8o
Улаанбаатар хот
mobile menu

Асуудлыг тулгаж биш урьдчилан ярьж, төлөвлөх хэрэгтэй

2017-02-09 16:49:00

Баянзүрх дүүргийн 2, 21, 27 дугаар хороодоос сонгогдсон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, БЗД-ийн Засаг даргын Дэд бүтэц, хот төлөвлөлтийн асуудал хариуцсан орлогч Т.Батцогттой ярилцлаа. 

-Баянзүрх дүүргийн тулгамдаж буй асуудлаар яриагаа эхлүүлье. Энэ онд ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ?

-Нийслэлийн хүн амын дөрөвний нэг нь оршин суудаг болохоор манай дүүрэг нийслэлдээ томоохонд тооцогддог. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хувьд 28 хороотой, тэдгээрийн 70 орчим хувийг гэр хорооллын айл өрх эзэлж байна. Нийслэлийн иргэдэд тулгамддаг бүхий л асуудал тэнд бас л бий. 

Дэд бүтцийн хувьд өвөл нь утаа, хавар зун нь хөрсний бохирдол, хог тээвэр, харин нийгмийн асуудлын хүрээнд сургууль цэцэрлэгийн хүртээмж гэмт хэргийн зөрчил гээд яг л нийслэлийн иргэдийн тулгамдсан асуудлууд энд үүсч байдаг. Олон жил тулгамдсаар ирсэн дээрх асуудлуудыг бид өнгөрсөн 4 жил шийдвэрлэхийг зорьж ажиллалаа. 

Мэдээж урт хугацаанд олон асуудалтай явж ирсэн дүүргийн хувьд шийдлээ хүлээсэн асуултууд байсаар байна. Хармсалтай нь, өнгөрсөн 4 жилтэй харьцуулахад өнөөдөр эерэг зүйл манай дүүрэгт харагдахгүй байна. Бид 2017 оны төсвөө батлуулж чадсангүй. Зөвхөн тогтмол зардлуудаа баталлаа. Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд одоогийн нийгэм, улс төрийн байдлаас үүдэн төлөвлөгдөж чадсангүй. 

-Баянзүрх дүүргийн хувьд нийт хүн амын 70 орчим хувийг гэр хороолын бүс байгаа гэлээ. Тэгэхээр тулгамдаж буй асуудлын нэг яах аргагүй агаарын бохирдол болно. Энэ тал дээр та юу гэж бодож байна вэ?

-Олон жил агаарын бохирдлын асуудлаар шат шатны байгууллагууд өөрсдийн судалгаан дээр үндэслэн цөөнгүй ажлуудыг хийж ирлээ. Гэвч төдийлөн амжилттай үр дүнд хүрч чадахгүй байгааг та бид харж байна. Нийслэлийн иргэдийн хурал өнгөрсөн сард агаарын бохирдлын асуудлаар ээлжит чуулганыг зарлан хуралдууллаа. Үүнд төлөөлөгчийн хувьд хэд хэдэн саналыг тавьж хэлэлцүүлсэн. 

Ер нь бид аливаа зүйлийн цагийг нь тулгаж ярьж, хийдэг. Аравдугаар сар гараад хүйтэрч эхлэхээр дарга болгон утаа яриад эхэлдэг. Тэгэхээр асуудлыг  тулгаж биш, өмнө нь ярьж, шийдлийг нь олж туршиж үзээд явах ёстой гэж боддог. Агаарын бохирдлын асуудлыг ганц хүйтний улиралд биш жилийн 12 сарын турш ярьж, ажил хэрэг болгох  хэрэгтэй. Энэ жил агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэлийн төсөв л гэхэд 3,1 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байгаа. Төсөвлөж төлөвлөгсөн ажлууд хэрхэн үр дүнтэй хэрэгжих, үр өгөөжөө өгөх тал дээр манай бүлгийн хувьд Нийслэлийн иргэдийнхээ нүд, чих, дуу хоолой нь болж ажиллах болно. 

-Үүнийг бодитой ажил болгохын тулд сонгогдсон дүүрэгтээ ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Төлөөлөгчийн зүгээс Ерөнхий Боловсролын сургуулиудад уриалга гаргаж байна. Манай тойрогт Ерөнхий боловсролын 102, 127-р сургуулиуд байдаг. Дээрх сургуулиудад Дарь-Эхийн 3000 орчим хүүхэд суралцаж байна. Тухайн сургуулиудын удирдлагуудтай уулзаж, ярилцаж байгаа. Бид агаарын бохирдол, экологийн тэнцвэртэй байдал ногоон байгууламжийг бий болгох, мөн хүүхдэд байгаль орчноо хайрлаж, хамгаалах сэтгэлгээг суулгах ёстой гэж үзээд байгаа. Энэхүү зорилгынхоо хүрээнд Есдүгээр сарын 1-нд сурагчид хичээлдээ орохдоо ундааны том савыг дундуур нь хувааж, хөрс хийгээд улиас тарих болно. Монголд хамгийн сайн ургадаг модлог, бутлаг ургамал бол улиас. Бага зэрэг тордоход ургачихдаг. Үүнийг нэг ангийн 35 хүүхэд хичээл амартлаа ангидаа ургуулна. Харин зуны амралтаараа гэрийнхээ эсвэл сургуулийнхаа хашаанд тарьж болно. Үүнийгээ жил бүр хийнэ. Тэгэхээр Баянзүрх дүүргийн дээрх хоёр сургуулийн хүүхдүүд жилд гурван мянган мод тарьчихна гэсэн үг. Үүгээрээ агаарын бохирдлын асуудалд тодорхой хувь нэмрээ оруулж байгаа хэрэг юм. Аливаа зүйл энгийнээр эхэлдэг. 

Энэ мэтчилэн бид хөрөнгө, төсвийн асуудлыг чухалчлахгүйгээр САЙН санал, санаачлагыг дэмжин ажиллах нь чухал. Тиймээс энэ ажлаа уриалга болгон дараагийн нийслэлийн хуралд санаачлага болгон дэвшүүлнэ гэж бодож байгаа. 

-Тэгвэл агаарын бохирдлыг бууруулахын тулд нийслэлийн хэмжээнд ямар ажил, санаачлагыг ямар байдлаар хийвэл үр дүнтэй байх бол? 

-Манай улсад тулгамдаж буй асуудал мөн л дэлхийн олон улсад тулгарч байсан. Мэдээж Агаарын бохирдлыг бууруулах сайн арга бол гэр хорооллыг багасгах, орон сууцжуулах юм. Гэхдээ одоогоор Улс орны эдийн засаг хүнд энэ үед Гэр хорооллыг бүгдийг нь орон сууцжуулна гэвэл хүндрэлтэй, тэглээ гээд шийдвэрлэхгүй байгаад байж болохгүй.  Тэгэхээр гэр хорооллын айл өрхүүдийг бүгдийг нь биш гэхэд хэсэгчлэн шийдэх боломж байгаа юм. Нэг дор байдаг 40-50 айл зөвшөөрсөн тохиолдолд тухайн хэсэгт хэсэгчилсэн инженерийн шугам сүлжээг бий болгох замаар гэр хорооллын яндангын тоог багасгая гэж байгаа юм. Ингэснээр тухайн айлуудын дунд цахилгаанаар болон бага хэмжээний нүүрсээр халдаг уурын зуух бий болгосоноор хотын агаарын бохирдол буурхад бодит нөлөө үзүүлнэ.  Гэр хорооллын 40-50 янданг шүүлтүүртэй нэг яндангаар солих амар хялбар боломжийг нь бид бүрдүүлэх ёстой. Өндөр байшингаас илүү өөрийн гэсэн газар дээрээ асуудлаа шийдсэн хотхон нь өөрөө капитал юм. 
Жишээлбэл: Нийслэлийн зуслангийн бүс рүү 15-аас илүү км зайд Зүүнсалаа мөн Нүхтэд гэр хороололд байгаа асуудлыг энэ газруудад бодитой шийдчихсэн байна шүү дээ. Тэнд дулааны станцын шугам очоогүй, тэгэх боломж ч байхгүй. Гэхдээ хүмүүс утаагүй амьдарч болж байна. Яаж шийдсэн гэхээр хэсэгчилсэн инженерийн шугам сүлжээг тэнд бий болгочихсон. Тэгэхээр иймэрхүү байдлаар асуудлуудыг шийдээд явах боломж байна. 

-Удахгүй урь орохоор хөрсний бохирдлын асуудал мөн яригдаж эхэлнэ?

-Тийм ээ, агаарын бохирдлын дараагийн асуудал нь хөрсний бохирдол байдаг.  Бороо их орох, шавхай үүссэний дараа эрүүл мэндийн байгууллагуудад гэдэсний өвчлөл ихэсдэг баримт бий. Нийслэлд төвлөрсөн хогийн гурван цэг бий. Энэ цэгүүдэд нийслэлийн бүх хогийг зүгээр л булчихаж байгаа юм. Энэ нь өөрөө хөрсөнд маш их хэмжээний бохирдлыг бий болгодог. Хаана хөрсний бохирдол их, бага байгааг манай мэргэжлийн байгууллагууд судлаад гаргаад ирсэн. Хог хаягдлыг бид булаад байж болохгүй. Өндөр хөгжилтэй олон оронд хогийг боловсруулж дулаан, эрчим хүч ялгаруулах бүтээгдэхүүн гаргаж байна. Тэр хөгжилд бид тэмүүлэх хэрэгтэй. Энэ бол Нийёлэл, дүүргийн хэмжээнд яригдаад зогсохгүй манай Засгийн газраас арга хэмжээ авч эн тэргүүнд шийдвэрлэх асуудал байгаа. 

-Тэгвэл танай дүүргийн хувьд хөрсний бохирдол ямар хэмжээнд байна вэ. Цаашдаа яаж ажиллах, төлөвлөгөө, зорилттой байгаа талаараа яриач?

- Баянзүрх дүүргийн хувьд Дарь-Эх орчимд хөрсний бохирдол ихэд тооцогддог бүс. Үүнд иргэдийг буруутгах аргагүй. Төрийн бодлого алдаатай учраас ийм байдал бий болчихоод байгаа юм. Олон мянган нүхэн жорлон, автомашин угаалгын газар, авто засварууд байна. Тиймээс хөрсний бохирдлыг бид агаарын бохирдол шиг ярьж, тодорхой үр дүнтэй ажлуудыг хийх хэрэгтэй. 

Бохирдлын ихэнх хувийг нүхэн жорлон эзэлж байгаа. Үүнийг шийдэхийн тулд нөгөө нэг хэсэгчилсэн инженерийн  шугамын асуудал дахиад яригдана. 50 айлын дунд нэг том соруулдаг сав суулгачих хэрэгтэй. Тэгээд сард нэг айл хоёр, гурван мянган төгрөгийг соруулдаг машиндаа зарцуулчихад болно. Тиймээс би дүүргийнхээ иргэдтэй уулзаж байна. Иргэдийн дэмжлэгийг хүлээвэл энэхүү санаачлага маань хэрэгжих бүрэн боломжтой. Шинэ эхлүүлж буй ажил бүхэнд бэрхшээл саад бүхэн байхыг үгүйсгэхгүй. Үүнийгээ жишиг болгон төлөвлөн хэрэгжүүлж, нийслэлийн гэр хорооллын бүсүүдэд шат дараатай ажил хэрэг болгон хэрэгжүүлэх саналтай байгаа. 

-Таны санаачлага олон хүний дэмжлэгийг авна байх гэж найдаж байна. Яагаад гэвэл энэ бүхэн маань иргэд бидний олон жил хүлээсэн шийдэл шүү дээ. Тэгвэл үүнд төр ямар бодлого барьж, дэмжиж ажиллах хэрэгтэй вэ?

- Үүнд хамрагдаж байгаа айлууд байрны зээл авч байгаатай адилаар урьдчилгаа 20 хувийг нь өөрсдөөсөө гаргаад үлдсэн мөнгийг нь төр банкуудтай яриад лизинг болгоод өгчих хэрэгтэй. Тэгвэл тухайн айлууд урьдчилгаа мөнгөө төлөөд тодорхой хугацаанд лизингээ төлснөөр бохир ус, дулааныхаа асуудлыг шийдэх болно. Иймэрхүү байдлаар гэр хорооллынхоо асуудлыг цогцоор нь шийдэх боломжтой. Өнгөрсөн дөрвөн жил хэрэгжээд явсан дахин төлөвлөлтийг асуудлаар тодорхой байршлуудад төвлөрсөн инженерийн шугамуудыг татаад тэр хэсэг дээр айлууд барилгын компанитайгаа тохиролцоод газраа чөлөөлөөд явсан. Энэ бол хийх ёстой ажлуудын нэг. Үргэлжлээд явж байх ёстой ч өнгөрсөн зургаадугаар сараас хойш тодорхойгүй байсаар байна. 

-Гэхдээ бүх айл урьдчилгаа хоёр сая төгрөг төлөх боломжгүй шүү дээ?

-Тийм ээ. Хоёр сая төгрөг төлөх нь бүү хэл өнөө маргаашийн нүүрсний мөнгөөр дутаж байгаа айлууд бий. Тиймээс тэдэнд ажлын байр хэрэгтэй. Инженерийн шугам барихад ажлын байр гарч ирнэ, Тэнд тэдгээр хүмүүсийг ажиллуулах хэрэгтэй. Дээрх ажлыг хийхээр сар болгон ашиглалтын зардал гэж СӨХ шиг зүйл гарч ирнэ. 40, 50 айлын бохир, дулааны асуудлуудыг шийдэх ажлын байр мөн тэнд  гарч ирж байгаа юм. Тиймээс ажилгүй хүмүүс нь түүнийгээ хариуцаад ажиллаж болно.  Ингэж бие биенээ дэмжих хэрэгтэй. Юм бүрийг бид болохгүй, бүтэхгүй гэж харвал болох зүйл байхгүй шүү дээ. 

-Ирэх дөрөвдүгээр сард хөрсний бохирдолтой холбоотой хэлэлцүүлэг болно гэсэн. Өнгөрсөн оны тайлангаар хөрсний бохирдол есөн хувиар буурсан нь дахин төлөвлөлттэй холбоотой байх?

-Дөрөвдүгээр сард хөрсний бохирдолтой холбоотой хэлэлцүүлэг болох гэж байна. Үүн дээр мэргэжлийн байгууллагууд ажиллаж, хамгийн өндөр хөрсний бохирдолтой газруудыг  нэрлэх юм. Учир нь хөрсний бохирдлыг үүсгэж байгаа хэд хэдэн хүчин зүйлс бий. Нүхэн жорлон, хогийн цэгээс гадна, автомашин угаалгын газар, засварын газрууд байдаг. Үүнийг бид тодорхой дараалалтайгаар шийдэж, цэгцлээд явах хэрэгтэй. Түүнээс биш хэн ч дуугарахгүй, хөдлөхгүй чимээгүй сууж болохгүй. Энэ нь өөрөө аюултай. Өнгөрсөн онуудтай харьцуулахад мэргэжлийн байгууллагуудын гаргасан судалгаагаар хөрсний бохирдол 2016 онд 9 хувиар буурсан судалгаа гарсан байна. Энэ нь бас дахин төлөвлөлттэй холбоотой.  

-Нийслэлийн Ардчилсан намын бүлэг долоо хоног бүр “Хотын шийдэл” хэлэлцүүлэг хийж иргэдийн хүлээн авч уулзаж байгаа. Цаашид хэрхэн үүнийгээ ажил хэрэг болгон ажиллах вэ?

-Иргэдийн оролцоо нэмэгдэх хандлагатай байна. Удирдах төвшний, сонгогдсон гишүүд иргэдтэйгээ илүү ойрхон ажиллах хэрэгтэй. Тэдний санал бодлыг нь сонсож, түүнийгээ шийдэж, хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Заримдаа дарга нар маань иргэд яаж, хэрхэн амьдарч байгааг огт мэдэхгүй тал байдаг. Тиймээс НИТХ-ын ардчилсан намын бүлэг иргэдийнхээ асуудлыг өөрсдөөс нь сонсож, холбогдох хүмүүст нь уламжилах өгөх зүйлийг санаачлаад ажил хэрэг болгоод явж байна. Долоо хоног бүр Нийслэлийн иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг хөндөж, мэргэжлийн байгууллагуудын төлөөллөөс оролцуулан хамтран ажиллаж байна. Бид иргэдийнхээ САЙН санал санаачлага бүхнийг дэмжин хамтран ажиллах болно. НИТХ-ын ажлын албаны 11-310428 гэсэн дугаар, НЗДТГ-ын байр, №101 тоот  хаяг болон интернэтийн “НИТХ дахь Ардчилсан Намын Бүлэг” гэсэн фэйсбоок хаягаар  нээлттэйгээр нийслэлчүүд та бүхнийхээ саналыг авах болно.

П.Отгонтуяа

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment