Хүний амьдралын аз жаргал хаана байдаг юм бол. Хаана байгааг мэдэхгүй хэрнээ тэр аз жаргалыг бүгд л хүлээдэг. Аз жаргалын төлөө тэмүүлж амьдардаг. Энэ ертөнц тэр чигээрээ л аз жаргалын эрэл. Аз жаргалыг хайж амьдарч байгаа түм, буман хүмүүсээр дүүрэн. Хүн зовлонгоо ярих мөртлөө аз жаргалтай байгаагаа барагтай бол анзаардаггүй. Тэгвэл таньд зөвлөхөд аз жаргалыг алсаас бүү хай, аз жаргал таны дэргэд байгаа шүү.
Аз жаргал гэж юу вэ?
Хийж бүтээснээ эргэж хараад хоолой зангиран баярлах тэр агшинг
Хөдөө нутгийнхаа тал дээгүүр хөл нүцгэн таваргах тэр мөчийг
Хөдсөн дээлэнд хөрвөөчихөөд хөөстэй баананд суух тэр агшинг
Халуун янагийн дарс хормой дор буудах тэр хормыг аз жаргал гэнээ.
Халуун ам бүлээрээ бүгдээрээ хамтдаа амьдрах тэр амьдралыг
Хөнгөн хөгжмийн эгшигт гуниглан суухдаан ухаарсан тэр ухаарлыг
Хөөрхөн сайхныг хослуулан төрөөд дурлалын галд оч болон үсчихийг
Хосоор туулах амьдралд халж хөрсөн тэр сэтгэлийг ч аз жаргал гэнэ. Аз жаргалтай хүн бүрт зориулсан Монголын нэг өдөр тоймоо хүргэж гэж байна. Тойм мэдээлэлээ хүлээн авна уу.
South China Morning Post: Монголын засгийн газар 2011-2015 онд 84 сая ам долларыг утаатай тэмцэхэд зориулсан
“South China Morning Post” вебсайтын “Зүүн Ази” булангийн онцлох нийтлэлд өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон “Боож үхлээ” жагсаалыг онцлон уншигч олондоо хүргэжээ. Тэгвэл чухал.мн вебсайтын уншигч та бүхэндээ тус нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Мянга, мянган жагсагчид бямба гарагийн өдөр нийслэл хотын төв талбайдаа засгийн газрыг эсэргүүцэн, агаарын бохирдолоо бууруулахад нөлөө бүхий алхам авахыг шаардан жагсжээ. Дунджаар 7000 гаруй иргэн цугларч, утааны эсрэг амны хаалт, хорт утааны багийг зүүж, эсэргүүцэлээ илэрхийлэв. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо бямба гарагт хасах 20 хэмийн хүйтэн байсан ч өөрсдийн дуу хоолойны илэрхийлэл болсон хар агаарын шаарыг төрийн ордны гадаа хашаанд өлгөж, эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
Жагсагч олны дунд олон төрлийн уриа, лоозон бүхий самбарыг барьж байв. Тухайлбал жагсагчдын дунд “Сэр, утааг үнэрлэ” гэсэн самбар барьсан нь онцлог байлаа.
Улаанбаатар хот нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэлийн нэг бөгөөд 1.3 сая иргэн амьдардаг. Ард олон гэртээ дулаан байж, хоол хийж идэхийн тулд түүхий нүүрс, автомашин болон бусад өөрөө явагч хэрэгслийн дугуй, хуванцар сав зэргийг түлж, хэрэглэдэг байна.
Мөн Улаанбаатар хотыг тойрон хүрээлсэн дугуй цагаан гэр хороололын иргэд дулаан байхын тулд олон цагаар түүхий нүүрс хийж, үлдээдэг байна. Ингэснээр орчин бохирдож, агаарын чанар муудаж байгаад жагссан олон эмзэглэж байв. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
С.Эрдэнэ: Би мөнгө тараагаагүй ээ. Мөнгө тараасан байвал намын даргын албан тушаалд очихгүй
Ардчилсан намын даргыг сонгох сонгууль өчигдөр орон даяар болж олонхийн саналаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ялалт байгуулсан. Сонгуулийн үр дүнгийн талаар тус намын дарга З.Энхболд болон шинэ даргаар сонгогдоод буй С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, нэр дэвшигч Ж.Батзандан, ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, намын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар нар мэдээлэл хийлээ.
Хурлын эхэнд З.Энхболд “Нэр дэвшигчдээс С.Эрдэнэ, Ж.Батзандан нар хүрэлцэн ирлээ. Харин нөгөө гурван нэр дэвшигч маань урд шөнө их ядарсан учраас босч амжаагүй байна. Санал хураалтад оролцсон нийт гишүүдийн олонхийн саналыг авч ялалт байгуулсан С.Эрдэнэд баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүсье. Фракциуд, олигархиуддаа дарлуулсан намын даргыг сонгох асуудлыг гишүүдэд нь шилжүүлж өгсөн. Тэгэхээр С.Эрдэнэ дарга цаашдын шинэчлэлийг гүнзгийрүүлэн хийнэ” гэж тодотголоо.
Энэхүү сонгуульд Ардчилсан намын шинэчилсэн бүртгэлд хамрагдсан саналын эрхтэй 120,703 гишүүдийн 85,939 нь санал өгч ирц 71.2 хувьтайгаар дүнг гаргалаа. Өглөөний 05.00 цаг хүртэл аймаг, дүүргийн сонгуулийн хороодоос саналыг авч нэгтгэсэн. Нэр дэвшигчид нийт 8350 онооноос хамгийн их оноог цуглуулахын төлөө өрсөлдөж нийлбэр дүнгээр Н.Алтанхуяг -2033,08, Ж.Батзандан-1110,77, Л.Гантөмөр-1417,83, С.Эрдэнэ-2928,92, Д.Эрдэнэбат- 857,22 оноог тус, тус авсан гэж сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар хэллээ.
Ялалт байгуулж намын дарга болсон С.Эрдэнэ энэ үеэр “Сонгуулийн дараа ялагдлын байдалтай байсан Ардчилсан нам маань энэ удаагийн сонгуулиар хөл дээрээ бослоо. Цаашид улс төрийн идэвхтэй үйл ажиллагаатай байна. Хамт өрсөлдсөн дөрвөн нөхөртөө баярлалаа. Бид таван тийшээ салаагүй. Нэгэн үзүүрт зүтгэж ирсэн. Бид тавын хэн ч ялсан бусад нь дэмжиж ажиллана гэсэн зарчимд нэгдсэн байсан. Миний хувьд намын үндсэн дүрмийн болон бүтцийн шинэчлэлийг яаралтай хийхээс ажлаа эхэлнэ. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн байгаа учраас яаралтай зохион байгуулалтын ажлыг эхлүүлнэ. Хоёрдугаар сарын 12-нд Ардчилсан намын долдугаар Их хурал хуралдана. Энэ ажилд бэлтгэхээс эхлээд их том ажил байна. Эрхэм дөрвөн нөхөр болон намынхаа мянга мянган гишүүдтэйгаа хамтарч ажиллана. Сонгуулийг зохион байгуулсан сонгуулийн хороо, намын удирдлагууддаа талархлаа илэрхийлье хэмээлээ. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
ОХУ руу зорчих иргэдийн анхааралд
Монгол Улс, ОХУ-ын иргэд2014 оноос 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчиж байгаа. Тэгвэл нэг сараас дээш хугацаагаар ОХУ-д зорчих бол зохих ангиллын визийг урьдчилан авах шаардлагатай болжээ. Үүнтэй холбогдуулан тус улсын Элчин сайдын яамнаас ОХУ-д түр хугацаагаар зорчихоор төлөвлөж буй иргэдэд зориулан зөвлөмж гаргажээ. Үүнд:
-Гадаад паспортын хүчинтэй байх хугацааг шалгаж байх, хэрэв зургаан сараас доош хугацаа үлдсэн бол паспортаа сунгуулах
-ОХУ-ын хилээр нэвтрэхэд бичиж олгодог цагаачлалын картыг (миграционная карта) ОХУ-ын хилээр буцаж гарах хүртэл хаяж үрэгдүүлэхгүй байх
-ОХУ-д зорчих хугацаанд долоо хоногийн дотор бүртгэл хийлгэх журамтай тул түр байрласан газрынхаа хамгийн ойрын шуудангийн салбар, байрласан зочид буудал, эсхүл ЭСЯ-ны Консулын хэлтэст ирж бүртгэл хийлгэх
-ОХУ-д зорчихын өмнө Монгол Улсын ГХЯ-ны Консулын газрын consul.mn вэбсайтаар орж гадаадад зорчих иргэдэд зориулсан “Сэрэмжлүүлэг”-тэй танилцаж байх
-ОХУ-аар дамжин Европын болон бусад улс руу зорчихдоо тухайн улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас виз урьдчилан авахыг зөвлөлөө. Мөн зараар дамжуулан Европын оронд зорчих виз, хуурамч баримт бичиг авч ОХУ-ын хилээр дамжин гарах оролдлого хийснээс ОХУ-ын Эрүүгийн хуулийн дагуу баривчлагдах, хоригдох, ял шийтгэл авах тохиолдол гарч байгааг анхааруулсан байна. Түүнчлэн танихгүй хүнээс битүүмжилсэн баглаа боодолтой эд зүйлс авч явахгүй байх зэргийг анхаарууллаа.
Үүнээс гадна ОХУ-д амьдарч буй болон түр хугацаагаар зорчиж буй иргэд ЭСЯ-тай яаралтай холбоо барих, консулын туслалцаа авах хэрэг гардаг. Ийм үед 8 (499) 252-78-67, 8 (499) 241-15-57 гэсэн факс, утсаар холбогдож болох юм байна.
1, 6-аар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч маргаашийн дотор татвараа төлнө
Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль”, “Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд жил бүр албан татвар төлдөг. Ингэхдээ улсын дугаарын төгсгөлийн тооноос хамаарч сар бүрд хуваарилж өгөх учиртай. Хуулийн дагуу 1 дүгээр сард 1, 6-аар төгссөн улсын дугаартай жолооч нар татвараа төлж байгаа билээ. Хуулийн хугацаа маргааш дуусах учраас 1 болон 6-аар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нар маргаашийн дотор татвараа төлөх ёстой юм. Ирэх сард 2, 7-оор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нар маргаашийн дотор татвараа төлнө.
Тодруулбал, жолооч таны автомашины улсын дугаар:
- 1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
- 2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард
- 3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард
- 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
- 5,0 тоогоор төгссөн бол тав дугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Ядарсан жолооч зам тээврийн осолд өртөх магадлалтайг судлаачид тогтоожээ
Нийт зам тээврийн ослын 40-70 орчим хувийг "Жолооч хөдөлмөрийн чадвараа алдсан" үедээ буюу "Хэт ядарсан үедээ" гаргадаг гэж судлаачид үздэг.
“Жолоочийн хөдөлмөр” өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой бөгөөд жолооны ард удаан хугацаагаар суух нь биеийн хүчний хөдөлмөр хийсэнтэй адил гэж тооцогддог.
Учир нь жолооч хөдөлгөөний нөхцөл, орчны байдалд үнэлэлт өгөх, түүнд зохицсон шийдвэр гаргах зэрэг мэдээллийн ачаалалд орохоос гадна нуруугаа бөхийлгөж, гараа сунгаж удаан явснаар цусны хэвийн үйл ажиллагаа алдагдаж амархан ядаргаанд ордог байна.
Хөдөлгөөний эрчимээс ихэнхдээ хамаардаг мэдээллийн ачаалал нь ядаргааны эх үүсвэр болдог төдийгүй бие болон сэтгэл зүйн үзүүлэлтэнд сөргөөр нөлөөлж бухимдах, уурлах, хэн нэгэнд уур омгоо гаргах зэрэг таагүй орчинг бий болгохоос гадна осол, зөрчилд холбогдох нөхцлийг бүрдүүлдэг байна.
Амрахгүйгээр удаан явах, 12 цаг буюу түүнээс дээш хугацаагаар өдөр бүр ажиллах нь хэт ядаргааны шалтгаан болдог.Ядарсан жолооч зам тээврийн осолд өртөх магадлал туйлын өндөр байдаг тул МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 дугаар зүйлд "...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх"-ийг хориглосон байдаг.
Иймд жолооч та хөдөлгөөнд 3-5 цаг оролцох үед нэг цаг тутамд 5-10 минут завсарлага авч амрах, бүхээгийн температур, суудал, дуу чимээ зэргийг зөв тохируулснаар хөдөлмөрийн чадвар хадгалагдаж, ядарсан болон хэт ядарснаас үүдэх зам тээврийн осол буурах үндэстэй юм. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Худалдан, борлуулах зорилгоор бөхөнгийн эвэр тээвэрлэж явсныг илрүүллээ
Худалдан, борлуулах зорилгоор бөхөнгийн эвэр тээвэрлэж явсныг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Тодруулбал Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын харьяат Э гэгч нь бөхөн гөрөөсний 78 ширхэг эврийг бусдад худалдан борлуулах зорилгоор тээвэрлэж явсан хэргийг Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байна.
Сэжигтэн Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.2-т заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Бээжинд “Цагаан сар”-ын өдрүүдээр утаа оргил цэгтээ хүрч “рекорд” эвджээ
Өнгөрөгч амралтын өдрүүдэд БНХАУ “Цагаан сар”-ын баяраа тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.Баярын өдрүүдэд үйлдвэрийн утаа нэмэгдэж, хүнд металыг гал асаахад ашиглаж байсан талаар олон нийт бухаимдаж байна. БНХАУ-ын Байгаль орчин хамгаалалын судлаачдын үзэж буйгаар баярын өдрүүдэд утаанд агуулагдах хорт бодисын хэмжээ хэвийн хэмжээнээс давсан хэмээн мэдэгджээ.
Яамаас мэдээлж буйгаар агаарт тархсан РМ 2.5 хорт бодисын хэмжээ 547 микрограм куб метр хэмээн тодорхойлсон байна. Энэ бодисын хэмжээ Тиан Жин, Хэбэй мужид ижил байгаа талаар тооцоолон гаргажээ.
Баярын өдрүүдээр жижиг, дунд үйлдвэрлэлийн бизнес эрхлэгчид үүд хаалгаа хааж, томоохон үйлдвэр эрхлэгчид бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ үргэлжлүүлж байжээ. Удирдлагууд агаарын чанарыг нэмэгдүүлэхээр шат дараатай арга хэмжээ авч байгаа ч тодорхой үр дүнд хүрэхгүй байгаад бухимдаж байна.
Эх сурвалж: South China Morning Post
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 42 хүний амь насыг аварчээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд баруун, төв, говь, зүүн аймгуудын зарим нутгаар цаг агаар эрс хүйтэрч, цас орж, цасан шуурга шуурсан. Үүнтэй холбоотойгоор “цасанд суусан, сураггүй болсон” гэх дуудлагаар Онцгой байдлын албаныхан ажиллалаа.
Тухайлбал, Ховд аймгийн Булган сумын Алаг толгой багийн “Дашваанжил” гэдэг газар Булган голын мөсөн дээгүүр зорчиж явсан долоон зорчигчтой суудлын автомашин мөсөнд саатсан, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буурхээр багийн “Гахайн байр” гэдэг газар хоёр зорчигчтой суудлын автомашин, мөн аймгийн Мандал сумын Баянсуудал багийн “Бэрх” гэдэг газар зургаан зорчигчтой суудлын автомашин, Завхан аймгийн Тэс сумын Баян-Уул багийн “Цэцэн” гэдэг газар зургаан зорчигчтой суудлын автомашин, мөн аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн “Гол-Эхний хясааны шил” гэдэг газар гурван зорчигчтой суудлын автомашин, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Долоон даваа” гэдэг газар хоёр зорчигчтой суудлын автомашин тус тус цасанд саатсан, Хэнтий аймгийн Мөрөн сумын Хэрмийн дэрс гэдэг газар иргэн Б /40 настай, эрэгтэй/ малдаа яваад сураггүй болсон гэсэн дуудлагууд ирж Онцгой байдлын албан хаагчид ажиллалаа.
”Насны хишиг” авах ахмадууд ирэх сарын 1-нээс бүртгүүлнэ
Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг энэ сарын 1-нээс хэрэгжүүлснээр 121 мянган ахмадад жилд нэг удаа "Насны хишиг"-ийг олгохоор болсон билээ. Ингэхдээ 65-69 настай ахмадад 50 мянга, 70-79 настанд 80 мянган төгрөг олгох бол 80-89 настай ахмадад 150 мянга, 90 ба түүнээс дээш настанд 250 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор тогтсон юм.
“Насны хишиг” авах ахмадууд ирэх хоёрдугаар сарын 1-нээс иргэний үнэмлэхтэйгээ сум хорооныхоо нийгмийн халамжийн мэргэжилтэнд хандаж бүртгүүлэх боломжтой юм байна. Харин хэвтрийн өвчтэй, биеэр очих боломжгүй хүмүүсийн хүсэлтийг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, асран хамгаалагч гаргах бөгөөд ирэх зургадугаар сарын 30-наас өмнө хүсэлтээ өгөх хэрэгтэй. Ингэж бүртгүүлж чадахгүй бол “Насны хишиг” авах боломжгүй болох аж.
Бүртгэлээ хийлгэсэн иргэд Хаан банк, Төрийн банк, Капитал банкаар дамжуулан мөнгөө авна. Тухайн хүн материлаа бүрдүүлж өгснөөр дээрх гурван банканд нэрийн данс нээгдэх аж. Цагаан сараас өмнө Насны хишиг авах хүсэлтээ гаргасан тохиолдолд хоёрдугаар сарын 15-ны дотор мөнгөө авна. Өөрөөр хэлбэл, материалаа эрт бүрдүүлэх тусам мөнгөө эрт авна л гэсэн үг.
Н.Алтанхуяг, Ж.Батзандан, Л.Гантөмөр нар С.Эрдэнийг эсэргүүцлээ
АН-ын даргад УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр нар нэрээ дэвшүүлж 40 хоногийн туршид сунгаанд өрсөлдсөн. Эцэст нь өчигдөр АН-ын даргыг сонгох сонгууль болж олонхийн саналаар С.Эрдэнэ намын дарга болсон талаар мэдээлэл хүргэсэн билээ. Тэгвэл түүнийг мөнгө тараасан гэж Ж.Батзандан, Л.Гантөмөр, Н.Алтанхуяг нар эсэргүүцэж, АН-ын сонгуулийн хороонд хандан гомдол гаргажээ.