8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм:УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын хүү Г.Тэнгис, дүү Б.Оюунцэцэг нарыг байцааж, АН-ынхан хоёр андыгаа өмөөрсөн өдөр

2017-02-22 19:17:00

Амьдрал ч буцалж байна даа. Уламжлалт сайхан цагаан сар маань дөхөөд байдаг. АТГ-ын хорих шалгах нь ихэсээд байдаг. Дараа нь хэнийг бол гэх айдас, АН, МАН-ы хоёр биенээ хардсан байдал улам хурцдаж эхэллээ. ОУВС-гийн хөтөлбөр тойрсон шуугиан, Хөгжлийн банкийг тойрсон дуулиан хөвөрсөн савлагаатай долоо хоног үргэлжсилсээр... Өнөөдөр сонссон “Аавууд хүүхдийнхээ төлөө хийж чадах хамгийн чухал зүйл бол ээжийг нь хайрлах” гэсэн сайхан онч үгээр сэтгэл, оюунаа сэргээгээрэй хэмээн өнөөдөр болсон үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр ” булангаа хүргэж байна.

УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын хүү Г.Тэнгис, төрсөн дүү Б.Оюунцэцэг нарыг байцааж эхэллээ

УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар болон УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан "Фортуна" Батбаяр нарыг өчигдөр орой цагдан хорьсон билээ. Тэднийг Хөгжлийн банк болон бондуудуудын санхүүжилтэд хийж буй шалгалттай холбогдуулан АТГ-аас байцаасан ч үргэлжлүүлэн хорьж шалгахаар болсон байна. Ерөнхий прокурорын тушаалаар байгуулагдсан ЦЕГ, ЭЦГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг ажлаа эрчимжүүлж, Хөгжлийн банкнаас зээл авсан бүх компаниудыг нэг бүрчлэн шалгаж эхэлсэн байна. Эхний ээлжинд Б.Гарамгайбаатар, Эдийн засгийн хөгжлийн сайд асан "Фортуна" Батбаяр нарыг онилсон бололтой.

Анх Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат, Эдийн засгийн хөгжлийн яамны удирдах албан тушаалтнуудыг сэжигтнээр татан шалгаж байгаа талаар 2014 оны наймдугаар сарын 01-ний өдөр  Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр мэдэгдэж байсан. Түүнээс хойш АТГ газар тасралтгүй шалгаж бондын мөнгөөр гараа угаасан эрхмүүдийг эхнээс нь шалгаж цагдан хориод байна. Сайд асан Н.Батбаяр нь “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр ийнхүү цагдан хорьсон байна. Түүнийг өмнө нь цагдан хорих талаар яригдаж байсан ч эрүүл мэндийн шалтгааны улмаас гадуур байцаагдаж байсан юм.

Арын сайхан хангай нутгийн иргэдийн итгэлийг хэдэн удаа даан  УИХ-д сонгогдсон “Фортуна” Батбаяр 2012 онд Эдийн засгийн хөгжлийн сайд болмогцоо бонд босгох ажлыг гардан гүйцэтгэсэн. “Чингис” бондыг санаачилж, 1.5 тэрбум ам, доллар,  Японоос “Самурай” бондын 600 сая доллар,  “Кредит Свисс” банкнаас 300 сая ам.доллар, БНХАУ-ын Хөгжлийн банкнаас 162 сая ам.долларын зээлийг тухайн үед тус банк авсан байдаг.

Төсвөөс гадуур зарцуулагдсан “Чингис”, “Самурай” бондуудын хөрөнгө 20-иод тэрбумаар хаашаа ч юм алга болж. Нүдэнд өртөхөөр хийсэн ажил нь аймгуудыг Улаанбаатартай холбосон авто зам, өргөн уулзварууд. Н.Батбаяр сайд байх хугацаандаа 33 уулзвар, 122 км хурдны зам барих ёстой гэж “Чингис бонд”-ын хөрөнгөөс 200 сая ам.доллар “Гудамж” төсөлд гаргаж өгсөн.

Товчхондоо энэ бүх хулгай, луйврын зохион байгуулагч, голлон тоглогч нь Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр гэдгийг олон удаа хэвлэлүүд онцолж байсан.

Тиймээс ч түүнийг Н.Мөнхбатыгаа чирээд “Нүүрс” гэх тодотголтой Л.Гансүхийн араас дээлээ нөмрөх хамгийн магадлал өндөртэй хүн хэмээн нэрлээд байна.

Түүний идсэн уусан мөнгө нэгээр дуусахгүй. Үүнээс гадна өнгөрсөн онд Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банкны удирдлагууд Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэл нь 38 хувьтай байхад уг газарт шинээр зам тавихаар Засгийн газарт ташаа ойлголт төрүүлэн Засгийн газрын тогтоол гаргуулж, ингэхдээ нэмээд нийт 46.3 тэрбум төгрөгийг “Монроуд” компанид шууд шилжүүлж өгсөн.

Мөн Замын-Үүд хилийн боомтын ачааны шалган нэвтрүүлэх цогцолборт 8.7 км хатуу хучилттай замын ажлыг гүйцэтгэхээр ТЭЗҮ хийхэд 20 тэрбум төгрөгөөр гүйцэтгэх боломжтой гэж байхад Халзанбүргэдэй-Солонготын чиглэлийн замын хөрөнгийг баталсан яг тэр өдрийнхөө Засгийн газрын хуралдаанаар давхар оруулж ирээд 33 тэрбумаар хөрөнгийг батлуулж Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид санхүүжилт шийдэж өгсөн хэмээн АТГ мөн л шалгаж байсан.

Тухай үед АН засаг барьж байсан бөгөөд асуудал тэгсхийгээд намжсан.

Харин одоо Фортуна” Н.Батбаяр Эрүүгийн хуулийн тусгай зүйл ангийн 263 дугаар зүйлийн 263.2- т Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал  эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн хуулийн заалттай зүйл ангиар шалгагдаж байна.

Харин АН-ын бүлгийн дарга асан Б.Гарамгайбаатарын хувьд хүүгийнхээ “Монроуд” компаниар дамжуулан хэмжээний санхүүжилт авсан нэгэн. Хамгийн тод нэгэн жишээ дурьдахад, Атар өргөөгөөс-Яармагийн гүүр хүртэлх нэг км автозамыг “Монроуд” компани 440 сая төгрөгөөр тавихаар гэрээлсэн ч 1,8 тэрбум болгож огцом өсгөсөн. Үүнтэй холбогдуулан түүнийг ийнхүү цагдан хориод байна. Энэ хэрэгт Б.Гарамгайбаатараас гадна түүний хүү "Монроуд" компанийн захирал Г.Тэнгис, тус компанийн нягтлан бодогч Б.Гарамгайбаатарын төрсөн дүү Б.Оюунцэцэг ч мөн холбогдуулан шалгаж эхэлжээ. АН засаг барьж байхад бондын мөнгөөр бүтээн байгуулалт босгох нэрээр хувьдаа ихээхэн хэмжээний мөнгө завшсан эрхмүүд Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нараар зогсохгүй. Улс орны эдийн засаг хямарсан, ард иргэдийн амьжиргааны түвшин дордсон энэ үед ийм нөхцөл байдалд хүргэсэн эрхмүүдийг бүгдийг нь шалгах хэрэгтэй. Идсэн уусан мөнгийг эргүүлээд улсын орлого болгох хэрэгтэй. Бондын мөнгөөр гараа угаасан нэлээд олон эрхэм буй. Тэдний араас хэн "дээлээ нөмрөх" бол?. Үүнийг та дараагийн дугаараас уншаарай.

 

65 насандаа тэтгэвэрт сууна гэдэг харгис шийтгэл

Монголчуудын амьдрал аз жаргалгүйд тооцогддог байна. Учир нь дэлхийн 140 орны аз жаргалын индексийг тооцоолж, эрэмбэлсэн бөгөөд Монгол Улс 14.3 гэсэн үнэлгээгээр 136 дугаарт эрэмлэгджээ. Энэ индекс нь улс үндэстнүүдийн урт, аз жаргалтай, тогтвортой амьдралд хүрэх үйл явц ямар байгааг тодорхойлдог.

Монгол Улсын сайн сайхан байдлын үнэлэмж 4.9 байгаа нь Зүүн Өмнөд Азийн өндөр хөгжилтэй улс орнууд болох Япон болон БНСУ-ынхаас 1.1 нэгжээр доогуур байна. Харин БНХАУ-тай ойролцоо түвшинд байна. Монгол Улсын сайн сайхан байдал нэг хүнд ногдох ДНБ нь хамгийн бага улс орнуудынхаас дээгүүр боловч Мозамбикоос доогуур. Монголын хүн амын дундаж наслалт 1.9 жилээр нэмэгдэж, 2015 онд 69.9 жил өссөн нь сайхан мэдээ. Гэхдээ л Монгол Улсын хүн амын дундаж наслалт дэлхийн 140 улсаас 95-т жагсаж байна. Мөн дэлхийн дунджаас 2.3 жилээр доогуур үзүүлэлттэй.

Энэ бүхнийг тооцохын учир нь өндөр сайхан наслах, үр хүүхдээ тойруулан жаргал, зүгээр л хаа нэгтээ зүлгэн дээр гэрээ бариад амьдрах өтөл насаа улс эх орондоо ажилласаар, зүтгэсээр хорвоогоос буцах бараг хатуу хэлэхэд харгис шийтгэл ирээдүйд биднийг угтан хүлээж байна.

Эрх баригчид тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэх шаардлагатай болж байгаа. Урьд нь 2016 оны төсвийн тодотголыг Засгийн газар өргөн барьж, УИХ-аар хэлэлцүүлэх үед бодит байдал болон тулгараад байгаа хүндрэлийг ард түмэнд мэдээлж байсан. Одоо байгаа тэтгэвэрт гарах насыг 2 жилд 1 насаар буюу жилд 6 сараар нэмэгдүүлж, эрэгтэй хүний тэтгэвэрт гарах насыг 2026 он гэхэд 65 насанд хүргэх, эмэгтэй хүний тэтгэвэрт гарах насыг 2036 оноос буюу 20 жилийн дараа 65 настайд тэтгэвэрт гаргахаар ОУВС-тай тохирсон гэхчлэн нэг л том алхам, гарц олоод харчихсан мэт царайлчихав.

Манай улстай ижил төстэй улс орнууд, бусад хөгжиж байгаа улс орнуудын тэтгэврийн насны судалгааг ОУВС, Дэлхийн банк зэрэг бусад донор орнуудын тусламжтайгаар судалгааг хийж ийм шийдвэрт хүрсэн гэнэ лээ.  Үүнийг хэн ч алга ташин хүлээж аваагүй нь хэнд ч мэдээж хэрэг. 9, 20 жилийн дараа хаа ч юм гэж бодож болох.

Дундаж нас 69.9 болчихлоо гэхэд чи тэтгэврийг 5 жил авбал ав, 42-45 жил татвар төл гэж шаардаад байна. Насыг чинь нэмнэ гэж байгаа нь чамд улс тэтгэвэр өгөхгүй ээ гэсэн бодлоготоо дасгахаар шийдчихээд байна.

Тэтгэврийн нас нэмнэ гэсэн мэдээллийг сонсоод хэчнээн нь бухимдсанаас нас нь хэдэн жилээр богиноссоныг хэлэх ч аргагүй. За яахав нас нэмлээ гэхэд 50, 60, 65 настай хүний хөдөлмөрийн бүтээмж нь ид шижигнэсэн 20, 25-тай залуусыг хурдыг гүйцэх үү. Ажилд 35 доош насны хүмүүсийг авна гэсэн зар, 50 дөхөөд ирсэн нэгнээ захирлаасаа өгсүүлээд ажилтан нь хүртэл энэ одоо тэтгэвэртээ суугаасай гэсэн тээршаалт энэ нийгмийн наад захын жишээ бус уу.

Д.Эрдэнэбат: Бид хоёр андыгаа улсын мөнгийг хулгайлж, хумсалсан гэж бодохгүй байна

УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг өчигдөр орой АТГ-аас баривчлаад байгах билээ. Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ “Хөгжлийн банктай холбоотой асуудлаар АН удаа дараа байр сууриа илэрхийсэн. Хөгжлийн банкны зээл бүгд эзэн холбогдогчтой. Үндсэндээ ЖДҮ-ийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд зарцуулсан. Үүнд ялгавартай, улстөржсөн байдлаар хандаж байгааг бид буруу гэж үзэж байна.Баривчилгаа хийхдээ ар гэрт нь хэлээгүй, өмгөөлөгчийг нь гарсан хойно гэнэтийн баривчилгаа хийсэн. АН гишүүдээ хамгаалах үүрэгтэй. Бид хоёр андыгаа идсэн, уусан гэж бодохгүй байгаа. АН гишүүдээ хамгаална, гэхдээ хаацайлж байгаа асуудал биш. Хүний эрх, хууль ёс зөрчигдөж байна."

Ц.Цэрмаа: Шалгалтаар хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байсан хэд хэдэн зөрчил илэрсэн

Сар шинийн баярыг угтаж нийслэлийн 9 дүүрэгт хийгдэж буй хяналт шалгалтын явцын талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хүнс хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хэлтсийн ахлах байцаагч Ц.Цэрмаатайгаас тодрууллаа.

-Сар шинийн баярыг угтаж нийслэлийн есдүгээр дүүрэгт хийгдэж буй хяналт шалгалтын явцын талаар мэдээлэл өгнө үү? 

-Сар шинийн баярыг угтаж дүүргүүдэд хяналт шалгалт хийж байна. Шалгалт маргааш дуусна. Шалгалтын явцад хүнсний сүлжээнд оролцогч аж ахуйн нэгж, иргэдэд хүнсний аюулгүй байдлыг хангуулж ажиллах талаар таван төрлийн зөвлөмж боловсруулан хяналт шалгалтанд хамрагдаж байгаа аж ахуйн нэгжүүдэд хүргүүлж ажилласан. Шалгалтад худалдаа, үйлдвэр үйлчилгээний 82 аж ахуйн нэгж, худалдаа эрхлэгч 226 иргэн, нийт 308 цэг салбар хамрагдсан. Хяналт шалгалтын явцад 265 зөрчил илрүүлсэн.

илрүүлсэн

“Ростех”-ийн өмнө Ц.Мөнх-Оргил “жижигдсэнээ” нуулаа

Ц.Мөнх-Оргил сайд ОХУ-д хийсэн айлчлалынхаа үеэр “Ростех” төрийн өмчит корпорацийн ерөнхий захирал С.Чемезовтой уулзах хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй.Гэтэл төрийн сайд ийм хүсэлт гаргаагүй гэж улайм цайм худал мэдээлэл хийж сууна. Айлчлалын үеэр ид өрнөж байсан “Эрдэнэт”-ийн худалдан авалтыг тойрсон олон асуултын хариуг сонсохыг монголчууд хүсч байсан. Тиймдээ ч 49 хувийг эзэмшиж байсан “Ростех”-ийн удирдлагаас хэрхэн худалдсан процессийн талаар өндөр түвшинд уулзаж, бодит мэдээлэл авах шаардлага зайлшгүй байлаа. Гэвч Монгол Улсын Гадаад харилцааны сайд “жижигдсэн” юм. Гэхдээ “жижигдсэн” шалтгаан нь хууль зөрчиж хувийн өмчийг булаах УИХ-ын шийдвэртэй холбоотой гэдгийг захын хүн ойлгоно. ОХУ-ын “Ростех” корпораци бол зэвсгийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч, дороо 600 гаруй охин компанитай, нэг сая ажилчинтай манай улсаас хүчирхэг гэж хэлж болох төрийн өмчит байгууллага. Монголчуудын хамгийн сайн мэддэггээр клашников автомат буу, Ми-8 нисдэг тэргийг үйлдвэрлэдэг Орост төдийгүй бүс нутагтаа томд тооцогдох корпораци юм.

 

Д.Бат-Оргил: Хөгжлийн банкны асуудалтай холбогдуулан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг шалгаж байгаа

Энэ сарын 21-ний өдөр УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр нарын хүмүүсийн АТГ-аас байцааж байгаад цагдан хориод байгаа билээ. Тэднийг Хөгжлийн банк болон бондуудын санхүүжилтэд хийж буй шалгалтын ажилтай холбогдуулан АТГ-аас шалгаж байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр АТГ-ын комиссар Д.Бат-Оргилоос хэвлэлийнхэн товч мэдээлэл авлаа.

-Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг Эрүүгийн хуулийн ямар зүйл ангийн дагуу цагдан хорьсон бэ?

-Авлигатай тэмцэх газраас Хөгжлийн банкны асуудалтай холбогдуулан зарим нэр бүхий албан тушаалтнуудыг шалгаж байгаа. Тухайн үеийн удирдлагууд болон хувийн аж ахуй нэгжүүдийг нэг бүрчлэн шалгаж мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа юм. Энэ хүрээнд сэжигтнээр холбогдох хүмүүсийг саатуулсан байгаа. Одоогийн байдлаар нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй байна. Цаашид шалгалтын ажиллагаа үргэлжлээд явна.

-Ямар үндэслэл зүйл ангийн дагуу хорьсон юм бэ?

-Цагдан хорьсон тухай зүйл ангийг нь хэлэх боломжгүй байна.

-Сүүлд бас батлан хамгаалахын албан тушаалтан авлига авсан талаар мэдээлэл гарлаа. Танайхаас яагаад мэдээлэл өгөхгүй байгаа юм бэ?

-Холбогдох хуулийн дагуу мөрдөн байцаах ажиллагаатай холбоотой мэдээлэл гаргах хуулийн хориг заалт байдаг. Энэ хүрээнд манай байгууллагын зүгээс мэдээлэл өгөх боломжгүй байдаг. Нээлттэй мэдээллийг бид сайтдаа ил тод түгээдэг байгаа.

Бүртгүүлж амжаагүй ахмадууд “Насны хишиг”-ээ нөхөж авах боломжтой

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Ач санах хууль”-ийг батлуулж, ахмадуудад “Насны хишиг” тэтгэврийг олгож эхэлсэн билээ. Тэгвэл хишгээ авч амжаагүй азай буурлууд энэ оны зургадугаар сарын 30-наас өмнө нөхөн авч болох аж.

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулийн нэмэлт оруулж, Билгийн тооллын хаврын тэргүүн сар-Цагаан сар, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ахмад настанд “Насны хишиг”-ийг жилд хоёр удаа олгохоор хуульчилсан. Тухайлбал, 65-69 настай ахмад настанд 50 мянган төгрөг, 70-79 настай бол 80 мянга, 80-89-тэй настанд 150, 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 төгрөгийг тус тус олгох юм.

Тухайн насны болзол хангасан ахмад настнууд сум, хорооны хөдөлмөр халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд Иргэний үнэмлэх болон батлагдсан маягтын дагуу өргөдлөө гаргах аж.

Н.Алтанхуягаас маргааш мэдүүлэг авна

Энэ сарын 21-ний өдөр Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын ерөнхий сайд асан Н.Алтанхуягт зарлан дуудах хуудас хүргүүлсэн байна. Тус зарлан дуудах хуудаст мэдэгдсэнээр маргааш буюу хоёрдугаар сарын 23-ны өдрийн 10:00 цагт Н.Алтанхуягаас мэдүүлэг авах юм байна. Н.Алтанхуягийг Эрүүгийн 201501000009 дугаар хэрэгт сэжигтнээр тооцон мэдүүлэг авах аж. Ирээгүй тохиолдолд Монгол Улсын ЭБШХ-ийн 74 дүгээр зүйлийг баримтлан албадан ирүүлэх ба нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулах хуультай болохыг мэдэгджээ.

Хилийн боомтууд амарна

Хөрш орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээр, түүнд оруулсан өөрчлөлтийг дипломат шугамаар тохиролцсоны дагуу Монгол түмний уламжлалт сар шинийн баяраар Монгол-Хятадын хилийн авто замын боомтууд 2017 оны II/28-III/02, Монгол-Оросын Цагааннуур, Ханх, Ульхан, Боршоо, Тэс, Арц боомтууд II/27-III/01, Ульхан боомт II/23-II/28 өдрүүдэд амарна.

Харин Авто замын Алтанбулаг-Хиагт, Эрээнцав-Соловьевск, Төмөр замын Сүхбаатар-Наушки, Эрээнцав-Соловьевск боомтууд хуваарийн дагуу амралтгүй ажиллана.

“Well mart’’-д гарсан галын дүгнэлт урьдчилсан байдлаар ингэж гарчээ

Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг байрладаг  “Well mart” худалдааны төвд гарсан галын дүгнэлт урьдчилсан байдлаар гарсан байна. Эх сурвалжуудын хэлж буйгаар  галын шалтгаан нь гаднын ямар нэг нөлөөгүй гэнэ. Харин  цахилгааны богино холболтоос үүссэн гэж шинжээчид үзжээ.  Улмаар хохирлын хэмжээг мөн урьдчилсан байдлаар тогтоожээ.  Тухайн төвд лангуу түрээсэлдэг  35 хүнд 500 гаруй сая төгрөгийн хохирол учирсан нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment