8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Г.Шийлэгдамбын "түүх" давтагдаж, “Мөнхжин Од" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох санал хүргүүлсэн өдөр

2017-02-09 18:43:00

Өнөөдөр улс төрийн хүрээнд дуулиан шуугиан дагуулсан нэгэн өдөр өнгөрлөө.Тодруулбал,  БОАЖЯ-ны тусгай зөвшөөрөл хариуцсан дарга нар албаны өрөөндөө авлига авч байгаа баригдсан талаар мэдээлэл гарсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр анх мэдээлэл гаргасан. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хэн байсныг мөн зарласан байна. Тэрбээр хэлэхдээ “Энэ бол баттай мэдээлэл. Байгаль орчны яамны яамны ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН, БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН ГАЗАР-ын дарга байсан” хэмээн хэллээ. БОАЖЯ-ны хүрээлэн буй, орчин, байгалийн нөөцийн газрын даргаар Д.Даваасамба гэх эрхэм ажилладаг билээ. Мөн үүнээс гадна авлига авч байгаад баригдсан хүмүүсийг 72 цагаар саатуулсан гэсэн мэдээлэл байна. Өмнө МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамба мөн авилга авч байгаад газар дээрээ баригдаж байсныг та тод санаж байгаа биз ээ. Тэгвэл энэ түүх давтагдаж БОАЖЯ-ны хүрээлэн буй, орчин, байгалийн нөөцийн газрын даргаар Д.Даваасамба ийнхүү үйлдэл дээрээ баригдаад байна. Бид энэ талаар мэдээллийг тун удахгүй хүргэх болно. Харин одоо та бүхэндээ Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. 

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Иргэд 1072 хувьцааг зарах, худалдаж авах, өвлөх эрхээ хэзээ эдлэх вэ

“Эрдэнэс Таван Толгой” хувьцаат компанийн иргэдийн өмчлөлд байгаа 1072 хувьцааг хэрхэн эргэлтэд оруулах вэ. Тус компани нийт 10 тэрбум ширхэг хувьцаатай бөгөөд үүний 15 хувийг иргэн бүр өмчилдөг. Мэргэжилтнүүд “Эрдэнэс таван толгойн” компанийн хувьцааг эргэлтэд оруулах нь хөрөнгийн бирж, хөрөнгийн зах зээл, ард иргэд, компанид өөрт нь ч ашигтай гэдэгт санал нэгдэж байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоор ахлуулсан ажлын хэсэг Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээг 2016 оны сүүлээр эхэлсэн. Гадны болон дотоодын хөрөнгө оруулагчидтай ажлын хэсэг тус тусад нь хэлэлцээ хийж буй. Гэвч хэлэлцээ ямар шатанд яваа талаархи мэдээлэл хомс байна. “Эрдэнэс таван толгой” компанийн Хувьцаа хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Цэндмаа “Таван толгойн гэрээнээс иргэдийн 1072 хувьцааны хувь заяа шууд хамаарна” гэсэн. Гэвч хэлэлцээ хийж буй баг энэ компанийн нийт хувьцааны 14 хувийг эзэмшдэг иргэдийн эрх ашгийг хамгаалах эсэх нь тодорхойгүй байна. Монгол Улсын шадар сайд асан М.Энхсайханы ахалсан ажлын хэсэг ч хувьцаа эзэмшдэг иргэдийнхээ асуудлыг бүрэн орхигдуулсан байсан.

Хэчнээн иргэн 1072 хувьцааг эзэмшиж байгаа нь одоогоор тодорхойгүй

2011 оны гуравдугаар сарын 31-нээс хойш төрсөн, Монгол Улсын иргэд “Эрдэнэс таван толгой” компанид тус бүр 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байв. Насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар хүүхдүүдийн эдгээр хувьцааг өмчлөх эрхийг нээх боломжгүй байдаг байна. Иймд одоогоор Монгол Улсын хэчнээн иргэн 1072 хувьцааг эзэмшиж байгааг шууд тогтоох боломжгүй юм. 2030 он гэхэд иргэдийн бүртгэлийг бүрэн хийж дуусна.

Гэхдээ сонгуулийн өмнө зарим иргэний 300 ширхэг хувьцааг төр 300 мянган төгрөгөөр худалдан авсан. Оюутнуудад сургалтын төлбөрийг нь хөнгөлөх замаар зарим хувьцааг нь авч, ахмадуудад 1.5 сая төгрөг бэлэн тараах замаар бүх хувьцааг нь эргүүлэн авсан. Иймд нийт хэчнээн иргэн хэдэн ширхэг хувьцаа эзэмшдэг нь тухай бүрд өөрчлөгддөг.

 

Нарийвчилсан тоо хэлэх боломжгүй ч “Эрдэнэс таван толгой” компанийн 10 тэрбум ширхэг хувьцааны 80 хувийг төр,14хувийг иргэд, 0.6 хувийг аж ахуйн нэгжүүд эзэмшиж байна.

2016 оны сүүлчээс нүүрсний үнэ өссөнөөр компанийн орлого ч нэмэгдсэн. Энэ оны эхний улирал гэхэд БНХАУ-ын Чалко компанид төлөх зээл буюу 300 сая ам.доллар бүрэн дуусах нь. Ийнхүү санхүүгийн үзүүлэлтүүд нь сайжирч, урд хөршийн нүүрсний эрэлт өссөн таатай үеийг зөв ашиглах ёстой гэж Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо үзэж байна.

Учир нь “Эрдэнэс таван толгой” компанийн өмнөх удирдлагууд нүүрсний зах зээл уналттай үед иргэд, ААН-үүдийн эзэмшиж буй хувьцааг эргэлтэд оруулах нь эрсдэлтэй. Хөрөнгийн биржид бүртгүүлж нээлттэй компани болгосон ч хөрөнгө татан төвлөрүүлэх ажиллагаа амжилтад хүрэхгүй байх эрсдэлтэй гэж тайлбарласаар ирсэн. Мөн хууль, эрхзүйн орчин бүрдээгүй гэдэг нэг үгтэй байв. Дэлгэрэнгүй мэдээллийг энд үзнэ үү. 

Л.Болортуяа: Өсвөр насны хүүхдэд эд материалаас илүү сэтгэлзүйн хэрэгцээ чухал

-Хүүхэдтэйгээ тулж харьцах нь чухал. Загнахыг урьтал болгох хэрэггүй-

Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлзүйд тулгамдаж буй асуудлаар Сэтгэл судлаач Л.Болортуяатай ярилцлаа.

-Сайн байна уу? Өсвөр насныхны талаар ярилцах яриагаа тэдэнд тулгамдаж буй асуудлаар эхлүүлье гэж бодлоо? 

- Сайн байна уу? Өсвөр нас буюу шилжилтийн насыг ихэнх эрдэмтэд 12-18 насны хооронд явагддаг гэж үздэг. Энэ нь тэдний бие физиологид гарч буй өөрчлөлт, дааврын нөлөөгөөр түүний сэтгэлзүйд илрэх сэтгэлийн хөдөлгөөн тогтворгүй байдал, баярлах, гомдох, өөрийгөө голох гэх мэт шинжүүд өөрийн үзэл бодол, үнэтэй зүйлстэй нь хамт бойжиж эхэлдэг чухал үе байдагтай холбоотой. Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүдийн дунд сэтгэлзүйн хэд хэдэн нийтлэг асуудал тулгамдаж байна. Ер нь хүүхдэд өдөр бүр янз бүрийн асуудал тулгардаг ч эндээс хамгийн чухал, нийтлэг 4-ийг дурдая. Нэгдүгээрт, цахим хэрэглээ, цахим орчны нөлөөнд нийтээрээ автах хандлагатай байна. Энэ нь техник технологи хөгжсөн цаг үед компьютер тоглоомд донтох, цахим орчин буюу бидний хэлж заншсан фэйсбүүк, твиттер, инстаграмд ихэнхи цагаа өнгөрөөж буй нь өсвөр насныханд сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал, цагаа дэмий зүйлд үр ашиггүй өнгөрөөх,  бие биедээ атаархах, өөрийгөө бусдаас хэт доогуур үнэлэх,  нэг нэгнээ хэт аялдан дагалдах, зорилгогүй гиюүрэхэд хүргэдэг. Цаашлаад цахим орчноос хамааралтай, донтох үзэгдэл газар авч байгаа нь эцэг,  эх, багш нарын санааг зовоож байна. Хоёрдугаарт, өөртөө итгэх итгэл бага, өөрийн гэсэн зорилгогүй байдал нь их элбэг байна. Энэ нь манай ЕБС-ийн бага, дунд ангид сэтгэл зүйн боловсролыг хичээлийн хөтөлбөрт тусгаагүйгээс, мөн эцэг эхчүүд бидний хүүхдүүдээ хүмүүжүүлэх арга барил буруу байгаагаас шалтгаалж байна. Өөртөө итгэлгүй, зорилгогүй хүүхэд хичээл хийх сонирхолгүй, бие даах чадвар муу, залхуу, найз нөхдийн хүрээлэл бага байдаг. Эцэг, эхчүүд бид хүүхдийнхээ хоол унд, хувцаст анхаардаг шигээ хүүхдийнхээ сэтгэл зүйн боловсролд буюу өөрийгөө илэрхийлж байгаа байдал, хүмүүстэй ойлголцож сонсох чадвар, хүн хүндлэх, бусдын үзэл бодлыг хүлээн зөвшөөрөх,  өөрийнхөө хүсэл зорилгын төлөө тууштай байна уу гэдгийг нь байнга анхаарч, зөвлөж, ярилцах нь чухал. Гуравдугаарт, өсвөр насны хүүхдүүдийн дунд мэргэжил сонголтын асуудал их тулгамдаж байна. 

 

Өөртөө итгэх итгэл бага, өөрийн гэсэн зорилгогүй байдал нь их элбэг байна. Энэ нь манайЕБС-ийн бага, дунд ангид сэтгэл зүйн боловсролыг хичээлийн хөтөлбөрт тусгаагүйгээс, мөн эцэг эхчүүд бидний хүүхдүүдээ хүмүүжүүлэх арга барил буруу байгаагаас шалтгаалж байна.

Энэ тал дээр эцэг эхчүүдийн оролцоо маш чухал үүрэг гүйцэтгэдэг хэдий ч зарим эцэг, эхчүүд хүүхдийнхээ мэргэжил сонголтын асуудалд уламжлалт хэв маягаар оролцох, хандах хандлага их байдаг. Уламжлалт хэв маяг гэдэг нь хүүхдээ юу хүсч мөрөөдөж байгааг тэр бүр ойлгож, харилцан ярилцаж хүлээж авахгүйгээр олны жишгээр эмч, эдийн засагч, инженер бол гэж тулгах хандлага их байна. Энэ нь хүүхдэд сэтгэлзүйн том дарамт болохоос гадна аливаад шийдвэр гаргах чадварыг нь бууруулж байдаг. Бид уламжлалт хэв маягаас татгалзаж аль болох хүүхдийнхээ сонирхол, ур чадвар, сэтгэл зүйн онцлогт тохирох мэргэжлийг сонгоход нь туслах ёстой. Хүүхдийнхээ сонирхлыг мэдэхийн тулд юунд илүү их оролцох дуртай байна, юуг үзэх, сонсох дуртай байна, ямар хичээлээ давтах, хийх дуртай байгааг нь  ажиглаарай. Бид хүүхдийнхээ сэтгэлзүйн онцлог, ялгаатай байдалд тохирсон мэргэжлүүдийг судлах буюу шинжлэх ухаанчаар хандах цаг нэгэнт ирээд байна. Бид хуульч, инженер, эмч гэж туйлшрахаа болимоор байна. Мөн манайд сургалтын төвд явж байсан 2500 гаруй сурагчдад хийсэн судалгаанаас харахад 70 орчим хувь нь ахлах ангидаа мэргэжлээ эргэлзээд сонгоогүй байгаа гэсэн дүн гарсан байна. Энэ нь манайд мэргэжлийн чиг баримжааг шаталсан хэлбэрээр бага ангиас эхлэн явуулдаггүйтэй холбоотой юм.  

-Өсвөр насны хүүхдүүдийн дунд мэргэжил сонголтын асуудал их тулгамдаж байна-

Дөрөвдүгээрт, нь өсвөр насныханд тулгамдаж буй асуудлын нэг чухал нь эцэг, эхтэйгээ харилцах харилцаа юм. Сүүлийн үед хүүхдүүд эцэг эхтэйгээ ярилцах дургүй, яриа нь ихэвчлэн загнасан, нэг талаас түрэмгий хандлагатай, эсвэл шаардсан харилцаа учир хүүхдүүд захирсан хандлагатай харилцаанд оролцох дургүй болж өөрийн “БИ”-ийгээ хамгаалах зорилгоор дүргүйцлээ дуугаа хураах байдлаар илэрхийлэх хандлагатай болсон. Харин эсрэгээрээ эцэг, эхтэй ярилцдаг, үзэл бодлоо хуваалцдаг хүүхдүүдийн сурлагын амжилт нь өндөр, анги хамт олондоо нэр хүнтэй байдаг болох нь ажиглагдсан. Хүүхдэдээ ярилцах зав бага гаргадаг, ярилцлага нь амжилт муутай гэр бүлд өсч буй хүүхэд хичээл, сургуульдаа хандах хандлага муу байна. Иймээс эцэг эхчүүд бид гэр бүлдээ хүүхдэдээ өөрсдөө харилцаагаараа үлгэрлэх, хүлээцтэй байх, загнахыг урьтал болгохгүй байхыг анхаарах нь чухал. Дэлгэрэнгүй мэдээллийг энд үзнэ үү. 
 

С.Эрдэнэ: Монголын тал 140 сая доллар төлөх үүрэгтэй болно

Английн арбиртын шүүхээс Монгол Улсад 140 сая доллар буюу 350 тэрбум төгрөг төлөх үүрэг хүлээлгэсэн тухай УИХ-ын гишүүн С.Эрдэнэ чуулганы хуралдаанд хэлсэн. Эрдэнэт үйлдвэрийн төрд байгаа гэх 51 хувийн эзэмшил өнөөдөр эргэлзээтэй байдалд хүрснийг сануулсаар ирсэн. МАН эрх барьсан хугацаанд Эрдэнэт үйлдвэр “Жаст” группын захирал Ш.Батхүүгийн Өмнөд Африкийн Стандарт банкнаас авсан зээлд хоёр улсын хамтарсан өмчийн Эрдэнэт үйлдвэрээ барьцаанд тавьж, зориулалтын бусаар ашигласнаас энэ хэрэг үүдсэн. Тухайн үеийн ТӨХ-ны дарга Д.Сугар, Эрдэнэт үйлдвэрийн захирал Ч.Ганзориг нарын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэж Ш.Батхүү хамгаалаад өнгөрсөн. Харин өнөөдөр түүний хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай шуугиж байна. Ийхүү төрийн өмчийг үнэгүйдүүлж, завшиж ирсэн МАН-ын удирдлагууд 51 хувийг алдсанаа нууцалж, Монголдоо авчирсан 49 хувийг төрд булаан авахаар дайрч буй нь монголчуудад Ц.Нямдоржийн төрхөөр хоногшин үеийн үед жигшигдэх боллоо. 

“МӨНХЖИН ОД” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох санал хүргүүлэв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд архи, согтууруулах ундаа үйлдвэрлэгч 11 үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хүргүүллээ.

“Жаст”-ын 350 тэрбумыг төрөөр төлүүлэх “Нямдорж” ажиллагаа

“Эрдэнэт”-ийн 49 хувийн маргаан” гэж товчхон нэрлэгдэх болсон асуудал УИХ-ын нэгдсэн чуулганы босго даваагүй байх зуур өмнөх өрний асуудал дэгдэж эхэллээ. Сүр дуулиантайгаар ажлын хэсэг байгуулан “Эрдэнэт”-ийн 49 хувийг ОХУ-аас худалдан авсан “хэрэг”-ийг шалгаж, хууль зөрчсөн үйлдэл илрүүлсэн гэсэн энэ асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар /2017.01.31/ “Монголын зэс” компанийн худалдаж авсан 49 хувийг төрд буцаан авах ёстой гэсэн дүгнэлт гаргаад гацсан. Уг асуудлыг байнгын хороогоор өчигдөр /2017.02.08/  хэлэлцэх ёстой байсан ч хойшлуулсан билээ. Гэвч ийн асуудал байнгын хорооны босгыг ч даваагүй байхад зарим гишүүд “Эрдэнэтийг 100 хувь төрийн мэдэлд авахаар боллоо” гэсэн мэдээлэл дамжуулж эхлэв. УИХ-ын гишүүд яагаад ийм мэдээлэл албан ёсны пэйж хуудсаараа дуу нэгсэн зарлах болов гэдэг жичдээ асуудал байх.

Үүнтэй зэрэгцээд төрийн өмчит Эрдэнэт үйлдвэрээр барьцаалан 140 сая ам.долларын зээл хувийн компанид олгосон хэдэн жилийн өмнөх хэрэг явдал сөхөгдөж эхэллээ. Уг нь энэ талаар тухайн үедээ чамгүй дуулиан дэгдэж /холбоотой мэдээллийг ЭНД дарж уншина уу/ байсан билээ.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ Лондонгийн Арбитрын шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 140 сая ам.доллар төлөх шийдвэр гаргасан тухай мэдэгдлээ.

Сануулахад:Жаст групп 2009 онд Эрдэнэт үйлдвэрээр барьцаа гаргуулан “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авсан бөгөөд 2013 онд уг зээл төлөгдөхгүй байгаа учраас “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргасны хувьд өрийг төлөхийг албан ёсоор шаардсан. Тухайн үед “Жаст” группын захирал Ш.Батхүү хуурамч баталгаа гаргаж зээл авсан гэж булзаж үзсэн ч олон улсын арбитрын шүүхээр маргаан даамжирч явсаар эдүгээ энэхүү зээл буюу хүү алдангитайгаа 140 сая ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэр төлөх ёстой гэсэн шийдвэр гараад байгаа аж.   

Амралтын өдрүүдэд ажиллаж албан тушаалтнуудын мэдүүлэг авна

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй.

2017 онд мэдүүлгээ гаргавал зохих нийт 39.600 орчим албан тушаалтнаас хоёрдугаар сарын 08-ны өдрийн 29.156  мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ “meduuleg.iaac.mn” цахим хуудсаар шинэчлэн мэдүүлсэн бөгөөд улсын хэмжээнд явц байдал 73,6 хувьтай байна.

Харин Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 291 албан тушаалтнаас тухайн албан тушаалдаа ажиллаж байгаа 285 албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргахаас одоогоор УИХ-ын гишүүн-16, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд-28,  Засгийн газрын гишүүн-8, бусад-62 нийт 114 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн нь 39,1 хувьтай байна.

Хуулийн хугацаа дуусахад 7 хоног үлдсэн бөгөөд Авлигатай тэмцэх газраас хөрөнгө, орлогын мэдүүлэг, цахим системийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар заавар зөвлөмж өгч ажлын өдрүүдэд уртасгасан цагаар, амралтын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд ажиллаж, хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхийг тус газраас анхааруулж байна.

Ч.Энхбат: Хөгжлийн банкны хуулийг яаралтай батлах шаардлагатай байна

Монгол Улсын Хөгжлийн Банкны Тэргүүн дэд захирал  Ч.Энхбаттай ярилцлаа.

-Хөгжлийн банкны тухай хууль УИХ дээр ид хэлэлцэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын зарим гишүүд Хөгжлийн банкийг төсвийн гадуур үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлсэн хуулийн төслийг боловсруулсан гэж шүүмжлэлтэй хандаж буй.  ОУВС-аас өгсөн “Монгол Улс олон төсөвтэй бус нэгдсэн нэг төсөвтэй байх ёстой” гэсэн зөвлөмжтэй нийцэхгүй хуулийн төсөл өргөн барьсан юм уу. Эндээс ярилцлагаа эхэлье?

-Өнгөрсөн жилүүдэд Хөгжлийн банк улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй 3,3 их наяд төгрөгийн санхүүжилтийг олгосон байдаг. Тодруулж хэлбэл, 2015 он хүртэл улсын төсвөөс гадуур зам, гудамж талбайн засвар, дэд бүтцийн буюу төсвийн шинжтэй төсөл хөтөлбөрүүдийг УИХ-аар батлуулалгүй, хяналтгүй санхүүжүүлж байжээ. Төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийг санхүүжүүлэх нь Хөгжлийн банкны санхүүгийн зохистой харьцаа, ашигт ажиллагааг бууруулах, мөн улсын төсвийн зардлыг их хэмжээгээр нэмэгдүүлэх сөрөг үр дагавартай байсан. Тиймээс тухайн үед сөрөг хүчин байсан МАН, ОУВС, Дэлхийн банк  Монгол Улс нэгтгэсэн нэг төсөвтэй байх ёстой гэсэн зөвлөмжийг өгч байлаа. Үр дүнд нь 2015 оноос эхлэн улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй Хөгжлийн банкнаас хөрөнгө оруулах төсөл хөтөлбөрийн тухайн жилд санхүүжигдэх дүнг төсвийн бүрэлдэхүүн хэсэг болгон баталдаг болсон. 

ОУВС-ийн тавьж буй нэг шаардлага  хэрэв цаашид Хөгжлийн банкаар төсвийн шинжтэй санхүүжилт хийхээр бол банкны бүх зээлийг төсөвт тусгах, нэг бол төсвийн шинжтэй зээлүүдээ салган авч, Хөгжлийн банкны хууль эрх зүйн орчныг нь боловсронгуй болгож банкийг зөвхөн санхүүгийн үр ашигтай, зээлээ эргэн төлөх боломжтой төсөл, хөтөлбөр санхүүжүүлдэг байлгах ёстойг анхааруулдаг.  

 

Хөгжлийн банкаар улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжилтийг хийхгүй болсон гэдгийг онцолж хэлмээр байна.

 Тиймээс Засгийн газар Хөгжлийн банкин дээр байгаа улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй бүх зээлийг Сангийн яаманд шилжүүлэх, Засгийн газар, Хөгжлийн банк хоорондын өр, авлагыг эцэслэн шийдвэрлэх, өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх талаар тогтоолын төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлж оны өмнө батлуулж авсан. Өөрөөр хэлбэл, энэхүү тогтоолоор өмнө үүссэн бүх өр авлагыг эцэслэсэн. Тэгэхээр цаашид Хөгжлийн банкаар улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжилтийг хийхгүй болсон гэдгийг онцолж хэлмээр байна.

-Тэгэхээр Хөгжлийн банк төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхгүй болсон гэсэн үг үү. 

-Тиймээ, УИХ-ын өнгөрсөн онд баталсан тогтоолын дагуу төсөвтэй холбоотой бүх төсөл, хөтөлбөрүүдийг засагт шилжүүлсэн. Одоо манай баланс дээр зөвхөн арилжааны шинжтэй, төслийн орлогоос эргэн төлөгдөх боломжтой төсөл хөтөлбөрүүд үлдсэн байгаа.  Тодруулж хэлбэл, ОУВС-аас тавьж байсан нэг шаардлагыг биелүүлсэн гэсэн үг.

 

Мэдээж, УИХ болон Засгийн газар шаардлагатай гэж үзвэл тодорхой төсөл, хөтөлбөрт зориулан улсын төсөвт хөрөнгө тусгаад Хөгжлийн банкаар дамжуулан хэрэгжүүлэх эрх нээлттэй. Хамгийн гол нь өмнөх жилүүдийн алдааг бид давтахгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, өр үүсгэж төсвийн шинжтэй санхүүжилтийг Хөгжлийн банк хийхгүй.

Нөгөөтэйгүүр, УИХ-аас хөгжлийн тодорхой хөтөлбөрүүд батлаад Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх үүрэг өгч болно. Гэхдээ манай  банк өөрөө судлаад гагцхүү эдийн засаг, санхүүгийн үр ашигтай, зээлээ эргэн төлөх боломжтой төслүүдийг сонгон санхүүжүүлнэ гэсэн үг. Ер нь гадаадын Хөгжлийн банкуудийг судлаад үзэхэд санхүүжилт нь улсын төсвөөсөө ангид байдаг.  Харин Засгийн газар, парламент нь Хөгжлийн банкаараа дамжуулж тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа бол түүнийгээ төсөвтөө тусган парламентаараа баталж өгдөг юм байна.  Хөгжлийн банк цаашид энэ жишгийн дагуу л ажиллахыг зорьж байгаа.

-Хөгжлийн банк тэгэхээр санхүүжилтийн эх үүсвэр хаанаас олж, төслөө яаж сонгох юм. Ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилдөөн гарахгүй юу?

-Хөгжлийн банкны хуулийн төслийн шинэчилсэн найруулгаар Хөгжлийн банк УИХ-аас баталсан урт болон дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрт нийцсэн төсөл эдийн засаг, санхүү, түүнчлэн нийгмийн үр ашигтай төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ. Тухайлбал, Засгийн газрын дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт туссан төслүүдээс зээлээ эргэн төлөх боломжтой төслүүдийг сонгон санхүүжүүлнэ гэсэн үг. Эх үүсвэрээ өөрсдөө олж ирнэ. Санхүүжилтээ ч өөрсдөө гаргана.

Манай улсын зээлжих зэрэглэл одоогийнхоос 3-4 шатлал дээр, эдийн засгийн өндөр өсөлттэй үед хэдэн жилийн өмнө Хөгжлийн банк ерөнхий нөхцөлтэй жилийн 5-6 хувийн хүүтэй зээл гадаад зах зээлээс босгож чадаж байсан. Харамсалтай нь, гадаад дотоодын хүчин зүйлсээс шалтгаалаад өнөөдөр  10-аас  бага хүүтэй мөнгө олдохооргүй байна. Гэхдээ хамтрагч гадаадын банк, санхүүгийн байгууллагууд тодорхой төслүүд дээр бага хүүтэй мөнгө зээлэн хамтран оролцох боломжтойгоо илэрхийлж байгаа.

-Санхүүжилт босгох бэлэн төсөл нь тэгээд бэлэн байгаа юу. Яг ямар төслийг санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа вэ. Учир нь Хөгжлийн банк бол Монгол Улсын эдийн засагт нэн хэрэгтэй том төслүүдийг санхүүжүүлэх үүрэгтэйгээр байгуулагдсан шүү дээ? 

-Өмнөх жилүүдэд гарсан том алдаа бол хэрэгжүүлэх бэлэн төсөл хөтөлбөргүй байж их хэмжээний хөрөнгө гаднаас босгож оруулж ирсэнд байгаа юм. Тодруулж хэлбэл, юу хийхээ мэдэхгүй баахан мөнгө зээлээд, болохоо байгаад ирэхээр арилжааны өндөр хүүтэй зээлээр баахан зам тавиад, гудамж талбай засчихсан. Өнөөгийн өр зээлийн дарамт үүнээс л үүдэлтэй. Тиймээс бид энэ алдаагаа давтахгүйн тулд эхлээд төслүүдээ бэлэн болгохын сацуу бизнес моделио өөрчилж байгаа.

Өмнө Хөгжлийн банк төслийн  эрсдэлийг 100 хувь өөр дээрээ авч 100 хувь дангаар санхүүжүүлдэг байсан одоо бид төслийн 15-20 хувьд орж, үлдсэн хэсгийг нь төсөл санаачлагчаас болон гадаадын банк, санхүүгийн байгууллагаас гаргуулж хамтран санхүүжүүлэх юм. Энэ нь төслийн ил тод байдал, санхүүгийн үр ашиг, хяналт, эдийн засагт үзүүлэх үр нөлөөнд чухал ач холбогдолтой юм.

Бид өнгөрсөн 4 сарын хугацаанд яамд, төрийн байгууллагууд, Худалдаа аж үйлдвэрийн танхим, аж ахуйн нэгжүүд дээр байгаа 1100 гаруй төслүүдийг олон шалгуур, шүүлтүүрээр ангилж судалсны үндсэн дээр гадаадын банкуудтай хамтран санхүүжүүлж болохүйц 40 гаруй төсөлтэй болоод байгаа. Эдгээр төслүүд нь үндсэн дөрвөн салбар буюу хөдөө аж ахуй, уул уурхай, дэд бүтэц, зам тээвэрт хуваагдаж байгаа.

-Хөгжлийн банкны шинэ хуулийн төслийг  ОУВС хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм уу?

-Хөгжлийн банкинд өнгөрсөн оны есдүгээр сард Засгийн газраас ажлын хэсэг  байгуулж шалгалт хийсэн. Шалгалтын дүгнэлтэд Хөгжлийн банкны хууль эрх зүйн орчныг боловсронгүй болгох, хяналт шалгалт, хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж  дүгнэсэн байсан. Үүнийг засч сайжруулах, улс төр, төсвөөс хамааралгүйгээр үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй болсон. Тиймээс гадаадын амжилттай яваа Хөгжлийн банкуудын хууль эрх зүйн орчин бий болгох зорилгоор УИХ-ын гишүүн Б.Жавхлан болон нэр бүхий 20 шахам гишүүд Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн. Хуулийн төсөл маш олон шалгуур, шүүлтүүрийг давж УИХ-аар хэлэлцэгдэж байгааг Та бүхэн мэдэж байгаа байх. ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахаар яриа хэлэлцээр хийж байгаа Засгийн газар хэлэлцээрт саад болох тэс хөндлөн хуулийн төслийг дэмжээд УИХ-д өргөн бариулахгүй нь лавтай.

УИХ-д өргөн баригдсаны дараа Эдийн засгийн байнгын хороон дээр Ж.Ганбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж хуулийн төсөл дээр маш нухацтай ажиллаж, шүүсийг нь дахиад шахаж өгсөн. Ажлын хэсгээс Сангийн яамныханд чиглэл өгч хуулийн төслийг орчуулж ОУВС-аас саналыг нь авсан. ОУВС-аас хуулийн төсөлд нийт 18 санал ирснийг нь их бага хэмжээгээр бүрэн тусгасан. Хамгийн сүүлд өчигдөр банкны удирдлагууд ОУВС-ийн төлөөлөгчидтэй уулзсан.Тэдний зүгээс манай хуулийн төсөл дээр зарчмын зөрүүтэй санал дахиж өгөөгүй. Уулзалтын үед өгсөн зөвлөмж гэвэл Хөгжлийн банк санхүүгийн үр ашигтай, зээлээ өргөн төлөх боломжтой төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх ёстой шүү гэж байсан.

-Зарим гишүүд хуулийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргаж байсан. Танай банк бол яаралтай батлуулах сонирхолтой байх шиг, тийм үү?

-Хуулийг хойшлуулахгүй батласнаар цаашид ажиллах эрх зүйн орчин маань илүү тодорхой, хяналттай, хариуцлагатай, ил тод, гаднаас эх үүсвэр татах, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж нээгдэх юм. Эдийн засгийн энэ хүнд үед бид аливаа асуудлыг хойш тавилгүй цаг хугацаатай уралдаж шийдвэрлэж байх хэрэгтэй гэж хувь хүний хувьд бодож байна. Асуудлыг хойш тавьж, хариуцлагаас зугтаж, шийдвэр гаргах хурд, зориг зүрхгүй байвал бид өнөөгийн хямралд нөхцөл байдлыг улам даамжруулах эрсдэлтэй.

Хууль шинэчлэн батлагдсанаар “Хөгжлийн банкны эрх зүйн орчин сайжирсан цаашид шинэ хуулийн дагуу үйл ажиллагаагаа зохистой явуулах боломж бүрдэнэ” гэдэг мэдээллийг хөрөнгө оруулагчдад хүргэж, улмаар олон улсын санхүүгийн зах зээл дээрээс шинээр эх үүсвэр татах боломж нэмэгдэнэ.  Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих санхүүгийн эх үүсвэрийг татах, шаардлагатай төслүүдийг санхүүжүүлэх боломжийг бүрдүүлэхэд хуулийн төслийг яаралтай батлах шаардлагатай байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 9