8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Шатахууны үнэ 100 төгрөгөөр нэмэгдэж, Хандивын дансны талаар эдийн засагчид, иргэд байр сууриа илэрхийлсэн өдөр

2017-02-06 19:14:00

"Өглөө сэрээд өнөөдөр би юу хийх ёстой гэдгээ өөрөөсөө асуу. Харин орой унтахаасаа өмнө юу хийснээ асууж бай". Эрхэм уншигч танд шинэ 7 хоногийн ажлын эхний өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр улс эх оронд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүлээн авч уншина уу.

Байр суурь: Хандивын аян далдуураа оффшортнуудыг хамгаалах гэсэн оролдлого 

Монгол Улсын Гавьяат эдийн засагч Б.Осоргарав Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө аян өрнүүлж байгаагаа өнгөрсөн долоо хоногт зарласан билээ. Аяны хүрээнд иргэн бүр нас, ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалж тус бүр 1000-100 сая төгрөг хандивлах аж. Ингэснээр  нийт 640 гаруй тэрбум төгрөг "Эх орныхоо төлөө" санд төвлөрөх юм байна. Мөн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт аж ахуй нэгжээс 2-2.5 сая төгрөгийн хандив хүсэв. Үүнээс гадна оффшор данс эзэмшигчдээс 350 орчим тэрбум төгрөгийг тус санд нэгтгэх бололцоотой гэж үзэж энэхүү аяныг өрнүүлсэн аж. 

Энэхүү аянд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 100 сая,  УИХ-ын гишүүн Н.Оюундарь 20 сая төгрөг тус тус хандивлахаа мэдэгдсэн. Түүнчлэн хандивийн аяныг санаачилсан Гавьяат эдийн засагч Б.Осоргарав өөрийн зүгээс 10 сая төгрөг, 10 адуу, алтан бөгжөө хандивласан юм.  

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат албан ёсны хандивын данс нээхийг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд үүрэг болгосоны дагуу Монголын Засгийн газар түүхэндээ анх удаа хандивын данс нээсэн явдал энэ юм. Ингээд хандивын данс болон аян талаар эдийн засагчид, иргэд ямар байр суурьтай байгааг сонссон юм.

Ч.Анхбаяр:  Хандивын данс нээх нь буруу. Ингэхийн оронд улс орныг ингэж өрөнд оруулсан нөхдүүдтэй хариуцлага тооцох хэрэгтэй

Эдийн засагч, шинжээч Ч.Анхбаяр: -Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байна уу гэвэл хүнд байна. Гэхдээ хандивын данс нээх хэмжээнд  хүрсэн зүйл байхгүй. Эдийн засгийн өсөлт юу юугүй хасах руу ороогүй. Дефолт зарлаагүй байхад хандив нээх нь буруу гэж бодож байна. Мэдээж улсын төсөв дээр хүндрэлтэй асуудал бий. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Д.Батмөнх:Антарктидыг судлахдаа төрөөс нэг ч төгрөгийн дэмжлэг авч байгаагүй

Антарктид хэмээх сонин ертөнцөд зорчсон Монгол Улсын долоо дахь иргэн, техникийн ухааны доктор, Антарктид судлалын нийгэмлэгийн гишүүн, судлаач, ХХААХҮЯ-ны ахлах мэргэжилтэн Д.Батмөнх уулзаж, танин мэдэхүйн талаас нь сонирхолтой яриа өрнүүлсэнээ хүргэж байна. 

-Антарктид гэхээр маш гунигтай, хүйтэн ертөнц угтана хэмээн би төсөөлдөг. Таньд анх ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

- Сэтгэлзүйгээ өндөр төвшинд бэлтгэж явсан. Тиймээс үлгэрийн оронд оччихсон мэт сэтгэгдэл анх төрж байлаа. Маш хурц нартай, цаг агаар нь огцом өөрчлөгдөнө. Хэдхэн цагийн дотор цасан шуурга, огцом хүйтрэх зэрэг байгалийн олон янзын үзэгдэл болдог. Ийм сайхан байгаль байдаг гэдэгт барагтаа бол итгэмээргүй гайхалтай ертөнц угтсан. Үгээр хэлэхийн аргагүй цэвэр, цэмцгэр толигор орчин оршино тогтноно. Асар том мөсөн уулуудыг хараад гайхаж, сүрдээд гэхдээ их сайхан сэтгэгдэл төрж байлаа. Ер нь энд бүх зүйл хязгаарлагдмал. Тухайлбал, явах, харах, идэх , унтах, ажиллах, амрах, мөн орон байр ч гэсэн. Ганц хязгаарлагдмал биш зүйл бол ус уух. Өдөр шөнөгүй л хүйтэн ус уудаг байлаа.

-Сонин юм их хүйтэн газар халуун зүйл ууж байж тэсвэрлэх юм биш үү?

-Шингэн юм уух бүрдээ л хүйтэн ус ууна. Уг нь хүйтэн газар халуун цай ууна гэж бодож байсан ч хүйтэн ус уугаад сурчих юм билээ. Цэнгэг ус уух нь  эрүүл мэндэд ямар их тустайг л мэдэрлээ. Хоолой өвдөх  асуудал огт байхгүй. Вирусгүй болоод тэр биз дээ.

-Аяллын маршрут сонин санагдаж байна. Антарктидад очиход хэдий хэрийн  хугацаа шаардагддаг вэ?

-Киргыз, Турк, Болгар, Итали, Аргентин, Чили улсыг дамжин Антарктидын Ливингстоны арал дээр хүрсэн. Ази, Европ, Африк зэрэг таван тивээр 60 гаруй мянган км замыг агаар, далайгаар туулж хүрсэн. Антарктидад 10 хоносон, ирж очиход хоёр сарын хугацаа зарцуулсан. Тэнд очиж Болгорын олон улсын Антарктидын 24 дүгээр багтай хамтарч  Монгол улсынхаа баазыг байгуулах, хил заагийг тогтоох зэрэг ажлыг гүйцэтгэсэн. Монголын бааз байгуулах тэр өдөр маш их салхитай байснаас тугаа нэг алдаад барьж  авч билээ. Төрийн далбаагаа дэлгээд зургаа авахуулах ч боломжгүй тийм л хүчтэй салхилж байв.

-Таны Антарктид байсан цаг хугацаа аль улиралд хамаарч байсан бэ?

-Зуны улиралд нь очсон. 12 дугаар сараас хоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг. Нар чанх орой дээр мандаж байсан учраас шөнө болно гэсэн ойлголт байхгүй. Энэ үед хойд туйлд харанхуй үргэлжилдэг. Антарктидад өвлийн улирал эхлэхэд хойд туйлд зун улирал үргэлжилнэ. Цаг агаар  цаг минутаар л хувьсаж өөрчлөгдөнө. Нэг удаа цаг орчим дулаарч 16 хэм хүрсэн нь гайхалтай хэрэг байлаа.

-Тэгвэл цаг агаар нь таашгүйгээр өөрчлөгддөг юм байна. Эрсдэлтай алхам хийж ганцаараа баазаас явах зэрэг үйлдэл хийж болохгүй нь ээ.

-Хязгааргүй орон зайд сэтгэлзүйгээ тайван, тогтвортой байлгах хэрэгтэй юм билээ. Маш болгоомжтой алхам тутамдаа хянуур байх, хамаагүй хол явж болохгүй, хунгар цас ихтэй тул түүн рүү орчихвол гарч ирнэ гэсэн ойлголт байхгүй. Заримдаа юу ч харагдахгүйгээр цасаар шуурна. Тэр үед баазын гадна байвал амиа алдах аюултай.

-Монголчууд дөрвөн улиралтай, Эрс тэс уур амьсгалд учир халуун, хүйтэн газар амархан дасан зохицдог гэдэг. Эрүүл мэндэд өөрчлөлт орж байв уу?

-Цэвэр агаараар амьсгалж, цэнгэг усаар ундлахаар бие ид шидийн гэлтэй эрүүлжих нь гайхалтай. Салхи нэвтэрдэггүй гадуур хувцас, дотроо ноолууран өмд цамцтай уул хадыг даваад их л явсан, өлсөж, ядраагүй. Вирусгүй орчинд хувцас ч хиртэхгүй шүү.  Гэхдээ агаарын хэм огцом өөрчлөгдөнө, цасаар шуурах нь элбэг тохиолддог болохоор хүйтэн агаар амьсгалвал хоолой өвдөх, дотор эрхтэн хөлдөж амь насаа алдсан явдал цөөнгүй гарсан байдаг. Зарим судлаач уушгиа хөлдөөсөн тохиолдол ч бий. Хөлс их гардаг учраас хүйтэн ус их уудаг байсан. Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

Д.Оюунхорол: Би архи ууж чаддаггүй, миний бие ч хүлээж авдаггүй

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр БНХАУ-ын иргэдийг визгүй Монгол Улсын хилээр нэвтрүүлэх асуудлыг дэмжсэн илтгэл тавьж олны бухимдлыг түрүүлсэн. Мөн үүнээс гадна Төрийн ордонд архидан согтуурсан гэх цахим ертөнцөд нэлээд шуугиан дэгдээсэн зургийнхаа талаар тайлбар хийж мэдээлэл хийлээ. 


Тэрбээр уг шуугиан тарьсан зурагны талаар хэлэхдээ “Би тэр зургийг гаргаж тавихад их гайхаж байсан. Тэр өрөө Төрийн ордны өрөө ч биш. Яамны албан өрөө ч биш. Би сонгуулийн өмнө охиныхоо сургууль дээр амралтынхаа цагаар очсон үеийн зураг байсан. Согтууруулах ундаа огт хэрэглээгүй.  Манай охины ажлын өрөө буюу миний байгуулсан сургуульд байсан. Битгий зураг дар гээд гараараа хаасан байсныг харсан байх. Би ядарсан үедээ гитар тоглодог. Тоглох ч дуртай. Тэгээд ч би архи ууж чаддаггүй. Миний бие ч хүлээж авч чаддаггүй юм. Би худлаа ярих дургүй. Үзэн яддаг.  Тэр зургийг тараасан хүнийг би мэднэ. Ер нь хүн чанарын хэлтэрхий гэж байна уу даа гэж бодоход хүргэж байна"хэмээн тайлбарласан юм. 


Мөн БНХАУ-ын иргэдийг визгүй Монгол Улсын хилээр нэвтрүүлэх асуудлын талаар хэлэхдээ “Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд би жуулчдын тоог нэмэх талаар ярьсан. Энэ нь эдийн засгийн хүнд байдлаас гарах гарц юм. Цаашдаа бид аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхийн тулд яамнаас тодорхой бодлого чиглэл баримталж байгаа.  Уулын толгой бүхнээ ухаад байвал ирээдүйд уух усгүй болох вий дээ. Монгол орныг зорин ирж байгаа хүмүүс үзэж харах зүйл бага байна гэх шүүмжлэл байдаг. Бид нэгдүгээрт, Улаанбаатарыг аялал жуулчлалын үүд болгох. Хоёрдугаарт, Хөвсгөл орчмын байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх. Илүү чанга стандарт тавьж, түүнийг хангасан ААН-ийн үйл ажиллагааг дэмжье гэдэг чиглэл барьж байна. Гуравдугаарт,  Хэнтий аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого баримталж байна. Эдгээр асуудлыг төр засгаар дэмжүүлж, шийдвэрлүүлэхийн төлөө бид ажиллаж байна” гэв.  

Шатахууны үнэ 100 төгрөгөөр нэмэгдлээ

Өчигдрөөс эхлэн  өглөөнөөс эхлэн шатахууны үнэ нэмэгдсэн байна. Тухайлбал, “Петровис”-ийн салбаруудаар АИ92-1,630 төгрөг болжээ. Мөн “Шунхлай”-н салбаруудаар АИ92- 1,625 төгрөг болсон байна. Нэгдүгээр сарын 25-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнийн өсөлт, ам.доллартай харьцах төгрөгийн ханшийн уналттай холбогдуулан автобензин, дизелийн түлшний үнийн өсөлтийг саармагжуулах, тогтвортой барих зорилгоор энэ төрлийн бүтээгдэхүүнд ногдуулах Онцгой албан татварын хэмжээг бууруулсан юм. Одоогийн байдлаар шатахуун ямар шалтгааны улмаас үнэ нэмэгдсэн нь тодорхойгүй байна. 

А.Цогцэцэг сайд  элэгний эмийг тараахад жалга довны үзлээр хандсан уу

 Оном сан Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийг буруутгаж, судалгаа шинжилгээг үндэслэж шийдвэрээ гаргаач ээ гэсэн үндэслэлээр эсэргүүцсэн мэдэгдэл гаргажээ. Оном сан “Элэг бүтэн  хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн. 2013 оноос хойш хөөцөлдсөн ажил нь үр дүнгээ өгч 2016 оны есдүгээр сарын 09-ний өдөр УИХ-аас хөтөлбөрийг баталж өгсөн билээ. А.Цогцэцэг сайд өнгөрсөн гурав дахь өдрийн Засгийн газрын хуралдаанаар 352 сая төгрөг гаргуулж АНУ-аас ирсэн элэгний эмийн гаалийн татварыг төлж, улмаар Архангай аймагт  үнэгүй тараахаар шийдвэрлэсэн нь түүнийг буруутгах гол шалтгаан нь болжээ. Учир нь хандиваар олгогдож байгаа эмийг сайд А.Цогцэцэг жалга довны үзлээр хандсанд байгаа юм. Сайд Архангайн харьяат учраас ийн хардахад хүргэжээ. Гэлээ ч Архангай аймаг нь элэгний хорт хавдар, өвчлөл, нас баралтын үзүүлэлтээр аймгаар нь жагсаавал 13 дугаарт бичигдсэн судалгааг Эрүүл мэндийн хөгжлийн төв гаргасан байжээ. Элгэний өвчлөл, нас баралтын үзүүлэлтээр Сүхбаатар аймаг тэргүүлж, Дундговь, Дорнод, Увс, Булган, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор, Завхан, Төв, Дархан-Уул, Орхон, Архангай гэхчлэн эрэмбэлэгджээ. Сүхбаатар аймаг нас баралтаараа хоёр дахин өндөр үзүүлэлттэй. Гэтэл А.Цогцэцэг юун дээр үндэслэн эхний ээлжинд ирсэн 1000 тун буюу 3000 хайрцаг Харвоны эмийг Архангай аймагтаа тараахаар болов. Үүнийг эсэргүүцсэн УИХ-ын олон гишүүн Оном сангийн тэргүүний загнасан сурагтай. Нэн тэргүүнд өвчлөл, нас баралт өндөртэй аймгаас эхлэх, эмнэлгийн ажилтан, мөн хөгжлийн бэрхшээлтэй болон амьжиргааны баталгаажих төвшин доогуур иргэд эмчилгээнд хамрагдах шаардлагатай гэдгийг сайд мэдэхийн дээдээр мэдэрч байгаа гэнэ.

Оном сангийнхан удаа дараа уламжилж байсан гэдэг. Эх барих, мэс заслын эмч нар эрсдэлтэй тул эхний ээлжинд шинжилгээнд хамруулах зэрэг асуудлаар Клиникийн нэгдүгээр эмнэлэг дээр болсон уулзалтад Эрүүл мэндийн сайдаа урьсан ирээгүй. Элэг бүтэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт байгуулагдсан. Ингэж олон сарын дараа хжлын хэсэг байгуулах болсон нь бас л сайдтай холбоотой гэнэ. Хөтөлбөр 2020 он хүртэл хэрэгжинэ.  Элэгний хорт хавдар, хатуурал, нас баралтыг эрс бууруулах, элэгний С вирусын голомтыг  2020 он гэхэд устгаж, халдварын тархалтыг таслан зогсоох зорилготой. Энэ хугацаанд элэгний С вирустай 150000 хүнийг эмчилж эдгээнэ. Үүнээс  50 гаруй мянган иргэн нэн даруй эмчилгээ хийлгэх шаардлагатай юм байна.  Зөвхөн С  гэлтгүй Б, Д вирусийг эмчлэх цогц үйлчилгээ хөтөлбөрийн хүрээнд явагдана. Ингэснээр элэгний вирусийн идэвхжил эрс буурах зорилттой юм байна. Ийм ажилд Эрүүл мэндийн сайд нь хойрго хандаад байвал 2020 он гэхэд дээрх зорилтоо биелүүлж чдах болов уу. Нэг хайрцаг нь 210000 төгрөг, гурван сарын хэрэглээ нь 630000 төгрөг. Ингэж хөнгөлсөн нь түүхэнд байхгүй шийдвэр хэмээн эрүүл мэндийн салбарынхан дүгнэдэг юм билээ.

