8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм:Оффшор бүс дэх данс эзэмшигч 13 хүнийг нэрлэн, шалгуулах, Нууц казинотой байранд Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаггүйг нотолсон өдөр

2017-03-07 19:22:00

Аль хэдийнэ хавар болжээ. Хүйтэн ч цаанаа л эерүү сайхан байна. Өнөөдөр бүсгүйчүүд жаргалтай, инээдтэй, хайр, халамж, улаан сарнай, амттаны дээдийн бэлэгээр бялхаж байх шиг. Албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн залуус хүүхнүүддээ ямар бэлэг барих, хэрхэн баярлуулахаар аль өглөөнөөс ажлын цаг дуустал тун завгүй гүйцгээлээ. Маргааш Олон улсын эмэгтэйчүүдийн баяр буюу нэрлэж заншсанаар Мартын-8-ны өдөр тохион энэ өдөр бүх нийтээрээ амарна. Аавуудаа, залуусаа, хөвгүүдээ ээжийгээ, эхнэрийгээ, найз бүсгүйгээ, ангийн охидоо сайхан баярлуулж, дээдлэн хүндлээрэй. Бүсгүйчүүдээ сайхан баярлаарай.  Харин одоо та бүхэн "Монголын нэг өдөр" тоймоо хүлээн авна уу. Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

"life.ru": ОХУ дахь Монголын Элчингийн эзэмшлийн байрнаас нууц казино илэрлээ

ОХУ-ын мэдээ мэдээллийн вебсайт asiarussia.ru, life.ru Орос дахь Монголын элчин сайдын яамны барилга байгууламжинд иогаар хичээллэдэг нэрийдлээр нууц казино байрлаж, тоглуулдаг байсан талаар мэдээлжээ. Энэ талаар  чухал.мн вебсайтын уншигч та бүхэндээ тус нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Арбатын гудамжинд цоо шинэ нэг сая ам доллар бүхий далд казино ажиллаж байжээ. Эл газарт шалгалт хийхэд 5 рулетийн ширээ, 17 автомат машин байсан талаар цагдаагийн албаныхан мэдээлэв. Тус казино ОХУ-д Монгол улсыг төлөөлөн суух элчин сайдын яамны байранд байрлаж байсан бөгөөд казиног хэн ажилуулдаг байсан талаар мэдээлэлийг олохоор мөрдөн, шалгалт явуулж байна гэв.

Гэрчийн мэдүүлж буйгаар эл тоглоомын газрын нэрийн хуудаст “Хүндэт Александр та өөрийн боломжтой цагтаа ирж, иогаар хичээллэж, манайд зочилохыг урьж байна” хэмээгээд хаягаа бичсэн байсан аж. Тус бизнес картанд хаягаа “Стоун Слобода 1 гудамж, Москва хот” гэсэн байжээ. Энэ хаягийн мөрөөр цагдаагийн ажилтан очиж шалгахад газар доор казино үйл ажиллагаагаа явуулж байсан талаар олжээ.

Тус хаягаар очиж шалгахад казино ОХУ дахь Монгол улсын элчин сайд, консулын байшинтай нэг ижил хаягтай байсан тул цагдаагийн ажилчид ихэд гайхширчээ. Мөн тус байшингийн ойролцоо үнэтэй машин бүхий тарган эрэгтэйчүүд “эргэлддэг” байсан бөгөөд үйлчлүүлэгчдийн ихэнхид нь йогийн хэрэгсэл, гудас, хувцас, гар цүнхгүйгээр ордог байсан нь сэжиг төрүүлжээ.

Цагдаагийн ажилтанууд тус барилгад нэвтрэхийн тулд гурван давхарт авирсан ч метал нууцлал бүхий хаалганы өмнө тулжээ.Үүний дараа үйлчлүүлэгчийн адил дүр эсгэн цагдаагийн ажилтан нэвтэрхэд газар доор нууц казино ажиллаж байсан бөгөөд 5 рулетын ширээ, 17 слот автомат тоглоом ажиллаж байжээ. Шалгалтын үед 20 сая рубль кассанд байсан талаар мэдээлжээ. Тус газрыг нийт 10 ажилтан хариуцан ажиллаж байжээ. ОХУ-ын Бүртгэлийн газрын мэдээллийн дагуу Монголын засгийн газрын өмч тул ОХУ-ын хуулийн дагуу шийдэх боломжгүй. Хэрэв гэм буруутай гэж үзвэл Ввенна Дипломат Харилцааны конвенцийн дагуу шийднэ.

Нууц казино явуулж байсан гэх байранд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаггүй

ОХУ-ын мэдээ мэдээллийн вебсайт asiarussia.ru, life.ru Орос дахь Монголын элчин сайдын яамны барилга байгууламжинд иогаар хичээллэдэг нэрийдлээр нууц казино байрлаж, тоглуулдаг байсан талаар  чухал.мн вебсайтын уншигч та бүхэндээ тус нийтлэлийг орчуулан хүргэсэн. Гадаад харилцааны яам Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нарын албаны хүмүүс өнөөдөр тайлбар хийлээ.

Нууц казино явуулж байсан гэх байрнаас Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар нүүсэн байсныг ГХЯ-наас онцоллоо. Москва хотын захиргаа, мэргэжлийн байгууллагуудын зүгээс тус байр хэтэрхий хуучирсан осол гарах магадлалтай гэсэн дүгнэлт гаргаж байжээ. Мөн “Гадаад харилцааны сайдаас өгсөн үүргийн дагуу ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа өчигдөр /2017.03.06/ ЭСЯ-ны хоёрдугаар байрны түрээслэгчтэй холбогдоход тийм зүйл болоогүй, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа гэсэн бол ЭСЯ-ны яамны ажилтнууд уг байрыг шалгахад цагдаа хууль, хяналтын байгууллагаас битүүмжилсэн зүйл үгүй, хаалга үүд нь хаалттай байсан байна” хэмээн ярисан. Түрээслэгчдийн зүгээс түрээсийн байранд нууц казиногийн үйл ажиллагаа явуулж байсан гэдэг мэдээллийг няцаалаа.

“Центр регион эстэйт” ХХН 2007 оны гэрээг зөрчиж хууль бус үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдвол ГХЯ гэрээг даруй цуцална юм байна.

Өргөн барьсан тогтоолд оффшор бүс дэх данс эзэмшигч 13 хүнийг нэрлэн, шалгах үндэслэлийг тайлбарлажээ

Төрд алба хашиж буй оффшор данстай нөхдийг цэгцлэхээр АН-аас УИХ-д сонгогдсон Б.Пүрэвдорж нар бүхий таван гишүүн нэгэн тогтоолын төслийг өргөн барьсныг УИХ-ын дарга М.Энхболд  хүлээн авсан байна. Монгол Улсын иргэдийн оффшор бүсийн банк дахь хадгаламжтай холбоотой мэдээллийг авах хүсэлтийг олон улсын дүрэм журмын дагуу холбогдох байгууллагад гаргах, хадгаламжийн эх үүсвэр нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгаж, олон нийтэд мэдээлэх.  Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжийн оффшор бүсийн банкинд байршуулсан хөрөнгө хууль бус болох нь нотлогдсон тохиолдолд уг этгээдтэй ашиг сонирхол нэгтэй, ураг төрлийн холбоотой иргэнийг төрийн албанд наймаас доошгүй жилээр ажиллахыг хориглох.  Одоо төрд алба хашиж байгаа тохиолдолд төрийн албан тушаалаас нь чөлөөлөх, эргүүлэн татах агуулга бүхий хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барих чиглэлийг Засгийн газарт өгөх тухай УИХ-ын тогтоолын төсөл аж6

Төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “...Монгол Улсын  Их Хурал хаврын ээлжит бус чуулган зарлаж, хуралдуулах гэж байна. Энэ ээлжит бус чуулганаар эдийн засгийн хүндрэлтэй асуудлуудыг, тодруулбал, ОУВС-гийн хөтөлбөрийг хэлэлцэх юм. Монгол Улсын эдийн засагт хүндрэл учруулсан гол шалтгаан бол төрийн өндөр албан тушаалтнууд төрийн болон ард иргэдийн хөрөнгийг зувшуулан оффшор бүсийн дансанд байршуулсан явдал. Өнөөдөр энэ тогтоолын төслийг өргөн барьсан бас нэгэн шалтгаан нь  Эрдэнэтийн 51 хувьтай холбоотой.

Тухайн үеийн МАН-ын дарга, Ерөнхий сайд асан С.Баярын найз “Жаст” ХХК-ийн захирал Ш.Батхүү Өмнөд Африкийн “Стандарт” банкинд 109 ам.сая долларын барьцаанд Эрдэнэт үйлдвэрийг тавьсан. Өнөөдөр МонголУлсад мөнгө угаалтын эсрэг хууль хэрэгжиж байгаа. Энэ хуулиар 20.000 ам.доллараас дээш гүйлгээг бүрэн хянадаг болсон.Гэтэл үүнээс 5500 дахин их буюу 109 ам.сая доллар Монгол Улсад орж ирэлгүй, хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болсон байна. Тэгэхээр “Стандарт” банкнаас зээлсэн 109 сая ам.доллар оффшор бүсийн банкинд хөрөнгө болж байршиж байж магадгүй гэж үзэж байгаа. Тиймээс энэ хөрөнгийг шалгах зорилгоор өргөн барьж байгаа. ХЗДХЯ-наас өргөн барьж байгаа оффшор бүстэй холбоотойхуулийн төсөл хэлэлцэгдэхгүй хэдэн сар болж байна. Хэлэлцэгдсэн ч оффшор бүсэд хөрөнгө хадгалдаг хүмүүсийн нөлөөлөл орж байгаа гэж үзэж буй. Өөрөөр хэлбэл, өмнө нь хууль бусаар олж авсан хөрөнгөө оффшор бүсэдхадгалсан хүмүүсийг хэрхэх талаар энэ хуулийн төсөлд нь тусгаагүй. УИХ дахь АН-ын бүлэг энэ хуулийн төслийг хатуу нөхцөлтэйгөөр урагшлуулахыг хүсч байгаа. Гэтэл энэ хуулийн төсөл хэлэлцэгдэхгүй удаад байгаа шалтгаан бол МАН дахь оффшор бүсэд хөрөнгө эзэмшдэг хүмүүсийн нөлөөлөл байна. Тиймээс үүнд маш хариуцлагатай хандах хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн юм.

Гишүүдийн өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл хавсралттай. Уг хавсралтад Оффшор бүс дэх данс эзэмшигч 13 хүнийг нэрлэн, шалгах үндэслэлийг тайлбарласан байна.

1.“Жаст” компанийн захирал асан Ш.Батхүү. Түүнтэй ашиг сонирхол нэгтэй, хамт шалгах шаардлагатай хүмүүсээр Ерөнхий сайд асан С.Баяр, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал байхдаа 100 сая ам.долларын баталгаа дээр гарын үсэг зурсан Ч.Ганзориг, дээрх баталгаа гаргах үед ТӨХ-ны дарга байхдаа гарын үсэг зурсан, одоогийн ҮХЦ-ийн гишүүн Д.Сугар, УБТЗ-ын ерөнхий захирал байхдаа 40 сая ам.долларын баталгаанд гарын үсэг зурсан Т.Очирхүү нарыг нэрлэжээ.

Өөрөөр хэлбэл, 2007-2009 оны хооронд тэр үеийн МАХН-ын дарга, Ерөнхий сайдС.Баяр, ТӨХ-ын дарга Д.Сугар, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Ч.Ганзориг, УБТЗ-ын дарга Т.Очирхүү нар УБТЗ болон “Эрдэнэт үйлдвэр”-ээс “Жаст” компанид баталгаа гаргаж өгсөн. Гэвч 2016 оны есдүгээр сарын Лондонгийн Арбитрын шийдвэрээр уг өрийг дээрх хоёр компани төлөөд эхэлсэн.

2. Бизнесмэн Сү.Бат-Очир. Ерөнхий сайд асан Сү.Батболдын төрсөн ах. Тэрээр нэг оффшор данстай бөгөөд түүнд нь байх хууль бус орлого нь “Бороо гоулд” ХХК, “Энержи ресурс” ХХК-ийн Ухаахудагийн  уурхайтай холбоотой байж болзошгүй гэнэ.

3. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн авга ах Ч.Батзориг. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал асан. Оффшорт долоон данстай энэ эрхмийн хууль бус орлого нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас баталгаа гаргасан 100 сая ам.доллартай холбогдож болзошгүй.

4. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан. “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн захирал асан тэрээр оффшорт хоёр данстай. Төмрийн хүдэр үнэтэй байх үед төмрийн хүдрийг хоёр гэрээгээр экспортолж, их хэмжээний орлого нуусан байжмагадгүй гэнэ. Энэ асуудлаар нь түүнийг 2012-2015 оны хооронд шалгаж байжээ.

5. Сангийн сайд асан Я.Очирсүх оффшорт нэг данстай гэнэ.

6. НИК ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ч.Давааням оффшорт хоёр данстай.

7. НИК, “Петровис” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Оюунгэрэл “Энержи ресурс” ХХК-ийн Ухаа худаг уурхайтай холбоотой хууль бус орлого олсон байж болзошгүй.

8. С.Баярын дунд охин, “Голден Уеллен Инк” компанийн захирал Б.Бадамханд 1981 онд төрсөн. Оффшорт дөрвөнданстай. Хууль бус орлого нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон УБТЗ-аас баталгаа гаргасан 140 сая ам.доллартайхолбогдож болзошгүй.

9. С.Баярын том охин Б.Нандин /1977 онд төрсөн/ болон Энрико Дел Каса оффшорт хоёр данстай. Хууль бус орлого нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон УБТЗ-аас баталгаа гаргасан 140 сая ам.доллартай холбогдож болзошгүй.

10. С.Баярын бага охин Б.Хонгор. 1992 онд төрсөн. Хууль бус орлого нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон УБТЗ-аас баталгаа гаргасан 140 сая ам.доллартай холбогдож болзошгүй.

11. УИХ-ын гишүүн асан С.Баярцогт оффшорт нэг данстай. Түүнийг Сангийн сайд байхад Оюутолгойн гэрээзурагдсан байдаг. Хууль бус орлого нь “Энержи ресурс” ХХК-ийн Ухаа худаг уурхай, “Оюутолгой” ХХК-тайхолбоотой байж болзошгүй.

12. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар оффшорт нэг данстай. Тэрээр өмнө нь байгаль орчны сайдаар ажиллаж байсан.

13. НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн төрсөн дүү Ц.Сэргэлэн. Оффшорт нэг данстай. Хууль бус орлого нь хууль бус газрын наймаатай холбоотой байж болзошгүй.

Хэдхэн хүний эрх ашгийн төлөө хуулийг дорд үзэж байна

Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Дүнжингарав” уралдааныг зохион байгуулах Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсэн.

Гэвч шүүхийн шийдвэрийг үл тоон “Дүнжингарав” уралдааныг гуравдугаар сарын 5-нд зохион байгуулсан нь хууль гууль болсны тод жишээ.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны хоёрдугаар сарын 24-ний Баасан гарагт ирүүлсэн нэхэмжлэл хүсэлтийн дагуу тус шүүх холбогдох хуулийн дагуу хугацаанд нь буюу 2017 оны гуравдугаар сарын 3-ны өдөр хүсэлтийг хэлэлцэж, морин уралдаан зохион байгуулах тухай Засгийн газрын тогтоолыг түдгэлзүүлэх шүүгчийн захирамж гаргасан аж. Уг шийдвэрт “...Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн эсрэг үндэсний сүлжээ”, “Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ” НҮТББ-уудын нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч нараас гаргасан “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” хүсэлт урьдчилсан хэлэлцүүлгийн явцад гаргасан тайлбар холбогдох нотлох баримтуудыг үндэслэн захиргааны актын биелэлтийг хэсэгчлэн түдгэлзүүлсэн.

Хариуцагч хуульд заасны дагуу уралдааныг түдгэлзүүлж болохгүй нөхцөл байдал байгаа эсэхийг шүүхэд баримтаар нотлоогүй тул түдгэлзүүлэх хуультай байдаг аж.

Шүүхийн шийдвэр уншиж сонсгомогц хүчинтэй тул заавал албадуулахгүйгээр Засгийн газар биелүүлэх ёстой. Шүүгч түдгэлзүүлэх захирамжаа гаргасан. Захирамжид гомдол гаргах эсэхээ хариуцагч илэрхийлээгүй гэдэг. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болно. 3ахиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хувь хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ. Нэгэнт шүүхийн шийдвэр зөрчиж, уралдаан зохион байгуулчихлаа.

Энэ нөхцөлд Үндсэн хуулийн цэцэд ханддаг. Тус уралдаанаас үүдсэн хохирол байвал шүүхийн нэхэмжлэлтэй хамт шийдүүлдэг номтой.

Гэвч өвлийн уралдаан болчихлоо. Энэ уралдааны үеэр хоёр хүүхэд хүнд бэртэж гэмтсэн байна. Хүүхдийн эрүүл мэнд, амь насыг хайрлахаас үл хамаараад цээж баячуудын аархал болоод дуусав. Ийн хэлэхийн учир нь нөгөө л Максын Д.Ганбаатар, “АПУ”-гийн Г.Батхүүгийн хүү, тод, манлай уяачид л баясав. Энэ уралдааныг Монголын морин уяачдын холбооноос зохион байгуулсан, холбооны Ерөнхийлөгч нь УИХ-ын дарга М.Энхболд.

Төрийн өндөр албан тушаалтнуудад хууль үйлчилдэггүй. Жирийн иргэдэд хууль хатуу үйлчилдэг хэрэг үү. Хүйтний улиралд хүүхдээр хурдан морь унуулахыг НҮБ-аас хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн төрөлд багтаасан байдаг.

Хүүхдийн байгууллагын дээд тэргүүн, Засгийн газрын тэргүүн , Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Та үүнд яагаад анхаарлаа хандуулж болдоггүй юм бэ.

Үнэндээ зугааны золиос нь хүүхэд.  Өлзийт хороолол хөл гаргүй, нүд сохорчихсон хүүхдүүд олон байдаг гэсэн. Бүгд л хурдан морины уралдааны золиос болцгоосон. Ийм тийм хурдан удмын адууг хэдэн зуун саяар үнэ хаялцаж авдаг хэрнээ морь унадаг хүүхдийг хэдхэн зуун төгрөгөөр худалдаж авдаг. Морь мал шинжиж авдаг шигээ хүүхдийг хөнгөн шингэн, бие жижиг гэхчлэн “зүсэлж” авцгаана. Үнэндээ хот, хөдөөгийн амьдрал тааруу айлын хүүхдийг сонгож авдгаас хүүхдийн амь нас эндэх, бэртэж гэмтсэн тохиолдолд чимээгүйхэн дарагдаад өнгөрдөг нь өнөөдөр нууц биш. Хэдхэн хүний эрх ашгийн төлөө хуулийг уландаа гишгэж байгаа нь туйлын харамсалтай, бас эмгэнэлтэй.

Онцлох 30 ишлэл: 25 унаач хүүхэд амь насаа алджээ

Монголын ирээдүй үр хойчийнхоо хүүхэд насыг хайрлая. Тэднийг хамгаалья. Үндсэн хуулиар хамгаалагдсан бүрэн эрхийг нь хүндэлмээр байна. Хурдны морь унуулахыг хориглож, тэдний амь нас, эрүүл мэндийг хамгаалах нэн шаардлагатай. Хүүхдийн амь нас, эрүүл мэндэд халтай хүүхдийн хөдөлмөрийн бусад тэвчишгүй хэлбэрийн нэгэн адил хурдан морь унахыг хүүхдэд хориглохыг уриалж, хурдан морьдын уралдаанаас үүдэлтэй харамсмаар тоо баримтаас бид онцлох 30 ишлэлийг хүргэж байна.

