8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Л.Гансүх Ерөнхийлөгчид захидал илгээж, НӨАТ-ын буцаан олголтын мөнгө иргэдийн дансанд орж эхэлсэн өдөр  

2017-02-02 18:50:00

Өнөөдөр Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн өдөр. Тэртээх 124 жилийн өмнө цагаан дээлт Дамдины гэрт мэндэлсэн хүү хожмоо Монгол орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлсөн хувьсгалын үйл хэргийг удирдаж ялалтад хүргэсэн гавьяагаараа монгол түмэндээ үеийн үед дурсагдаж буй түүхэн хүн билээ. 

Тэрээр залуу насандаа Нийслэл хүрээ, Хиагтын өртөөний Хүй-Мандал-Бургалтайн замд улаа хийж байгаад 1911 оны 12 дугаар сард цэрэгт дайчлагдан ирсэн бөгөөд 1912 онд Хужирбулангийн үндэсний цэргийн боловсон хүчнийг бэлтгэх сургуулийг анх нээн байгуулахад орж суралцан 1913 онд төгсгөж пулемёт сумангийн даргаар томилогдож байж ажил амьдралын гараагаа эхэлж байсан түүхтэй аж. Д.Сүхбаатар цэргийн албыг 1912-1918 онд хаасан ба 1918 оноос хууль шастир хэвлэх газар шилжин ажилласан байна. Энэ үеэс тэрээр Хүрээний нууц бүлгэмд элсэж 1920 оны 1 дүгээр сарын 5-нд гамин цэргийн эрхтнүүд Монгол цэргийг татан буулгасны дараагаар Хужирбулангаас Нийслэл Хүрээнд ирж бүлгэмийн ажилд идэвхийлэн оролцох болсон ажээ. 
 
Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө мятрашгүй тэмцэж, ардын хувьсгалыг мандуулахад ард түмнээ хөтлөн жолоодсоны учир Д.Сүхбаатарыг 1922 оны 9 дүгээр сард Ардын эрхт Монгол улсын анхны зоригт баатар цолоор шагнажээ. Тэрээр мөн 1922 онд Зөвлөлт Бүгд Найрамдах Холбоот Орос Улсын Улаан тугийн одонгоор шагнагдсан юм. 1923 оны хоёрдугаар сарын 20-ны наран мандах үед Монгол улсын анхны зоригт баатар насан эцэслэсэн байна. 

Өнөөдрийн “Монголын нэг өдөр” тойм булангаа хүлээн авна уу.

Л.Гансүх: Би эрх чөлөөнд яараагүй, хорт хавдартай эхнэрээ асрах юмсан гэж хоног тоолж сууна

Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс 3,6 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан хэргээр хоригдож байгаа Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүх Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан захидал илгээжээ. Л.Гансүхийг "Нүүрс" хөтөлбөрийн хөрөнгөнөөс их хэмжээний мөнгө завшсан хэргээр буруутган гурван шатны шүүхээс таван жил нэг сарын хорих ял төлөвлөж, Эрүүгийн хуулийн 55-р зүйл штрих хэсгийг үндэслэн гурван жил зургаан сарын хорих ял оноосон билээ. Өнөөдрийн байдлаар Л.Гансүх нь хорих ялынхаа хоёрны нэг буюу хоёр жил орчим хугацааг хорих ангид өнгөрүүлээд байгаа нь магадлангийн шаардлагыг хангаж байгаа аж. Тэрбээр захидалдаа "Таны захиалгаар, таны томилдог АТГ, прокурор, Шүүхийн тодорхой бүлэг хүмүүсийн хилс хэрэг зохион хэлмэгдүүлэн байж өгсөн ялыг чинь миний бие өнгөрсөн оны 11 сарын сүүлээр эдлээд дууссан. Эрүүгийн хуулийн 74-р зүйлийг үндэслэн биеэр эдлэх ялын холбогдох хугацааг дуусгасан, өр төлбөргүй, хэрэг зөрчил ял эдлэх хугацаандаа гаргаагүй учраас хуулийн дагуу хорих ангиас Төв аймгийн прокурор руу 2016 оны 12-р сар, 2017 оны 1-р сард нийт 2 удаа материал явуулсан боловч прокурор миний материалыг шүүх рүү явуулалгүй тухай бүр хорих анги руу буцаан намайг үндэслэлгүй хорьж байна гэсэн байна. 

Захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Шинэчлэлийн Засгийн газрыг унагаах, ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахын тулд тус Засгийн газраас зохион байгуулсан гэр хорооллын иргэдийг хямд, шигшсэн нүүрсээр хангах ажлын зохицуулагчаар ажилласан надад зориудаар зохион байгуулсан хилс хэрэг үүсгэн хэлмэгдүүлснийг Монголын ард түмэн 5 өдрийн турш телевизээр харсан.

Таны захиалгаар, таны томилдог АТГ, прокурор, Шүүхийн тодорхой бүлэг хүмүүсийн хилс хэрэг зохион хэлмэгдүүлэн байж өгсөн ялыг чинь миний бие өнгөрсөн оны 11 сарын сүүлээр эдлээд дууссан.

Эрүүгийн хуулийн 74-р зүйлийг үндэслэн биеэр эдлэх ялын холбогдох хугацааг дуусгасан, өр төлбөргүй, хэрэг зөрчил ял эдлэх хугацаандаа гаргаагүй учраас хуулийн дагуу хорих ангиас Төв аймгийн прокурор руу 2016 оны 12-р сар, 2017 оны 1-р сард нийт 2 удаа материал явуулсан боловч прокурор миний материалыг шүүх рүү явуулалгүй тухай бүр хорих анги руу буцаан намайг үндэслэлгүй хорьж байна.

Статистик дурьдвал Төв аймгийн шүүхээс 2016 онд 185 хүнийг тэр дундаа миний хоригдож буй ангиас 41 хүнийг энэ хуулиар тэнсэн харгалзаж сулласан байна. Энэ ангид хоригдож байсан УИХ-ын гишүүн асан Ц.Батбаярыг энэ хуулиар хорих ангиас хүсэлт нь очиход прокурор дээр 1 хоногийн дотор шүүх дээр 5 хоногийн дотор шийдэн сулласан байдаг. Гэтэл хамгийн сүүлд 2017 оны 1 сард энэ хорих ангиас 7 хүн прокурор руу очиход 6-г нь цааш нь шүүх рүү явуулаад ганцхан намайг буцааж надад үндсэн хууль, эрүүгийн хуулиар олгогдсон эрхийг минь эдлүүлэхгүй 2 сар боллоо.

Хэрэг хийгээгүй байж танай хуулийн мафийн өгсөн ялыг эдэлж суухдаа өөрөө эрх чөлөөтэй болохдоо яарсан биш хорт хавдартай үлдсэн эхнэрээ хурдан гарч эмчлүүлж асарч сувилах юмсан гэж өдөр хоногийг тоолж суулаа. Үүний тулд шүүхээс оноосон Багануурын уурхайд учруулсан “хохирол” гэгч олон зуун сая төгрөгийг байраа барьцаалан зээл авах, найз нөхдөөсөө тусламж, хандив авах замаар төлж барагдуулсан. Мөн хоригдох хугацаандаа элдэв зөрчил гаргаагүй.

Таны хугацаа дуусахад хэдэн сар дутуу боловч нэг өдрийн өмнө ч гэсэн прокурор, хууль, хүчний байгууллагаас савраа татаж, эдний нэр хүндээр шал арчиж, хуулийг гууль болгохоо зогсоож миний үндсэн хууль, эрүүгийн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэхийг хүсье.

Одоо хуулийн дагуу 3 дахь удаагаа прокурорт хорих ангиас миний тодорхойлолт очсон байгаа.

Цаашид ийм байдлаар намайг магадланд оруулахгүй үндэслэлгүйгээр хориод байвал өлсгөлөн зарлаж тэмцэхээ мэдэгдэж байна. Өөрөө шоронд юу ч хийж чадахгүй байж байгаад эхнэрээ алдсанд орвол энэ шударга бус зүйлсийг чинь засахын төлөө бидний амь хэрэгтэй бол ав гэж хэлье.

Монгол Улсын иргэн Л.Гансүх

2017 оны 2 сарын 1

Жич: Хувийг өмгөөлөгч Э.Мөнхдаваа, Ц.Баасандорж нарт.

Б.Нанзаддорж: Утаанд зарцуулсан 300 тэрбум төгрөгөөр 20 мянган айлыг орон сууцжуулах боломж байсан

Манай улсад сүүлийн арав гаруй жил утааны асуудал хурцаар яригдаж энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж нийтдээ 300 гаруй тэрбум, төгрөг төсөвлөсөн ч өнөөдөр үр дүнгээ өгсөнгүй. Нэг үгээр хэлбэл 300 тэрбум төгрөг салхинд хийссэн гэхэд буруудахгүй.  Энэ 300 тэрбум төгрөгөөр орон сууцжуулсан бол хэчнээн айл өрх байртай болж болох байсан талаар Монголын барилгын инженерүүдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Нанзаддоржтой ярилцлаа.

-Өнгөрсөн хугацаанд утаанд 300 тэрбум төгрөг зарцуулсан ч үр дүнгээ өгсөнгүй. Энэ мөнгөөр орон сууцжуулах ажил хийсэн бол хэчнээн айлыг байранд оруулах боломжтой байсан бэ?

Өнгөрсөн хугацаанд утаанд зарцуулсан 300 тэрбум төгрөгөөр орон сууцжуулсан бол гэр хорооллын 20 мянган айлыг орон сууцжуулах боломж байсан. Мөн100 гаруй эмнэлэг, сургууль, цэцэрлэг сургууль барих хэмжээний хөрөнгө мөнгө үр дүнгүй зарцуулсан.

-Айл өрхүүдийн яндангаас гарсан утаа агаарын бохирдол үүсэх гол нөлөө үзүүлж байгаа мэтээр ойлгох нь өрөөсгөл хандлага. Нийслэл хотын агаарын бохирдлын 16 хувийг гэр хорооллын яндангаас гарч байгаа утаа эзэлдэг гэсэн судалгаа байдаг. Үлдсэн хувь нь автомашины утаа, үйлдвэрлэлийн яндангаас гарч буй утаа эзэлдэг. Өнгөрсөн хугацаанд утаанд зарцуулсан 300 тэрбум төгрөг их мөнгө. Энэ мөнгөөр 20 мянган айлыг орон сууцжуулах боломж байсан. Мөн 100 гаруй эмнэлэг, сургууль, цэцэрлэг сургууль барих хэмжээний хөрөнгийг үр дүнгүй зарцуулсан. Манайхан аливаа зүйл хийхдээ ямар ч тооцоо судалгаагүй хийдэг. Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг арилгахаар авч хэрэгжүүлсэн арга, хөтөлбөр үр дүнгээ өгөөгүй бөгөөд судалгаа, мэдээлэл хомс арга ядсан байдлаар хандсан байдалтай арав гаруй жилийг өнгөрөөлөө.  Гэр хороолол яагаад ингэж их болсон гэхээр 1960 онд хүнд болон хөнгөн үйлдвэр бий болж түүнд ажиллах их хэмжээний ажиллах хүч шаардлагатай болсон. Тиймээс орон нутгаас ажилчид оруулж ирсэн. Эдгээр хүмүүсийг  түр хугацаанд байршуулах боломжтой хөнгөн, авсаархан, нүүж буулгахад бага зардал зарцуулах байдлаар шийдэхийн тулд суурьшлын бүс бий болгосон байдаг. Энэ нөхцөл байдал өргөжин  тэлсээр өнөөдрийн гэр хороолол үүссэн.

- Таны бодлоор ямар арга хэмжээ авч ажиллавал хэр хугацаанд утаа арилах боломжтой бол. Санал бодлоо хуваалцана уу?

-Утаа, агаарын бохирдол тийм хурдан хугацаанд арилахгүй. Энэ байдлаар ажиллавал манайх агаарын бохирдлоосоо салахгүй. Агаарын бохирдлоос салахын тулд иргэн, шийдвэр гаргах шатны бүх байгууллага, улс орон хамтдаа хөдөлж урт хугацааны төсөл хөтөлбөр боловсруулах шаардлагатай. Ингэхийн тулд нэгдүгээрт иргэн дутуу шатсан нүүр, түлш хэрэглэхгүй байх, зарим айл өрхүүд элдэв янзын зүйл түлдэг гэж ярьж байна. Иргэд бид хүлэмжийн хий нэмэгдүүлэхгүй байх юм байна, шаталт багатай түүхий нүүрс түлэхгүй байх зэрэг арга хэмжээг хамгийн эхэнд авч хэрэгжүүлэх ёстой. Мөн ухамсраа өөрчлөх нь чухал. Хоёрдугаарт маш их хэмжээний технологийн шинэчлэл хийх шаардлагатай. Энэ ажлыг хийхэд хөрөнгө мөнгө зарцуулах хэрэг гарна. Гэтэл манай улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Ямар ч эдийн засгийн чадамжгүй байна. Утааг арилгах ажил бүх яам, тамгын газрын бодлого төлөвлөж байгаа албан тушаалтнуудын уулзвар цэг дээр байгаа зүйл. Юу гэх гээд байна вэ гэхээр утааг арилгахын тулд эрчим хүч, зам тээвэр, барилга, барилгажуулалт, байгаль орчин, хүнд болон хөнгөн үйлдвэрүүдийг оролцуулах нь чухал. Ингэхийн тулд хөшүүрэг хэрэгтэй. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.  

Талийгаачтай "Женко” Баттулгын хүү Хүлэгүтэй хамт байжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн  нутаг дэвсгэр “Рояал Кэстл” хотхоны 103 дугаар байрны 13 дугаар давхраас Баянгол дүүргийн харьяат 21 настай Х унаж  амь насаа алдсан хэргийн талаар өмнө нь мэдээлсэн. Тус хэрэгт  10 залуу, нэг эмэгтэй холбогдсон гэх мэдээлэл байна. 
Тодруулбал,“Женко” Баттулгын хүү Хүлэгү,  “The colors” хамтлагийн гишүүд байжээ. Тус хамтлагийн гоцлол дуучин Г.Тогтуун  Америк явсан хойгуур энэ хэрэг гарсан бол  бусад гишүүдийг сэжигтнээр татаж мэдүүлэг авсан байна. Тэдэнд 188.2, 192.3.4, 192.2, 192.1-д зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Нэг нь цонхоор унаж байхад хориглоогүй эсвэл мэдээгүй цагдаагийн ажилтнууд гэрт нь орж ирэн  нэг нь  амь насаа алдсан тухай дуулгахад хэн ч цочирдоогүй гэх  зэрэг олон таамаг нь мансууруулах бодис хэрэглэсэн гэж буруутгах шалтгаан болсон бололтой. Бидэнд ирсэн эх сурвалжийн мэдээллээр тус залуус ICE буюу мөс хэлбэрийн хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй гэв. Тиймээс 11 залуугийн шээс, цуснаас шинжилгээ авч баталгаажуулахаар Шүүхийн шинжилгээний хүрээлэнд өгчээ. Хариу 14 хоногийн дараа гарах аж.  Талийгаач залуу  ICE буюу мөс хэлбэрийн хар тамхи хэрэглэсэн үедээ санамсар болгоомжгүй улмаас амь насаа алдав уу, аль эсвэл гадны нөлөө орсон уу гэдгийг хуулийн байгууллага тогтооно. 
С.Цог хар тамхины хэргээр хоёр жилийн хорих ял сонсож байсан ч  өнгөрсөн оны нэгдүгээр сард өршөөлийн хуулиар суллагдсан. Гэвч 12 дугаар сард дахин хар тамхины хэрэгт холбогдож анхан шатны шүүхээр шалгагдаж байгаа гэнэ. О.Чулуунбатын хүү ч мансуурдаг байгаад засарч хүмүүжсэн гэдэг. Төрийн өндөр албан тушаалтан, бизнесмэн олны танил хүмүүсийн хүүхдүүд холбогдох болсон хэрэг энэ мэтээр тасрахгүй байгаа нь тун харамсмаар.  Хуулийн байгуулага болон холбогдох төрийн бус байгууллагууд шат дараалсан арга хэмжээ авч байгаа  боловч ч хар тамхины сүлжээ өргөжих нэг хэлбэр  нь мөнгөтэй хүмүүсийн хүүхдүүдийг уруу татах, донтуулах зорилго лавширсан нь шилээ даран гарах хэргүүд  аюулын харанга дэлдэлсээр байна.  

Б.Энх-Амгалан: Бид давуу талаа хөгжил болгох ёстой

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалантай Эдийн засгийн коридор буюу “Цайны зам” зам хөтөлбөрийн талаар ярилцлаа. Түүний хувьд уг хөтөлбөрийг ажил хэрэг болгох тал дээр ихээхэн анхаарч ажиллаж байгаа юм.

Коридор гэдэг нэр бол үнэндээ тохиромжтой нэр мөн үү биш үү гэдэгт бол би шүүмжлэлтэй ханддаг. Зүй нь бол “Цайны зам” хөтөлбөр л дөө

-Монголчуудын төдийлөн сайн мэдэхгүй эдийн засгийн коридор байгуулах хэлэлцээрт ОХУ, БНХАУ, Монгол улсын төрийн тэргүүн нар гарын үсэг зурсан. Та уг ажилд анхаарал хандуулан ажиллаж буй гишүүний хувьд Эдийн засгийн коридор гэж чухам юуг хэлээд байгаа болоод уг ажлын үр дүнгийн талаар мэдээлэл өгнө үү?

-Монгол Улс далайд гарцгүй орон. Гэхдээ мөнхийн хоёр том хөрштэй. Бид урд талаараа БНХАУ, хойд талаараа ОХУ-тай хиллэж байна. Газарзүйн энэ байршил нь Монгол Улсад давуу, сул хоёр талтай. Далайд гарцгүй орны хувьд заавал хоёр хөршөөрөө дамжиж, дэлхийн худалдааны зах зээлд оролцдог гэвэл сул тал, хоёр талдаа маш том багтаамжтай зах зээлтэй гэж үзвэл давуу тал болно. Давуу талаа хөгжил болгох ёстой. Хүн төрөлхтөний түүхэнд Ази, Европ тивийг холбосон өнө эртний алдарт хоёр зам байсан нь монголчуудын түүх, соёлыг агуулсан алдарт Торгоны зам, 1728 оноос эхлэн 1928 оныг хүртэл Хятадын өмнөд хязгаар Фунчань боомтоос ачаа тээвэрлэн Москва хүртэл явдаг алдарт “Цайны зам” байсан юм. Энэхүү цайны зам Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан эртний Хятадын цай, торго, шаазан болон бусад бараа их Оросын хаанд хүрч улмаар Москвагаар дамжин Европ тивд хүрдэг байсан түүхтэй. Дэлхийн бусад орноос Монгол Улс руу импортлогдож байгаа бараа бүтээгдэхүүний дийлэнх нь БНХАУ-ын Тянжинь боомтоор дамжиж ирдэг ба зарим хэсэг нь ОХУ-ын нутгаар тээвэрлэгдэж ирж байна. Гарах урсгал буюу экспорт мөн адил. Гэтэл хоёр хөршийн хооронд хийгдэж байгаа эдийн засгийн хамтын ажиллагаа, гадаад худалдаа Монголын нутгаар дамжих нь бага, гол төлөв манай нутгийг тойрч байна. Байгалийн хийн хоолой, хурдны авто зам болон төмөр зам, нефть дамжуулах хоолой бүгд Монголыг дайрч өнгөрсөнгүй, баруун, зүүн талаар тавигдахаар байна, үүгээрээ манайх эдийн засгийн үр ашгийн хувьд томоохон боломжийг алдаж байгаа юм.

Монгол-Хятад-Орос гурван улсын нутгаар нэвт гарч өнгөрдөг тээвэр харилцааны хувьд гадаад эдийн засгийн ач холбогдол бүхий Монгол Улсын эдийн засгийн засагт сайн нөлөөтэй гарц гаргахыг л эдийн засгийн коридор гээд байгаа юм. Коридор гэдэг нэр бол үнэндээ тохиромжтой нэр мөн үү биш үү гэдэгт бол би шүүмжлэлтэй ханддаг. Зүй нь бол “Цайны зам” хөтөлбөр л дөө.

-Энэ ажил ямар шатандаа явж байна? Хэдийнээс хэрэгжих боломжтой гэж та харж байгаа вэ? Яаралтай хэрэгжүүлэхийн тулд ямар арга хэмжээг авах шаардлагатай вэ?. Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

Шатахуунаар гал асаах гэж байгаад гурван хүүхэд түлэгджээ

Өнгөрсөн шөнийн байдлаар Цагдаагийн байгууллагад нийт 1443 мэдээлэл шалгагдсанаас, гэмт хэргийн 67, зөрчлийн 904, согтуугийн 200, зам тээврийн ослын 272, дуудлага мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 41 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байгаа аж.

Мөн урд шөнө Баянзүрх дүүргийн XI хороонд 16 настай хүү галаа асаах зорилгоор зуухандаа савтай шатахуун хийж гал алджээ. Гэрт хамт байсан 13 настай Э, 3 настай А болон 16 настай хүү өөрөө түлэгдэж ГССҮТ-д хэвтэн эмчилгээнд орсон байна.

Уг хэрэг дээр Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс ажиллаж байгаа аж.

НӨАТ-ын буцаан олголт эхэллээ: Иргэд дансаа шалгаарай

Энэ сарын 1-нээс иргэд төлсөн НӨАТ-ынхаа 20 хувийг буцаан авахаар болсон билээ. Ингэснээр дундаж орлоготой гэр бүл жилд 600 мянган төгрөг буцаан авах боломжтой юм.

Хөтөлбөр хэрэгжиж эхлэхэд үйлчилгээний байгууллагууд гүйлгээний нэгдсэн баримттай болох ажээ. НӨАТ-аа буцаан авахын тулд иргэд татварын сайтад банкны дансаа бүртгүүлэх шаардлагатай. Мөн худалдан авалт хийх бүртээ гүйлгээний баримтаа бүртгүүлж, хадгалснаар төлсөн нийт НӨАТ-ын 20 хувь дансанд тань жилийн эцэст орох юм.

Тэгвэл Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/ төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын мөнгийг өчигдөр оройноос иргэдийн дансанд шилжүүлжээ.

Дэлхий дахинд: Трампын томилгоо: Рекс Тиллерсон АНУ-ыг ОХУ, БНХАУ-д төлөөлж, Трампын дуу хоолойг хүргэнэ

"Еххон Мобил"-ийн гүйцэтгэх захирал, удирдагч асан Рекс Тиллерсонг АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын суудалд томиложээ. Техасаас гаралтай улс төрч Рекс Тиллерсон 64 настай бөгөөд сенатын суудалд 56-43 саналыг авч улс төрийн гараагаа эхэлсэн.  

Ноён Тиллерсон нь өмнө нь томоохон улс төрийн алба хашиж байгаагүй бөгөөд ОХУ-тай сайн харилцаатай байж чадах цорын ганц улс төрч аж. “Цагаан Ордоны” Дугуй тэнхимд дэд ерөнхийлөгчийн өмнө тангараг өргөж, хандан хэлэхдээ“Энэ цаг мөчийг бүх насаараа хүлээлээ” гэв. 

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон “Ерөнхийлөгчийн албанд зүтгэж, АНУ бүх ард түмний ашиг сонирхлыг дээдлэх болно” хэмээн мэдэгдлээ. 

Рекс Тиллерсон нь ОХУ-ын Роснефтийн дарга асан тэрбумтантай 2013 онд Кремлинд нөхөрлөлийн шийдвэрт гарын үсэг зурж байжээ. Рекс Тиллерсон нь БНХАУ, ОХУ-тай найрсаг харилцаа үүсгэж чадах цор ганц хүн бөгөөд цаг уурын өөрчлөлт, хүний эрхийн асуудлаар хамтран зөвшилцөлд хүрч, Доналд Трампын бодлого үйл ажиллагааг хүргэх дуу хоолой, төлөөлөл нь болох юм. 

Бан Ги Мүүн ерөнхийлөгчийн сунгаанаас нэрээ татлаа

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүүн Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанаас нэрээ татаж байгаагаа гэнэт зарлажээ.

“Би улс орноо нэгтгэх, улс төрийн шинэчлэл хийх ажлыг тэргүүлэх хүсэл зорилгоосоо татгалзаж байна” гэж тэрээр Үндэсний Ассемблейн байранд болсон хэвлэлийн бага хуралд дээр мэдэгдсэн байна.

Тэр цааш нь “Улс төрийн хүрээн дэхь явцуу, амиа бодсон үзэл миний сэтгэлийг гонсойлгосон тул тэдэнтэй цааш цуг ажиллах боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрлээ” гэж хэлжээ.

Бан Ги Мүүн 10 жилийн хугацаанд НҮБ-ын тэргүүний албыг хашиж байгаад нэгдүгээр сарын 12-нд Сөүлд буцаж ирсэн юм. Тэр Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх санаагаа нуухгүй байсан боловч түүнийг болон түүний ойрын хүмүүсийг тойрсон улс төрийн дуулиан, авлигын цуурхлууд тасрахгүй байсан нь ийм шийдвэрт хүргэсэн бололтой.

Эх сурвалж: Korea Times

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Дамдингийн Сүх нь Хятадтай байлдсан 5 замын байлдаанд шалгарч Богдоос Зоригт баатар цол хүртсэн байдаг
2017/02/02 139.5.216.216