Өглөө, өдөр бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаж буй эрхэм таны амрыг эрье. Та, бидний амьдарч буй оршихуй өгөөмөр агаад харам. Хэчнээн олон өдөр, цаг, минут бүрийг бидэнд өгсөн ч дэмий өнгөрүүлсэн тэр хоромхон эргэж олдохгүй нь харамсалтай. Гэлээ ч биднээс нүүрээ буруулахгүй өнөөдөр гэх шинэ өдрийг үргэлж бэлэглэж байна. Тиймээс та бүхэн ирээдүйгээ бүтээхийн тулд яг одоо төлөвлөгөө гаргаж мөрөөдөх хэрэгтэйг сануулж байна. Хvн бvр мөрөөдөж чаддаг. Гэхдээ маш цөөхөн нь мөрөөдлөө биелvvлдэг. Учир нь тэд маш их хөдөлмөрлөдөг. Yнэхээр ямар нэгэн өндөрлөгт хvрэхийн тулд та мөрөөдөх хэрэгтэй. Гэхдээ нэлээд том мөрөөдөх ёстой. Yvндээ хvрэхийн тулд өдөр бvр бага багаар урагшил. Та амьдралаа ямар байгаасай гэж бодож байна, түүнийгээ л мөрөөд. Ирээдүйд таны ажил төрөл, карьер, эрүүл мэнд, бие бялдар, гэр бүл тэнь ямар байгаасай гэж бодож байна түүнийгээ л мөрөөд. Банкиндаа хэдэн төгрөгтэй болмоор байна түүнийгээ ч өнөөдөр мөрөөд. Дахин дахин мөрөөдөх хэрэгтэй. Мөрөөдөл тань хэзээ нэгэн цагт биелэх болно. Харин одоо та бүхэндээ “Монголын нэг өдөр” тойм булангаа ийнхүү уншигч та бүхэндээ хүргэж байна.
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа
Аюулын дохио зарлаад буй Төрийн ордны тухай сонирхолтой 30 баримт
70 жил наслаад буй Төрийн ордныг дарьтай торх мэт аюултай болсон гэх мэдээлэл сүүлийн үед хөвөрч байна. Газар хөдлөлтөд тэсвэргүй, ашиглагдах зөвшөөрлөө хасуулсан Төрийн ордныг нийт 40 гаруй тэрбум төгрөгөөр засварлана хэмээн Засгийн газрын хэрэг эрхлэх газраас мэдэгдсэн.Төрийн тэргүүнээсээ эхлээд Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд гээд бүгд энд ажиллаж, төрийн хуулийг бүхэлд нь боловсруулдаг ч аюултай нөхцөл байдалд ороод буй Төрийн ордны тухай 30 баримтыг хүргэе.
1.Төрийн ордны 1951, 1961 онд ашиглалтад орсон барилгуудыг газар хөдлөлтөд тэсвэрлэх чадваргүй, ашиглалтын үеийн аюулын байдалтай гэдгийг мэргэжилтнүүд тогтоожээ. 1981 онд ашиглалтад орсон хоёрдугаар өргөтгөлийн барилгууд ч газар хөдлөлтийн норм, дүрмийн шаардлагыг хангахгүй гэж дүгнэсэн байдаг.
2. БНМАУ-ын төрийн ордон бариулах асуудлыг нийслэл Улаанбаатарын хот байгуулалтын нэгэн хэсэг болгон Төрийн ордны барилгын суурийг 1947 оны дөрөвдүгээр сард тавьж, 1951 онд ашиглалтад оржээ. Төрийн ордонг барихад дотоодын 700, гадаадын 500 хүн ажилласан аж.
3. Монгол Улсын Төрийн ордонд одоогоор нийт 878 хүн ажилладаг бөгөөд нийт 406 өрөө, 37212 м2 ашигтай талбайтай юм байна.
4. Нийт 19 блок барилгаас бүрддэг байна. Анхны барилгын хийц нь чулуун суурьтай, тоосгон ханатай, модон хучилттай /баруун зүүн жигүүрийн гурван давхар/ бол 1961 оны өргөтгөл нь цутгамал хучилттай баригджээ. Харин 1981 онд баригдсан хэсэг нь 5 блокоос бүрддэг бөгөөд газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээг тооцож барьсан гэдгийг тодотгож байлаа.
5. 1954 онд Төрийн ордны цогцолборын нэгэн хэсэг төрийн ордны бунхант индэр баригдсан байна. Бунхант индрийг 1954 оны долдугаар сарын 8-ны өдрийн 16 цагт Сүхбаатарын талбайд ард нийтийн баяр болгон нээжээ. Бунхант индрийн нээлтийн ёслолын дараа амралт, баяр ёслолын үеэр хөдөлмөрчид, зочид төлөөлөгчид бунханд орж хүндэтгэл үзүүлдэг болсон байна.
6. Төрийн ордны барилгад 1961, 1981, 2006 онуудад өргөтгөл хийсэн. Ордны анхны өргөтгөлөөр ордны зүүн, баруун урд талын хоёр жигүүрүүд болон ордны урд хойт талын сүрлэг баганууд, Ардын Их Хурлын танхим бүхэлдээ нэмэгдсэн. Урд талдаа 4 давхар, хойшоо 3 давхар дөрвөлжин хэлбэртэй цагаан байсан ордон хойшоо дундуураа урт, хоёр талаараа богино, урагшаа хоёр талаараа тэлсэн гадна талдаа тразит шавардлагатай саарал өнгөтэй ордон болжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
О.Баасанхүү МАХН-аас гарах уу
Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг МАН-ынхан өөрсдөдөө ашигтайгаар хүч түрэн батлах нь хэмээн нилээн бухимдангуй ярих болсон УИХ-ын гишүүн О.Баасанхүү сүүлийн үед МАХН-аас гарч магадгүй гэх үгийг хэд, хэдэн удаа хэлээд авав.
Тэрбээр хэд хоногийн өмнө "Би АН-ын бүлэгт элсэнэ" хэмээн жиргэсэн байсан. Тэгвэл энэ удаа "Хатуухан хэлэхэд би наамаа солих уу гэдэг дээр тулна. Намууд ямар хүнийг нэр дэвшүүлэх нь тэдний эрх. Би "МАХН заавал хүн дэвшүүлэх ёстой" гэдэг хатуу байр суурьтай байгаа. Н.Энхбаяр дарга дэвшвэл сайн. Би Н.Энхбаяр даргыг битгий дэвш гэж гэж байгаа юм биш. Гэхдээ хуулийн гарц, боломж, улстөрчдийн дарамт, шахалтаас болоод дэвшүүлэхгүй боллоо гэвэл өөрийнхөө оронд өөр хүнийг дэвшүүлэх ёстой. Ард түмэн манай намыг суудалтай болгож өгсөн болохоор тэдний өмнө хариуцлага хүлээгээд сууж байгаа. Биднийг суудалтай болгож өгөөч гэж сонгуульд орчихоод суудалтай болоод "Бид больё" гэж болохгүй. Манай намд гурван боломж бий. Нэгдүгээрт, АН юм уу МАН-тай хамтраад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж болно. Ил тод ард түмэнд үүнийгээ хэлэх хэрэгтэй. Эсвэл дангаараа хүнээ дэвшүүлж болно л доо. Эс бөгөөс суудалгүй намуудыг цуглуулж байгаад дундаасаа нэр дэвшүүлэх хэрэгтэй. Трамп, Путин шиг хэнийг ч байж болно. Харин ямар ч алхам хийхгүй бол улс төрийн нам гэдэг байр сууриа алдаж байгаа хэрэг. Хэрэв ингэж боломжоо ашиглахгүй гэвэл би улс төрийн өөр сонголт хийх магадлал үүснэ" гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. .
Амиа алдсан циркчдийн ослын шалтгааныг тогтоов
Өнгөрөгч баасан гарагт орон нутагт тоглолтоор явж байсан циркчид осолдож, гурав хүн амь насаа алдсан хэрэг гарсан. Тус ослын улмаас алиалагч Н.Баасанжаргал, илбэчин М.Гантулга, жонглёрчин Б.Идэр нар газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарсан талаар мэдээлсэн.
Тэгвэл Булган аймгийн Рашаант сумын нутаг, Тээг толгой гэх газарт гарсан уг осол тухайн үед циркчдийн сууж явсан машин хурд хэтрүүлсэн, “Дэйвү” маркийн хүнд даацын ачааны машины жолооч тээврийн хэрэгсэл нь эвдэрсэн үед замаа гүйцэд чөлөөлөөгүй, ослын зогсолтын тэмдгээ байрлуулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй зэргээс болсон нь хэргийн газрын үзлэгээр тогтоогджээ.
Тодруулбал, “Тоёота Эстима” маркийн автомашинтай явж байсан циркийн жүжигчид харуй бүрий болж байхад хурдаа тохируулаагүй, мөн гэрлийн гялбаанд орж, зам дээр зогсож байсан хүнд даацын ачааны машины араас мөргөсөн байна. Улмаар эсрэг урсгал руу шидэгдэн “Лексус-570” маркийн автомашиныг мөргөж осолдсон аж.
Хэргийн газрын үзлэгээр “Дэйвү” маркийн хүнд даацын ачааны машины жолооч тээврийн хэрэгсэл нь эвдэрсэн үед замаа гүйцэд чөлөөлөөгүй, ослын зогсолтын тэмдгээ байрлуулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй нь тогтоогдсон байна. Мөн талийгаач нарын сууж явсан машин хурд хэтрүүлсэн нь дугуйн мөрөөр тодорхой болсон бол жийпний жолооч гэрлээ шилжүүлсэн, эсэх нь тодорхойгүй байгаа аж.
Н.Алтанхундага: Нурууны өвчтэй хүмүүс бөөр, шээсний замын өвчнөөр өвдөх нь элбэг байдаг
Бөөрний өвчний талаар АШУҮИС-ийн харьяа Монгол Анагаах ухаан эмнэлгийн эмч, эрхлэгч Н.Алтанхундагатай ярилцлаа.
-Бөөрний өвчлөл манай улсад хэр хэмжээнд байна вэ. Сүүлийн үед залуужиж байна гэж ярих боллоо. Залуужаад байгаагийн шалтгаан юу байна вэ?
-Өнөөдрийн байдлаар манай улсын хүн амын 60 орчим хувь ямар нэгэн хэмжээгээр бөөр болон шээс боловсруулах замын өвчлөлтэй байна. Эдгээр хүний дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Эмэгтэйчүүдийн хувьд бөөр дангаараа өвчлөх бус ихэвчлэн өндгөвчий үрэвсэлтэй хавсарсан эмгэгтэй бүсгүйчүүд олон байна. Үүнээс үзэхэд зөвхөн бөөр өвдөх биш эрхтэн системийн өвчлөл их байна. Энэ өвчлөл нэмэгдэхэд хэд хэдэн шалтгаан бий. Эмэгтэйчүүдийн хувьд шээс гарах сүв нь бэлгэ эрхтэнтэй ойр байдаг учир бие биендээ халдварлах тохиолдол их байна. Хэт богино, нимгэм нуруугаа ил гаргасан хувцас өмсөх, жинс, хэт, пүүз өмөх нь гол шалтгаан болж байна. Эдгээр хувцас нь хайрдаг, чийг татаж даарах нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Бөөрний өвчлөлийн хамгийн гол шалтгаан нь даарч хөрөх юм. Дээр үеийн хүмүүс байнга дээл өмсөж бүсэлдэг, нуруу, гуя, өвдөг хэсгийг дарсан хувцас өмсдөг байсан учраас бөөр нь дулаан байдаг байсантай холбоотой. Мөн буруу хоололт сүүлийн үед нэлээд нөлөлөөх болсон. Бэлэн бүтээгдэхүүн их хэрэглэх, давс, элсэн чихрийн хэвийн харьцаа алдагдах зэрэг зохисгүй хоололт нөлөөлж байна. Хөдөлгөөний хомсдол бөөрний өвчлөлд ихээхэн нөлөөлж байна. Суугаа ажил, машин барих зэрэг хөдөлгөөн бага хийснээс бол нурууны цусан хангамж хэвийн байдал алдагдаж эхлэхээр бөөрөө мэдрэлжүүлж чаддаггүй зэрэг шалтгаанаас үүдэн бөөр болон шээсний замын өвчлөл сүүлийн нэмэгдэж залуужиж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Талийгаачдийн 4 нь метилийн спиртэд хордож, нэг нь өвчний улмаас нас баржээ
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт таван иргэн нэгдүгээр сарын 16-ны өдөр архины хордлогоор амиа алдсан хэрэг гарсан билээ. Өнөөдөр Улаанбаатар хотын Цагдаагийн газраас энэ мэдээллийн талаар хэвлэлийн хурал хийсэн юм. Энэ үеэр талийгаачдын биед хийсэн эсийн шинжилгээний хариу эцэслэж гараагүй. Хариу 7-14 хоногийн дотор гарна. Урьдчилсан байдлаар хохирогчдийн биеэс метилийн спиртийн найрлага илэрсэн гэдгийг албаныхан хэллээ.
"Мөнхжин-Од" компанийн үйлдвэрт шалгалт хийхэд хэд хэдэн зөрчил илэрсэн талаар мэдээлэл өгсөн юм. Тус компаний архины үйлдвэрийг энэ сарын 17-нд үйл ажиллагааг нь хааж "Найрсаг" архины шинжилгээ хийхэд хатуулгийн стандартын хэмжээ бага гарсан аж. Мөн ЖЕМ интернэйшнлийн бүтээгдэхүүнд шалтгалт хийхэд сорилын дүнгээр стандартын шаардлага хангасан. "Нарантуул" болон ойр орчимд нь зарагдаж буй архинуудын хатуулгийн хэмжээ бага байсан" НМХГ-ын дарга Л.Эрдэнэчимэг онцоллоо.
Түүнчлэн "Мөнхжин-Од" компаниас саарал, цэнхэр 2 бөглөө олдсон байна. Үүнийг шалгахад тус компани "Манай архийг хуурамчаар үйлдэг учраас эдгээр бөглөөг цуглуулдаг байсан" хэмээн тайлбарласан байна. Үүнийг мэргэжлийн хяналтын байгууллага шалгахад тус 2 өнгийг бөглөөг хоёуланг нь ашигладаг болох нь тогтоогдсон байна. Нарийн хяналт шалгалтыг үргэлжлүүлэн хийж байгаа аж. Үүнээс үзэхэд тус компани хуурамч архи үйлдвэрлэдэг байж болзошгүй гэдгийг холбогдох албаны хүмүүс нь ярьсан юм.
Баянхонгорын Засаг дарга Г.Батжаргал өөртөө байр авахаар төсөвлөжээ
Манай улсын эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэр алдагдсан, 2017 онд гадаад зээлүүд эргэн төлөгдөх учраас өмнөх жилүүдээс илүү их хямрал нүүрлэнэ хэмээн эдийн засагчид үзэж байгаа. Өнгөрсөн 11 дүгээр сард Улсын төсөв батлахад бүх салбарт төсөв тун барагтайхан байгааг сайд нар тайлбарлаж, хүндхэн жил ирж байгааг ярилцаж аль болох хэмнэх хэрэгтэйг сануулж байсан. Гэтэл зарим аймгийн Засаг дарга нар эдийн засгийн хүндрэлийг үл тоон хувийн хэрэгцээндээ байр худалдан авах тухай төсөвт суулгасан байна.Тодруулбал, Баянхонгор аймгийн засаг дарга Г.Батжаргал 52 сая төгрөгөөр өөртөө орон сууц худалдан авахаар энэ оны орон нутгийн төсөвт тусгажээ. Мөн цагдаа, шүүхийн дарга нарт мөн адил орон сууц худалдан авахад мөнгө гаргахаар болжээ. Мөн ИТХ-ын Тэргүүлэгчдэд зөөврийн компьютер авах гэх мэт жижиг зардлууд багтаж байна.
Эдийн засаг хүндхэн байгаа энэ үед хэмнэх битгий хэл, дараа болохоос цаашгүй дарга нар, тэр тусмаа байргүй дарга нар олширч байгаа бололтой.
УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хүүгийн “Эрдэнэт”-тэй хийсэн гэрээ ил боллоо
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Эрдэнэт”-ийн 49 хувийг “Монголын зэс” корпораци хувьчилж авсныг эсэргүүцэж өнгөрсөн намраас хойш олон удаа мэдэгдэл хийж, “Би энэ луйврын эсрэг сүүлчийн цамцаа урагдтал тэмцэнэ. Надад одоо нам, дарга хамаагүй шүү. Намайг “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гээд ингэж байна гэх”. Энэ бол дэндүү жижиг асуудал” хэмээн хэлж байсан. Гэтэл өнөөдрөөс эхлэн УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хүү “Эрдэнэт”-д олон тэрбум төгрөгийн шахааны бизнес цэцэглүүлсэн талаар мэдээлэл хэвлэлүүдээр гарч эхэллээ. “Эрдэнэт”-д түүний хүү Н.Анхбаярын “Анлимитед” ХХК 760 мянган ам.долларын шахаа хийсэн асуудал босож ирлээ.
Доорх гэрээнүүд 2004 онд Ц.Нямдоржийг ХЗДХ-ийн сайд байх үед байгуулагдсан бол 2006 онд түүнийг УИХ-ын дарга байх үед батлагдсан байв. Мөн энэ гэрээнүүдийн тус бүрийн үнийн дүнг нэгтгэвэл, нийт 760 сая 400 мянган ам.доллар болж байгаа юм.
Өдгөө Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр нь ГХЯ-нд томоохон эрх мэдэл бүхий түшмэлийн алба хашдаг аж. Гэхдээ “Эрдэнэт”-д их хэмжээний мөнгөн дүн бүхий бизнесийн гэрээ байгуулсан “Анлимитед” ХХК одоо түүний нэр дээр байгаа бол хөрөнгө орлогын мэдүүлэг нь шуугиан тарьж болзошгүй болжээ. Нэг хэсэгтээ Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар мэдэгдэл хийж, цамцаа урагдтал тэмцэнэ гэж байсан УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж энэ асуудалд тайлбар хийнэ биз ээ. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат Хөгжлийн банкнаас зээл аваад эргэн төлөөгүй байжээ
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат тэргүүтэй хүмүүсийг шалгаж эхлээд багагүй хугацаа өнгөрөөд байна. Энэ хэргийг шалгах явцад шинэ баримт гарч ирж, олон хүнээс тайлбар мэдүүлэг аваад байгаа. Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяраас өнгөрсөн есдүгээр сард цагдаагийнхан тайлбар авсан тухай бид мэдээлсэн.
Тэгвэл саяхан “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатаас энэ хэрэгт холбогдуулан тайлбар, мэдүүлэг авчээ. Мөн зарим эд хөрөнгийг нь битүүмжлэх арга хэмжээ авсан байна. Харин энэ үеэр Б.Эрдэнэбат эсэргүүцэл үзүүлж, АТГ, ЭЦГ-аас томилогдсон мөрдөн байцаагч Батболдод гар хүрчээ. Иймээс түүнд Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйл ангид заасны дагуу “Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Б.Эрдэнэбат Хөгжлийн банкаар дамжуулан "Эрэл" компанидаа “Чингис” бондын мөнгөнөөс хоёр удаа ямар ч барьцаагүйгээр зээл авчээ. Гэсэн хэдий ч зээлийн эргэн төлөлтийг одоо болтол хийгээгүй байжээ.
Өмнөговь аймагт болсон ноцтой ГЭМТ ХЭРГИЙГ шуурхай илрүүлжээ
Өмнөговь аймгийн Даланзадгад суманд энэ сарын 14-ний өдөр 18 настай Ц.А-г үл таних хүн зодож хүнд гэмтэл учруулан, хүчирхийлсэн хэргийн сэжигтнийг илрүүлэн, эрүүгийн хэрэг үүсгэж Өмнөговь аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байна.
Уг хэргийг илрүүлэхээр Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчдын хамтарсан ажлын хэсэг ажиллаж Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, 1997 онд төрсөн Н.Р гэгч үйлдсэнийг тогтоожээ. Хохирогч Ц.А-гийн гавал яс цуурсан хугарал, цус хуралт зэрэг хүнд гэмтэл авчээ.