Чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа нарын 16 гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын 7 гишүүн, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нарын 10 гишүүний тус тус өргөн мэдүүлсэн/ хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Сонгуулийн тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийж завсарлалаа. Төсөлд сонгуулийн тогтолцоо 48х28 буюу одоогийн холимог тогтолцоог хадгалахаар тусгажээ. Мөн үүнээс гадна маргаан мэтгэлзээн дагуулсан нэг асуудал нь Сонгуулийн сурталчилгааны цагийг багасгах тухай асуудал байлаа. Сонгуулийн сурталчилгааны цагийг багасгах талаар зарим гишүүдийн саналыг сонслоо.
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: 4 дахь засаглалыг хааж боож байна гэж харж байна
Сонгуулийн шинэ хуулиар телевизээр суртчилгаа хийх 2 цагийг 1 цаг болгож байгаа. Энэ нь хэвлэл мэдээлэлийн байгууллагын эрх чөлөөнд халдаж байна. УИХ-д сонгогдох, сонгох эрхэнд халдаж байгаа нөхцөл байдал үүсэж байна. МУ-ын УИХ-ын сонгуулиар нийтдээ 1000 гаруй нэр дэвшигч нэр дэвшдэг. Энэ хэмжээгээр сонгогч нартаа мэдээлэлээ өгч, нам хөдөлгөөнүүд тухайн мэдээлэлээ өгөх шаардлага байдаг. Тэгэхээр энэ нөхцөл байдал юуг харуулж байна гэхээр тухайн сонгогч мэдээлэл авах цонх нь улам багасч байна гэж л харж байгаа. Тухайн иргэний мэдээлэл авах эрхэд нь хүртэл халдаж байна. Мөн иргэд мэдээлэл бага авах юм бол сонгогдох ёстой тухайн иргэнээ зөв олж саад болж байна гэж харж байна. Засаглал бол Төрийн засаглал, мэдээлэлийн засаглал буюу 4 дахь засаглал гэж хэлдэг. 4 дахь засаглалыг хааж боож байна гэж харж байна.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Сонгуулийн суртчилгааг багасгаж байгаа нь УИХ-д шинэ цус орж ирэх боломжийг хааж байна
Сонгуулийн хуулийг УИХ-аар хэлэлцэж байна. УИХ дахь намын бүлгүүд ажлын хэсэг гаргаж зөвшилцсөн гэсэн нэрээр явах нь. Хамгийн сүүлийн өдөр хэлэлцэж байна. Ялангуяа иргэдийн зүгээс тогтолцоотой холбоотой, хар машинтай холбоотой, хамгийн гол нь мөнгөний нөлөө байна. Мөнгөтэй хүмүүс орж ирээд төрийг самардаг зүйл нэлээд шүүмж дагуулж байна. Сая сонгуулийн хуулинд нэг алдаатай зүйл нь орж байгаа нь сонгуулийн зардал, зарцуулалт, хандив мөнгө ч босгодог санхүүжилт босгодог. Тэр санхүүжилтаа буруу зарцуулах юм бол СЕХ-оо тухайн хүнийг нэрсийн жагсаалтаар хасдаг байсан. Одоо бол зөвхөн торгохоор үлдээсэн. Энэ босгосон санхүүжилтээ зориулалтын бусаар зарцуулахыг хэвээр нь үлдээсэн. Өмнөх нэрсийн жагсаалтаар хасдаг байсан хатуу заалт байсан. Одоо бол хөдөлмөрийн хөлсийг 21-25 дахин үржүүлсэнтэй тэнцэх хамгийн дээд тал нь 4 сая 100 мянгаар торгох юм байна. Мөн сонгуулийн суртчилгаатай холбоотой олон зүйл заалтыг нарийвчилж үзэх шаардлагатай байсан. Харамсалтай нь одоо хугацаа байхгүй, шууд түрж байна. Суртчилгааны хугацаа, сурталчилгааны самбарыг багасгаж байгаа. Сонгуулийн суртчилгааг багасгаж байгаа нь УИХ-д шинэ цус орж ирэх, шинэ нүүр царай орж ирэх боломжийг хааж байна. Аливаа хуулийг гаргахдаа хүнийг сонгох, сонгогдох эрхийг хаасан ийм заалтыг хуулинд тусгаж байгаа нь маргаан мэтгэлцээн дагуулж байна гэж харж байгаа. Олон жил гишүүн байсан хүнд нөлөөлөхгүй ч гэсэн шинээр гарч ирэх хүмүүст суртчилгааны цагийг багасгаж байгаа нь нөлөөлж байна.
УИХ-ын гишүүн А.Бакей: Намуудад цагаа ижил хуваарилаж, боломж олгоно гэсэн санаа
Төсөлд хувийн арилжааны телевизийн суртчилгааны цагийг 1 цаг байна гэж байна. Энэ бол сонгуульд өрсөлдөж байгаа намуудад цагаа ижил хуваарилаж, боломж олгоно гэсэн санаа байгаа юм.
Сонгуулийн сурталчилгааны өдөр их байгаа учраас тухайн цагтаа сурталчилгаагаа явуулах боломжгүй байгаа. Энэ заалтыг цаашид горимын саналаар өөрчлөх боломжгүй юм. Анхны хэлэлцүүлгийн үеэр хөндөгдөөгүй санал учраас эцсийн хэлэлцүүлгийн үеэр өөрчлөлт орно гэж байхгүй.
УИХ-ын гишүүн С.Оюун: Үүнийг хорих ёстой
Сонгуулийн сурталчилгаа ялангуяа төлбөртэй мэдээ мэдээлэл явуулахад миний нэг байр суурь байдаг. Үүнийг хориглох ёстой. Тэгэхээр хувийн телевиз гайхаад байдаг юм. Ер нь бусад оронд төлбөртэй сурталчилгааг хориглосон байдаг. Энэ бол ундаа, саван зарж байгаа биш, улс орныг хэн авч явах вэ гэдэг чухал сонгууль явагдаж байгаа учраас тухайн иргэн тэнцвэртэй, хараат бус сонгох эрхгүй болж байгаа юм. Төлбөртэй сурталчилгаатай үед УИХ чинь дандаа мөнгөөр сонгогдоно. Ингэвэл ардчилалын суурь байхгүй болно. Мэдээж МҮОНТ үнэ төлбөргүй явуулна. Бусад арилжааны телевизүүд сурталчилгаагаа багасгах хэрэгтэй. Мэдээг хүртэл төлбөртэй байна гэхээр сонголт хийхэд хэцүү. Мөнгөгүй бол яаж сонгогдох юм бэ. Ийм учраас нөлөө бүхий хүмүүс өөрсдөө телевизтэй болсон байна.. Үүнээс болж телевизүүд хөл дээрээ тогтож чадахгүй байна.