Буцаан олголтын мөнгийг өнөөдөр шилжүүлж дуусгана

Энэ сарын 01-03-нд 461 мянга 865 иргэнд 33.8 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт хийсэн талаар өнөөдөр Татварын ерөнхий газраас мэдээллээ. www.ebarimt.mn цахим хуудсанд мэдээллээ бүрэн баталгаажуулаагүй 137 мянга 822 иргэн байгаа аж.  Эдгээр хүмүүс энэ сарын 15-ны дотор овог нэр, банк, дансны дугаар болон регистрийн дугаараа оруулснаар нийт нэг тэрбум төгрөг буцаан авах юм. Түүнчлэн өнгөрсөн оны нэг сараас хойш 19 удаа сугалаа зохион байгуулж, нийт 3.6 тэрбум төгрөгийн азтан тодорсон байна.

Өнгөрсөн баасан гарагт 33.8 тэрбум төгрөгийн буцаан олгосон бол өнөөдөр 20 мянга 722 иргэний дансанд 700 сая төгрөг шилжүүлэх аж. Ингэснээр мэдээллээ баталгаажуулсан иргэдийн буцаан олголт дуусах юм байна 

Дэлхий дахинд:  Украины засгийн газрын гурван цэрэг амиа алдлаа

Украины зүүн нутагт болж байгаа байлдааны ажиллагааг нэн даруй зогсоох хэрэгтэй гэж тус улсын Ерөнхийлөгч Петр Порошенко, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар үзэж байна.

Хоёр улсын удирдагчид өчигдөр утсаар ярьжээ. Д.Трамп ерөнхийлөгч болсноос хойш тэд анх удаагаа утсаар ярьсан нь энэ юм. Украины хилийн дагуух нутагт энх тайван байдлыг сэргээн тогтоохын тулд Украин, Орос болон холбогдох бүх талтай АНУ хамтран ажиллана гэж Д.Трамп хэлжээ.

Баасан болон бямба гарагт болсон мөргөлдөөний үеэр Украины засгийн газрын гурван цэрэг амиа алдсан байна. Нөхцөл байдлыг дэвэргэн хүндрүүлж байна гэж талууд бие биеэ буруутгаж байна.

Украины нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхийлөгч асан Барак Обамагийн засаг захиргаа Оросын эсрэг хориг арга хэмжээ авч байсан юм. Харин Д.Трамп ОХУ-тай харилцаагаа сайжруулах хүсэлтэй байгаагаа нэг бус удаа илэрхийлээд байна.

Туркт лалын бүлэглэлтэй холбоотой 400 хүнийг баривчилжээ

Туркийн цагдаа нар 400 гаруй хүнийг саатуулжээ. Тэдгээр хүмүүсийг лалын улс бүлэглэлтэй холбоотой хэмээн сэжиглэж байгаа аж. Тус саатуулагдсан хүмүүсийн ихэнх нь гадаадын иргэд аж. Туркийн тал Сирийн нутаг дэвсгэрт “Евфратын бамбай” гэх нэртэй цэрэг дайны үйл ажиллагааг явуулаад байна. Үүний үр дүнд өмнөд хил дээрээ өргөн нутгийг хамарсан аюулгүй байдлын бүсийг байгуулжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл