8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: "Насны хишиг"-ийг олгож, АТГ-аас Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нараас байцаалт авсан өдөр

2017-02-21 18:40:00

Тун удахгүй Монгол түмний уламжлалт цагаан сарын баяр болох гэж байна. Хаврын улирал ч  хаяанд ирлээ бүсгүйчүүдээ. Урин хавартай учран золгох гэж байгаа ч бүсгүйчүүдийн хувьд хамгийн их хямардаг улирал нь хаврын улирал байдаг шүү дээ. Учир нь хавар хүмүүсийн биеийн шинэ хуучин арьсны солилцоо аажмаар дээшилж, арьсны өөхөн булчирхайн ялгарал өдрөөс өдөрт нэмэгддэг. Хавар, зуны үед арьсаа сайтар хамгаалж сувилахгүй бол цаг агаарын нөлөөгөөр өнгө нь ганддаг.
Тиймээс энэ улиралд нүүрний арьсанд хамгийн их арчилгаа шаардагддаг. Бид арьсанд тослог дутагдахаар хуурайшдаг гэдэг ядруу ойлголттой байдгаасаа нүүрээ хуурайшиж холцруутаж эхлэнгүүт элдэв тос нялж эхэлдэг. Харин арьс хуурайшна гэдэг түүнд ус, чийг дутагдснаас үүдэлтэй бөгөөд энэ нь арьс унжийж сулрах, үрчлээ үүсэх зэргээр илэрдэг. Тиймээс та өнөөдрөөс эхлэн арьсаа арчилж эхлээрэй. Харин одоо та бүхэндээ дуулиан шуугиан дагуулсан Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. 
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

ФОРБЕС: ОУВС-ийн тусламж түүхий эдийн үнийн хамаарлаас үүссэн хямралаас гаргана

Нийгэм эдийн засгийн асуудлаар дагнан бичдэг "Форбес" сэтгүүлийн сэтгүүлч, эдийн засагч Тим Ворсталл хоёрдугаар сарын 19-ны нийтлэлдээ Монголын нийгэм, эдийн засгийн байдлыг бичиж, ОУВС болон бусад холбоотон гишүүн орноос авсан 5,5 тэрбум ам долларын тусламжыг зөв эсэхийг шинжээчийн үүднээс дүгнэн бичсэн байна. Ийнхүү дараах нийтлэлийг Чухал.мн вебсайтын уншигчдадаа орчуулан хүргэж байна.

ОУВС Монголын Засгийн газарт эхний ээлжид 440 сая ам.долларын зээл өгөхөөр болсон бөгөөд энэ нь тус улсад олгогдох нийт 5.5 тэрбум ам.долларын зээлийн нэг хэсэг юм.Энэхүү мөнгө нь түүхий эдийн үнийн хамаарлаас үүссэн хямралаас Монгол Улсыг гаргахад тусална.

Өнгөрсөн ням гарагт ОУВС болон бусад хамтран ажиллаж буй байгууллагууд зөвшилцөлд хүрч Азийн хойд зүгт орших Монгол Улсын Засгийн газарт эдийн засгийн хямралаас гарахад нь дэмжлэг болгон 5.5 тэрбум ам.долларын зээл олгохоор болсон талаараа мэдэгдсэн. ОУВС-ийн Захирлуудын зөвлөл Монголын хүсэлтийг ирэх сард хэлэлцэж батлах ёстой юм.

Монголын Засгийн газар болон ОУВС-ийн төлөөлөгчдийн хийсэн хэлэлцээрээр ОУВС 440 сая ам.долларыг гурван жилийн хугацаанд олгох аж. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Япон болон БНСУ-аас нийт 3 тэрбум ам.долларын зээл авах нөхцөл бүрдсэн ба Хятадын Ардын банк Монгол Банктай хийсэн хоёр тэрбум ам. долларын своп хэлцлийн гэрээгээ гурван жилээр сунгасан талаар ОУВС-аас гаргасан мэдэгдэлд онцолсон байна.

ОУВС-тай хийсэн хэлэлцээрийн үндсэн зарчим нь стандарт болчихсон зүйл. Засгийн газар хэтэрхий их зарлага гаргадаг байсан бол одоо аль болох бага мөнгө зарцуулах шаардлагатай ба ОУВС нь бүх зүйл ном журмаараа явж байгаа эсэхийг хянаж, тухайн улсын эдийн засгийн  батлан даагчийн үүргийг гүйцэтгэх юм.

Бодит байдал дээр эдийн засгийн хямралд өртсөн улсад дэмжлэг болох үүднээс ганц ОУВС зээл олгоод байгаа юм биш. Ихэнх тохиолдолд эдгээр мөнгөний ихэнхийг хувийн ашиг сонирхол өвөртөлсөн эрхмүүд гаргах ба хувийн хэвшлийнхэн эдгээр албан ёсны зээлдүүлэгч нарын шийдвэрийг дагадаг. ОУВС энэ мөнгөний хэсгийг гаргадаг нь үнэн ч нийт зээлийн 10 хүрэхгүй хувь нь л тус байгууллагаас гардаг. ОУВС нь чухам яг ямар үүрэг гүйцэтгэдэг вэ гэвэл албан ёсны зөвшөөрлийг нь л олгодог юм. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

 Нийгмийн даатгал төлөхгүй байх арга замыг хайж л таарна


ОУВС-тай эрх баригчид өнгөрсөн 2016 оны 7, 8 дугаар сараас эхлэн энэхүү хэлэлцээрт хүрэхийн төлөө нэлээд удаан хугацаанд, амаргүй байдалтай, тал талаасаа өөрсдийн байр суурь санал бодлоо уралдуулсан гэдэг. Улаанбаатар хотод ч, Вашингтон хотод ч хэд хэдэн үе шаттайгаар явагдаж, өнөөгийн түвшинд иржээ. Ойрмогхон гэхэд л ОУВС манай улс хэлэлцээрийн ширээний ард 18 хоног суужээ. Мэдээж хэрэг мөнгө  өгөх гэж буй нь маш их гэдийнэ. Авах гэж бас улам их бөхийнө. Гэтэл манай эрх баригчид хэлэлцээрт орохдоо жинхэнэ зөв тохиролцоонд хүрэлгүй зөвхөн төрийг хамгаалах, бэхжүүлэхэд хамаг анхаарлаа хандуулсан гэж дүгнэж болохоор байна. Үүр шөнийн заагаар гэдэгчлэн хамаг олон амарчихсан, монгол түмний уламжлалт цагаан сарынхаа бэлтгэлийг хэдхэн бор төгрөгтөө тааруулан бэлтгэж байх цагаар хам хум хурал зарлаж ёстой нэг нийгмийг бужигнуулж, хямрааж орхив.

Сар шинэ дөнгөж хуучирмагц л эгэл жирийн иргэдийн амьдралд шууд нөлөөлөх шийдвэрээ Засгийн газар саналаа УИХ ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэн батлуулах гэж дайрна. Хагас, бүтэн сайн өдөр гэлтгүй ээлжит бус чуулган зарлаж мэднэ.

Төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох бүхий л боломжийг дайчлах үүднээс хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах, хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох, зарим бараа бүтээгдэхүүний онцгой албан татварыг  нэмэх, импортын тамхинд ногдох гаалийн албан татварыг нэмэх зэрэг бодлогын арга хэмжээ авахаар тусгасан байгаа.Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Х.Амгаланбаатар: Нийгмийн даатгалын шимтгэлийг Монгол Улсын сангийн сайд шийддэг асуудал биш

 

Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн талаар МҮЭ-ийн холбоо байр сууриа илэрхийлсэн. Энэ тус холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатараас дараахь зүйлийг тодруулан ярилцсан юм.

-ОУВС-тай хэрэгжүүлэх гэж буй хөтөлбөрийн нөхцлүүдийг эргэн авч үзэж шийдвэрлүүлэхийг хүссэн мэдэгдэл гаргажээ.

- Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нарт мэдэгдэл хүргүүлж байна. 

ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд урьдчилсан байдлаар татвар, шимтгэлийг нэмэгдүүлэх, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхгүй байх гэх мэт нөхцөлүүдээр тохиролцон хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэсэн мэдээллийг өнгөрсөн ням гарагийн үдээс хойш хэвлэл мэдээллийн хэрэгслээс сонссон. Манай холбоо нарийвчлан судлана. Гэхдээ  2017 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр байгуулсан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 2.4, 2.5, 3.2, 3.9 заалтууд зөрчигдөх, улмаар хэлэлцээрийн хэрэгжилт, биелэлттэй холбогдон хөдөлмөрийн хамтын маргаан үүсэх эрхзүйн нөхцөл бүрдэж болзошгүйг МҮЭ-ийн холбооноос урьдчилан мэдэгдлээ.