  1. Жил бүр хоёр унаач хүүхэд амь насаа алддаг.
  2. 1996-2006 онд 17 хүүхэд, 2006-2008 онд хоёр хүүхэд, 2012-2014 онд 6 хүүхэд хурдан мориноосоо унаж амь насаа алдсан.
  3. 25 унаач хүүхэд амь насаа алджээ.
  4. Жил бүр 300 унаач хүүхэд эрүүл мэндээрээ хохирдог.
  5. Жилд дундаар хоёр унаач хүүхэд амь эрсэддэг гэж үзвэл 1996-2016 оны хооронд буюу сүүлийн 20 жилд дээрх 25 хүүхдээс гадна 10 хүүхэд, нийт 35 хүүхэд амь эрсэдсэн байж болзошгүй юм.
  6. Унаач хүүхэд амь эрсэдсэн тохиолдлыг хууль хяналтын байгууллага шалгадаггүй, эрүүгийн хэрэг үүсгээгүй байна.
  7. Хавар уралдаж байна уу, зун уралдаж байна уу гэдгээс үл хамаарч хүүхэд мориноосоо унаж гэмтдэг.
  8. 2006-2008 онд унаач хүүхэд мориноос унасан тохиолдол 101 бүртгэгдсэн бөгөөд 40 хүүхэд гэмтжээ.
  9. 2012-2014 онд жилд дунджаар 300-320 унаач хүүхэд мориноос унаж бэртсэн.
  10. 180-220 хүүхэд нь хүнд хэлбэрийн бэртэл авч, эмнэлэгт хэвтжээ. Эндээс харахад хурдан мориноос унаж бэртсэн хүүхдийн тоо жилээс жилд өсөж байгаа ажээ.
  11. 1996-2006 онд 17 хүүхэд хурдан морины уралдааны явцад мориноосоо унаж амь эрсэдснээс зургаа нь зун (намар), хоёр нь хавар (өвөл) тохиолдсон байх бөгөөд үлдсэн 9 тохиолдол хэзээ болсон нь тодорхойгүй.
  12. 2007 оны долдугаар сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн Өлзийт хороололд болсон уралдааны үеэр 12 настай хүүхэд мориноосоо унаж тархины хүнд гэмтэл авч байжээ.
  13. 2006-2008 онд унаач хүүхэд мориноос унасан тохиолдол 101 бүртгэгдсэн бөгөөд 40 хүүхэд гэмтжээ. 2012-2014 онд жилд дунджаар 300-320 унаач хүүхэд мориноос унаж бэртсэн, түүнээс 180-220 хүүхэд нь хүнд хэлбэрийн бэртэл авч, эмнэлэгт хэвтжээ.
  14. Эндээс харахад хурдан мориноос унаж бэртсэн хүүхдийн тоо жилээс жилд өсөж байгаа ажээ.
  15. Аль ч улирлын морин уралдаанд хүүхдийн толгой болон мөч гэмтэх, яс хугарах, дотор эрхтэн доргих, өвчлөх нь түгээмэл ажээ.
  16. Морь унаснаар механик гэмтлээс гадна, дотор эрхтэн, арьс нүүрэнд хэрхэн нөлөөлж байгаа талаар нэгдсэн судалгаа байдаггүй.
  17. Хүүхэд олон жил морь унаснаар бөөр унжих, шээсний сувагт механик гэмтэл үүсч, мөн төмсөгт бичил судасны хагарал үүсч яваандаа үргүйдэлд хүрэх аюултай.
  18. Унаач хүүхдүүд сурч боловсрох эрхээ бүрэн эдэлж чаддаггүй. Олон унаач хүүхдийг жилийн ихэнх сард сургуульд явуулалгүйгээр хурдан морь унуулдаг гэдэг.
  19. Хаврын уралдааны үеэр унаач хүүхдүүд ихэнхдээ 30 хүртэл хоног хичээлээс чөлөө авдаг, тасалдаг бөгөөд тэдний чанартай боловсрол эзэмших эрх нь зөрчигддөг.
  20. Унаач хүүхдүүдийн дийлэнх хичээлдээ тааруу үнэлгээ авдаг, хоцрогддог, хичээлээ нөхөж чаддаггүй, сургуулиас завсарддаг байна.
  21. Сайн боловсрол эзэмшээгүй эсхүл сургууль завсардсан хүүхдүүд хурдан морь унах нас нь өнгөрсний дараа уяачдын эсхүл бусдын мал маллах, гэрийн ажил хийх зэргээр амьжиргаагаа залгуулдаг
  22. Олон унаач хүүхэд мориноос унаж хүнд гэмтсэний улмаас насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болдог нь харамсалтай.
  23. Өвөрхангай аймагт 2004 онд зохион байгуулагдсан уралдаанд 12 настай эмэгтэй хүүхэд мориноосоо унаж, түнх, булууны яс нь хугарч, хөлгүй болж, байнгын тахир дутуу болсон бөгөөд эмчилгээний зардал байхгүйгээс гадаадад явж эмчлүүлж чадаагүй.
  24. Засгийн газрын 2005 оны 119-р тогтоолоор батлагдсан “Хурдан морины уралдааны дүрэм”-ээр унаач хүүхдүүд нь 7-оос дээш настай байхаар заасан.
  25. Үндэсний их баяр наадам болон Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулж буй морин уралдаанд хамаардаг бөгөөд бусад морин уралдаанд насны хязгаар байхгүй байна.
  26.  Аймаг, сум, багийн төвшний эсхүл ой тэмдэглэх зэрэг бусад уралдаанд 5-7 насны хүүхэд хурдан морь унадаг байна.
  27. 1996-2006 онд эндсэн 17 унаач хүүхдийн нэг нь 5 настай байжээ. Судалгаанд хамрагдсан 529 хүүхдийн 68.4 хувь нь 5-7 наснаасаа хурдан морь унаж эхэлсэн хэмээн хариулсан байна.
  28. Амь насаа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон, сурч боловсорч чадаагүй хүүхдүүдийн нас нь 5-18-н хооронд байгаа учраас томоохон уралдаанд бүх насны хүүхдээр хурдан морь унуулахыг хориглох шаардлагатай байна.
  29. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах тухай 182 дугаар конвенцын хэрэгжилтийн талаар Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн шууд хүсэлтэд уралдааны морь унах нь хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэндэд аюултай буюу осолтой гэдгийг дурьдсан.
  30. Монгол Улсын Засгийн газрыг 18-аас доош насны хүүхдүүдийг морь уралдаанчаар ажиллуулахгүй байх тал дээр анхааран дорвитой арга хэмжээ авахыг хүссэн байна.

Д.Энхцэцэг: Шинэ гадаад паспорт гарсан ч иргэд одоогийн улаан паспортоор зорчих боломжтой

Энэ сарын 1-ний өдрөөс эхлэн энгийн гадаад паспортын хүчинтэй хугацааг сунгахгүй гэх мэдээлэл гарах болсон билээ. Энэ талаар ОӨУБЕГ-ын Иргэний бүртгэлийн дарга Д.Энхцэцэгээс тодрууллаа.  

-Гадаад паспортын хугацааг сунгахгүй гэсэн мэдээлэл гараад байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Өнөөдрийн байдлаар гадаад паспортын сунгалтын үйлчилгээг хэвийн үзүүлж байна. Мөн иргэдийн гадаад паспортын хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд 1-5 жилийн хугацаатай сунгалтын хугацааг авч байгаа.  Харин гадаад паспорт шинээр авахыг хүссэн иргэн өөрийн биеэр ирж хурууны хээгээ уншуулж өмнөхтэй адил журмаар захиалж авна. Ингэхдээ иргэн банкинд төлбөрөө тушаасан баримт, иргэний үнэмлэх, цээж зургийн хамт авч ирнэ. Энгийн гадаад паспортын хүчинтэй хугацааг сунгахгүй гэдэг нь ташаа мэдээлэл. 

-Шинээр гадаад паспорт захиалах иргэд хаана хандах вэ. Нэмж өөр бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай юу?

Гэхдээ иргэд одоо авсан улаан паспортаар зорчих боломжтой. Мөн шинэ цахим гадаад паспорт олгоод эхэлсэн үед авсан хүмүүс мөн адил зорчих боломжтой. Нэг үгээр хэлбэл аль альнаар нь зорчих боломжтой.

-Иргэдийн хэлж заншсан 100 айл буюу манай Оюуны өмчийн улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газрын гадаадад зорчих хэлтэс дээр гадаад паспортын бүртгэл, хугацааны сунгалт хийж байна. Мөн  “Дүнжингарав” “Мишээл” худалдааны төв болон Драгон дээр шинэ гадаад паспортын үйлчилгээ үзүүлж байна. Үүнээс гадна алслагдсан гурван дүүрэгт гадаад паспортын үйлчилгээ мөн үзүүлж байна. Есөн дүүрэг дээр хугацааны сунгалт хийж байгаа. 21 аймагт шинэ гадаад паспортын үйлчилгээ буюу хугацааны сунгалт хийж байна. Тиймээс иргэд өөрт байгаа хамгийн ойр салбар, нэгжид очиж үйлчилгээ авах бүрэн боломжтой. Дахин нэмж бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй.

-Гадаадад байгаа иргэд гадаад паспортоо элчин сайдын газраар дамжуулан сунгуулах уу?

-Тэгнэ. Хилийн чинадад 40 гаруй дипломат төлөөлөгчийн газруудад гадаад паспорт шинээр захиалах, хугацааг нь сунгах ажил хийж байгаа. 

-Ирэх 2018 оноос гадаад паспорт Чиптэй болгоно гэж байсан. Энэ ажил хэр явж байгаа вэ? 

-Олон улсын иргэний нисэхийн байгууллага 2004 онд болсон Каеэрийн уулзалтын есдүгээр портколоос тэмдэглэгээ дардаг гадаад паспортыг хэрэглээнээс гаргах тухай гишүүн орнуудад зориулсан тунхаг бичиг гаргасан байдаг. Үүнийг 2015 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хэрэглээнээс гаргана гэж хугацаа зааж өгсөн. Энэ хугацаанаас хойш манайх цахим гадаад паспортын бэлтгэл ажил хийж байна. Өнөөдрийн байдлаар энэ ажлын бэлтгэл ажил хангагдаад явж байна. 2018 оны оны эхээр гэхэд Чиптэй буюу цахим гадаад паспортыг иргэдэд олгож эхлэхээр төлөвлөөд ажиллаж байна. Гэхдээ иргэд одоо авсан улаан паспортаар зорчих боломжтой. Мөн шинэ цахим гадаад паспорт олгож эхэлсэн үед авсан хүмүүс мөн адил зорчих боломжтой. Нэг үгээр хэлбэл аль альнаар нь зорчих боломжтой.

-Шинэ цахим паспорт, хуучин улаан паспорт хоёрын хооронд ялгаа бий юу?

-Шинэ цахим гадаад паспорт хуудас олж байгаа. Яагаад гэвэл сунгалтгүй учраас тав, арван жилээр ашиглах боломжтой. Одоогийн хэрэглэж байгаа улаан паспорт 32 хуудастай. Шинэ нь 42 хуудастай чиптэй болсон. Чип дотор хувь хүний мэдээлэл агуулагдсан нүүр хуудастайгаар сүүлийн үеийн техник технологийн шаардлагад нийцсэн шинэ гадаад паспорт гарна. Түүнчлэн олон улсын иргэний нисэхийн байгууллагын стандартыг хангасан гадаад паспортыг иргэдэд олгох юм.  

ШУУД: Хойд Солонгос эсэргүүцэлээ илэрхийлж, гурван пуужин харвалаа

Японы ерөнхий сайд Шинзо Абегийн мэдээлж буйгаар Хойд Солонгосын талаас японы эдийн засгийн тулгуур бүс зүүн тэнгис рүү гурван удаа балластик пуужин харвасан гэв.

Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамны эх сурвалжуудын үзэж буйгаар балластик пуужин Японы далайд буюу Хойд Пьон Ганаас 500 км зайд газардуулж, турших ёстой байсан аж.

Энэ нь Өмнөд Солонгос-Америкийн хооронд жил бүр зохион байгуулагддаг цэргийн сургуулилалтын хариуд Хойд Солонгосын авсан арга хэмжээ гэж ажиглагчид дүгнэж байна. Уг сургуулилалтыг Пьёньян өөрийг нь эзлэн түрэмгийлэх зорилготой гэж үздэг юм.

Яг одоо Өмнөд Солонгосын армийнхан пуужингийн төрөл, тусгалын зай зэрэг мэдээллийг гаргахаар шинжилж байна. Ким Жон Ун төрийн эрхэнд гарснаас хойш гурван цөмийн туршилт, хэд хэдэн пуужингийн туршилт хийгээд байгаа юм. Тэд АНУ­-ын баруун эрэгт хүрэх чадалтай пуужин бүтээхээр ажиллаж байгаа.

Өнгөрсөн сард Ким Жон Уны эцэг нэгтэй ах Ким Жон Намын амийг хөнөөсөн хэрэг явдлаас үүдэлтэйгээр Хойд Солонгосын харилцаанд хүндрэл гараад байгаа юм. Тэгвэл энэхүү пуужингийн туршилт нөхцөл байдлыг улам муутгана гэж үзэж байна.

БУРХАН ХАЛДУН хайрханы дунд овоо арц, хүж, зулын галнаас болж гал гарчээ

Энэ сарын 5-наас 06-ныг шилжих шөнө БУРХАН ХАЛДУН хайрханы  дунд овоо арц, хүж, зулын галнаас болоод гал алдаж ой модруугаа гал үсэрч ойр орчмын модод шатаж байхад нь MONGOLIAN PAJERO CLUB-ийн 23 залуус азаар тааралдаж тухайн орчимд байсан 8 залуу болон байгаль хамгаалагч нартай хүч хавсран галт түймрийг яаралтай унтраажээ.

Сар шинийн баярын өдрүүдээр Сүхбаатар аймагт хорио тавигдсанаас үүдэн Шилийн Богд уулыг зорихоор төлөвлөж байсан иргэд олноороо тус хайрханыг зорьж Хайрханы орчимд хог хаягдалаа ил задгай хаях нь ихэссэн мэдээлэл гарсаны дагуу сонирхлын бүлэг клубууд нэгдэн тухайн орчимд цэвэрлэгээ хийж хог хаягдлыг зайлуулах ажлыг зохион байгуулж байсан билээ.

Тухайн орчны хамгаалалтын захиргаа хараа хяналтаа сайжруулж тухайн бүс нутгийн аюулгүй байдлыг онцгой анхаарах шаардлага зүй ёсоор тавигдаж байгааг энэ удаагийн галын аюул тод томруун харуулж өглөө.

Монгол залуу Германд цуврал аллага үйлджээ

ХБНГУ-ын Лейпциг хотноо Монгол Улсын иргэн, 38 настай Д.Довчин гэгч хоёр эмэгтэйн амь насыг хөнөөсөн хэрэг 2016 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр гарсан байна. Тус цуврал хэргийн талаарх мэдээлэл тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр саяхнаас шуугиж эхэлсэн байна.   Өнгөрсөн сарын 27-ны өдрийн даваа гаригт Монгол Улсын иргэн Д.Довчин гэгч 43 настай Марии, 40 настай Анжа нарыг мөчлөн хөнөөж, бассейнд хаясан хэмээн хэргээ хүлээсэн байна.  Тус улсын цагаагдийнхан хэрэг гарсан байшинд үзлэг, шалгалт хийж, ямар шалтгааны улмаас хоёр бүсгүйтэй танилцаж, улмаар аминд нь хүрэх болсныг тогтоохоор ажиллаж эхэлсэн байна. Монгол Улсын иргэн Д.Довчин Герман улсад амьдардаг бөгөөд эхнэр нэг хүүгийн хамт амьдардаг юм байна.

Ким Чен Уны нууцлаг гэргий Ли Соль Ю олны өмнө ил гарав

Өнгөрсөн оны тавдугаар сараас хойш олны өмнө гараагүй Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны гэргий Ли Соль Ю олны өмнө гарчээ.  Тэрбээр нөхрийнхөө хамтаар “Mangyongdae Revolutionary” цэргийн сургуульд зочилж, мод тарьсан байна.  Хойд Солонгосын төрийн мэдлийн “KCNA” агентлаг өнөөдөр цахим сайтдаа удирдагч болон Тэргүүн хатагтай зургийг нийтэлсэн нь олны анхаарлыг ихэд татсан байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment