8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: АН-ын шинэ дарга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй болж, НӨАТ-ын баримтын 2016 оны бүртгэл дууссан өдөр

2017-01-06 18:40:00

Дуулиантай, дуулгах сонинтой, дурсах өдөртэй долоо хоног ийнхүү дуусч байна. Тас хийсэн өвлийг час хийтэл мэдрүүлсэн энэ өдөр  хүйтний эрч улам чангарахыг мэргэжилтнүүд анхаарууллаа. Тиймээс уншигч та дулаан хувцаслаарай. Хэрэв ханиад хүрч, ажлын эрч хүч чинь сулраад байвал  нимбэг буюу лимоныг шүүсийг буцалсан халуун усанд шахаж түүнийгээ бага зэрэг зөгийн балаар амтлан уувал гайхалтай сайн эм болно шүү. Ирэх амралтын өдрүүдэд цаг агаар хүйтэрч цас орох тул та гэрээс гаралгүй гэр бүлдээ цаг гаргаарай гэж зөвлөмөөр байна.
 Оюун уxаан ундаршгүй тул
Уншиж мэдэxэд цаг гарга
Ариун xишиг бурxныx тул
Хайр сэтгэлдээ цаг гарга... гэдэг шүлэг байдаг шүү дээ.

Ингээд та бүхэндээ тойм мэдээллийн "Монголын нэг өдөр" булангаараа өнөөдөр болсон үйл явдлыг товчхон хүргэе. 
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

Хэн, юу хэлэв: Ерөнхийлөгчийн сонгууль Үндсэн хууль зөрчсөн үү

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр боллоо. Өмнөх парламент Ерөнхийлөгч, УИХ болон орон нутгийн сонгуулийг нэгдсэн нэг хуулиар зохион байгуулахаар хуульчилсан. Тиймээс УИХ болон аймаг, нийслэлийн 2016 оны сонгуулийг нэг хуулиар явуулсан бөгөөд СЕХ нэгдсэн хуулиар зохион байгуулах нь учир дутагдалтай хэмээн дүгнэсэн байдаг. Иймд УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 5 гишүүн Ерөнхийлөгчийн сонгуулийг бие даасан хуулиар явуулахаар хуулийн төсөл өргөн барьсныг хэлэлцсэн юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төсөлд сурталчилгааны хугацааг 22 хоног болгоод буй.  Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг дэлгэцээр дамжуулах юм байна. Цөөн нэр дэвшигч байх учир намын нэр, нэр дэвшигчийг тод харуулна гэдгийг СЕХ-ны дарга Ч.Содномдорж онцолсон. 

Ингээд уг хуулиар УИХ-ын гишүүд хэрхэн байр, суурь илэрхийлснийг хүргэе. 

УИХ-ын гишүүн С.Жавхлан: Хоёр хөгшин азарга л уралдах юм байна 

Сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга суусан байх гэдэгт гэж “сонгуулийн санал авах өдрөөс тоолоход  6 сарын хугацаан гадаадад байнга суугаагүй байх” гэж онцолжээ. Үүнийг Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярт зориулсан байх. Надад зориулсан хууль бас байна.  Нам, эвслээс УИХ-ын сонгуульд нэр дэвшин сонгогдсон гишүүнийг УИХ-ын гишүүнтэй намыг УИХ-д суудалтай нам гэж хэлнэ гэсэн байна. Намайг Ерөнхийлөгчийн сонгуулиас хассан байна. Үүнийг би түмэн олонтойгоо хамт эсэргүүцнэ. Одоо гадаа 45 нас хүрсэн хүнийг ажилд авахаа больчихоод байгаа. Гэтэл төрийн тэргүүн 45 наснаас эхэлж дэвшүүлж байна. Хоёр хөгшин азарга л уралдах нь ээ. Төрийн тэргүүн өөрөө нам бус байдаг. Намайг сонгосон олон мянган сонгогчийн итгэлийг яах гэж байгаа юм бэ. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Гадны хэвлэлд: Энэтхэгээс ирэх нэг тэрбум ам долларын тусламж цуцлагдаж, Монгол улс хохирол амслаа

Энэтхэгийн "The Quint" мэдээлийн цахим вебсайтад Монголын талаар хэрхэн мэдээлж, бичсэнийг орчуулан хүргэж байна. Энэхүү нийтлэлд Энэтхэгээс авах нэг тэрбум ам долларын тусламжийн талаар эрх баригчдийн байр суур, нөхцөл байдлын талаар бичжээ. 

Ерөнхий сайд Нарендра Моди 2015 оны тавдугаар сард Монголд айлчилсан билээ. Энэтхэгийн Ерөнхий сайд тус улсад анх удаа айлчилсан нь энэ юм. Айлчлалын үеэр Н.Моди нэг тэрбум ам.долларын зээлийн шугам нээснээ мэдэгдэж, тус улсад үзүүлэх тусламжийг ч, харилцан худалдааг ч өргөжүүлнэ гэж амлаж байв. Шастри Рамачандран “The Citizen” сонинд бичихдээ Энэтхэг тусламжаа үзүүлээгүйн дээр Н.Модигийн амлалтууд Монголыг Хятадтай харилцахад нь ихээхэн хүндрэл учруулсан гэжээ.

Уг нь Ерөнхий сайд Н.Модигийн амласан тэрбум ам.доллар Хятад, Оросын дунд хавчуулагдсан, өмнөд хөршөөсөө бараг тэр чигтээ хамаарах болсон Монголд өөрийн гэсэн түшиг тулгууртай болоход их хэрэгтэй байлаа. Монголын төлөө Орос, Хятад өрсөлдөж байсан үед тус улс нэг хөрштэйгөө тогтоосон харилцаагаа нөгөөтэйгөө наймаалцахад ашиглан тун ч давгүй оршиж байжээ. Хэрэв Москва эсгийний хэрэгцээг нь хангаж чадахгүйд хүрвэл Бээжинд хандах зэргээр хоёр хөрштэйгөө харилцах жишээтэй. Гэвч хожим байдал өөрчлөгджээ.

 

Орос, Хятад холбоотнууд болж, Орос улс нэн ялангуяа Крымийг эргүүлэн нэгтгэсний дараа АНУ тэргүүтэй орнуудын эдийн засгийн хориг арга хэмжээнд орсныхоо дараа илүү их нөөцтэй Хятадаас нэлээд хамаарах болжээ. Ингэснээр Улаанбаатар Бээжин хамтрахаас татгалзсан тохиолдолд Кремльд хандах боломжгүй болоход хүрсэн аж.  Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

АН-ын даргад нэр дэвшигчдийн гэр бүлтэй танилц

Ардчилсан намын даргын сунгаанд оролцож буй таван нэр дэвшигчийн хэн нь хэн болох талаар бүх хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд мэдээлж буй. Харин хэзээ үргэлж олны анхаарлыг татдаг гэр бүлийнх нь талаарх мэдээллийг Чухал.мн сайт хүргэж байна. Ингээд Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн гэр бүлтэй танилцъя.

 Н.Алтанхуяг ба хэнз охин

Н.Алтанхуягийн чимэг болсон гэргийг Э.Сэлэнгэ гэдэг. Хоёр дахь амьдрал зохиосон гэж хэл аманд жаахан өртөмтгий ч Н.Алтанхуягийнх сайхан айл. Э.Сэлэнгийн хувьд нэгэн цагт Н.Алтанхуягийн нарийн бичгээр ажиллаж явсан түүхтэй. Харин түүнээс хойш нарийн бичиг нь биш гэргий нь болж өнөөдрийг хүртэл амьдралыг нь түшилцэж ирсэн юм. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг энэ жил 58 настай бөгөөд өнгөрсөн жил хэнз үрийн зулай үнэрлэж бяцхан охиноо өлгийдөн авсан юм. Найм дахь хүүхдээ хүлээн авсан Н.Алтанхуяг охиндоо Оюулаа гэх нэрийг хайрласан гэдэг. 2012 оны сонгуульд “Олуулаа” уриатайгаар ялалт байгуулсан тэрбээр энэ жил ч мөн ялагдлыг бэлэгдэж охиндоо Оюулаа нэрийг өгсөн гэх шум бий. Олон насаар дүү залуу эхнэр нь түүнд таван хүүхэд төрүүлж өгсөн юм. Анхны эхнэртэйгээ оюутны байрнаас амьдралаа эхлүүлсэн ч тэд гурван хүүхэдтэй болоод амьдралаа тусгаарласан байдаг. Н.Алтанхуяг хэдхэн жилийн өмнө том хүүтэйгээ хамтран гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж байсан. Түүний том хүүхдүүд нас биенд хүрч тусдаа амьдрал зохиосон гэдэг. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Ж.Эрдэнэбат: Гурилаар дотоодын хэрэгцээгээ хангах бүрэн боломжтой

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хүнсний аюулгүй байдлын чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлаа танилцуулж байна. Тэрбээр мэдээллийн эхэнд “Гурилаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой. “Эрүүл хүнс, эрүүл хүн” үндэсний аянг удахгүй хэрэгжүүлэх гэж байна. Хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудал нь аливаа улс орон бүрийн нэн тэргүүний анхаарлын төвийн асуудал юм. “Эрүүл Монгол хүн”-ийг бүрдүүлэхэд хүнсний аюулгүй байдлаар хангах асуудал гэж Засгийн газар үзэж байгаа. Гол нэрийн хүнсний хангамжийн төвшингээс мах, сүү сүүн бүтээгдэхүүн, гурил 100 хувиас дээш, төмс, хүнсний ногоо 85 хувьтай бэлтгэн нийлүүлж байна. Махан бүтээгдэхүүн 4.5 хувиар нэмэгджээ хэмээн эхлэн мэдээлэв. Төмс хүнсний ногоо гурилыг дотооддоосоо бүрэн хангах боломж бүрдсэн. Гол нэрийн бүтээгдэхүүний 78 хувийг дотоодоосоо хангах боломжтой ажээ. Сүүн бүтээгдэхүүний хангамж 73 хувьтай байгаа. Хүнсний эрсдэлтэй обьектуудын тоог хяналт шалгалтаар бууруулсан. Хүн амын дунд дахь хүнсний аюулгүй байдлын талаарх мэдлэгийг ахиулах хэрэгтэй. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах зорилгоор холбогдох хуулиудыг хэрэгжүүлж ажиллах, органик хүнсний үйлдвэрлэлийг дэмжихийг Засгийн газар анхаарч ажиллана” гэлээ.

НӨАТ-ын баримтын 2016 оны бүртгэл өнөөдөр дуусна

НӨАТ-ын буцаан олголт авах иргэдийн хувьд анхаарах зүйлс:

2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний 00.00 цагаас өмнө хийсэн худалдан авалтын мэдээллээ 2017 оны нэгдүгээр сарын ажлын эхний таван өдөрт багтаан холбогдох www.ebarimt.mn цахим хуудаст бүртгүүлсэн байх шаардлагатайг албаныхан сануулж байна. Тодруулбал, НӨАТ-ын баримтын 2016 оны бүртгэл өнөөдөр дуусах юм байна. 

2017 оны төсөвт дээрх буцаан олголт болон сугалааны тохирлоор нийт 80 тэрбум төгрөг олгох боломжтой байхаар төсөвлөсөн байна.

НӨАТ-ын 20 хүртэл хувийг буцаан авахад тавигдах шаардлагууд:

  • Худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ НӨАТ суутган төлөгчөөс авсан байх

  • НӨАТ суутган төлөгчөөс албан татвар ногдсон бараа, ажил үйлчилгээ худалдан авсан байх

  • НӨАТ суутган төлөгчөөс авсан төлбөрийн баримтын мэдээлэл нь баталгаажсан байх

  • Худалдан авагч нэгдсэн системд бүртгэгдсэн байх

  • Тухайн хуанлийн жилийн сүүлийн өдрийн 00:00 цагаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн хуанлийн жилийн ажлын таван өдрийн дотор бүртгүүлсэн байх. /Иргэд 2017 оны нэгдүгээр сарын 5-ны өдрөөс өмнө бүртгүүлсэн байх шаардлагатай/

 

Дэлхий нийтийн анхаарлын төвд: 

Барак Обамаг үдэх ёслол дээр хүндэт харуулын цэрэг ухаан алдаж унажээ

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн албан үүргийн хугацаа дуусахад хэдхэн хоног үлдсэн байна. Дараагийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөнө. Өнөөдөр Барак Обамаг үдэх ёслол боллоо. Тус ёслолын үеэр нэгэн хачирхалтай зүйл болсон нь хүндэт харуулын цэрэг ухаан алдаж унажээ. Цэргийг ухаан алдсан даруй эмнэлэгт хүргэсэн бөгөөд биеийн байдал нь дээрдсэн байна. Гэхдээ цэргийн ухаан алдсан шалтгааныг нууцалж байгаа талаар мэдээллэсэн байна.

Хакер Гуссифер: “Хуурамч кибер дайн” эхлүүлсэн хэргээр АНУ-ыг буруутгаж байна

ОХУ-ын хакерчид АНУ ерөнхийлөгчийн сонгуулийг хакердсан хэмээн буруутгаж байна хэмээн Гуссифер онцоллоо. Гуссиферийн жинхэнэ нэрийг Марсел Лехал Разар гэдэг. 2013 онд Хиллари Клинтоны хувийн цахим и-мейлийн серверт ажиллаж байсан. Тэрээр Америкчууд Оросуудад төдийлөн дуртай биш. Оросууд АНУ-ыг эзлэн түрэмгийлэхээр зориж байна хэмээн “Fox ньюс”-д өгсөн ярилцлагдаа хэлжээ. Тэрээр АНУ-ын ерөнхийлөгч асан Вашингтон Жорж Буш болон Колин Повелл нарын мэдээллийг авсан хэргээр  шүүхээс 2014 онд яллагчаар татжээ.

Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп “Барак Обамагийн ОХУ болон бусад улстай харьцах улс төрийн бодлого чиглэлийг даган мөрдөхгүй хэмээн удаа дараа илэрхийлжээ.  Доналд Трамп өөрийнхөө энэ үгийг манай орон томоохон дэвшил рүү хөтлөж байна хэмээн тайлбарласан байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл