Уул уурхайн яамнаас өнөөдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Сүүлийн хэдэн өдөр “Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ-ын зүгээс Р.Жигжид сайдыг огцруулахыг шаардаж Төрийн ордны гадаа жагсаал хийж байгаа юм. Уг асуудалтай холбогдуулан Р.Жигжид сайд өөрийн байр сууриа илэрхийллээ.
- Онон голын хөвөөнд гадаадын компанид хууль бусаар лиценз олгосон гэж таныг огцорхыг шаардаж “Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ-аас тавьж, суулт зарлаад байгаа?
-Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумдын нутагт орших алтны ордод ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Монгол-Канадын хамтарсан “Гутайн даваа” компани нь 2003 онд тус газарт хайгуул хийх тусгай зөвшөөрлөө авч байсан. Удалгүй тус газартаа Гутайн алтны үндсэн ордыг нээж, нөөцийн тайланг тухайн үеийн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, 3174 тонн алтны нөөцийг Улсын нөөцийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн байдаг юм. Гэтэл тэр үед урт нэртэй хуулийн үйлчлэлийн бүс Ойн сан бүхий газартай давхцаж таарсан. Харин өнгөрсөн хоёрдугаар сарын 18 нд УИХ урт нэртэй хуулийг шинэчлэн баталж, дагалдах журмыг боловсруулсан байдаг. Өөрөөр хэлбэл Гутайн даваа компани дээрх газарт ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хууль эрх зүйн орчин нь тухайн урт нэртэй хууль, түүнийг дагалдах журмаар бүрдсэн байна. Ингээд Ашигт малтмалын газраас Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас гаргасан “Далд уурхайгаар олборлох нөхцөлд Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг харгалзан шийдвэрлэх тул ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход татгалзах зүйлгүй” гэсэн лавлагаанд үндэслэж Гутайн алтны ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг “Гутайн Даваа” компанид өнгөрсөн наймдугаар сарын 13 ний өдөр хуулийн дагуу олгосон.
-Уг төсөл хэрэгжснээр улсад хичнээн төгрөгийн татвар өгч, хэдэн хүнийг ажлын байраар хангах вэ?
-Энэ нь техник эдийн засгийн үндэслэлд тусгагдсанаар таван жилийн хугацаанд 1.3 тн алт олборлон 84.1 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, 205 хүнийг ажлын байраар хангаж, 22.5 тэрбум төгрөгийн татвар хураамж төлж, 30 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах төсөл юм.Төсөлд шаардлагатай хөрөнгө оруулалт нь 14.4 тэрбум төгрөг бөгөөд Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхэд 212 сая төгрөгийг зарцуулахаар тусгагдсан байгаа. Монгол Улс ардчилсан улс. Нийтэд үнэн зөв мэдээлэл өгөх хэрэгтэй. УУЯ ашигт малтмалын газар бүх юм хуулийн дагуу явдаг. Хяналтын чиг үүрэг явуулдаг газрууд байдаг. МХЕГ, ЦЕГ-ын Байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэх алба, орон нутгийн байгаль орчны байцаагч зэрэг хяналт тавьж ажилладаг. УУЯ байгаль орчны төрийн бус байгууллагуудтай хамтарч ажилладаг. Гудамжинд гарч жагсах биш ирээд хамтарч ажиллах хэрэгтэй. Ажил төрлөө яриад юу болж байна юу болохгүй байна. Хэн ажлаа хийж, хэн хийхгүй байна гэдгийг ярьж хамтарч ажилламаар байна.
-Тост, Тосон бумбын талбайг нөөцөд авчээ. Харин уг газарт тусгай зөвшөөрөл авсан байгууллагуудыг яах вэ?
-Нийт 7 тусгай зөвшөөрөл байгаа. Уг 7 зөвшөөрөл нь дандаа хайгуулын зөвшөөрөл байгаа. Энэ зөвшөөрөлтэй газрууд нь ямар нэгэн үйл ажиллагаа явуулж болохгүй. Өөрөөр хэлбэл царцаана гэсэн үг. Гэхдээ бид цуцлах тухай асуудал яриагүй. Ямар ч байсан үйл ажиллагааг нь зогсоож байна. Нөөцөд авсан хугацаа дуусахаар Засгийн газар яах эсэхээ шийднэ. Энэ бол Засгийн газрын бүрэн эрхийн асуудал.
Түүнчлэн хурлын үеэр “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
“Мэдээлэл болгож хэлэхэд гүний уурхайтай холбоотой нийт зардал 4.4 тэрбум ам.доллар юм биш. Нийт шаардлагатай, хэрэгцээтэй зардал нь 6-7 тэрбум ам.доллар байгаа.Үүний 4.4 тэрбум ам.долларыг эхний үед арав гаруй банкуудээс зээлээр авч байгаа. Шаардлага гарах юм бол энэ зээлийнхээ хэмжээг нэмэгдүүлэх бололцоотой. Тэр нь цаг тухайдаа шийдэгдэнэ. Уг нь зэсийн үнэ дээшээ доошоо хэлбэлзэж, бололцоотой мөнгөн урсгал хангагдах юм бол орлогоосоо гүйцээнэ гэсэн тооцоотой байна. Монгол Улсад жилд ойролцоогоор нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ” гэсэн юм.