8o
Улаанбаатар хот
mobile menu

У.Мөнхтамир: Бүтээл хийлгүүлье гэж ирсэн хүмүүс эхэндээ жаахан хүүхэд чадах болов уу гэсэн хандлагатай байдаг

Сэтгүүлч Д.Нэргүй
2017-01-19 09:25:00


"Бүтээл хийлгүүлье гэж ирсэн хүмүүс эхэндээ жаахан хүүхэд чадах болов уу гэсэн хандлагатай байдаг. Харин хийсэн бүтээл­үүдээ харуулаад, ярилцаад ирэхээр хандлага нь их өөр болдог" хэмээн ярих энэ хүүг Уртнасангийн Мөнхтамир гэдэг. Тэрбээр уран сийлбэрчин мэргэжилтэй бөгөөд монголдоо анхдагч гэж хэлж болохоор том хэмжээний зохиомжит уран сийлбэрийг оюутан байхдаа урлаж байжээ. Ингээд У.Мөнхтамиртай уран сийлбэр мэргэжлийн талаар болох хийсэн бүтээлүүдийнх нь талаар ийнхүү ярилцсанаа хүргэе. Дашрамд дуулгахад У.Мөнхтамир нь 20 настай хэдий ч уран сийлбэрийг гаргууд сайн эзэмшиж, найзтайгаа нийлж өөрсдийн урланг нээгээд байгаа аж.  

Монголын түүх болон соёл, уран сийлбэрийн урлаг, сийлбэрчдийн чадвар, чанар чансааг дэлхийд таниулах миний зорилго, мөрөөдөл  

-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?  

-Намайг Уртнасангийн Мөнхтамир гэдэг. Хэнтий аймгийн Баян-Овоо суманд төрж өссөн. 2011 онд есдүгээр ангиа сумандаа төгссөн. Хотод орж ирээд Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехникийн коллежийн Уран сийлбэрийн ангид орж 2013 онд төссөн. Уран сийлбэрчин мэргэжилтэй.

-Танай аав дархан хийдэг хүн гэж сонссон. Тэгэхээр өөрийг чинь сийлбэрчин болоход нөлөөлсөн болов уу гэж бодож байна?

-Би багаасаа л урлаг, их сонирхдог байсан. Тэр дундаа уран зураг. Эхэндээ зургийн ангид элсэх бодолтой байсан. Яг мэргэжлээ сонгохдоо уран сийлбэрийн ангийг сонгосон. Энэ ангид уран зураг, баримал, хар зураг гээд л бүх төрлийн хичээл ордог. Мөн манай аав надад их нөлөөлсөн. Миний аав алт мөнгөний дархан хийдэг. Багаасаа л энэ төрлийн зүйл харж, үзэж өссөн болохоор мэргэжлээ сонгоход нөлөөлсөн.

-Мод, чулуугаар бүтээл урладаг олон хүн бий. Энэ хэрээр бүтээлээ урлаж буй төрөл нь өөр өөр.  Уран сийлбэрийн онцлог, ялгаатай тал нь юу бэ?

-Уран сийлбэр гэдэг өөрөө дүрслэх урлагийн нэг төрөл. Дүрслэх урлагийг дотор нь уран  зураг, зураасан зураг, хар зураг, уран баримал, уран сийлбэр гэж ангилдагУран сийлбэрийн гол материал нь мод. Чулуу, ясаар сийлбэр хийж болдог. Миний хувьд мод, чулуугаар түлхүү уран сийлбэр хийж байна. Сийлбэрийг хасах урлаг гэж нэрлэдэг. Яагаад гэвэл сийлбэрийг зорж хасаж хийдэг онцлогтой.  Харин баримал бол нэмж шавж хийдэг гэх мэт ялгаатай болон онцлогтой талууд бий.

-Түлхүү ямар бүтээл урлаж байна вэ. Бүтээлийн санаагаа хэрхэн олж авдаг вэ?

-Таван хошуу мал, ан амьтад нэлээд хийж байсан. Яг одоо чулуугаар бугын чулуун хөшөө сийлж байна. Бүтээлийн санааг өөрөө бодож олдог. Юу хийхийг хүсэж байна, бүтээлээрээ дамжуулж юу өгүүлэх вэ, хэрхэн өнгө, загвараар хослуулах зэргээс шалтгаалж бүтээлийн санаагаа гаргана. Харин захиалгын бүтээлийн хувьд тухайн захиалагчийн хүсэл сонирхолд нийцүүлэн харилцаж ярилцаж хийнэ.

-Оюутан байхдаа “Их нүүдэл” хэмээх чамгүй том бүтээл урлаж байсан юм билээ. Энэ бүтээлийнхаа талаар яриач?  

-“Их нүүдэл” бүтээлийг “Суруга Монгол” компаний захиалгаар хийсэн. Ханан чимэглэл бий. Энэ бүтээлийг хичээлийнхээ хажуугаар ихэнхдээ оройн цагаар хийсэн болохоор хугацаа их орсон. Яг бэлэн болсон гэвэл 21 хоногт хийсэн.  Хааяа найзууд маань тусалж байсан болохоор бүтээлээ амжилттай дуусгаж захиалагчид нь хүлээлгэж өгсөн. Дан хуш модоор хийсэн. 4x2 хэмжээтэй нэлээд том бүтээл. 

"Их нүүдэл" бүтээл

-Нэлээд том болохоор нарийн чимэхлүүр ажил ихтэй байсан байх. Том хавтгай, цул модон дээр хийдэг юм уу эсвэл хэсэг хэсгээр нь сийлээд нийлүүлэх үү? 

-Хэсэг хэсгээр нь хийнэ. Дараа нь түүнийгээ нийлүүлж, наах замаар хийсэн. 

 -Хүмүүс юуг илүү их захиалгаар хийлгэж байна.

-Янз бүр л дээ. Миний хувьд уран сийлбэртэй байвал бүгдийг нь хийнэ. Гэхдээ захиалгаар ирсэн бүтээлийн дийлэнх нь сийлбэртэй ханан чимэглэл, биет буюу бүтэн сийлбэр байдаг. 

-Сийлбэр хийхэд шат дараалал, судалгаа хамгийн чухал байх. Бүтээлийн судалгааг хэрхэн хийх вэ?

-Сийлбэр хийхэд шат дараалал чухал. Эхлээд скиз зураг гаргана. Гаргасан скиз зургаа модон дээрээ тавьж наана. Зургийн дагуу модоо цойлж бэлтгэнэ. Гэх мэтчилэн тухайн бүтээлийнхээ биеийн байдал, ерөнхий харьцаа зэргийг нарийн харж гаргаж өгнө.  

-Найзтайгаа нийлж өөрсдийн гэсэн урлантай болж байгаа гэсэн. Урлангаа хэзээ нээсэн вэ?

-Би 2013 онд сургуулиа төгсөөд сийлбэр хийж байгаад 2015 онд цэрэгт явсан. Өнгөрсөн намар аравдугаар сарын 19-ний өдөр халагдаж ирсэн. Түүнээс хойш ангийн найз Б.Санжмятавтай хамтарч урлангаа нээсэн. Одоо сар гаруйн хугацаа өнгөрч байна. Урлангаа нээгээд хийсэн бүтээл гэвэл мэргэжлийн мастер морин хуур. Намайг цэрэгт байх үед манай найз ганцаараа бүтээлээ хийж байсан. Одоо хоёулаа хамтарч ажиллахаар төлөвлөөд эхний ээлжид бүтээл хийх газар, урлантай болоод байна.  

-Урлангаа түрээсэлдэг гэсэн. Сарын түрсэд хэдийг төлөх үү?

-Сарын түрээс нь 500 мянган төгрөг. 

-Сарын түрээсээ төлнө, хийсэн бүтээлийнхээ материалын зардал зэргийг хасаад ашиг хэр олж байна вэ? 

-Одоогоор ашиг олох гэж улайрсан зүйл байхгүй. Бид дөнгөж эхэлж байна. Залуус хүмүүс суралцах зүйл их, хийх юм их байна. Цаашид маш олон зүйл хийхээр төлөвлөж байгаа. 

-Сийлбэрчид бүтээлээ өөрсдөө үнэлэх үү эсвэл захиалагдчид нь үнэлэх үү?

-Янз бүр л дээ. Нэгэнт л ажил хийж байгаа болохоор яриа хөөрөө байлгүй яахав. Ер нь монголын сайн сийлбэр­чид яагаад гадагшаа гарч ажиллаад байна гэхээр тэдний бүтээлийг авах хүн ховор байдаг. Хийсэн зүйлээ овоо хэдэн төгрөгөөр өгчихмөөр байдаг. Гэтэл авах хүн нь бага үнээр авах гээд байдаг учраас ихэнх нь гадагшаа гарчихаад байна. Манайханд бол зөвхөн мөнгөтэй хүмүүс л иймэрхүү бүтээлийг авч байна шүү дээ.

-Цаашдын төлөвлөгөө, зорилго юу байна вэ?  

-Монгол Улс түүх, соёлын асар их өвтэй. Олон улсад манай улсыг таниулах ганц зүйл бол энэ. Тиймээс монголын түүх, соёлыг харуулсан том хэмжээний сийлбэр хийхийг бодож, мөрөөдөж, төлөвлөж байна. Мэдээж маш хэмжээний хүч хөдөлмөр, цаг хугацаа, санхүүгийн нөөц боломж шаардлагатай. Гэхдээ нэг л өдөр би заавал хийнэ. Түүгээр дамжуулж монголын түүх болон соёл, уран сийлбэрийн урлаг, сийлбэрчдийн чадвар, чанар чансааг дэлхийд таниулах миний зорилго, мөрөөдөл. Одоо хийж байгаа жижиг ч гэсэн бүтээлдээ үүнийг шингээж өгөхийг чухалчилдаг. 

-Ярилцсанд баярлалаа. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
PUUJEE
HAANA OCHIJ UZEH BE HOLBOO BARIH UTASAA UGNU U
2017/01/23 66.181.160.22
Сод эрдэнэ
Энийг л хүлээж байлаа ажлийн амжилт
2017/01/19 27.123.214.116
Б.Сайнбилэг
Anda ajliin undruus undur amjilt hvsie baxarhaj bna shvv
2017/01/19 27.123.214.124
  • Recent
  • Most Read
  • Most Comment