-2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 2.4, 2.5, 3.2, 3.9  заалтууд юу тодотгон өгч хөдөлмөр, нийгмийн хамгааллын гурван тал зөвшилцсөн байдаг юм бэ? 

-Улсын хэлэлцээрийн Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн талаар 2.4-т ”Бүх төрлийн татварын хэмжээг өөрчлөх, шинэ төрлийн татвар бий болгоход нийгмийн түншлэгч талуудтай урьдчилан зөвшилцөж байна”,

2.5-д “Валютын ханшны өсөлтөөс шалтгаалан аж ахуйн нэгж, иргэдэд учирч буй хүндрэл бэрхшээл, эдийн засагт үүсч болзошгүй эрсдлийг бууруулах асуудлыг судалж, холбогдох арга хэмжээг хамтран хэрэгжүүлнэ”, 3.2-т “Тэтгэвэр, тэтгэмж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн боломжтой уялдуулан 2018 оны улсын төсөв батлагдахаас өмнө талууд нэмэлт хэлэлцээр байгуулж, шийдвэрлүүлнэ”,

3.9-д “Эдийн засгийн хүндрэлтэй холбогдуулан аливаа санхүүгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хүн амын цалин орлого, нийгмийн хамгааллын хүрсэн түвшинг дордуулахгүй байх, ажлын байрыг хадгалах улмаар нэмэгдүүлэх нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлнэ” гэсэн заалттай.  

-Хөдөлмөр нийгмийн гурван талт улсын хэлэлцээр дэх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хамтын маргаан эхлүүлнэ гэж хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэж байсан. Хамтын маргаан эхлүүлнэ гэдгээ тайлбарлаж өгнө үү?

-Ер нь ОУВС-тай манай улс анх удаа хамтарч ажиллаж байгаа биш. Харин өргөтгөсөн санхүүжилт нь шинэ хөтөлбөр. Төсвийн сахилга бат, нэгдмэл байдал, төсвийн алдагдлыг бууруулахад чиглэгдсэн үр дүнтэй заалтууд байсан. Өнөөдөр ард иргэдийн амьдрал ямар байгаа билээ. Цалин нэмэгдээгүй байхад зарим татварыг нэмэх нь зүйд нийцэх үү. Валютын ханшийн өсөлтөөс шалтгаалан аж ахуй нэгж, иргэдэд тулгарч буй хүндрэл, эдийн засагт үүсч болзошгүй эрсдлийг судалж, холбогдох арга хэмжээг хамтран хэрэгжүүлнэ хэмээн гурван талт хэлэлцээрт оруулсан ч зарим бараа бүтээгдэхүүний үнэ өсч болзошгүй нөхцөл үүсч байна. Түүнчлэн тэтгэвэр тэтгэмж, цалинтай холбоотой асуудлыг зөвшилцөлгүй шийдвэрлэсний зэрэгцээ “Эдийн засгийн хүндрэлтэй холбоотой аливаа санхүүгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ одоогийн хүрсэн амьжиргааны түвшнийг дордуулахгүй байх, ажлын байрыг хадгалах улмаар ажлын байр нэмэгдүүлэх нөхцөлтэйгээр хэрэгжүүлнэ” гэсэн заалт ч мөн зөрчигдөхөөр байгаа тул хамтын маргааныг эхлүүлнэ гэж мэдэгдэж байгаа юм. Хөдөлмөр нийгмийн гурван талт улсын хэлэлцээр дэх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хамтын маргаан эхлүүлж болно. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

АТГ-аас Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг шалгаж эхэллээ

УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаярыг АТГ-аас шалгаж эхэлжээ. Түүнээс яг одоо АТГ байцаалт авсан байна. .Түүнийг “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр АТГ-аас шалгаж байгаа юм. 
Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг мөн шалгаж эхэлсэн мэдээлэл байна. АТГ-аас Хөгжлийн банк тойрсон шалгалтыг эрчимжүүлж, тус банкны томоохон зээлдэгч, аж ахуйн нэгжүүдээс мэдүүлэг авч эхэлсэн бололтой. 

"Насны хишиг"-ийн мөнгийг олгож эхэллээ

“Насны хишиг”-ийн мөнгийг Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас арилжааны гурван банкинд шилжүүлсэн гэж мэдэгдсэн. Гэвч настнуудын хишиг олгохгүй байна гэх гомдол нэлээд гарсан. Учир нь “Насны хишиг” авах ахмадуудын нэрийг банкууд руу илгээх ажилд нэлээд хугацаа зарцуулсан аж.

Тодруулбал, Монгол Улс даяар банкны ганцхан сервер ашигладаг тул ачаалал үүсчээ. Харин өнөөдөр /2017.02.21/ үдээс хойш гэхэд ихэнх банкууд “Насны хишиг”-ийг олгож эхэлсэн байна. Харин Баянзүрх дүүрэгт байрлах зарим банкуудад нэрсийн жагсаалт бүрэн очоогүй байгаа тул хараахан олгож эхлээгүй байгаа аж.Маргааш өглөө бүх арилжааны банкуудад "Насны хишиг"-ийн мөнгийг олгож дуусна. 

Ерөнхийлөгч сануулсаар байтал Монгол Улс санхүүгийн эрхээ алдлаа

Өнөөдрийн үүсэх эдийн засгийн нөхцөл байдлыг Ерөнхийлөгч намрын чуулганы сүүлчийн өдөр чуулганы хуралдаанд сануулж байжээ. “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах тогтоолын төслийг хэлэлцэх үед тэрээр хэлсэн үгэндээ, “Та бүхний энэ гаргах гэж байгаа шийдвэр олон улсад Монголыг ганцаардуулах болно. Монгол хүмүүс энд түгжигдэж, бизнесийн харилцаа, улс орноо өөд татах, хөгжүүлэх гэсэн алхам бүхнийг боосон шийдвэр болно... Энэ шийдвэрийг гаргасан цаг мөчөөс эхлээд Монгол руу харах гэж байсан дэлхийн санхүү, эдийн засгийн бүх байгууллага үйл ажиллагаагаа зогсооно. Шууд эдийн засаг, санхүүгийн олон улсын хориг Монгол дээр тавигдана” гэж сануулсаар байтал төрийн тэргүүнийхээ өмнөөс танхим дүүрэн хэрэлдэн байж баталсан. Харин одоо энэ шийдвэрийн горыг амсаж эхэллээ. Харамсалтай нь тэнд суугаа түшээд биш, жирийн иргэд энэхүү дарамтыг шууд хүлээж, бүсээ чангалах болоод байна. Тусгаар улсын төр өнөөдөр чадамжгүйгээ хүлээн зөвшөөрч, гадны байгууллагаар санхүүгийн сахилга бат заалгахдаа туллаа. Ингэхдээ ард түмнээсээ авах татвараа нэмж, өр зээлтэй иргэдээ “багалзуурдан”, үгээгүй ядуурсан бүлгийнхний талласан талх, жижиглэсэн дотор махаар өл зогоохыг нь харах эмгэнэлт дөрвөн жилийг үдэх нь. Ядарсан иргэний сүүлчийн талхыг булаасан ч хааны тансаглал огтхон ч буураагүй дундад зууны үеийн дүр төрхийг ирэх жилүүдэд Монголд харах нь. 

Архинд донтох өвчин гэж юу вэ?

Архины төрлийн ундаа /архи, пиво, вино, цагаан архи/ нь хүний сэтгэцийг мансууруулах үйлчилгээтэй улмаар хүнийг донтуулдаг бүтээгдэхүүн юм. Архийг эмх замбараагүй, удаан хугацаагаар хэрэглэсэн хүн архины хараат байдалд орох бөгөөд үүнийг архинд донтох эмгэг гэж нэрлэдэг.

Тодорхой шинж тэмдгүүд байдаг уу? 

Архинд донтох өвчнийг эхэн үе, дунд үе, төгсгөлийн үе гэж хуваана. Шарталт гэдэг нь архины төрлийн согтууруулах ундааг олон жилээр хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүс тухайн бодисыг их хэмжээгээр хэрэглэх үед 24-72 цагийн дараа бие махбодид нь янз бүрийн таагүй байдал илэрч эхлэхийг хэлнэ. Эрт үедээ байгаа хүмүүс ямар нэг шалтаг, шалтгаанаар архинд татагддаг.

