8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Батмөнх:Антарктидыг судлахдаа төрөөс нэг ч төгрөгийн дэмжлэг авч байгаагүй

2017-02-06 08:30:00

Антарктид хэмээх сонин ертөнцөд зорчсон Монгол Улсын долоо дахь иргэн, техникийн ухааны доктор, Антарктид судлалын нийгэмлэгийн гишүүн, судлаач, ХХААХҮЯ-ны ахлах мэргэжилтэн Д.Батмөнх уулзаж, танин мэдэхүйн талаас нь сонирхолтой яриа өрнүүлсэнээ хүргэж байна. 

-Антарктид гэхээр маш гунигтай, хүйтэн ертөнц угтана хэмээн би төсөөлдөг. Таньд анх ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

- Сэтгэлзүйгээ өндөр төвшинд бэлтгэж явсан. Тиймээс үлгэрийн оронд оччихсон мэт сэтгэгдэл анх төрж байлаа. Маш хурц нартай, цаг агаар нь огцом өөрчлөгдөнө. Хэдхэн цагийн дотор цасан шуурга, огцом хүйтрэх зэрэг байгалийн олон янзын үзэгдэл болдог. Ийм сайхан байгаль байдаг гэдэгт барагтаа бол итгэмээргүй гайхалтай ертөнц угтсан. Үгээр хэлэхийн аргагүй цэвэр, цэмцгэр толигор орчин оршино тогтноно. Асар том мөсөн уулуудыг хараад гайхаж, сүрдээд гэхдээ их сайхан сэтгэгдэл төрж байлаа. Ер нь энд бүх зүйл хязгаарлагдмал. Тухайлбал, явах, харах, идэх , унтах, ажиллах, амрах, мөн орон байр ч гэсэн. Ганц хязгаарлагдмал биш зүйл бол ус уух. Өдөр шөнөгүй л хүйтэн ус уудаг байлаа.

-Сонин юм их хүйтэн газар халуун зүйл ууж байж тэсвэрлэх юм биш үү?

-Шингэн юм уух бүрдээ л хүйтэн ус ууна. Уг нь хүйтэн газар халуун цай ууна гэж бодож байсан ч хүйтэн ус уугаад сурчих юм билээ. Цэнгэг ус уух нь  эрүүл мэндэд ямар их тустайг л мэдэрлээ. Хоолой өвдөх  асуудал огт байхгүй. Вирусгүй болоод тэр биз дээ.

-Аяллын маршрут сонин санагдаж байна. Антарктидад очиход хэдий хэрийн  хугацаа шаардагддаг вэ?

-Киргыз, Турк, Болгар, Итали, Аргентин, Чили улсыг дамжин Антарктидын Ливингстоны арал дээр хүрсэн. Ази, Европ, Африк зэрэг таван тивээр 60 гаруй мянган км замыг агаар, далайгаар туулж хүрсэн. Антарктидад 10 хоносон, ирж очиход хоёр сарын хугацаа зарцуулсан. Тэнд очиж Болгорын олон улсын Антарктидын 24 дүгээр багтай хамтарч  Монгол улсынхаа баазыг байгуулах, хил заагийг тогтоох зэрэг ажлыг гүйцэтгэсэн. Монголын бааз байгуулах тэр өдөр маш их салхитай байснаас тугаа нэг алдаад барьж  авч билээ. Төрийн далбаагаа дэлгээд зургаа авахуулах ч боломжгүй тийм л хүчтэй салхилж байв.

-Таны Антарктид байсан цаг хугацаа аль улиралд хамаарч байсан бэ?

-Зуны улиралд нь очсон. 12 дугаар сараас хоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг. Нар чанх орой дээр мандаж байсан учраас шөнө болно гэсэн ойлголт байхгүй. Энэ үед хойд туйлд харанхуй үргэлжилдэг. Антарктидад өвлийн улирал эхлэхэд хойд туйлд зун улирал үргэлжилнэ. Цаг агаар  цаг минутаар л хувьсаж өөрчлөгдөнө. Нэг удаа цаг орчим дулаарч 16 хэм хүрсэн нь гайхалтай хэрэг байлаа.

-Тэгвэл цаг агаар нь таашгүйгээр өөрчлөгддөг юм байна. Эрсдэлтай алхам хийж ганцаараа баазаас явах зэрэг үйлдэл хийж болохгүй нь ээ.

-Хязгааргүй орон зайд сэтгэлзүйгээ тайван, тогтвортой байлгах хэрэгтэй юм билээ. Маш болгоомжтой алхам тутамдаа хянуур байх, хамаагүй хол явж болохгүй, хунгар цас ихтэй тул түүн рүү орчихвол гарч ирнэ гэсэн ойлголт байхгүй. Заримдаа юу ч харагдахгүйгээр цасаар шуурна. Тэр үед баазын гадна байвал амиа алдах аюултай.

-Монголчууд дөрвөн улиралтай, Эрс тэс уур амьсгалд учир халуун, хүйтэн газар амархан дасан зохицдог гэдэг. Эрүүл мэндэд өөрчлөлт орж байв уу?

-Цэвэр агаараар амьсгалж, цэнгэг усаар ундлахаар бие ид шидийн гэлтэй эрүүлжих нь гайхалтай. Салхи нэвтэрдэггүй гадуур хувцас, дотроо ноолууран өмд цамцтай уул хадыг даваад их л явсан, өлсөж, ядраагүй. Вирусгүй орчинд хувцас ч хиртэхгүй шүү.  Гэхдээ агаарын хэм огцом өөрчлөгдөнө, цасаар шуурах нь элбэг тохиолддог болохоор хүйтэн агаар амьсгалвал хоолой өвдөх, дотор эрхтэн хөлдөж амь насаа алдсан явдал цөөнгүй гарсан байдаг. Зарим судлаач уушгиа хөлдөөсөн тохиолдол ч бий. Хөлс их гардаг учраас хүйтэн ус их уудаг байсан.

-Далайд олон хоногоор аялах бэрх байх. Далайн өвчин тусах аюултай юу?

-Далайд гарахаас өмнө мухар олгойгоо авахуулсан уу гэж асууж байсан. Заавал  хагалгаанд орох шаардлага тавьдаг юм байна.  Учир нь биед хүчтэй өөрчлөлт орох, мухар олгой үрэвсэх магадлал маш өндөр байдаг юм байна. Миний хувьд хагалгаанд ч орж амжилгүй далайд гарсан. Мөн шүд өвдвөл аюултай гэдэг. Далайд  юм идэхгүйгээр шувт бөөлждөг гэсэн. Гэхдээ манай аяллын багт тийм тохиолдол гараагүй. Усан онгоц  савлана, урагшаа хөдлөөд савлана. Зүйрлэхэд хүүхдүүд савлуураар  тоглодог шиг тийм л мэдрэмж төрөхөөр, давалгаа ихтэй үед  хачин царайлаад явна. Зарим нь эм уугаад явна.  Би очихдоо эм уугаагүй.Чилийн Пуэнто Аренос боомт дээрээс  Испанийн “Hesperides” усан онгоцоор их далайд гарсан.   Биднийг Антарктидад хүргэсэн, мөн эх газарт хүргэсэн Испанийн алдарт “Hesperides” усан онгоц  дээр олон орны судлаач, далайчид нэг гэр бүл шиг хамт байлаа. Энэ хөлөг дээр долоо хоносон. Энэ усан онгоц нь далай судлалын зориулалттай, дотроо олон лабораторийн хэсэгтэй. Ахмадад нь Испанийн эзэн хаан эрх олгосон байдаг. Дрейкийн хоолойг амжилттай давсан гэрчилгээтэй . Дрейкийн хоолой гэдэг бол Атлант, Өмнөд далайн бүлээн хүйтэн ус нийлсэн уулзвар хэсэг. Их давалгаатай өмнөд далайн хамгийн ширүүн урсгалтай.  Усан онгоцноос олсон шатаар доош бууна. Далай их салхитай үед эндээс усанд унах эрсдэл байдаг. Том онгоцноос жижиг завь хооронд давалгаа орж ирэхэд усанд унах ч аюултай. Ийм тохиодол гарсан байдаг.

 Завинаас бууж хэсэгхэн зуурт ус туулж эрэгт гарна. Усны хувцастай тул ямар нэгэн асуудал байхгүй. Гэхдээ их давалгаатай үед жижиг завь болон хүнийг далай аваад явна шүү.

-Олон орны судалгааны багууд тодорхой хугацаанд ажилладаг юм байна. Хүмүүс аялахаар их очдог болов уу?

-Дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган хүн аялахаар зорьж очдог. Аялна гэдэг нь усан онгоцод суугаад Антарктидын ойролцоохь арлуудыг тойрч харахыг хэлнэ. Аялагчид усан онгоц дээрээ байрлаж хоноглоно. Олон улсын судлаачид шиг олон хоногоор  буудаллана гэсэн ойлголт байхгүй. Уулчид гэхэд л ууландаа авирчихаад л буцдаг.

-Жуулчид арлыг тойрч аялаад л буцна . Тэгвэл судлаачид хэр удаан хугацаанд тэнд ажиллаж, амьдардаг юм бэ?

-Антарктидад суурин амьдарна гэсэн ойлголт огт байхгүй. Их хүйтэн учраас төв рүү бааз байдаггүй, эргээр нь томоохон судалгааны баазууд байдаг. Суурин баазад судлаачид цөөхөн. Зардал их өндөр  учраас хүчирхэг улс орны судлаачид ээлжээр байрлаж судалгааны ажлаа хийдэг.

-Таниас хойш монгол хүн Антарктидыг зорьсон уу. Та дахиж аялах уу?

-Олон улсын судлаачдын багт Антарктидын цаг агаар, усны нөөц, бусад идэш тэжээл хэр арвин байгааг судалж, Монголын газар нутгийн байршлын судалгаа, хэчнээн хэмжээний газар байгааг нь тогтоож олон улсын тайланд оруулсан нь бахархмаар явдал. Энэ жил манайхаас хоёр хүн явсан. Испанийн баазаас конт суурилуулах ажил хийхээр явсан. Монгол өөрийн судалгаа хийх газартай болсон учраас тэр газартаа тодорхой хэмжээний орон байр барих анхан шатны ажлуудыг хийгдсэн. Орон сууц барьж цахилгаан, дулааныг асуудлыг шийдэхэд маш их хөрөнгө зарцуулна.Төрөөс ямар нэгэн хөрөнгө мөнгө гаргасан явдал огт байхгүй. Харин сая явсан хүмүүсийг уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрээс  боломжийн хэмжээний зардал гаргасан байна билээ. Миний хувьд дахин аялахаар төлөвлөсөн зүйл одоогоор алга, магад хойд туйлыг зорьж  болох юм.

-Тэгэхээр анх удаагаа Монголоос дэмжлэг гаргасан хэрэг үү?

-Тийм . Өмнө нь төрөөс ганц ч төгрөг гаргаж байгаагүй ээ. Яахав бизнесийн хүрээнийхэн, Антарктид  судлалын нийгэмлэгийн хүрээнд багахан хэмжээний асуудлыг зохицуулж байсан. 

-Ер нь хэр хэмжээний зардал гардаг вэ?

-Олон улсын багийн нэг хүний зардал нь 40000 ам.доллар гардаг гэж байсан. Энэ мөнгийг бид нар гартаа барьж үзээгүй болохоор сайн мэдэхгүй  байна. Олон улсын судалгааны баг олон талын асуудлыг зохицуулдаг. Явахаас 1-2 жилийн өмнөөс л Олон улсын Антарктид судлалын төвтэй холбогдоно, нислэг захиална, усан онгоц тийз авна, квотоо тогтооно.

-Нийгэмлэг хэчнээн гишүүнтэй вэ?

-Монголын Антарктид судлалын нийгэмлэг нь 10 гаруй  гишүүнтэй, олон улсын Антарктид судлалын төвийн гишүүн, сайн дурын олон нийтийн байгууллага. Аяллыг зохион байгуулна гэдэг өөрөө том асуудал. Судлаачаа танилцуулна, гэрээ хэлцэл хийнэ. Өндөр шаардлагатай. Антарктид судлалыг өнөөдөртөө ярих юм бол эрт байна. Хүмүүс ойлгохгүй.  Манай улсын хөгжил ямар төвшинд байгаа билээ, хөрөнгө бага байна. Зарим нь юугаа хийгээд тэнээд байгаа юм гээд их дургүйцнэ.  Магадгүй 10-30 жилийн хойно энэ хүмүүс хэрэгтэй юм хийжээ. Хүн  төрөлхтөний судалгаанд хувь нэмрээ оруулжээ. Тодорхой хэмжээний эрсдэл даагаад монголоос  судлаачид явж байсан юм байна хэмээн ойлгох байх.

-Антарктид судалсны ач холбогдлыг дүгнэж хэлнэ үү?

-Хэд, хэдэн ач холбогдолтой. Нэгдүгээрт, дэлхийн  цэвэр усны нөөцийн 80 хувь нь зөвхөн Антарктидад байгаа. Цаашдаа дэлхий тэндээс цэвэр усаа зөөвөрлөх нь тодорхой. Дэлхийн цэвэр усны нөөц багасаж байгаа. Тэр утгаар Антарктид судалгаа өргөн хүрээнд явагдаж байна. Мөс нь  2.8-4.8 км зузаан асар их усны нөөц байна. Ямар ч бохирдол байхгүй, хүчилтөрөгчийн өндөр агууламжтайг  олон эрдэмтэн судлаач аль хэдийнэ тогтоосон.

-Тантай утсаар ярихад лекцээ дуусгаад уулзахаар товлосон. Антарктидыг  хүмүүс сонирхож таныг урих заллага тасардаггүй бололтой.

-Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, их дээд сургуулийн оюутнууд,  Улсын мэргэжлийн хяналтын газар, Үйлдвэрчний төв зөвлөл  зэрэг 10 гаруй газраас урилга ирсний дагуу Антарктидын асуудлаар лекц уншсан. Өнөөдөр 100 гаруй хүнд 40 минут лекц уншлаа. Антарктидыг танин мэдэх талаар томоохон судалгаатай ном удахгүй бэлэн болно.

Таньд амжилт хүсье.                                                                                                                                    П.Түмэн

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Хүнд хэцүү үеийг Монгол хүний эр зориг тэсвэр хатуужлаар даван гарсанд бахараж байна.
2017/02/17 202.126.89.143
нэрээ энд бичнэ үү?
морин дээр сэгэсчүүлж өсөсөн монгол хүнд далайн давалгаа бүүвээлэх мэт санагдах байх
2017/02/16 202.179.31.242
Б.зочин
Амаргүй давааг даваж Антрактидад очин Монгол улсдаа газар авч судалгааны багт ажилласан танаар бахархаж байна.
2017/02/06 203.91.115.36
Д.Батмөнх
Судалгааны ажлыг ГХЯ, Болгар улсад суугаа элчин сайд, профессор Л.Дүгэржав миний гадаад паспорт, виз, зочид буудлын асуудлыг зохицуулж байсан. Гарчиг арай үндэслэл муутай болжээ.
2017/02/06 103.14.36.6
Zochin
Zuvshdee tegehgyi bol oros hyatad 2 chini umchluh geed bgaa ium bishyy.
2017/02/06 49.0.135.140