Гэгээн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн шинэхэн өдөр буурал түүхийн хуудаснаа хадгалагдан үлдэж байна. Өнөөдрийн таны ажил амжилт бүтээлээр дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна. Гишгэсэн мөрөө эргэж нэг хар. Гутлын улныхаа хээг биш, хvн болж тереед хийж бvтээснээ, хэрхэн амьдарсанаа эргэж хар. Нигүүлсэнгүй байж чадаагүй хором бүрээ тунгааж бодоорой. Сайн сайхан амжилт бүтээлээ ч тэмдэглэ. Маргааш чамайг илүү сэргэг, илүү нигүүлсэнгүй байхад чинь энэ санамж тус болно. Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэх гэж байна. Шинэ сонин содон мэдээллээр дүүрэн тоймоо хүлээн авна уу. Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа
Дөрөв хоногийн дараа Ардчилсан намын даргын сонгуулийн сунгаа өндөрлөж тус нам шинэ даргатай болно. Ардчилсан намынхан намаа шинэчлэх цаг болсон гэдгийг дуу нэгтэй хүлээн зөвшөөрсөн нь арав гаруй жил тасарсан Их хурлаа хуралдуулж, намын даргын сунгааг эхлүүлж чадсанаас нь харагдаж байгаа. Гэхдээ дарга сонголоо гээд шинэчлэгдэж чадах уу гэдэг бас л сонин. Ардчилсан намын шинэчлэл бол ганц тус намын өөрчлөлт, шинэчлэл бус Монголын улс төрийн намуудын шинэчлэлийн эхлэл, тус намыг дэмжигчдийн итгэлийг хадгалж үлдэх боломж юм. Ардчилсан нам шинэчлэгдэж чадвал өөрсдөд нь л хэрэгтэй. Харин энэ шинэчлэлийг юунаас яаж эхлүүлэх, хэдий хэрийн хугацааг зарцуулахаа тэд өөрсдийнхөө сонголтоор шийднэ. Өнөөдрийн нөхцөл байдлыг ажиглавал шинэчлэл их л удаан явагдах бололтой.
Гэхдээ шинэчлэлийг чадварлаг лидер зөв зохион байгуулалтаар л хийж чадна. Тиймээс намаа атгасан гар шиг базаж чадах,шинэчлэлийг зоригтой эхлүүлж чадах чадварлаг нэгнийг даргаараа сонгох нь тус намын гишүүд, дэмжигчдийн үүрэг хариуцлага. Ардчилсан нам үлдэх нь, маш хүчирхэг байх нь Монголд хэрэгтэй. Тэгэхээр чангахан шиг базчих хүн л хэрэгтэй байгаа. ТЭР ХЭН БЭ? Мэдээж Ардчилсан намын гишүүн бүрт энэ асуултад хариулах дотоод итгэл үнэмшил бий.
Гэхдээ сунгаанд оролцогч таван нэр дэвшигчээс намын даргаар өрсөлдөгчгүйгээр хамгийн олон жил ажилласан Н.Алтанхуяг, болох бүтэхгүйгээрээ дуудуулж ирсэн С.Эрдэнэ нарыг ШИНЭЧЛЭЛ гэж харахгүй байгаа олон хүн байна. Харин бусдынх нь хувьд хор хов, өс хонзон, элдэв муу юманд хутгалдсанаараа энэ хоёрынгоо гүйцэхгүй, бараг л хажууд нь нэр цэвэр юм уудаа.
Н.Алтанхуягийн хувьд 2008 онд намын дарга болсноосоо хойш энэ нам дахь шийдвэр гаргах эрх мэдлийг үндсэндээ жирийн гишүүдээсээ салгаж, Үндэсний зөвлөлдөх хороо, Гүйцэтгэх зөвлөлд аажим, аажмаар шилжүүлж, энэ зуураа тэдгээр бүтцэд өөрийн фракцын хүчийг алхам алхмаар нэмэгдүүлсэн хүн гэж улс төрийн хүрээнийхэн дүгнэж байна. Түүний хамаатан садан, найз нөхдөө татаж оруулсан өрөө нь өөртэй нь хамт нурж баларч яваа. Энэ хүн дарга болвол АН мөн л энэ зураг шиг харагдана. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
ОХУ-аас "Эрдэнэт Үйлдвэр" -ийн 49 хувийн хувьцааны худалдан авалтыг хууль бус болсон гэсэн дүгнэлтийг Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг хийсэн. Үүнтэй холбогдуулан 49 хувийн хувьцааг эзэмшигч Монголын Зэс Корпораци болон Худалдаа Хөгжлийн Банк хамтарсан мэдэгдлийг хийж байна. Хуралд оролцогчдын мэдэгдлийг онцлон хүргэж байна.
Монгол зэс корпорацийн ТУЗ-ийн дарга Мөнхбаатар: "Манай компани Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын Ростех компаниас худалдаж авсан үйл ажиллагааг шалгах Ажлын хэсгийн дүгнэл гарсан. Энэ дүгнэлт хэт нэг талын байр суурийг барьсан Ажлын хэсгийн дүгнэлт гарсан байна. Манай компанийн зүгээс ажлын хэсгийн дүгнэлттэй танилцах хүсэлтийг 4 удаа гаргасан ч нэг ч удаа хариу өгөөгүй. Үүнээс гадна ажлын хэсгийн дүгнэлт дээр Засгийн газрын тогтоолыг хүчин төгөлдөр бус болгох талаар дүгнэлт гарч, манай компанитай хийсэн гэрээ хэлэлцээрийг хүчингүй болгох тухай асуудал гарсан. Товчхондоо Ростех компанийг 49 хувийн хувьцаа эзэмшигч биш гэсэн ажлын хэсгийн дүгнэлт гарсан.
Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон: "Худалдаа Хөгжлийн Банк Монгол Улсын хуулийг зөрчсөн асуудал байхгүй. Ц.Нямдорж гишүүний удаа дараа мэдэгдээд байгаа шиг хууль зөрчсөн үйлдэл байхгүй.
Бид иргэд ААН-үүдэд зээл олгохоос гадна төрийн олон төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг санхүүжүүлж ирсэн.
ХХБ-ны ерөнхийлөгч Б.Мэдрээ: “Ажлын хэсгийн дүгнэлт нь нэг талыг баримталсан өрөөсгөл гэж үзэж байна. Худалдаа хөгжлийн банкны үйл ажиллагаа өнөөдөр хэвийн явагдаж байна. Монголбанкнаас гаргасан шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажиллаж байна. Ажлын хэсэг үйл ажиллагааг дүгнэдэггүй. Монголбанкны шалгалтаар болон Олон Улсын Аудитын байгууллагын шалгуураар ч тэр ХХБ хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Түүгээр ч зогсохгүй өнгөрсөн долоо хоногт олон улсын санхүүгийн зах зээл дээр дөрөв дэх бондоо 100 хувь буюу 115 сая-ыг төлсөн. Энэ бол үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаагийн нотолгоо юм.
"Эрдэнэт" үйлдвэрийн ТУЗ-ийн дарга Д.Ганболд: "Сонгуулийн үеэр Эрдэнэттэй холбоотой мэдээллийг ашиглаж, сонгуульд нөлөөлсөн гэх үндэслэлтэй. Хэдхэн сарын дараа том сонгууль болох гэж байна. Энэ үед зарим хүмүүс ямар нэгэн эрх ашгийн хүрээнд энэ мэтчилэн дуулиантай мэдээллийг дэвэргэж ярьж эхэлж байна. Сонгуулийн өмнө ингэж байгаа нь харамсалтай. Бид үүнийг иргэдийн сонголтод нөлөөлөхийг оролдож байгаа оролдлого гэж харж байна. Хувьчлалын асуудал яригдаж байхад олон гадны өрсөлдөгч компаниуд орж ирж байсан. ОХУ-ын талаас Монголын хувийн компанид зарах сонирхол гарсныг үгүйсгэхгүй гэв.
Өнөөдөр Хууль зүйн байнгын хороо хуралдаж "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшилд худалдсан асуудлыг шалгасан ажлын хэсгийн дүгнэлттэй танилцсан. Энэ үеэр Хууль зүйн байнгын хорооны дарга, Ажлын хэсгийн ахлагч Ш.Раднаасэд "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг төр эгүүлэн авч, 100 хувь улсын өмч болгох ёстой гэсэн саналыг гаргаж буйгаа мэдэгдсэн билээ.
Тэгвэл уг асуудлаар дөнгөж сая Хууль зүйн байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нар мэдээлэл хийлээ. Ажлын хэсгийн ахлагч Ш.Раднаасэд хэлэхдээ "Ажлын хэсэг санал дүгнэлтээ гаргаж дууслаа. Ажлын хэсэг хүчин төгөлдөр байсан хууль тогтоомжийн хүрээнд худалдан авах ажиллагаа явагдаагүй. Хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гаргалаа. Үндсэн хуулиас эхлээд олон улсын гэрээний, Төрийн өмчийн тухай, Компанийн тухай хууль болон УИХ-ын тогтоолыг зөрчсөн гэж дүгнэж байна. УИХ дангаар шийдвэрлэх асуудлыг Засгийн газар шийдсэн нь буруу. “Монгол зэс” корпораци “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” компанийн 49 хувийг 400 сая ам.доллараар худалдан авсан. Уг хөрөнгийг босгохдоо нэр бүхий дөрвөн компаниас зээл авсан байна. Тухайлбал, “Ривер стоун” компаниас 70 сая ам.доллар, “Юнайтед Энержи Систем” компаниас 70 сая ам.доллар зээлжээ. Мөн Худалдаа хөгжлийн банк (ХХБ)-наас 70 сая ам.доллар зээлсэн байна. Мөн өөрөө 112 тэрбум төгрөгийн хөрөнгө гаргасан. “Монгол зэс”-ийн зээл авсан компаниуд мөн дээрх хөрөнгө Худалдаа хөгжлийн банкнаас зээл авсан байна. Зээл авахдаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн м49 хувь, Өмнөговь аймагт ирээдүйд баригдах цахилгаан станц, бүр огт байхгүй компани, барилга зэргийг барьцаалсан. Худалдаа хөгжлийн банк 745 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгө, 50 тэрбум төгрөгийн дүрмийн сантай юм. Хуулийн дагуу бол банкны нэг зээлдэгчид олгох зээл өөрийн үндсэн хөрөнгийнх нь 20 хувиас хэтрэхгүй байх ёстой. Дээр дурьдсан зээлүүдийг нийлүүлэн тооцвол “Монгол зэс”-д 900.2 тэрбум төгрөг олгосон байна гэж мэдээллээ.
Мэдээллийн дараа УИХ-ын гишүүн Ц.Нямдоржоос сэтгүүлчид “Таны хүүхэд “Эрдэнэт” үйлдвэрт шахаа хийсэн юм билээ. 50.00 мянган долларын барааг 300.000 доллараар шахсан нь ямар учиртай вэ. Энэ талаар та ямар тайлбар хийх вэ? Хүүхэд нь шахаа хийсэн байхад та ажлын хэсэг багтсан нь зөв үү” гэж асуусан юм. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
Өнгөрсөн сонгуулиас хойш чимээгүй байсан УИХ-ын дарга асан З.Энхболд өчигдөр "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцож нийгэмд хүлээлт үүсгээд байсан олон асуудалд хариулт өглөө.Тэрбээр 2016 оны УИХ-ын сонгууль, Тавантолгойн орд газрыг тойрсон асуудал, Хууль хяналтын байгууллагуудын эргэн тойронд өрнөж байгаа цаг үеийн асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлсэн байна. УИХ-ын дарга асан З.Энхболдын онцлох 30 ишлэлийг хүргэж байна.
- Манай намын санал доошоо орсон нь оффшортой холбоотой.
- Тавантолгойн уурхайд ямар ч хөрөнгө оруулалт хэрэггүй. Монголчууд өөрсдөө хөдөлгөөд байж чадна.
- “Хятад улс бол мундаг юм байна. Хятадын төр сайн юм байна. Монголын төр бол авах юмгүй байна” гэсэн.
- М.Энхсайхан бол Тавантолгойг Шинхуад өгөөд шагналаа аваад л явах гэж байгаа хүн.
- “Хишиг-Арвин”-тай би ямар ч холбоо байхгүй. Харин надад Хишиг гэж нэртэй дүү байна.
- Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байх үед нь эхэлсэн мөрдлөг одоо дуусахгүй байна гэхээр байцаан шийтгэх хууль зөрчөөд байна.
- Өвөрхангайд хуц авчирсан залууг шалгаад байна гэсэн. Чи 100 саяасаа З.Энхболдод хэдийг нь өгсөн гэж...
- Одоо түүхий эдийн үнэ өсөж байна Ардын намынхаан. Тэр нүүрсээ зараад ард түмэнд ногдол ашгийг нь тараа гэж хэлэх байна.
- Улс орны ирээдүйн зорилго манай олигархиудад бол “Түй чёрт” байна.
- Намын даргад заавал мөнгөтэй хүн өрсөлд гээгүй. Ерөнхийлөгчийн сонгууль гэдэг 20 тэрбум төгрөгийн зардал гардаг.
- Намын даргын хүч нөлөө гэж байхгүй. Намын дүрэмд юу гэж заасан байна тэрний дагуу л хөтлөгдөнө.
- Миний Ерөнхийлөгчид өрсөлдөх эрхийг хэн ч хориглоогүй байгаа.
- Трамп бол БНН-ын хүсээгүй нэр дэвшигч. Ганц Ерөнхийлөгч гарч ирээд АНУ-ын бүх бодлогыг 180 градус өөрчлөөд явж болохгүй.
- Ардчилсан нам Чингис бондыг оруулж ирээгүй бол долларын ханш 10 мянга хүрчихсэн, улсаараа балрах байсан.
- Харин ч бид нар хатуу газардах ёстой байсан эдийн засгийг зөөлөн газардуулж, хасах биш өсөлттэйгээр хүлээлгэж өгсөн.
- Манай хуулийн байгууллага хариуцлагатай байх ёстой. Шалгаж шалгаж “Өө хэрэг биш байна”, эсвэл баахан мөнгө идчихсэн гээд байдаг нөгөөх нь шүүх дээр нотлогддоггүй.
- Хуулийн байгууллагын ажил “Барак” байж болохгүй.
- Зөвхөн түүхий нүүрс зараад байвал улс хөгжихгүй.
- Одоо түүхий эдийн үнэ өсөж байна Ардын намынхаан. Тэр нүүрсээ зараад ард түмэнд ногдол ашгийг нь тараа гэж хэлэх байна.
- Би хувьцааны ашгийг хүртмээр байна. Надтай адилхан 3 сая хүн байна.
- Би шүүх дээр ялна. Үндсэн хууль миний талд байгаа.
- Чи юу хийсэн юм бэ, Ч.Сайханбилэгээ үүнийгээ залруул гэж би хэлсэн.
- Ч.Сайханбилэг Засгийн газрын хуралдаанаар шийдсэн асуудлаа хүссэнээ надад хэлж, хүсээгүйгээ надаас нуучихдаг.
- Эрдэнэт үйлдвэр монголын талд шилжсэн нь туйлын зөв.
- МАН Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Хятад авсан гэж гүтгэсэн.
- МАН шударгаар өрсөлдөж, ялах хэрэгтэй. МАН энэ луйвараа боль.
- Намайг шалгаж байгаа. Гэхдээ битгий ийм хөгийн юмаар оролд.
- МАН өнгөрсөн зургаан сараас хойш сайхан амьдруулсангүй. Сангийн сайд нь мөнгөгүй гэхээр ченжүүд тоглолт хийсэн
- МУ аж үйлдвэрээ дэмжихийн тулд нэг хувийн хүүтэй мөнгө хэзээ ч зээлж байгаагүй. Үүнийг бид өгсөн.
- Ч.Сайханбилэгт намын даргаа өгчихвөл Таван толгойгоо хулгайлаад явчихна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан даргалан явуулж байна. Хуралдааны эхэнд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байгаа юм. Уг тогтоолын төслийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн танилцууллаа.
Тэрбээр "Сонгуулийн тухай хуулийн 16.3 дахь хэсэгт “Ээлжит сонгуулийг санал авах өдрөөс 150 хоногийн өмнө зарлана. Мөн ээлжит сонгуулийг санал авахаас 65 өдрийг товлон зарлана” гэсэн байдаг. Тиймээс СЕХ ээлжит сонгуулийг зарлах, тов зарлах талаар УИХ-д энэ сарын 18-ны өдөр саналаа хүргүүлсэн гэлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Тиймээс “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд “Ерөнхийлөгчийн ээлжит с онгуулийг 2017 оны хоёрдугаар сарын 17-ноос эхлэн, санал авах ажиллагааг 2017 оны зургааадугаар сарын 26-ны өдөр, гадаадад амьдарч байгаа иргэдийн саналыг зургадугаар сарын 10-11-ний өдөр явуулахаар товлон зарласугай” гэж дурджээ.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувийн саналаар тогтоолын төслийг дэмжсэн юм.
Өнгөрсөн 7 хоногт Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр Нүхтийн амны зургаан айлд хулгай орж, тэрбум төгрөгийн үнэтэй алтан бурхан, соёлын хосгүй үнэт эдлэлийг хулгайлсан хэрэг гарсан билээ. Тодруулбал УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, "Гацуурт"-ын Л.Чинбат нарын гэрт БНСУ-ын иргэн Пак гэгч орж их хэмжээний бурхан хургайлсан билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн гэрт дахин хулгай оржээ.
Энэ удаад хулгайч нар түүний гэрээс олон тооны мөнгөн аяга, эхнэрийнх нь үнэт зүйлсийг хулгайлсан аж. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж эхэлжээ байна.
Энэхүү хулгайн хэргийн талаар УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгаас тодруулахад “Хэргийг холбогдох байгууллагууд шалгаж байна. Энэ талаар одоогоор илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Уучлаарай” гэв.
Дэлхий дахинд: Обамагийн бодлого шийдвэр Трампын ажилд хаалт болж байна
АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама Цагаан ордноос явахаасаа хэдхэн цагийн өмнө $221 саяыг Палестиний эрх баригчид руу шилжүүлэх шийдвэр гаргасан нь ил болжээ.
Уг шийдвэрийг нь Конгресс дахь Бүгд Найрамдах Намын зарим гишүүд эсэргүүцэж хориг тавиад байна. Ийм шийдвэр гаргаж байгааг Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Пүрэв гарагийн орой зарим хууль тогтоогчдод амаар мэдэгдсэн аж. Хариналбан ёсны мэдэгдлийг Баасан гарагийн өглөө Дональд Трампыг тангараг өргөхөөс хэдхэн цагийн өмнө Конгресст илгээсэн байжээ.
Үүнээс гадна $6 саяыг цаг уурын өөрчлөлттэй тэмцэх хөтөлбөрт, $1.25 саяыг НҮБ-ын байгууллагуудад шилжүүлсэн байна.
Палестиний эрх баригчдад зарцуулах хөрөнгө 2015, 2016 оны төсөвт суусан байгаа тул сөрөг хүчнийхэн хэчнээн хориг тавилаа ч ерөнхийлөгчийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй гэнэ.
Энэ шийдвэр Конгрессийн гишүүдээс гадна Трампын засаг захиргааны хүчтэй эсэргүүцэлтэй тулгарах нь тодорхой. Шинэ ерөнхийлөгч Дональд Трамп нь Израйлийн засгийн газрыг хүчтэй дэмжихээ амладаг ба ерөнхий сайд Бенжамин Нетаньяхуг ирэх сард Вашингтонд айлчлахыг урьсан юм. Тэр бас Израйль дахь АНУ-ын элчин сайдын яамыг Тел Авиваас Иерусалем хот руу нүүлгэх тухайгаа амлаж байв.
Израйль-Палестиний асуудалд АНУ-ын хуучин, шинэ ерөнхийлөгч нар эрс ялгаатай байр суурь баримталж байгаа нь эндээс харагдаж байгаа юм.
Өнгөрсөн сард НҮБ-ын аюулгүйн зөвлөл зүүн Иерусалемд Израйлчуудын суурьших үйл явцыг олон улсын хууль тогтоомжинд нийцэхгүй гэж үзсэн тогтоол гаргахад Израйлийн ерөнхий сайд Нетаньяху уг шийдвэрийг “Обамагийн явууллага” хэмээн хатуу шүүмжилж байжээ.