Өвчний дунд үе хүртэл тухайн хүний гэмшил, татгалзах хүслээс шалтгаалан тодорхой хугацаанд хүртэл архи уухгүй байх чадвар нь хадгалагддаг. Энэ чадвар нь буурсаар тодорхой хугацаанд уудаггүй байсан хүн 2-3 сар, сүүлдээ бүр гурав хоног ч архигүй байж чадахгүйд хүртлээ энэ өвчин даамжирдаг.

Архины хамааралтай эсэхээ өөрөө оношилж болох уу?

Үүнийг мэдэхийн тулд дараахи сорилын асуултад хариулна уу.

  1. Танд архи уухаа больё гэсэн сэтгэгдэл хэзээ нэгэн цагт төрж байсан уу ?
  2. Эргэн тойрны чинь хүмүүс таныг шүүмжлэхэд харамсах сэтгэгдэл төрж байсан уу ?
  3. Архидаж байгаагаа буруутгах сэтгэгдэл танд төрж байсан уу ?
  4. Шараа тайлах нэрээр та өглөө нь архи ууж байсан уу ?

Хэрэв та дээрхи сорилын 4 асуултын 2–т нь “Тийм” гэж хариулсан бол мэргэжлийн сэтгэцийн эмчээс зөвлөгөө аваарай. 

 Мах сүүг хэрхэн зөв сонгож авах вэ

Мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд пестицид, хүнд металлууд, микотоксин, өвчин үүсгэгч нян, вирус, зарим байгалийн хорт бодис, гадны бохирдлоос гадна малын өвчнийг эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний үед хэрэглэсэн эм, биобэлдмэлийн үлдэгдэл агуулагдаж мах, сүүгээр дамжин хэрэглэгчдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлнэ. Иймд мал, амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүн, сүү, цагаан идээг шинжилгээ, баталгаажилтгүй, гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдан авах, хүнсэнд хэрэглэхгүй байх нь зүйтэй.

            Нийтийн хоол үйлдвэрлэл, ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай”, дотуур байр, цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсэнд хэрэглэх малын гаралтай мах, сүү, цагаан идээг сонгон авахдаа дараах зүйлийг анхаарах шаардлагатай. Үүнд:  

·      Сэврээсэн /загсаасан/ мах - малыг нядалсны дараа гулуузыг сэрүүн газар хөргөөж, сэврээх бөгөөд өнгөн хальс тогтож хуурай гадаргуутай, хуруугаар дарж үзэхэд үүссэн хонхорхой анхны байдалдаа хурдан эргэж орох уян, өнгө өөрчлөлтгүй байх,

·      Хөргөсөн мах - хонь, үхэр, ямаа, шувууны мах булчингийн хэсгийн 5-6 см гүнд 0-60С, загас, адууны мах гуяны зузаан хэсэгт -40С-аас доош хэмтэй байх, бэлтгэсэн хугацааг оролцуулан 50С -аас -50С хүртэл хэмд гахай, үхрийн махыг 24 цаг, хонь, ямааны махыг 18 цаг, шувуу, загасны махыг 8-12 цагаас илүү хугацаагаар хадгалахгүй байх,

·      Хөлдөөсөн мах- үхэр, бог малын гулууз мах булчингийн зузаан гүн хэсэгт -40С, адуу, бусад амьтаны мах -100С -аас дээш хэмтэй байх, Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Батлан хамгаалах яамны албан тушаалтан авлига авахыг завджээ

 Өнгөрсөн долоо хоногт Батлан хамгаалах яамны нэр бүхий албан тушаалтнуудыг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлжээ.  Тодруулбал,  Авлигатай тэмцэх газрын алба хаагчид Батлан хамгаалах яамны Аж үйлдвэрийн нэгдлийн дарга болон санхүүгийн албаны өрөөг лацадсан байна. Тус яамны нэр бүхий албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж авлига авахыг завдсан байна. 

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн эзэмшлийн бүх оффист  нэгжлэг хийжээ

 Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг АН-ын даргын сонгуулийн  санал хураахаас нэг өдрийн өмнө ATГ-аас дуудан байцааж, улмаар яллагдагчаар татаж байсан билээ.Харин өчигдөр  Авлигатай тэмцэх газраас Н.Алтанхуягийн эзэмшлийн бүх оффист өчигдөр  нэгжлэг хийжээ. Мөн үүнээс гадна  АТГ-аас түүнийг баривчилж магадгүй гэсэн мэдээлэл байна.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment