Монголчууд бид уламжлалт сар шинийн баярын идээ шүүс, бэлэг сэлтээ олон хоногийн өмнөөс базаадаг. Хаана баярын хямдрал байгаа эсэх, шинэ сараас өмнө орон гэрийнхээ тавилга сэлтээ шинэчлэх, гэр бүлийн гишүүддээ гоёлын дээл бэлдэх зэргээр эмэгтэйчүүдийн үүрэг хариуцлага өндөр өдрүүд үргэлжилж, ажил төрлийнхөө хажуугаар их зүйлийг амжуулцгааж байна. Тас хийсэн хүйтний өдрүүдэд бууз, баншаа хөлдөөж авах гэсэн яриа хөөрөөтэй, шатахууны үнэ амралтын өдрүүдээр нэмэгдсэнийг дагаад юмны үнэ өсчих вий гэсэн хардлагатай. Тэгэвч бид цагаан сараа өөдрөг тэнүүн, өргөн тэмдэглэдэг сайхан ард түмэн. Ингээд та бүхэндээ тойм мэдээллийн “Монголын нэг өдөр” өнөөдөр болсон үйл явдлыг товчхон хүргэе.
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа
Шатахууны үнийг өнөөдрийн дотор буулгах үүрэг даалгавар өглөө
Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газраас /ШӨХТГ/ автобензин, дизелийн түлшний жижиглэнгийн үнийг бууруулах үүрэг даалгавар өглөө. Тодруулбал, бензинийн үнээ нэмсэн "Шунхлай Трейдинг" ХХК, "Магнай трейд" ХХК, "Петростар" ХХК, "НИК" ХХК-д үнээ буулгах тухай мэдэгдэл хүргүүлсэн байна. Шатахууны үнийг нэмэгдүүлсэн үйлдлээ 2017 оны хоёрдугаар сарын 07-ны өдрийн дотор таслан зогсоохыг шаардсан байна.
49 хувийг төрд авах асуудлаар МАН дотроо хуваагдаж эхэллээ
Эрдэнэтийн 49 хувийг төрд авах санал оруулж, УИХ-аар хэлэлцүүлэхээр болсон Ш.Раднаасэдээр ахлуулсан ажлын хэсгийн үр дүн гарахгүй нь бололтой. Учир нь МАН-ын бүлэг тэр чигээрээ Тэрэлжид ч, ордонд ч хуралдаад олонхийн зангарагаа үзүүлж чадахгүй байна. Бүлгийн зарим гишүүд хувийн өмчийг төр булааж авахыг эсэргүүцэж, санал зөрөлдсөний улмаас өнөөдөр байнгын хорооны хуралдаа ирц бүрдүүлэхгүй бойкотолж сууна. Ийнхүү АН, МАН-аараа эсрэг байр суурьтай байсан асуудалд МАН дотроо хуваагдаж, Ц.Нямдоржийн уурыг барж байгаа сурагтай. Тэрээр Ш.Раднаасэдийг “хурлын ирцээ бүрдүүл” гэж толгой түрүүгүй загнаж байгаа тухай ордон дотор жиг жуг хийж байна.
Ч.Чулуунбат: Шатахууны худалдаа эрхлэгчид литр тутамдаа 150 хүртэл төгрөг нэмсэн байна
Нэг хэсэг тогтвортой байсан шатахууны жижиглэнгийн үнэ өнгөрсөн амралтын өдрүүдэд нэмэгдсэн талаар цахим ертөнцөд багагүй шуугиан тарьсан. Ингэхдээ нэг литр нь шатахууны үнэ төрөл тус бүр нь 50-150 төгрөгөөр нэмэгдсэн юм. Тодруулбал энэ сарын 5-ны өдрийн өглөөнөөс эхлэн “Петровис”-ийн салбаруудаар АИ92-1,630 төгрөг, “Шунхлай”-н салбаруудаар АИ92- 1,625 төгрөг болоод байна. Тэд үнээ нэмсэн шалтгаанаа монгол төгрөгтэй харьцах ам.долларын ханштай холбон тайлбарласан байна.
Манай улсад тогтоож барих аргагүй зүйл нэг бий. Энэ нь шатахууны жижиглэн худалдааны үнэ. Тун удахгүй монголчуудын төрт ёсны уламжлалт Сар шинийн баяр болох гэж байгаа билээ. Энэ цаг үед шатахууны үнэ нэмэгдсэн нь иргэд тийм ч таатай санагдахгүй нь мэдээж. Арга ч үгүй биздээ шатахууны үнэ нэмэгдэхэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өсдөг буруу жишиг манайд бий. Түүнчлэн баяр ёслолын үеэр ийнхүү шатахууны үнийн зохиомол хөөрөгдөл бий болдог гэхэд буруудахгүй болов уу. Өөрөөр хэлбэл, нарийн тактик ч байж болох. Энэ нь тодорхой ганц, хоёрхон компани хийж байгаа үйлдэлч байж мэднэ. Энэ удаа мөн л Сар шинийн баярын өмнөхөн ийнхүү нэмэгдэж байгаа нь учиртай. Хатуухан хэлэхэд шатахуун импортлогч аж ахуйн нэгжийн удирдлагууд хүссэн үедээ, дуртай цагтаа ширээ тойрч суучихаад шатахууны үнийг нэмэх шийдвэрийг гаргадаг гажиг тогтолцоо үйлчлээд олон жил болж байна. Энэ гажиг тогтолцоо нь тэдэнд төрийн шийдвэрийг хүртэл үл огоорох эрх мэдлийг олгодог гэвэл хилсдэхгүй болов уу. Өөрөөр хэлбэл, иргэд битгий хэлтөрийн түшээд ч шатахууны үнийг нэмэхээс нь өмнө биш, нэмснийх нь дараа мэддэг болжээ.
Энэ сарын 5-ны өдрийн өглөөнөөс эхлэн “Петровис”-ийн салбаруудаар АИ92-1,630 төгрөг, “Шунхлай”-н салбаруудаар АИ92- 1,625 төгрөг болсон байна. Тэд үнээ нэмсэн шалтгаанаа монгол төгрөгтэй харьцах ам.долларын ханштай холбон тайлбарласан аж.
Тэгвэл өнгөрсөн нэгдүгээр сарын 25-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнийн өсөлт, ам.доллартай харьцах төгрөгийн ханшийн уналттай холбогдуулан автобензин, дизелийн түлшний үнийн өсөлтийг саармагжуулах, тогтвортой барих зорилгоор энэ төрлийн бүтээгдэхүүнд ногдуулах Онцгой албан татварын хэмжээг бууруулсан. Гэтэл ямар шалтгааны улмаас шатахууны үнээ нэмсэн талаар тайлбар хэлж чадахгүй байна.
Уг асуудалтай холбоотойгоор өчигдөр Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Өнгөрсөн оны 12 дугаар сард газрын тос экспортлогч ОПЕК-ийн гишүүн орнууд энэ оны эхний хагас жилд газрын тосны олборлолтын хэмжээг өдөрт 1.2 сая баррелиар, ОПЕК-ийн гишүүн бус орнууд олборлолтын хэмжээг өдөрт 558 мян/баррелиар тус тус бууруулахаар шийдвэрлэсэн. Газрын тосны олборлолтын хэмжээг бууруулах шийдвэр гарсантай холбоотойгоор дэлхийн зах зээл дээрх гарын тосны үнэ огцом өссөн. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэн Засгийн газрын энэ оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг тодорхой хэмжээгээр бууруулан дотоодод борлуулж буй шатахууны жижиглэнгийн үнийн өсөлтийг тогтворжуулах, саармагжуулах арга хэмжээ авсан. Гэвч энэ оны хоёрдугаар сарын шатахууны импортын үнэ нэгдүгээр сартай харьцуулахад төрөл тус бүр дээр дахин 22-26 орчим ам.доллар/тонн-оор өсөөд байна. Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд энэ оны нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн улсын хэмжээнд бүс нутаг, шатахууны төрлөөс хамааран литр тутамдаа 150 хүртэл төгрөг нэмсэн байна” хэмээн мэдэгдсэн юм.
Хатуухан хэлэхэд нефть импортлогч аж ахуйн нэгжийн удирдлагуудад хүссэн үедээ, дуртай цагтаа ширээ тойрч суучихаад шатахууны үнийг нэмэх шийдвэрийг гаргадаг гажиг тогтолцоо үйлчлээд олон жил болж байна. Энэ гажиг тогтолцоо нь тэдэнд төрийн шийдвэрийг хүртэл үл огоорох эрх мэдлийг олгодог гэвэл хилсдэхгүй болов уу.
Манай улс ОХУ, Хятад, Солонгоос шатахуунаа импортолдог. Үүний дийлэнх буюу 80-иад хувийг ОХУ-аас авдаг. Нийслэл хотод ч гэлтгүй хөдөө орон нутагт шатахууны үнэ нэмэгдсэн сурагтай. Тодруулбал, Увс аймагт шатахуун литр тутамдаа 100 төгрөгөөр нэмэгджээ. Тус аймагт өнгөрсөн нэгдүгээр сарын 28-аас эхлэн шатахууны үнийг 100 төгрөгөөр нэмэгдэж үүний хэрээр Улаангомын зах, худалдааны төвүүд барааныхаа үнийг нэмж эхэлсэн байна.
Энэ мэтчилэн шатахууны үнэ нэмэгдэнэ гэдэг халаасыг нь “хоосолж” байгаа хэрэг юм. Тиймээс төрийн бодлогоор дотооддоо шатахуун үйлдвэрлэж, үнийн зохицуулалт хийхгүй бол шатахууны үнэ нэмэгдэх нь иргэдийн нуруун дээр нэрмээс болохоос нэмэр болохгүй.
Пак Гын Хэгийн "хувь заяа" хэрхэх вэ?
Өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн Өмнөд Солонгосын анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак Гын Хэ болон түүний зөвлөх сайн найз Чой Сүн Сил болон томоохон компаниудын удирдлагуудтай холбогдох хэргийг ард олон нийт эсэргүүцэн жагсаж эхэлсэн билээ.Өмнөд Солонгосын түүхэнд төрийн өндөр албан тушаалтанаа огцруулахаар жагссан хоёрдах том жагсаал юм.
Ерөнхийлөгч Пак Гын Хэ болон Чой Сун Сил нар 40 жил үерхэж, нөхөрлөсөн дотны найзууд аж. БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэ нь өөрийн найз Чой Сун Силд төрийн нууцад хамаарах бичиг баримтыг дэлгэсэн, томоохон байгууллага, компаниас өөрийн нэр хүндийг ашиглан их хэмжээний санхүүжилт авч, авилгын хэрэгт холбогдсон хэмээн буруутгаж байгаа юм.
Солонгос Улс таван жилийн дардас дарах хуулийг ирэх сарын 01-нээс хэрэгжүүлнэ
БНСУ нь таван жилийн хугацаатай дардас дарах хуулийг 2017 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлэхээр болжээ. С-3-1 статус визний ангиллаар 30 хоног Солонгосын хилээр нэвтрэгч гадаад иргэд нь оршин суугаа газрын элчин сайдын яамнаараа таван жилийн дардасыг даруулах аж.
Бүртгэлийн хураамжгүй бөгөөд гадаад паспортыг шалгаж үзсэний үндсэн дээр дардас тамгыг тэмдэглэх юм байна. Хэрвээ та сүүлийн гурван жилийн дотор хуулийн хугацааны оршин суух хугацаагаа хэтрүүлээгүй, гэмт хэргийн зөрчилгүй, таван сая воноос дээш торгууль төлж байгаагүй бол дардас даруулах эрхтэй. Бүртгүүлэх нөхцөлд Хятад, Куба, Македон, Сири, Косвогоос бусад орны иргэн сүүлийн хоёр жилийн туршид дөрвөөс дээш дунджаар 10 удаа хилээр нэвтэрсэн хил нэвтрэгчид хамрагдана.
НӨАТ буцаан олголтод 32.9 тэрбум төгрөг зарцуулжээ
Татварын ерөнхий газраас 483 мянган харилцагчийн 34.5 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголтын мэдээлэл ирүүлсэн байна. Монголбанк 462 мянган харилцагчид 32.9 тэрбум төгрөгийн гүйлгээг амжилттай гүйцэтгэжээ.
Харилцагчийн нэр данс зөрүүтэй, дансны мэдээллээ буруу оруулсан зэрэг асуудлаас шалтгаалан 21 мянган татвар төлөгчийн гүйлгээ буцаагдсан байна.
Монголбанк уг гүйлгээг 2017 оны хоёрдугаар сарын 03-ны өдрийн 08.50 цагт дуусгажээ.
“Well mart” дэлгүүрийн 40 гаруй түрээслэгчийн лангуу шатжээ
Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Ботаникийн эцэст байрлах “Well mart” дэлгүүрт их хэмжээний гал гарсан гэх мэдээллийн дагуу НОБГ-ын дэд дарга, хурандаа Д.Эрдэнэбаатараас тодрууллаа. Тэрбээр хэлэхдээ “Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Ботаникийн эцэст байрлах “Well mart” дэлгүүрт их хэмжээний гал гарч байна гэх дуудлага НОБГ-т шөнийн 02.50 минутад ирсэн. Дуудлагын дагуу гал унтраах ангийхан очиход 24х46 метрийн талбайтай гурван давхар барилгын хоёр давхарт гал гарсан байдалтай байсан. Галын тархац болон утаа ихтэй байсан бөгөөд утаа зайлуулах боломжгүй байсан. Иймээс албан хаагчид хорт утааны эсрэг баг ашиглан галыг унтраасан. Ингэхдээ гал унтраах 10, 14, 63, 35 дугаар ангиудын нийт долоон тасгийн албан хаагчид 11 машинтайгаар зургаан цагийн турш ажиллаж галыг бүрэн унтраасан“ хэмээлээ. Мөн тус дэлгүүрийн нэг болон гурван давхарт гал оруулалгүй, бүрэн аварч чадсан бөгөөд нэг давхарт “Well mart“ худалдааны төвийн супермаркет, Мобикомын цэг, эмийн сан, Капитал банк үйл ажиллагаа явуулж байсан бол гурван давхарт үйлчилгээний зориулалттай 2-3 оффис байсан байна. Харин галд бүрэн автсан хоёр давхарт ахуйн хэрэглээ болон гоо сайхны бараа бүтээгдэхүүнтэй 40 гаруй түрээслэгчийн лангуу байсан бөгөөд шатамхай бодис их байсан тул галын тархац хурдассан хэмээн албаныхан үзэж буй аж.
Одоогийн галын шалтгаан болон хохирлын хэмжээг тодруулахаар БЗД-ийн Цагдаагийн III хэлтэс хэргийн газар үзлэг явуулж байгаа юм байна.
Д.Энхтүвшин: Салбарын сайд нь иргэдийн өвчин зовлонгоор улстөр хийж байгаа нь харамсалтай
“Оном” сан болон Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөл ТББ хамтран өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Хуралд "Оном" сангийн ТУЗ-ын дарга Д.Наранбаатар, Өвчтөн нийгмийн төлөөлөлийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Энхтүвшин, Өвчтөн нийгмийн төлөөлөлийн зөвлөлийн гишүүн Б.Баярчимэг нар оролцсон юм. Тэд АНУ-аас хандиваар орж ирж буй элэгний “Харвони” эмийг улстөржүүлж зөвхөн Архангай аймгийнханд өгсөн нь иргэдээ ялгаварлан гадуурхсан шийдвэр боллоо, эмээ авах мөнгөгүй, өвчиндөө шаналж буй иргэдэд шударгаар өгөхийг иргэдийн төлөөлөл шаардав.
Өнгөрөгч 2015 онд хийсэн судалгаагаар элэгний хавдрын шалтгаант нас баралт Сүхбаатар, Дундговь, Дорнод, Увс аймагт хамгийн өндөр, Архангай аймаг хамгийн бага үзүүлэлтэй байсан байна. Гэтэл Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга болсон мэт авирлаж, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргаж тусламжаар орж ирж буй 1000 тун буюу 3000 хайрцаг Харвони эмийг аймгийнхандаа өгсөн нь нутаг ус, жалга довны ялгаа гаргаж иргэдэд тэгш бус хандаж байгааг гэдгийг онцолж байсан юм.
Монголд гепатит С вирусын идэвхтэй халдвартай 130 мянга орчим, нэн тэргүүн ээлжид эмчилгээнд хамруулах шаардлагатай 52.5 мянган иргэн байдаг аж. Гэтэл өвчлөл өндөр аймгуудад биш өвчлөл багатайд нь дургүйцэж байв. Олон мянган хүн элэгний “С” вирусийн эм авах гээд чадахгүй байхад ганц аймгийн иргэдийг бусдаас илүү үзэх нь иргэдээ ялгаварлан гадуурхсан хэлбэр гэж элэгний В, С вирустэй, энэ төрлийн хавдраар өвдөн, шаналж буй иргэдийн төлөөлөл онцолж байсан юм. Мөн "салбарын сайд нь иргэдийн өвчин зовлонгоор улс төр хийж байгаа нь харамсалтай байна" хэмээн Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Энхтүвшин хэлсэн юм.