"Нью Йорк таймс" сонинд Монголын парламент Эрдэнэтийн 49 хувийг төрд авах шийдвэр гаргасан талаар бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Монголын парламент нэгэн зэсийн уурхайн худалдан авалтыг цуцалж бүхэлд нь нийгэмчлэх шийдвэр гаргажээ. Хэдийгээр тус улсын ерөнхийлөгч парламентын энэхүү шийдвэр хөрөнгө оруулагчдыг айлгах болно гэж анхааруулсан ч шийдвэрт огт нөлөөлөөгүй нь нийт орлогынхоо 90 хувийг уул уурхайгаас бүрдүүлдэг Монгол улсад улстөр бол эмзэг сэдэв гэдгийг харуулж байна.
Парламентаас баталсан тогтоолын дагуу Оросын төрийн өмчит компаниас 400 сая ам.доллараар худалдан авсан Эрдэнэт уурхайн 49 хувийг нийгэмчилж 100 хувь Засгийн газрын мэдэлд авчрах ажээ.
Монголд байнга өрнөдөг уул уурхай тойрсон маргаан, компаниудын гарыг мушгисан үйлдэл нь хөрөнгө оруулагчдын итгэлийг байнга унагасаар ирсэн. Тэгсэн хэдий ч Монголын эдийн засаг өсөх бус өнгөрөгч улиралд -1.6 хувь болж агшсан байна. Түүгээр барахгүй улсын нийт өр нь эдийн засгаасаа 2 дахин их буюу 23 тэрбум ам.долларт хүрч ирэх 3-р сарын 21-нд 580 сая ам.долларын бондыг төлөх ёстой болжээ.
Монголын парламентын гаргасан шийдвэр нь 90-ээд оны эхээр Зөвлөлт маягийн коммунист дэглэмийг халснаас хойш анх удаагаа компанийн хөрөнгийг хураан авч буй шийдвэр болж байна. Өнгөрсөн жил Монголд парламентын сонгууль болж Засгийн газар солигдсон юм. Харин эдийн засгаа өөд нь татах хүндхэн үүрэг хүлээгээд буй Засгийн газарт гол ачаа ногдсон хэвээр. Үүнийг ч тус улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж анхааруулж “хөрөнгө оруулагчдыг үргээж Монголыг улам ганцаардуулах буруу шийдвэр“ гэж хэлэв. Тэрээр парламентад хэлсэн үгэндээ “Эрдэнэтэд бугшсан хууль бус нуугдмал бүхнийг дэлгэн тавих хэрэгтэй” гэжээ.
Үүний өмнөхөн дэлхийн томоохон компани болох Рио Тинтог тойрсон маргаанаас болж Оюутолгойн уурхайн ажил хойшилж байсан юм. Өнгөрөгч 5-р сард тухайн үеийн ерөнхий сайд Сайханбилэг “Монгол улс бизнест эргэн ирлээ” хэмээн зарласнаар Рио Тинто 5.3 тэрбум ам.долларын уурхайн ажлаа сэргээж байлаа.
Хэлцлийн эргэн тойронд ужгирсан маргаан үргэлжилж хэлцлийг санхүүжүүлсэн Худалдаа хөгжлийн банкийг дүрэм журам зөрчсөн гэж буруутгажээ. Харин тус банкны гүйцэтгэх захирал Ононгийн Орхон хэлэхдээ “тус банк нь санхүүгийн зөвлөгөө өгч хэсэгчилсэн санхүүжилтийг ном журмын дагуу хийсэн” гээд парламентын дүгнэлтийг эрс няцаасан байна.
Эрдэнэтийн хэлцлийг хийсэн 28 настай Мичиганы хуулийн сургуулийн төгсөгч Цоожийн Пүрэвтүвшингийн хувьд утсаар өгсөн ярилцлагадаа ч “парламентийн гаргасан шийдвэрийн үндэслэлийг хатуу няцааж байна” гэдгээ мэдэгдсэн юм. Магадгүй олон улсын түвшинд байнга хийгддэг хэлцэл Монголд анх удаа хийгдсэн нь асуудал эхнээсээ анхаарлын төвд ороход хүргэсэн байхыг үгүйсгэж болохгүй ажээ.