Ойрын өдрүүдийн халуун сэдэв болох С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн шүүх хурлын шийдвэрийн талаар амтай бүхэн ярьж байна. 18 жилийн туршид олны анхаарлын төвд байж ирсэн тус хэргийг үйлдэгч этгээдүүдийг оллоо гэж үзэж байтал энэ нь хэн нэгнийг зөвхөн тус хэрэгт холбогдуулан хэлмэгдүүлж буй үйл явц болж хувирлаа. Олны анхаарлыг татаад буй уг хэргийг талаар С.Зориг агсны дүү С.Оюун, ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг, хуульч О.Алтангэрэл, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хатуухан байр, сууриа илэрхийлжээ. Тэдний юу гэж хэлснийг CHUHAL.MN хүргэж байна.
- Хохирогч бид шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэдэгт эргэлзэж байна. Хэргийг төрийн маш нууцын зэрэглэлд хамааруулж, шүүх ажиллагааг ч хаалттай явууллаа. Хэрэгт холбогдох гүйцэтгэх ажлын болон төрийн нууцын зэрэглэлд хамаарахаас бусад мэдээллийг Эрүүгийн ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ердийн хэм хэмжээнд мөрдөх тухай хүсэлтийг хохирогч бидний зүгээс Нийслэлийн хяналтын прокурорт хандан гаргаж мөн шүүх хуралдааныг ч нээлттэй явуулахыг хүссэн боловч прокурор, шүүхийн аль аль нь хүлээж аваагүй юм. Шүүх хуралдаанд хохирогч бидний өмгөөлөгч оролцож хоёр байр суурийг маань хууль зүйн үндэслэлтэйгээр тайлбарласан. С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэмт хэргийн захиалагч, зохион байгуулагч, гүйцэтгэгч нарт холбогдох хэрэг энэ шүүх хуралдаанаар дуусгавар болоогүй, эцэслэн шийдээгүй гэж үзэж байна.
-Монгол Улсын иргэн С.Зоригийг гэрт нь санаатайгаар алснаас хойш 18 жилийн дараа уг хэргийг үйлдсэн гэх 3 этгээдэд шүүхээс хүнд ял ноогдуулав. Шүүх хурлын эргэн тойронд янз бүрийн үйл явдал өрнөж, хүн бүр өөрсдийнхөө таамгийг дэвшүүлцгээж байна. Миний хувьд олон нийттэй яг адилхан мэдээлэлтэй буй авч хуульч, өмгөөлөгч хүнийхээ хувьд анализ хийх гэж оролдсоноо доор товч сийрүүлэе.
1. Энэхүү хэргийг мөрдөн шалгах тагнуул, цагдаагийн хамтарсан ажлын хэсгийн үйл ажиллагаа тасралтгүй 18 жил үргэлжилсэн. Үеийн үед тухайн байгууллагуудын ур чадвар бүхий албан хаагчид багтаж байсан энэ ажлын хэсгийн хайгуул зөвхөн монголд төдийгүй тив алгасан хийгдэж байв. Энэ ажлын хэсгийнхий шийдвэрээр европт тусгай ажиллагаа явуулж, өндөр хүчин чадалтай орны лабораториудад шинжилгээ хийлгэж байв. АНУ-д хүн барилаа гэсэн мэдээлэл ч гарч байв. Энэ хугацаанд явуулсан үйл ажиллагаа бараг бүхэлдээ нууцаар явагдсан байх үндэслэлтэй. Прокурор хянаж, шүүхэд шилжүүлсэн материал буюу хавтаст хэргүүд энэхүү ажлын хэсгийн "бүтээл". Аливаа улс орны хуулийн байгууллагын гүйцэтгэх ажил, энгийнээр бол тагнуулын үйл ажиллагаа маш нууц байдаг. Мөн төрөл бүрийн нууц ажиллагаанд оролцогч, хэрэгжүүлэгч тусгай ажилтны нэр нууц байх учиртай. Тэгэхлээр шүүх хурлын явцад нотлох баримтыг шинжлэн судлах явцад олон төрлийн нууц задрахаас сэргийлэн шүүх хуралдааныг хаалттай явуулахаас өөр аргагүй байсан болов уу.
2. Хэргийн гол гэрч гэгдэх Булганыг яагаад шүүх хуралдаанд оролцуулсангүй гэхээс илүү яагаад хохирогчоор татаагүй вэ гэдэг гайхал төрүүлж буй юм. Гэнэт хоригдож, хүнд нөхцөлд жил байснаа мөн гэнэт суллагдаж төрийн ордон дотор алхаж явсан эмэгтэй үнэн хэрэгтээ хэн бэ? Булганаар үнэнийг нь хэлүүлэх гэж хорилоо гэж мэдээлж байсан ч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ нь үнэнийг хэлүүлэх зорилготой авагддаггүй. Тэгэхлээр Булганыг хорисон үндэслэл нь уг гэмт хэрэгт хамтран оролцсон явдал байсан болов уу. Хэрэгт гэрчийн этгээд олон байж таарна. Тэд шууд болон дам байдлаар мэдсэн зүйлийнхээ талаар мэдүүлж байгаа. Тэдний нэг болж Булганы өгсөн мэдүүлгүүд ч хавтаст хэрэгт олноороо байгаа нь гарцаагүй. Эр нөхрөө алдчихсан мөртлөө хохирогчоор тогтоогдоогүй нь Булганы статус өөрчлөгдсөн байгааг илэрхийлж байна.
3. Захиалагчийн асуудал дуулиан тарилаа. Захиалагч болон гүйцэтгэгч хамтдаа шийтгэгдэх ёстой байсан ч зөвхөн гүйцэтгэгч нар ял авсан нь
- захиалагч нас барсан
- оргон зайлсан
- одоо ч захиалагчийг шалгаж байгаа гэсэн таамгуудад хүргэнэ.
Хэрвээ захиалагч нас барсан бол УИХ-ын гишүүн О.Содбилэгийн мэдээлсэнчлэн түүний талийгч эцэг Ш.Отгонбилэгтэй холбогдсон байх магадлалтай. Хэрэгтнүүдийн амьдрал ахуй, ар гэрийнхний ярилцлагуудад ч энэ талаар дурьдагдсан. Оргон зайлсан байх магадлал тун муу. Эдүгээгийн дэлхий ертөнцөд гэмт хэрэг, нэн ялангуяа ийм дуулиант хэрэг үйлдчихээд зугтана гэхэд бэрх болсон. Одоо ч захиалагчийг шалгаж байх магадлалтай. Хэрэгтнүүд хэргээ хүлээхгүй байх боловч бусад нотлох баримтуудаар захиалагчийн талаарх сэжиг таамгууд үүсч, зарим талаараа нотлогдож байвч гүйцэтгэгчдийг шийтгэсний дараа илүү тодруулах шаардлагатай нөхцөл байдал үүссэн байж болох юм.
4. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй үгүйлэгдсэн хоногууд байлаа. Шүүгдэгчдийн талаар ар гэрийнхнийх нь ярилцлагаас өөр эх сурвалжтай мэдээ бараг байсангүй. Шүүгдэгчдийн хувийн байдлыг тодруулах, үгүй ядаж өмгөөлөгчтэй нь ярилцсан сурвалжлага би л лав харсангүй. 18 жилийн өмнөх ам зургийг шүүгдэгчдийн тухайн үеийн зурагтай харьцуулаад тавьчих санаачлагатан ч гарсангүй.
5. Өмгөөлөгчдийн талаар мэдээлэл бүрхэг байв. Ажлын туршлага, энэхүү хэрэгт томилогдсон уу, эсхүл ар гэрийнхэнтэй нь тохиролцож оролцсон уу гэх мэт. Өмгөөлөгч олон нийтэд хандаж мэдээлэл хийх үүрэггүй, танилцсан нууцаа хадгалах үүрэгтэй ч ядаж л өмгөөллийн ямар тактик барьсан, цагаатгуулах хүсэлт гаргас нуу эсхүл ял хөнгөрүүлэх талаар ажилласан уу гэдгээ хэлэхэд л олон зүйл тодорхой болох байв.
6. Нотлох баримтыг цуглуулах арга ажиллагаа, оролцсон этгээдүүд нууц байж болох ч нотлох баримт өөрөө нууц байх ёсгүй. Тухайлбал ямар нотолгоонууд дээр үндэслэж шүүх шийдвэрээ гаргасан талаар заримаас нь ч болов олон нийтэд мэдээлэл хэрэгтэй байна. Шүүх юм чинь зөв л шийдсэн байж таараа гэж бодох хүн тун цөөхөн байна. Мөн татгалзсан хуучин хандлагаа баримтлан цагдан хорих 461-р ангид шүүх хуралдааныг хийсэн нь хүний эрх талаасаа ч ухралт болов.
7. Хэргийг шалгах ажиллагаа дуусаагүй байх шиг. Болсон үйл явдлуудыг бүхэлд нь харвал тэгэж ажиглагдаж байна. Гүйцэтгэгчид хэмээн дээрх иргэдийг шийтгэсэн нь ирээдүйд болох томоохон үйл явдлын эхлэл байж мэдэх. Мөсөн уулын оройг л хараад шуугилдаад байна уу даа бид...
-Сүүлийн үед дээд шүүх захиалгын байгууллага болж хувирлаа. Долдугаар сарын 1-нд хүмүүсийн хэн буудсаныг тогтоогоогүй байж цагдаагийн дарга нарыг хүчээр зүйлчилж байгаад яллаж шийтгэсэн. Нүдэн дээр ийм хэлмэгдүүлэлт хийсэн. Одоо С.Зоригийн амь насанд халдсан хэргийг таслан шийдвэрлэх тогтоолыг хаалттай хийж байгаад унших гэж байх шиг байна. Энэ хүмүүс амины хэрэг үйлдсэн нь тогтоогдсон юм бол шүүх хурлаа нээлттэй хийгээд олон түмэнд гэмтнийг үзүүлээд, нотлох баримтаа гаргаж ирээд, шийдвэрлэчихэж болдоггүй юм уу? Өмгөөлөгч нарын шүүх хурлыг нээлттэй хийх хүсэлтийг хүлээж авалгүй хаалттай шийтгээд хаядаг. Ийм юм хэрхэвч байж болохгүй шүү. Хууль зүйд “Нэг гэмгүй хүнийг шийтгэснээс 10 гэмтэй хүнийг сулласан дээр” гэдэг нэг том зарчим байдаг. Гэмгүй хүнийг шийтгэхээр эцэг эх, үр хүүхэд, хань ижлийг нь давхар шийтгэдэг. Энэ дуулиан шуугиантай хэргийг яагаад ингэж олны нүднээс далд шийдээд байгаа юм бэ? Бүр гайхшрал түрүүлээд байгаа нь Булган гэх эмэгтэйг бүтэн жил хорьсон. Гэтэл тэр одоо гэрч ч, хохирогч, сэжигтэн, холбогдогч ч биш болсон. Ингэж болдог юмуу. Тэр хүнийг жил хорих эрхийг шүүгч л өгсөн байгаа. 1937 онд хэрэг ингэж тасалдаг байсан байх шүү. Арай дэндэж байна. Ц.Зориг гэдэг хүний үед л ийм юм хийгддэг боллоо.
С. Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг шүүн шийдвэрлэсэн гэхийн тухайд
1. Манай хүчний байгууллага ийм тод ул мөртэй, гэрчтэй хэргийг энгийн ажил үйл гүйцэтгэж байсан иргэд үйлджээ гэдгийг 18 жил мөрдөөд илрүүллээ гэхэд итгэхэд бэрх байна. Мэргэжлийн айхтар алуурчид биш бол дор нь бариад авдаг биш бил үү.
2. Шүүхийн шийдвэрт, захиалагч гэж хэн нэгэн этгээд байсан гэдгийг тодруулж. Ийм бол тэр захиалагчийг хүчнийхэн мэдсэн байна. Тэр нь хэн бэ? Энэ захиалагчийг олон нийтэд зарлаагүй цагт шүүхийн шийдвэр үргэлж хардлага дагуулах болно.
3.Хэргийг шүүн хэлэлцэх явцад зарим онцгой гэрчийг оролцуулаагүй гэж яллуулсан иргэдийн төлөөлөл-ээж нь гомдол мэдүүлж байна.
4. Хэрэг үйлдэгдсэн үйл явцыг олон нийтэд дэлгэрэнгүй танилцуулаагүй цагт хэргийг яаж ч шийдвэрлэсэн үргэлж хардлага дагуулах болно. Хэрэг тулган хүлээлгэлээ гэж үзнэ. Энэ тохиолдолд ХҮНИЙ ЭРХ, АМЬД ЯВАХ ЭРХ, ТӨРӨӨР ХАМГААЛУУЛАХ ЭРХ байхгүй болсныг харуулна.
5. Эцэст нь, ийм байдлаар хэрэг шийдвэрлэлээ гэж үзвээс МОНГОЛ ТӨР-ийн төлөө цаашид үнэн зөв, шударга зүтгэх улс төрч хэр олон олдох бол?
Т.Энхэлээ