантай хэргийг яагаад ингэж олны нүднээс далд шийдээд байгаа юм бэ? Бүр гайхшрал түрүүлээд байгаа нь Булган гэх эмэгтэйг бүтэн жил хорьсон. Гэтэл тэр одоо гэрч ч, хохирогч, сэжигтэн, холбогдогч ч биш болсон. Ингэж болдог юмуу. Тэр хүнийг жил хорих эрхийг шүүгч л өгсөн байгаа. 1937 онд хэрэг ингэж тасалдаг байсан байх шүү. Арай дэндэж байна. Ц.Зориг гэдэг хүний үед л ийм юм хийгддэг боллоо...” хэмээн хатуухан шүүмжлэв.

Л.Жавзмаа: Ц. Амгаланбаатараас болж улс төрийн хэргийг энгийн номхон иргэнд тохож байна

С.Зоригийн хэргийн шүүх хурал 5 өдөр үргэлжилж, дөнгөж сая 12.05 минутад шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан. Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон талаар мэдээлэл хүргэсэн билээ. Бид шүүгдэгч Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаагаас шүүхийн шийдвэрийн талаар тодрууллаа. Тэрбээр хэлэхдээ “Шүүх шударга байж чадсангүй. Миний хүү энэ хэрэгт буруугүй. С.Зоригийг алаагүй байхад яагаад ингэж хандаж байгаа юм бэ /уйлав/. Би хөлөө хүрэх газраа явж үнэн мөнийг олно. Ц. Амгаланбаатараас болж улс төрийн хэргийг энгийн номхон иргэнд тохож байна. Хэрэг хийгээгүй хүүгээ 25 жилийн ял авч байгааг хараад зогсох хэцүү байна. Ард түмэн минь надад туслаач ээ, намайг яаж тамлах гэсэн юм бэ. Би эцсээ хүртэл тэмцэнэ” хэмээн хэллээ.   

Ялтан Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн "Шүүхийн шийдвэрт маш гомдолтой байна. Энэ хэргийг захиалгаар үйлдсэн гэж шүүсэн. Захиалагч нь хэн юм бэ, хэргийн гол гэрч Б.Булган яагаад ирэхгүй байгаа юм бэ. Ар гэрийнхний зүгээс маш гомдолтой байна. Давж заалдах шатны шүүхэд хандана" гэв. 

 Ц.Элбэгдорж: Алт амласан ч харь орны иргэнд давхардуулж Монгол Улсын иргэншил бүү олго

Сүүлийн өдрүүдэд давхар иргэншлийн асуудал олны анхаарлыг маш их татаж байгаа. Энэ асуудалд  Гадаад Харилцааны Сайд Ц.Мөнх-Оргил энэ асуудлаар тайлбар хийгээд байгаа билээ. Тэрбээр хэлэхдээ  “Давхар харъяаллын асуудлаар Засгийн газар судалгаа хийж байна. Бид энэ асуудлыг судлах шаардлага гарсан. Өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр гадаадад амьдарч буй 130 гаруй мянган монгол иргэний төлөөлөл болсон 400 гаруй ТББ Монгол улсад чуулга уулзалтаа хийсэн. Тус ТББ-аас Засгийн газарт хоёр асуудлыг дэвшүүлсэн. Нэгдүгээрт зарим тохиолдолд монголчуудыгаа буцаагаад харъяалалд нь аваачээ гэдэг хүсэлтийг тавьсан. Үүнийг бид судалж үзэж байгаа юм” гэсэн хариултыг өгсөн.

Тэгвэл Ерөнхийлөгч өнөөдөр өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан давхар иргэншлийн талаарх байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр "Давхар бас хоёрдмол иргэншил гэх яриа үе үе гардаг л юм. Би Монгол Улсын Засаг, Төрийг төлөөлж байх бүх хугацаандаа энэ яриаг няцааж, "болохгүй" гэдэг хатуу байр суурь баримталж ирсэн. Монгол Улс давхар иргэншлийг хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭН: Энэ бол зөвхөн Монгол Улсын иргэнд, түүний үр хүүхдэд заяах онцгой эрх юм. Алт амласан ч харь орны иргэнд давхардуулж Монгол Улсын иргэншил бүү олго. Энэ бол Монгол төрийн сахин хамгаалж ирсэн, цаашид ч хэлбэрэлтгүй баримтлах бодлого юм" хэмээжээ.

Орцонд нярай хүүхэд хаясан хэрэг гарчээ

Орцонд нярай хүүхэд хаясан хэрэг өчигдөр гарчээ.  Тодруулбал, нэгэн залуу ажлаа тараад харьж яваад байрныхаа орцноос өлгийтэй жаахан хүүхэд хаягдсан байхыг олсон байна.  Тэрээр өөрийн цахим хуудастаа ийнхүү бичжээ "Ажил дээрээ жаахан суугаад оройтоод гэрлүүгээ харьж явтал орцонд жаахан хүүхэд уйлах чимээ гараад гайхаад харсан чиньөлгийтэй хүүхэд хүйтэн шалан дээр уйлаад сууж байх юм. Эргэн тойрон дээд доод давхраараа гарч үзлээ хүн байдаггүй ёстой шоконд орлоо. Ямар буруутай гэж ийм жаахан нялх амьтныг ийм байдалтай орхиж байгаа юм бэ. Цагдаад дуудлага өгөөд ирэхийг нь хүлээх зуураа өлгийг нь задлаж дулаацууллаа. Хөл гар нь мөс шиг хүйтэн болчихсон намайг ирэхээс өмнө удаан л байсан бололтой. Ямартай ч цагдаа нар холбогдох газар нь хүргэж өгнө. Эргээд мэдэгдэнэ гээд аваад явлаа. Хүүгээ эмнэлэгт хэвтээд гурав хоноход санаад үнэрлэмээр санагдаад хэцүү байхад яачихсан хүн гэхээрээ төрсөн үрээ орцны шалан дээр хаяад явдаг байна...Хэтэрхий жаахан болохоор сүү энтэр хамаагүй өгч чадсангүй. Дэмий л хамрыг нь хөөдөөд явууллаа /ийм байдалд орсон хүн хүүхдийг яах ёстой байдаг юм бол мэддэг хүн байвал тус болооч/" хэмээн бичжээ.

Эрүүгийн хуулинд хүүхдээ орхиж хаясан эхэд хариуцлага тооцно гэж заасан байдаг аж. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117.1-д Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заажээ.

Одоогийн байдлаар энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна.

Ширээ андуурч суулаа гэж зодож амь насыг нь хөнөөжээ

Бааранд хүн амины ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд байрлах нэгэн бааранд М гэх залуу ширээ андуурч суужээ. Улмаар А гэгч залуу М-ыг ширээ андуурсных нь төлөө зодож амь насыг нь хохироосон байна. Амиа алдсан М нь 24 настай,  зодсон А гэгч нь 24, 25 настай залуус байжээ.

Уг хэргийг одоогоор Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж. Хэрэг өчигдөр гарсан байна.

Баяраар өрхийн эрүүл мэндийн төвүүд 10.00-16.00 цаг ажиллана

Баярын үеэр эрүүл мэндийн байгууллагууд хэрхэн ажиллах Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын тушаал гарлаа.

Уг тушаалд харьяа эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал, ерөнхий эмч нарт дараах үүргийг даалгасан байна.

Тухайлбал,

  • Шинэ жилийн амралтын өдрүүдэд байгууллага бүр хариуцлагатай жижүүр томилон ажиллуулж, тусламж үйлчилгээний талаарх мэдээллийг Нийслэлийн эрүүл мэндийн газрын 320981 дугаарын утсанд 07.00-19.00 цагт шуурхай ирүүлэх,
  • Шинэ жилийн үеэр тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлэх,
  • Арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 2-ны өдөр хүртэл Шүд эрүү нүүрний төв, Дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабинетууд, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг 10.00-16.00 цаг ажиллуулах
  • Түргэн тусламжийн төв, дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн хэсгүүдийг шаардлагатай үед хүн, хүч нэмэгдүүлэн ажиллахыг тус тус даалгасан аж.
     

Д.Цогтжаргал: Иргэд мэдээллээ баталгаажуулаагүй бол дансанд нь мөнгө орохгүй

НӨАТ-ын 20 хувийн буцаан олголтыг ирэх оны гуравдугаар сарын 31-ний дотор хийнэ гэдгийг ТЕГ-ын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал мэдээлэв.

ТЕГ-аас НӨАТ-ын буцаан олголт авах иргэдийн жагсаалтыг 15 хоногийн дотор гаргах бөгөөд ажлын ес хоногт дахин баталгаажуулах аж. Баталгаажсан мэдээллийг Сангийн яамны Төрийн сангийн газарт хүргүүлэх бөгөөд яамны зүгээс 45 хоногийн дотор буцаан олголтыг шийдвэрлэх юм. Ингэснээр ирэх оны 3 дугаар сарын 31-ны дотор буцаан олголтыг бүрэн хийх боломжтой гэлээ.

Тэрбээр, Он гарсаар 618 мянга 862 иргэн www.ebarimt.mn цахим хуудсанд хэрэглэгчээр бүртгүүлж, нийт 30.2 тэрбум төгрөгийн буцаан олголт авах эрхтэй болсон. Үүнээс 476 мянга 592 иргэн овог нэр, утас болон дансны дугаар зэрэг мэдээллээ бүрэн оруулсан байна. Үлдсэн иргэдийг энэ ондоо багтан цахим хуудсан дахь хувийн мэдээллээ бүрэн оруулахыг уриалж байна. Одоогоор 130 мянга гаруй иргэнд гар утсаар нь дамжуулан ирэх сарын 07-ны дотор хувийн мэдээллээ бүрэн оруулахыг анхааруулсан мессеж илгээсэн. Энэ хугацаанд иргэд мэдээллээ баталгаажуулаагүй бол дансанд нь мөнгө орох боломжгүй” гэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл