8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нар гэр бүлийн 4 хүнийг галдан шатаасан дуулиан дэгдээж, Найман хувийн зээл хэвийн олгогдсон өдөр

2017-01-03 18:40:00

Амьдрал бол далай, харин бид түүн дээр хөвж байгаа хөлөг онгоц. Хэн хөлгөө зөв чигт зална тэр хүн амьдрал хэмээх далай ямар цэнгэг болохыг мэдэрнэ. Заримдаа амьдралын далайд хар шуурга  шуурч та бид алдаа, онооны ирмэгт дэнчигнэнэ, харин хааяа нар ээж алгуурхан бүүвэйлэх мэт тайван, дөлгөөн өдөр ч тохионо. Амьдрал бол ёроолдоо шүүрдэж барахгүй эрдэнэстэй, сэлж барахгүй хязгаар юм. Түүнээс хэр их зүйл шүүрдэж өөрийнхөө хөлөг онгоцыг дүүргэнэ тэр хүн аялалаа цааш амжилттай үргэлжлүүлнэ. Амьдрал хэмээх далайд аялаж буй эрхэм уншигч танд энэ өдрийн мэндийг хүргэе. Шинэ шинэлэг бүхнээр дүүрэн ажлын өдрийн “Монголын нэг өдөр” тоймоо хүргэж байна. Үйл явдлаар өрнүүн байсан энэ өдөр дараах сэдвүүдийг онцоллоо.

Ц.Энхсайхан: Тарифт тоолуур худалдаж авснаар цахилгааны хөнгөлөлтөд хамрагдана

Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифыг энэ сарын 1-нээс тэглэж байгаатай холбогдуулан Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨК-ийн Борлуулалтын бодлогын хэлтсийн дарга Ц.Энхсайханаас дараах асуултад хариулт авлаа.

-Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хэчнээн айлд хамрагдахаар байна вэ?  

-Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хүйтний улиралд гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнэ тарифын хөнгөлөлт үзүүлэхээр Засгийн газар энэхүү журмыг баталсан. Манай Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨК гэр хорооллын 146 мянган хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулан ажилладаг. Үүний 120 гаруй мянган хэрэглэгч нь тарифт тоолууртай. Тарифт тоолууртай гэр хорооллын 120 гаруй мянган айл, өрх оройн 21 цагаас өглөөний 06 цаг хүртэлх хугацаанд зарцуулсан цахилгаанд хөнгөлөлт эдэлж, хамрагдах боломжтой. Үлдсэн 26 мянган хэрэгч тарифт тоолуургүй. 

 

Тарифт тоолуурын зах зээлийн ханш нь 80 орчим мянган төгрөгийн үнэтэй байдаг. 

-Тарифт тоолуургүй айлууд хэрхэн яаж цахилгааны хөнгөлөлтөд хамрагдах вэ?

-Манай компани гэрээт хэрэглэгчийн 20 гаруй мянган айл өрх тарифт тоолуургүй. Тэгэхээр энэ хэрэглэгчид Стандарт хэмжилзүйн газраас баталсан, загварын туршилтад орсон, баталгаатай хоёр тарифтай электрон тоолуурыг заавал худалдаж авна. Ингэж байж цахилгааны хөнгөлөлтөд хамрагдах боломж бүрдэнэ.

-Тарифт тоолуур гадуур хэдэн төгрөгөөр худалдаалагдаж байгаа вэ?

-Барилгын худалдааны дэлгүүр, төвүүдэд тарифт тоолуур борлуулагдаж байна. Тарифт тоолуурын зах зээлийн ханш нь 80 орчим мянган төгрөгийн үнэтэй байдаг. Тухайн компаниас шалтгаалан тарифт тоолуурын үнэ, ханш өөр өөр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.  Сонгуулийн тухай нэгдсэн хуулиас Ерөнхийлөгчийн хуулийг салгаж дахин боловсруулсан нь энэ юм. Энэ үеэр хуралдаанд оролцсон гишүүд өмнөх Ерөнхийлөгчийн хуулийн сайн талуудыг хадгалж авч үлдсэн эсэх, бие даасан хууль боловсруулах шаардлага байсан эсэх зэрэг асуудлыг тодруулж байв. Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ц.Содномцэрэн “Хуулийн төсөлтэй холбоотой саналаа УИХ болон Засгийн газарт хүргүүлсэн. УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг нэгдсэн хуулиар явуулсан. Энэ нь зарим талаар учир дутагдалтай байсан. Нэгдсэн хуулиар өөр өөр сонгуулийг явуулах нь хуулиа буруу ойлгож, төөрч будилах явдал гарч байсан. Иймээс Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг дангаар хэрэглэх нь зүйтэй байна. Өмнөх хуулиудын үндсэн зарчим алдагдаагүй. Сайжруулах, нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай асуудлууд тусгагдаад явж байгаа” гэсэн тайлбарыг өгч байлаа.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Өмнөх парламентын үед Сонгуулийн нэгдсэн хуулийг батлах явцад нэлээд сайн ажиллаж байсан. Тухайн үед миний биед санал нийлэхгүй зарим асуудалд байр сууриа илэрхийлээд явсан. Одоо ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг нэр бүхий бүхий гишүүд тусад нь боловсруулаад өргөн барьчихлаа. Өмнө нь 1993 онд энэ хуулийг батлах гэж бас л бөөн яриа болж байсан. Тэгэхээр өмнөх хуулиудыг хэр барьж боловсруулсан юм бол. Бүр орвонгоор нь өөрчилсөн зүйл байгаа юу” гэж  асуусан юм.

Мөн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Жавхлан сонгуулийн зардлын зарцуулалт, өмнөх төлөвлөлтийг аудитын байгууллагаар хянуулах заалтаа хэвээр явуулах хэрэгтэйг сануулсан юм. СЕХ-ноос өгч буй мэдээллээр бол өмнөх хуулиар сонгуулийн зардлын зарцуулалтыг аудитын байгууллага хянадаг байсан бол шинэ хуулиндаа  зардлын төлөвлөлтийг  давхар хянахаар тусгаж өгч байгаа аж. Учир нь, өнгөрсөн сонгуулийн үеэр орон нутагт сонгуулийн зардлаар өөрийн хөрөнгө худалдан авсан тохиолдол гарсан учир төлөвлөлтдөө хяналт тавихыг СЕХ-нд аудитын байгууллага  үүрэгдсэн юм байна.

Үүний дараагаар Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. 

Адуу буудаж, хулгайлдаг байсан этгээдүүдийг баривчилжээ

Төв аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид адуу хулгайлдаг гэмт бүлэглэлийг илрүүлжээ. Тодруулбал сэжигтэн этгээдүүд адууг бэлчээр дээр нь буудаж унагаад тусгай тоноглосон автомашинд ачиж явдаг байсан нь тогтоогджээ. Тэд ихэнхдээ хэргийг шөнийн цагаар үйлддэг байсан бөгөөд унаж явсан машиных нь мөрөөр мөшгиж, баривчилсан байна. Сэжигтэн этгээдүүд тухайн үед хоёр айлаас адуу хулгайлаад ачиж явсан гэнэ. Үүнээс гадна өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш сэжигтнүүд болох О, Б, Г нар Сэлэнгэ, Төв, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргээр явж нийт 12 удаагийн үйлдлээр 40 гаруй адуу, нэг үхрийг дээрх аргаар хулгайлсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна. Мөн эл хэрэгт холбогдуулан хэд хэдэн махны ченжийг шалгаж байгаа ажээ. Тиймээс цагдаагийн байгууллагаас малын мах, түүхий эдийг худалдан авахдаа гарал үүслийн бичиг болон шаардлагатай бичиг баримтыг заавал шалгаж байхыг анхаарууллаа.

Орон сууцны найман хувийн зээл хэвийн олгогдож байна

Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ыг шинэчлэн баталсан бөгөөд Монголбанк тус журмын дагуу санхүүжилтээ хэвийн олгож байгаа ажээ. Одоо мөрдөгдөж буй журмын дагуу санхүүжүүлэх орон сууцны ипотекийн зээл нь дараах гол нөхцөлтэй байна.

-Орон сууцны ипотекийн зээлийн хугацаа 360 хүртэл сар;
-Орон сууцны ипотекийн зээлийн хүү жилийн 8%,
-Зээлийн зориулалт нь орон сууц худалдан авах;
-Урьдчилгаа төлбөр 30%-аас доошгүй, зээл ба үнэлгээний харьцаа /ЗҮХ/ 70%-аас дээшгүй;
-Өр, орлогын харьцаа /ӨОХ/ өрхийн татварын өмнөх орлогын 45%-аас хэтрэхгүй;
-Худалдан авах нийтийн зориулалттай орон сууцны талбайн хэмжээ 80м2-аас ихгүй;
-Зээлийн урьдчилан төлөлт хийх боломжтой байх (гэрээнд тусгаснаар);
-Бүрэн хорогдох, тогтмол хүүтэй.
-Шинэ журам хэрэгжиж эхэлснээс хойш орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийг Монголбанк өөрийн өмчлөлд байгаа ипотекийн зээлээр батаалгаажсан бонд (ИЗББ)-ын үндсэн болон купоны төлбөрийн эргэн төлөлтийн орлогоор санхүүжүүлж буй:

2016 оны 10 дугаар сард 34.7 тэрбум төгрөгийг нийт 672 зээлдэгчдэд олгосон байна. Үүнээс “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд 24.2 тэрбум төгрөг, банкуудын өөрийн эх үүсвэрээр 10.5 тэрбум төгрөгийг тус тус олгожээ. 2016 оны 11 дүгээр сард 64.7 тэрбум төгрөгийг нийт 1072 зээлдэгчид олгосноос хөтөлбөрийн хүрээнд 50.7 тэрбум төгрөг, банкуудын өөрийн эх үүсвэрээр 14 тэрбум төгрөгийг тус тус олгожээ.\

С.Зоригийг хөнөөсөн гэх Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нар гэр бүлийн 4 хүнийг галдан шатаасан уу

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн анхан шатны шүүх хурал болж, нэр бүхий гурван хүнд шүүхээс 24-25 жилийн ял оногдуулсан билээ. Улмаар шүүх С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг гардан гүйцэтгэсэн гэх Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг хэргээ нуун далдлахын тулд гурав ба түүнээс дээш хүнийг онц харгис хэрцгий аргаар хөнөөсөн гэж ялласан явдал нь олныг анхаарлыг ихэд татсан юм.

Тодруулбал, С.Зориг агсныг хөнөөсөн этгээдүүд гурвуулаа биш дөрвүүлээ байсан бөгөөд нэг нь бие хамгаалагч залуу гэх мэдээлэл гарах боллоо. Тэрээр захиалагч талын бие хамгаалагч аж. Тиймээс хэрэг үйлдсэнийхээ дараа тэд бие хамгаалагч залууг эхнэр хоёр хүүхдийнх нь хамт галдан шатаасан байж магадгүй гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр бол энэ хэрэг 2007 оны нэгдүгээр сарын 12-нд Орхон аймагт гарсан байна.

Тухайн үед галыг санаатай тавьсан гэдэг дүгнэлт гарч байжээ. 

Дөрвөн настай хүүгийн хамт заазуурдуулсан эмэгтэй нас баржээ

Өнгөрсөн сарын 31-ний орой СХД-ийн 19-р хороонд Хятад улсын иргэн 45 настай Ө гэгч нь гэртээ архидан согтуурч өөрийн дагавар хүүхэд болох 13 настай хүүгийнхээ гарыг заазуурдан гэмтээж, хамтран амьдрагч болох 46 настай иргэн Х-г толгойн тус газар нь заазуурдаж, мөн дөрвөн настай хүүгийн аминд хүрсэн хэрэг гарсан талаар мэдээлэл хүргэсэн билээ. Үүнээс гадна гэмт этгээдийн хамтран амьдрагч болох 46 настай иргэн Х шархаа даалгүй нас барсан байна. 

Одоогоор хэргийг СХД-ийн Цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Гадаад хэргийн сайдын амлалтыг ёжлож эхэлжээ

Далай ламын манай улсад хийсэн ес дэх удаагийн айлчлал нэлээд дуулиан дагуулсан. Энэхүү дуулиан өнөөдрийг хүртэл намжаагүй байна. Саяхан Энэтхэгийн англи хэл дээр гардаг "The Citizen" өдөр тутмын анхны цахим сүлжээ  “Хятад улс Монголд боломж олгож байна” гэсэн нийтлэлд Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди Монгол улсад анх удаа айлчилсан нь магадгүй сүүлчийнх ч байж болох юм” гэж бичсэн нийтлэл гарсан байна. Энэхүү нийтлэлээс гадна зураг нь нилээд олны анхаарлыг татаж байна. Тодруулбал, Гадаад хэргийн сайд Мөнх-Оргил  энэ засгийн үед Далай лам манай улсад айлчлахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн. Тэгвэл энэхүү үйл явдлыг харуулсан Гадаад хэргийн сайдын амлалтыг тэд ёжлосон  утгатай зураг цахим ертөнцөд тарж байна. 

Цагаан сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 27-нд тохионо гэв

Өчигдөрөөс эхлэн энэ жилийн цагаан сар нэгдүгээр сарын 28-нд болно гэсэн мэдээ гарч эхэлсэн. Тодруулбал, Чөлөөт зурхайчдын холбооны ерөнхийлөгч, шар зурхайч М.Намсрай энэ талаар хэлэхдээ энэ жилийн Цагаан сар хоёрдугаар сар биш нэгдүгээр сарын 28-нд болно гэв. Мөн түүний үзэж буйгаар монголчууд 1807-2016 он хүртэл 2009 удаа шинэлсэнээс 134 нь зөв 75 нь буруу тэмдэглэж байжээ.Түвдийн зурхайгаар явбал 2016-2046 он хүртэл нийт 23 удаа буруу шинэлнэ гэж тэрбээр хэлсэн юм. Харин Монголын Бурханы шашны төв Гандантэгчэнлин хийдийн Олон нийттэй харилцах албаны ажилтан Ж.Одгарьд  цагаан сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 27-нд тохионо гэсэн байр суурь илэрхийлсэн байна. 
Бид энэ талаар зурхайч Л.Тэрбишээс тодруулахаар залгасан боловч хөдөө явж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй хэмээн  шавь нь  хэллээ. Бид зурхайч Л.Тэрбишийн шавиас энэ талаар тодруулан асуухад “Хоёрдугаар сарын 27-нд шинэлэх зүйтэй. Энэнд маргалдаад байх зүйлгүй. Илүү сартай өвөл болж байгаа учраас цагаан сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 27-нд тохиох нь зөв хэмээн хэллээ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zeel huleegch
Bankuud 8 huviin zeeliin huselt avahgui hezenes avah ni todorhoigui baihad l heviin yvagdjiin ged shaagaad baihiin
2017/01/07 202.70.46.217
зочин
ХХБ-наас мөнгөө авмаар байнаа
2017/01/04 202.170.80.25
sanaa
2016 onii 9 sard 8 huviin zeeliin hurliun shiidver ni garaad uridchilsan baidlaar 2017 onii 6 sard zeel olgono gesen uuniig 8 huviin zeel heviin olgogdoj bna gej uzehuu
2017/01/04 27.123.214.115
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 6