8o
Улаанбаатар хот
mobile menu

​Азийн өвлийн наадамд манай улсын 42 тамирчин оролцоно

2017-02-16 10:19:11

Азийн өвлийн спортын наадам Японы Саппоро хотод энэ сарын 19-26-нд болно. Найм дахь удаагийн тус наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэх ёслол өнөөдөр Монголын Үндэсний олимпийн хорооны хурлын танхимд боллоо.

Тус наадамд цана, тэшүүр, биатлон, хоккей, кёрлинг гэсэн спортын 11 төрөл зайд шар тивийн 45 орны баг тамирчид 64 багц медалийн төлөө өрсөлдөх юм. “Саппоро-2017” Азийн наадамд манай баг тамирчдын хувьд гүйлтийн тэшүүр, шорт трек, гүйлтийн тэшүүр, уулын цана, биатлон, хоккейн төрөлд 28 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 42 тамирчин хурд сорих юм байна. Тус наадмын Монголын шигшээ багийн тугчаар биатлоны төрөлд өрсөлдөх Э.Бархүүг томилов. Тэрээр хэдхэн хоногийн өмнө биатлоны Европын АШТ-д дээгүүр байр эзэлсэн нь тугч болоход нөлөөлөх шиг боллоо.

Монголын багийн бүрэлдэхүүнд “Лиллехаммер-2016” залуучуудын олимпийн наадмын аварга Б.Сумъяа, “Сочи-2014” өвлийн олимпийн наадам, “Алмата-2017” оюутны “Универсиад” наадамд тоосоо өргөсөн Ч.Отгонцэцэг нарын туршлагатай тамирчин бий. “Саппоро-2017” Азийн өвлийн олимпийн наадмын Монголын багийг Үндэсний шигшээ багийн албаны дарга Ч.Насантогтох удирдах юм. Манай тамирчид тус наадмаас өмнө нь дөрвөн төрөлд медаль хүртэж байв. Тухайлбал, “Саппоро-1990” Азийн наадмаас цанын эрэгтэйчүүдийн буухиа төрөлд хүрэл, “Чанчүнь-2007”-оос Ү.Марал-Эрдэнэ уулын цана, чөлөөт гулгалтын төрөлд хүрэл, “Алма-Ата-2011”-ээс бөмбөгтэй хоккейн баг, цанатай зүг чиг олох төрөлд хүрэл медаль хүртэж байлаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл