8o
Улаанбаатар хот
mobile menu

Ш.Раднаасэд: 49 хувийг эзэмшиж байгаа хүмүүс шүүх, хяналтын бүх газраар явах байлгүй, тэдэнд тийм эрх бий

2017-02-16 15:02:00

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос өнөөдөр /2017.02.16/ хэвлэлийн хурал зохион байгуулж, 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тус байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 27 удаа хуралдаж, бие даасан 8 хууль, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 72 хууль, Улсын Их Хурлын 13 тогтоолыг хэлэлцэн, батлуулжээ. Энэ хүрээнд Байнгын хорооноос 49 санал, дүгнэлт, танилцуулгыг бэлтгэж, хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцүүлгийн явцад 670 зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг гаргасан байна. 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор 12 Ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд нийтдээ 66 удаа хуралджээ. Мөн иргэд, байгууллагуудаас тус Байнгын хороонд 145 өргөдөл, албан бичиг ирүүлсний 102-ыг нь шийдвэрлэж, хариу өгсөн болохыг Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд мэдээлэв.

Мөн тэрбээр Хууль зүйн байнгын хорооноос хэлэлцүүлэгт бэлтгэн УИХ-аар  батлуулсан бие даасан 8 хууль тус бүрийн талаар танилцууллаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлуулсан бөгөөд нийгэмд онцгой анхаарал татаж байсан, хүүхэд, эмэгтэйчүүд зэрэг гэр бүлийн орчинд хүчирхийлэлд өртдөг иргэдээ хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажилласан гэдгийг Байнгын хорооны дарга тэмдэглэн хэллээ. Энэ хууль батлагдсанаар гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндэс бүрдэж байгаа юм. Мөн орон нутгийн хүн амын тоог харгалзан цагдаагийн байгууллагын бүтцэд цагдаагийн мэргэшсэн албан хаагчдаас бүрдсэн нэгжтэй байж болохыг хуульчилсннаар хүчирхийлэл үйлдэгч, хохирогчийн талаархи бүртгэл хөтлөх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж ашиглах, мэдээллийг хүлээн авч, шаардлагатай тусламж, зөвлөгөө өгөх, холбон зуучлах 24 цагийн утас ажиллуулах юм байна. Мөн нэг цэгийн үйлчилгээний төв байгуулагдах бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид харьяалал харгалзахгүй 24 цагийн турш цогц үйлчилгээг үзүүлэх эрх зүйн орчин бүрджээ. Үүний зэрэгцээ гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрийг тодорхойлж, гэмт хэрэгтэн болон хуулиар хүлээсэн хариуцлагаа биелүүлээгүй иргэн, албан хаагчдад шийтгэл оногдуулах зохицуулалтыг тусгасан аж.

Мөн тус Байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэн батлуулсан Цагдаагийн албаны тухай хуульд цагдаагийн албаны үндсэн чиг үүргийг гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангахаар тусгаж, цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагааг хуулиар журамлажээ.

Түүнчлэн Монгол Улсын дотоодын цэргийн тогтолцоо, чиг үүрэг, бүрэн эрх, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулах зорилт бүхий 5 бүлэг 40 зүйлтэй Дотоодын цэргийн тухай хуулийн талаар танилцууллаа.

2002 оноос хойш шинэчлэгдээгүй байсан Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Хууль зүйн байнгын хороо хэлэлцүүлэгт бэлтгэн, УИХ-аар батлуулжээ. Монгол Улс нь НҮБ болон Дэлхийн худалдааны байгууллагаас гаргасан жишигт нийцсэн, аль ч улс орны арбитрын шатанд хүлээн зөвшөөрөгдөхүйц бүтэц, тогтолцоо, үйл ажиллагааны хэлбэр механизмийг бүрдүүлсэн Арбитрын тухай хуультай болсныг энэ оны хоёрдугаар сарын 21-ний өдөр олон улсад танилцуулахаар төлөвлөсөн болохыг Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд сэтгүүлчдэд мэдээлэв.

Мөн төрийн байгууллага, албан тушаалтан, хувийн хэвшил, иргэний нийгэм, улс төрийн нам, бүлгийг авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, хариуцлагатай нийгмийг хөгжүүлэх зорилго бүхий 2 үе шаттайгаар 6 жилийн хугацаанд хэрэгжих Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг УИХ-аар батлуулсан байна. Мөн Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын талаар танилцууллаа.

Ирэх хаврын чуулганаар Хууль зүйн байнгын хороо хэд хэдэн томоохон хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулыг төслийг хэлэлцэж байгааг онцоллоо. Энэ хуулийн хүрээнд өмнө нь гэмт хэрэгт тооцогддог байсан зарим хөнгөн гэмт хэрэг зөрчлийн тоонд орж нийтдээ 1470 зөрчлийг хянан шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтыг хийх аж. Тиймээс нийгмийн харилцаанд оролцож буй хүн бүрт хамааралтай тус хуулийн төслийн хэлэлцүүлэгт иргэд, бизнесийн байгууллага, ТББ-ын оролцоог ханган, амьдралд нийцэхүйц, зөв хууль гаргах зорилгоор Байнгын хороо ажиллаж байгаа бөгөөд төсөлтэй холбоотой санал, хүсэлтээ бүх хувилбараар Хууль зүйн байнгын хороонд уламжлах боломжтойг онцлон мэдээлэв. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөөд байгааг дуулгалаа.

Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, ээлжит чуулган завсарласан байгаа ч Байнгын хорооны үйл ажиллагаа үргэлжилсээр байгааг дуулгав. Ирэх хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх Ш.Раднаасэд даргын онцлон нэр дурдсан гэмт хэрэг, эрх зүйн зөрчилтэй тэмцэх эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэж байгаа аж. Мөн гуравдугаар сарын 06, 13, 20, 27-ны өдрүүдэд хэлэлцүүлгүүд зохион байгуулж, дээрх хуулийн төслүүдийн хүрээнд хийгдэж буй эрх зүйн орчны өөрчлөлтийн талаар иргэд, аж ахуйн нэгж, мэргэжилтнүүд, судлаачид, мэргэжлийн байгууллагуудад танилцуулан, санал, дүгнэлтийг нь авахаар төлөвлөсөн байна.

Хууль зүйн байнгын хорооны гишүүн Ж.Ганбаатар хэвлэлийн хуралд оролцсон юм. Тэрбээр, олон хууль батлагдах хэрээр нийгмийн харилцаа сайжирч, улс орны хөгжил дээшлэхгүй гэдэг байр суурьтай байдгаа илэрхийлээд “Байнгын хороо хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх үеэр хэт нэг талыг баримтлах вий гэдгийг анхаарч, жижиг дунд бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалж, үйл ажиллагааг нь хааж, боомилсон хууль, тогтоол гаргуулахгүй байх чиглэлээр ажиллах болно” гэлээ. Мөн санаачилсан хуулийн төсөл, батлуулсан хуулийн тоо үйл ажиллагааны үр дүн биш, тэр хүрээнд эрх зүйн ямар өөрчлөлт, дэвшилтэт зохицуулалтууд хийгдэж байгаад хэвлэл мэдээлэл болон иргэд анхаарал хандуулж байх нь зүйтэй хэмээн УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хэлсэн.

Ийнхүү хэвлэлийн хурлын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд сэтгүүлчдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө.

-“Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьцаатай холбоотой шалгалтыг Хууль зүйн байнгын хорооноос явуулж УИХ-ын тогтоол гарсан. Одоо “Эрдэнэт” үйлдвэр дээр дахиад шалгалт явуулж байгаа гэж байна. Энэ танай байнгын хороотой холбоотой юу?

-“Эрдэнэт”-ийн асуудлаар ТӨХ, Сангийн яам, татварын байгууллагатай хамтарсан ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Энэ шалгалт 20-иод хоногийн хугацаанд үргэлжилнэ.  Дүн нь Цагаан сарын өмнө гарах байх. Энэ шалгалтыг бид анхааралтай ажиглаж байгаа.

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль  энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ гэсэн. Гэсэн ч энэ хууль хэрэгжиж эхэлсэн эхлээгүй, хэрэгжүүлэх нөхцөл боломж нь бүрдээгүй гэсэн мэдээллүүд гарах боллоо. Баталсан хуулиудынхаа хэрэгжилтийг эргээд яаж хянадаг вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Их хурал хууль баталсан л бол хэрэгжих ёстой. Хэрэгжилтийг шалгадаг хоёр янзын хэлбэр байна. Нэг нь Их хурал өөрөө шалгадаг. Хоёр дахь нь Аудитын газар хууль тогтоомжийн  хэрэгжилтээр гүйцэтгэлийн аудит хийдэг. Бид 2017 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг Үндэсний Аудитын газраар хийлгэхээр оруулсан байгаа.

-Намрын чуулганаар батлагдсан Арбитрын тухай хууль дэлхийн жишигт нийцсэн гэж байна. Энэ хуульд ямар өөрчлөлт орсон  бэ?

-2003 оноос мөрдөгдөж байгаа Арбитрын хуулийн зохицуулалт нь хэрэг маргаан шийдвэрлэх үед хэт нэг талыг барьдаг. Эсвэл хараат бусаар ажиллах нөхцөл бололцоо, шинжээчийн томилох, үзлэг хийлгэх зэрэг тодорхой ажил бүрхэг байсан. Өөр улсад хийгдэх ажиллагаа хуулиар олгогдоогүй зэрэг асуудлууд байсан. Арбитраас гарч байгаа шийдвэрийн биелэлтийн баталгаажуулах асуудал нь бусад хуулиудтайгаа уялдаа муутай байсан. Өөрөөр хэлбэл, Арбитрын шийдвэр гарчихдаг. Нөгөө талд нь өөр өнцгөөс шүүхийн шийдвэр гардаг. Эсвэл цагдаа хэрэг үүсгэдэг зэргээр аль ч үгүй юм болгох тохиолдол байсан. Шинэ хуулиар энэ бүхнийг зассан. Гол нь Арбитраас гарсан шийдвэр Монгол Улсад шүүхийн шийдвэр бүрэн төгс хэрэгжих боломж бололцоог бүрдүүлсэн. 

-“Эрдэнэт”-ийн 51 хувьтай холбоотой асуудлаар Байнгын хороонд ямар мэдээлэл байгаа вэ? Гуравдугаар сарын 20-нд болох шүүх хуралд манай талаас ямар хүмүүс оролцох вэ?

-Гуравдугаар сарын 20-ны шүүх хурлын талаар мэдэхгүй байна. 49 хувийг эзэмшиж байгаа хүмүүс шүүх, хяналтын бүх газраар явах байлгүй. Явах эрх нь тэдэнд байгаа. Явах эрхийг нь хэн ч хорьж чадахгүй. Өнөөдөр хуулиар ямар боломж бололцоо байна. Ерөнхийлөгч хориг тавьж болно. Үндсэн хуулийн цэцэд  УИХ-ын тогтоолыг өгч болно. Бүх хэлбэрээр эрх нь нээлттэй байгаа. Эрхээ хэрэгжүүлэх боломжийг  УИХ ч юм уу хэн нэг албан тушаалтан хаах нөхцөл байхгүй. Тийм учраас бид тэр үйлдлийг нь харж байна. ТӨХ-ны, Засгийн газрын дүгнэлтийг харж байна.  

-Эрүүгийн хуульд эмч нарт хариуцлага тооцохтой холбоотой заалт өөрчлөгдсөн үү?

-Эмч нартай холбоотой торгуулийн хэмжээ хоёр дахин буурсан. Хамгийн сүүлийн Их хурлын чуулганы эхний хэлэлцүүлгээр хорих ял нь байхгүй болсон. Одоо эцсийн хэлэлцүүлгээр дахин хэлэлцэгдэнэ.

-Байнгын хорооны хуралд дээр үргэлжлүүлээд Худалдаа хөгжлийн банктай холбоотой концессийн гэрээнүүдэд хяналт шалгалт хийнэ гэж яригдаж байсан. Энэ хэзээнээс хийгдэж эхлэх вэ.

-Нийтдээ 1.6 их наяд төгрөгийн концесс байгаа. Үүд шалгах ёстой юм их бий. 1.6 их наядыг Монголын төр, татвар төлөгч иргэд төлнө. Энд бодитой хийгдсэн юм байна уу гэдгийг цэгцэлж үзэх хэрэгтэй.  

Зарим газар концессийн гэрээгээр зам тавьсан, үгүй нь мэдэгдэхгүй байна. Зарим газар  үнийн дүн нь явцын дунд 3-4 удаа өөрчлөгдөж, 1180 дахин өссөн концессийн гэрээ хүртэл байна. Хөгжлийн банкнаас гарсан 1.3 их наяд төгрөгийн ихэнх нь концессоор явсан. Энэ бүгдийг шалгаж, нэг талд нь гаргах ёстой. Шударга ёсыг тогтоож, өрийг ард түмэн бага төлж, идсэн хүмүүс ээр их төлүүлэх ёстой.

-“Эрдэнэт” үйлдвэр ард түмэнд хамаагүй, хэсэг бүлэг улстөрчдийн саалийн үнээ гэж яригдаад байна. Байнгын хороо хувьчлалын хүрээнд шалгалт хийлээ. Цаашдаа “Эрдэнэт”-д шахаа хийсэн улстөрчдийг нэрлэх боломж байгаа юу. Ажлын хэсэгт гишүүнээр орсон Ц.Нямдорж гишүүний хүү 2.5 тэрбум төгрөгийн шахаа хийсэн гэж яригдаж байна.

Сангийн яам, ТӨХ-ны шалгалтын дараа ил тод болох байх. Худалдан авах ажиллагаа, аливаа компанийн үйл ажиллагаа нээлттэй байж, цаана нь муу муухай зүйл нуугдахгүй. Засгийн газрын 30 дугаар тогтоол нууц л байсан. Үүнтэй ижилхэн арга хэлбэрээр бүх зүйл хийгдсэн. Тийм учраас бид хуулийн хэрэгжилт, ил тод байдлыг ил болгох ёстой. Компаниудын тайланг ил тод зарлах хэрэгтэй. “Эрдэнэт” ч биш бусад төрийн өмчит компаниудыг мэдээллийг ил болгох нь ТӨХ-ны бодлого байх ёстой гэж үзэж байгаа. Архангай аймагт “Гудамж” төслийн хүрээнд нэг км замыг 5 тэрбум төгрөгөөр барьж байна гээд бод доо.  Төсөвт өртөг нь 1.2 тэрбум төгрөгийн стандарттай байсан.

-Эрдэнэт”-ийн 51 хувь барьцаанд байгаад Лондонгий шүүх дээр эхний шатанд ялагдчихсан гэдэг асуудлыг нөгөө тал ярьж байгаа.  Энэ талаар танд мэдээлэл бий юу?

-“Эрдэнэт”-ийн захирлаас асуухад нийтдээ 8 сая ам.долларын асуудал Арбитрийн шүүх дээр яригдаж байгаа юм билээ. “49” хувьтай хийсэн уулзалтаар  100 сая орчим ам.долларын  шийдвэр  хийгдсэн гэж байсан. Үүнээс илүү мэдээлэл надад алга байна.  Шалгалтын дүнгээр асуудал гарч ирэх байх.

өрийн өмчит компаниуд ашигтай ажилладаг байсан. Сүүлийн хэдэн жил 10-аад их наяд төгрөгийн алдагдалтай ажилласан гэсэн. Хариуцлага тооцох уу?

-Төрийн өмчит компаниуд олноор байгуулсан. Өөрсдөд нь хэрэггүй зүйл худалдаж авсан, ашиггүй зүйл хийдэг асуудал төрд тогтчихоод байна. Үүнийг болих хэрэгтэй. Байнгын хорооноос чиглэл өгсөн. Манай Говь-Алтай аймагт 8:12 хэмжээтэй ус савладаг үйлдвэрийг 1.9 тэрбум төгрөгөөр баригдсан байна. Орон нутгийн өмчит компани байгуулчихсан. Иймэрхүү жишээ олон байгаа. Төр өөрөө бизнес хийх гэж оролдсон. Ингэхдээ өөрсдөө идэхийн тулд их хэмжээний мөнгөөр хийсэн байна. Хариуцлага тооцох нь гарцаагүй. Одоо цэвэрлээд явахгүй бол ирээдүйд эвгүй байдал руу орно.

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг аваад Хятад 2 тэрбумын зээлийн барьцаанд тавьж байгаа гэж О.Баасанхүү гишүүн ярилцлага өгсөн байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Тэрийг О.Баасанхүүгээс л асуу. Би мэдэхгүй.

-“Эрдэнэт”-ийн 51 хувийн асуудлыг ярихад ТӨХ-ны дарга нь “гуравдугаар сарын 20-нд болох бүх мэдээллийг Хуульзүйн байнгын хороонд өгч байгаа” гэж мэдээлсэн. Таны зүгээс тодорхой мэдээлэл байхгүй гэж байна.

-Хуульзүйн байнгын хороонд албан ёсны мэдээлэл алга. ТЕГ-аас шалгалт очиход 109 сая ам.долларын асуудал байгаагүй. 109 сая ам.долларыг тухайн үед авсан Хадгаламж банкны нөхөд өөрсдөө төлж барагдуулаад явж байгаа гэдгийг Хуульзүйн байнгын хорооны хуралдаан дээр Ням-Осор дарга хэлж байсан.

-Өнгөрсөн 4 жилийн хугацаанд эрх баригчид мөнгийг гамгүй зарцуулсан, хариуцлага тооцно гэж байсан. Харин шинэ бүрдсэн парламентаар Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа. Одоо хууль бус зүйл бүүр гаарч байгаа гэж ойлгож болох уу? БОАЖ-ны газрын дарга нар 200 орчим сая төгрөгийн авлига авсан асуудалд холбогдлоо.

-Наадах чинь жижиг хардалт байх. Шилэн дансны хууль хэрэгжих ёстой. Засгийн газар руу Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгүүлэхээр асуулга тавьсан байгаа. Хаврын чуулганаар энэ мэдээлэл хийгдэх байх.  

-УИХ-аас баталсан тогтоолд “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авахдаа Монголбанк, Хөгжлийн банкнаас Худалдаа хөгжлийн банкинд олгосон зээл, бонд зэргээс суутган тооцохоор заасан. Худалдаа хөгжлийн банк Засгийн газраас авлагатай юм билээ. Үүнийг яаж шийдэх бол?

-Манай ажлын хэсэгт Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч, Хяналтын шалгалтын газрын дарга нь, Сангийн яамны Төрийн нарийн нарийн бичгийн дарга, ТЕГ-ын Татварын хяналт шалгалтын хэлтсийн дарга орсон. Энэ бүрэлдэхүүн тодорхой удирдамжийн дагуу өөр, өөрсдийнхөө чиглэлийн дагуу ажиллаж гаргаж ирсэн мэдээллийн дагуу “Монголын зэс” компанийн эзэмшиж буй 49 хувийг суутган тооцох хэлбэрээр төрд авах шийдвэр гаргасан.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment