Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт өвөлжилт хүндэрсэн зүүн гурван аймагт ажиллалаа. Тэрээр өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцахын зэрэгцээ улсын нөөцийн өвс, тэжээл болон малын эм био бэлдмэл, бусад шаардлагатайбараа материалыг хуваарлаж хүлээлгэн өгсөн юм.
Зүүн аймгуудаас Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт өвөлжилтийн нөхцөл байдал хүндхэн байна. Тодруулбал, Хэнтий аймгийн Баян-Адарга, Дадал, Норивлон, Дорнод аймгийн Баяндун, Сэргэлэн, Цагаан-Овоо, Баянтүмэн, Сүхбаатар аймгийн Мөнххаан, Сүхбаатар, Түвшинширээ, Эрдэнэцагаан, Түмэнцогт зэрэг сумдад өвөлжилт нэлээд хүндэрчээ.
Өвөлжилт хүндэрсэн сумдад цасны зузаан 25-30 хүртэлх см, хунгаргалсан газраа 60 хүртэлх см-ийн зузаантай байгаа юм. Цас хатуурч зузаарсны улмаас зарим нутгаараа мал бэлчих боломжгүйд хүрчээ. Хэнтий, Сүхбаатар аймгууд өвөлжилтийн бэлтгэлээ 90 хүртэлх хувьтай базаасан боловч цагийн хүндрэлээс болж өвс, тэжээлийн дутагдалд орж эхэлсэн байна. Мөнхүү Дорнод аймагт зун ган ихтэй байсан учир өвс нөөцөлж чадаагүй малчин өрх ч байсан юм.Шадар сайд сумдын удирдлагуудтай уулзаж, сумын онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулсны зэрэгцээ малчин өрхүүдээр орж бодит байдалтай танилцлаа.
ХЭНТИЙ АЙМАГ:Нийт 18 сумын 88 багт 3.9 сая толгой мал буюу хонин толгойд шилжүүлснээр 6.9 сая толгой мал бүхий 9926 өрх айл өвөлжиж байна. Сүхбаатар, Дорноговь, Төв аймаг болон Улаанбаатар хотын 129 өрхийн 103,8 мянган толгой мал Галшар, Баянхутаг, Дархан, Цэнхэрмандал зэрэг дөрвөн суманд оторлон иржээ. Харин тус аймгийн Баянхутаг, Баянмөнх, Дархан, Цэнхэрмандал Норовлин, Батноров, Баян-Овоо, Хэрлэн сумдын 40 орчим өрхийн 27.3 мянган толгой мал Сүхбаатар, Дорноговь, Дорнод, Төв аймгуудын нутагт оторлон өвөлжиж байна. Улмаар өөрийн аймаг, сум дотроо 275 өрхийн 182.6 мянган толгой мал отроор өвөлжиж байгаа юм.
Өнгөрсөн 2016 оны 10 дугаар сараас нэг сарын дунд үе хүртэл Баянмөнх, Дархан, Өмнөдэлгэр, Норовлин, Батноров, Баян-Адарга, Батширээт, Дадал, Жаргалтхаан, Мөрөн, Цэнхэрмандал, Хэрлэн зэрэг 12 сумдын нийт 2699 толгой мал зүй бусаар хорогджээ.
ДОРНОД АЙМАГ:Аймгийн хэмжээнд 2016-2017 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил 96.6 хувийн биелэлттэй хангагдсан байна. Нийт нутгаар зуншлага тааруу, хадлангийн улиралд үргэлжилсэн бороо орж, анхны цас өнгөрсөн оны аравдугаар сарын эхээр унаснаас өвөлжилт нэдээд эрт хүндэрч эхэлжээ. Өнгөрсөн оны мал тооллогын дүнгээр 14 сумын 4398 малчин өрхөд 1722910 толгой мал тоологджээ. 2017 оны 01 дүгээр сарын 17-ны байдлаар 252 толгой мал хорогдсон байна. Нийт малчин өрхийн 9.6 хувь буюу 415 өрхийн 1146 хүн, 282.7 мянган толгой мал отроор өвөлжиж байгаа юм.
Одоогийн байдлаар Баяндун, Баян-Уул, Баянтүмэн, Булган, Цагаан-Овоо, Сэргэлэн, Халхгол, Хөлөнбуйр, Хэрлэн, Чойбалсан сум цагаан зудтай, Дашбалбар, Гурванзагал сум цагаанаар зудархуу, Матад, Чулуунхороот сум хэвийн гэсэн дүнтэй байна.
СҮХБААТАР АЙМАГ: Нийт 13 сумын 67 багт 4494 хот айлын 3030,4 мянган толгой мал өвөлжиж байна. Өөр аймгийн нутагт зургаан сумын 39 өрхийн 25.0 мянган толгой мал, өөрийн аймгийн бусад сумдын нутагт 9 сумын 858 өрхийн 458,4 мянган толгой мал, хилийн хориотой зурваст 4 сумын 233 өрхийн 149,8 мянган толгой мал, үлдсэн 6123 өрхийн 2356,6 мянган толгой мал буюу нийт малын 77,7 хувь нь орон нутагтаа өвөлжиж байна.