8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Эрдэнэбат: Монголд оффшорын гэх хууль хэрэгжих боломжгүй

Сэтгүүлч Т.Хулан
2017-01-26 10:35:00

Засгийн газраас өргөн барьсан оффшорын гэж нэрлэсэн хуулийн төслийг УИХ санаачлагчид нь буцаасан. Энэ хуулийн үндсэн нэр нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төсөл юм. Хуулийн төсөл гурван зүйл заалтаас бүрдсэн бөгөөд яагаад ингэж маргаан дагуулж, хуулийг буцаахад хүрсэн бэ гэдэг асуулт олон нийтийн дунд байгаа юм. 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө санаатай болон санамсаргүйгээр Монголын улстөрчид, бизнес эрхлэгчид болон тэдний ах дүү хамаатан садны гадаад дахь дансны мэдээллүүд олон нийтэд ил болсон. Өөрөөр хэлбэл, оффшор бүсэд багтдаг улс орнуудад манай улсын хэд хэдэн улстөрч данстай гэдэг нь ил болсон. Гадаадад, дотоодод данстай байх, үгүй нь хувь хүний эрх ч төрийн өндөр албан тушаалтнууд нь гадаадын оффшор бүсэд их хэмжээний данс нээлгэж, мөнгө хадгалж байгаа нь яаж ч харсан хардлага төрүүлэхээр. Авлигад авсан мөнгөө татваргүй дансанд нуусан уу, улсын мөнгө шамшигдуулсан уу гэх зэргээр олон нийтийн хардлагад өртөж байсан. Тиймээс Засгийн газраас улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнуудын гадаадад данс эзэмших, хувь нийлүүлэх, мөнгө байршуулах зэрэг асуудлыг нь таслан зогсоохоор оффшорын хууль өргөн барьсан юм. Тэгвэл уг хуулиар УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран энэ сарын 23-ны өдөр Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцсоноос гадна УИХ-ын гишүүд, Хууль зүйн яамны төлөөллүүд, хуульчид оролцсон юм.

Энэ үеэр нэгэн сонирхолтой асуудал хөндөгдсөн нь оффшорын гэх хууль хэрэгжих боломжгүй тухай яриа байв.



ҮНЭХЭЭР ОФФШОРЫН ХУУЛЬ ХЭРЭГЖИХ БОЛОМЖГҮЙ ЮУ. ЭНЭ ТАЛААР МЭРГЭЖИЛТНҮҮД ЯМАР ТАЙЛБАР ХИЙСНИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.

УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат: Гадаад улсад данс эзэмшиж байгаа нь нотлогдвол төрийн албанаас чөлөөлөх юм байна.Тэгвэл гадаад улсад данс эзэмшиж байгааг нь яаж нотлох вэ?

 

- Аль нэгэн хүнийг оффшорт данстай эсэхийг нь мэдэхээр тухайн улсын хуулийн байгууллага руу хүсэлт хүргүүлэхэд “Та нар аль банкны ямар дансанд байгаа мөнгийг асуугаад байна вэ” гэж асуудаг. Бидэнд ийм ойлголтын зөрүү бий. Нуулгүй хэлэхэд манай улсад ийм Ерөнхий хүсэлт ирэхэд “Тодорхой болгож ирүүлнэ үү” гээд буцаадаг. Энэ бол олон улсын эрх зүйн түвшинд аль, алинд байгаа тулгамдсан асуудал. Хэрэгтэй гэвэл энэ бичиг баримт ямар ач холбогдолтой юм бэ, хийж байгаа ажиллагаанд тань ямар хамааралтай юм бэ гэдэг. Монгол улсын эрх зүйн орчны хүрсэн түвшин бидэнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд бүрэн хангалттай бишээ. Эрүүгийн байцаан шийтгэх хууль нь “Бидэнд эд зүйл, нотлох баримтыг авч өгнө үү” гэж хүсэх хэмжээнд байна. Эрх зүйн туслалцаа хүсэх гэрээний хэмжээ нь тухайн хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай мэдээ, мэдээллийг авах түвшинд хүрээгүй байна. Эрүүгийн хэрэгт үзүүлэх эрх зүйн туслалцааны  хүрээнд хөрөнгө буцаан авах, шилжүүлэн өгөхтэй холбоотой үр дүнтэй механизмтэй болъё гэвэл нэн тэргүүнд эрүүгийн хэрэгт мэдээлэл солилцох эрх зүйн механизмүүдийг илүү оновчтой ашиглах, мэдээллээ авах арга хэрэгсэлтэй болох хэрэгтэй. Хэрэв ийм арга хэрэгсэлтэй болж чадахгүй бол бидний яриад буй асуудал хэрэгжихэд их л төвөгтэй болно. Би өөрийнхөө хувийн байр, сууриа илэрхийлэхэд гадаад улсад данс эзэмшиж байгаа нь нотлогдвол төрийн албанаас чөлөөлөх юм байна. Тэгвэл гадаад улсад данс эзэмшиж байгааг нь яаж нотлох вэ?. Эрүүгийн хэрэгт үзүүлэх эрх зүйн туслалцааны даалгавар хүсэлтийн хүрээнд энэ тухай бид олж мэдэж чадахгүй. Манай ийм албан тушаалтай хүн танай улсад данс эзэмшиж байна уу гээд хүсэлт явуулах боломж гурван утгаар байхгүй. Нэгдүгээрт, энэ хүнд эрүүгийн хэрэг үүсээгүй бол хүсэлт явуулж болохгүй. Хоёрдугаарт, данс эзэмшиж байгаа юу гэж асуувал “Ямар ерөнхий асуулт вэ. Хаанахын ямар банкинд ямар данс эзэмшиж байгаа талаар асууж байна вэ” гэдэг хариултыг аваад буцна. Гуравдугаарт, “Танай улсад данс эзэмшиж байна уу” гэдэг мэдээллээ ч олж авч чадахгүй. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн байгууллагатай хамтрах эсвэл өөр бусад ямар нэгэн аргаар хэн нэгнийг гадаад улсад данс эзэмшиж байгаа мэдээллийг олж авлаа гэхэд оффшорын хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн алинаар нь ч тэр хүнд эрүүгийн хэрэг үүсэхгүй. Эрүүгийн хэрэг үүсээгүй бол гаднаас мэдээлэл авах ямар ч боломж байхгүй. Юуны өмнө гадаад улсад данс эзэмшиж байгааг нь тогтоох процесс хийгдэх ёстой. Үүнийг хууль эрх зүйн орчноор зохицуулах ёстой.

ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг: Гадаад улсад данстай байгаа хүмүүс уг хууль хэрэгжиж эхэлснээс хойш гурван сарын дотор дансаа хаалгах, мөнгөө татах ёстой

 

- 39800 албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлгээ жил бүр гаргаж өгч байгаа. Үүнийг АТГ хянадаг. Тэд уг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн гадаад болон дотоодод эзэмшиж байгаа дансны мэдүүлгээ өгөх ёстой. Үүнийгээ мэдэгдэх ёстой. Оффшорын хуулийн төслөөр цаашдаа төрийн албанд ажиллаж байгаа тодорхой албан тушаалтнууд гадаад улсад данс нээх, мөнгөн хөрөнгө байршуулах эргээд хувь нийлүүлж болохгүй. 39800 албан тушаалтанг бүгдийг нь хамруулах уу үгүй юу гэдгийг дахин ярилцана. Одоо гадаад улсад данстай байгаа хүмүүс уг хууль хэрэгжиж эхэлснээс хойш гурван сарын дотор дансаа хаалгах, мөнгөө татах ёстой. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш нийтийн албанд томилогдсон хүнд мөн гурван сарын хугацаа өгнө. Албан тушаалдаа очсоны дараа дансаа хаалгаж, хөрөнгөө татах ёстой. Хэрвээ заасан хугацаанд дансаа хаахгүй бол сахилгын арга хэмжээ авна.  Цаашлаад мөнгөний эх үүсвэрээсээ шалтгаалаад ямар шийтгэл хүлээх нь Эрүүгийн хуулийн дагуу тодорхой болно. Хуулийн зохицуулалтгүй байхад ёс зүйн хариуцлага хүлээгээд өнгөрдөг байсан бол одоо хуулийн хариуцлага хүлээдэг болно л гэсэн үг. Хэрвээ гадаадад данстай гэдэг нь тогтоогдвол төрийн албанд ажиллах эрхийг хасна. Албан тушаалаас нь огцруулна. Татварын хөнгөлөлттэй, огт татваргүй, эсвэл банк санхүүгийн нууцлалын таатай орчинд бизнес эрхлэхийг үгүйсгээгүй. Энэ бол дэлхий нийтийн жишиг. Төрийн албан хаагчид нэр холбогдоод сөрөг ойлголт гарч байгаа учраас ингэж зааг гаргаж байгаа юм. Оффшор бүсэд данстай хүн төрийн албанд орох, эсвэл улс төрд нэр дэвшихээр болбол урьдчилан мэдээлэх үүрэгтэй. Мэдээлсэн тохиолдолд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэхгүй. Дэлхийн нийтийн жишиг ч ийм байгаа. Тухайлбал, ОХУ төрийн албанд орж байгаа хүмүүстээ нь гурван сарын дотор бүх хөрөнгө, орлогоо хуулийн дагуу болгох эрх олгодог юм билээ. Гадаад дахь дансанд байх мөнгөө ямар эх үүсвэрээр олсноос шалтгаалаад эрүүгийн хариуцлага ч тооцох боломж бий.

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
MONGOLD HUULI 3 HONOG GEJ MEDEH vv YAG HEREGJIJ HARAGDAA CH
2017/01/26 122.201.31.224
Zochin
Ofshordood baigaa ychraas l yamar oron mungu zeeldyyleh ve dee.Shyyd heden hynii karmand oroh ium baina l gej bodno bizdee.Hyyli baih heregtei.deerees ni tomchyyd gadaadad emchilgee hiilgehee ch boli
2017/01/26 49.0.206.85
  • Recent
  • Most Read
  • Most Comment