8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм:С.Зориг агсны ах С.Баяр шүүх хурлыг орхиж, Нүцгэн жагссан эмэгтэйчүүд торгуулж, Оффшорчдын эсрэг цуглаан хийхээ мэдэгдсэн өдөр

2017-03-14 18:05:00

Хаврын тэнгэр хартай гэдэг. Гол мөрөн гэсэж мөсөн тээвэр хийхийг хориглосон, шар усны үерээс болгоомжлуулсан сэрэмжлүүлэгтэй зэрэгцээд манай нийт нутгийн 50 гаруй хувь буюу нутгийн хойд хагаст болон Алтайн цаад сумдад 10-53 см зузаан, нягтарч хатуурсан цастай нийт 13 аймгийн 54 сум зудын, 16 аймгийн 74 сум зудархуу байдалтай байна. Гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр цаашид цас ихтэй нутгуудаар цас нэмж орох, үе үе хүчтэй цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа тул мал төллөлт, малын хариулга маллагаанд тааламжгүй байхыг анхаарахыг зөвлөж буй. Тэгэвч дэлгэр цаг ирж буй болохоор бүх зүйл тэгш сайхан байх болтугай хэмээн ерөөгөөд Та бүхэндээ шинэ, шинэлэг бүхнээр дүүрэн “Монголын нэг өдөр” булангаа хүргэж байна.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Шадар сайд ISO 37001 стандартыг төр болон хувийн хэвшлийн байгууллагуудад нэвтрүүлэхийг үүрэг болголоо

“Стандарт хэмжил зүйн салбарын удирдах ажилны зөвлөгөөн-2017” ээлжит зөвлөгөөн өнөөдөр эхэллээ.  Зөвлөгөөнд орон нутгийн Стандарт хэмжил зүйн газрын дарга нар болон салбар байгууллагын удирдах ажилтнууд оролцсон юм. Хурлыг нээж Стандарт хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр үг хэлэв. Түүнчлэн Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн оролцогчдод хандаж үг хэлж, үүрэг өгсөн юм.

Тэрбээр “Стандарт хэмжил зүйн газрын удирдах ажилтан та бүхэнд шинэ оны мэнд хүргэе. Монгол Улсын шадар сайдын эрхэлсэн асуудлын хүрээний томоохон салбарын нэг нь Стандарт хэмжил зүйн салбар мөн. Миний бие шадар сайдын хувьд энэ албыг удаа дараалан хариуцан ажиллаж байгаа. Энэ салбарын ололт, амжилт, алдаа оноог бүхнийг мэдэх боломжийг надад олгосон бөгөөд ажиллах хугацаанд дэмжиж ажиллаж ирсэн. Стандарт хэмжил зүйн салбар хөгжлийнхөө 90 гаруй жилийн түүхтэй, бүтэц зохион байгуулалт материалаг бааз,  боловсон хүний хувьд бэхжсэн, улс орны нийгэм эдийн засгийн хөгжлийг хурдасгах, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, иргэдийн эрүүл аюулгүй орчин ажиллаж амьдрах, чанарай бүтээгдэхүүн ажил үйлчилгээ эрхлэх нөхцөлөөр хангаж бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх үндсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж яваа байгууллага гэж үнэлдэг юм.

Авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцоо, шаардлага, хэрэглэх арга зүйн заавар MNS 37001:2017 стандартыг Стандарт хэмжил зүйн газар ажлын хэсэг байгуулан хүчин чармайлт гаргаж ажилсны үр дүнд үндэсний хэмжээний стандарт болгож баталсан явдлыг дуулгахад таатай байна.

Түүнчлэн олон улсын стандартын байгууллага 2016 оны арван сарын 15-ны өдөр баталсан Авлига, хээль хахуультай тэмцэх ажлын менежментийн тогтолцоо, шаардлага, хэрэглэх арга зүйн заавар MNS 37001:2017 стандартыг Стандарт хэмжил зүйн газар ажлын хэсэг байгуулан хүчин чармайлт гаргаж ажилсны үр дүнд үндэсний хэмжээний стандарт болгож баталсан явдлыг дуулгахад таатай байна. Энэ стандартыг нэвтрүүлснээр монгол улсын тогтвортой хөгжлийг хангах, гадаад хөрөнгө оруулалтыг татах, авлигын индексийг бууруулах, ядуурлыг бууруулах, бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөөс урьдчилан сэргийлэх, байгууллага хамт олны ёс суртахууны төвшин дээшлэх, хамт олны хариуцлага нэмэгдэх олон талын ая холбогдолтой. Магадгүй бид энэ стандартыг үндэсний болгож баталсан анхны улс байхыг үгүйсгэхгүй. Стандарт хэмжил зүйн байгууллага нь улсын хэмжээнд нэгдмэл удирдлагатай байгууллага учраас та бүхний гаргасан шийдвэр үүний хэрэгжилтэд  нөлөөлнө гэдгийг та бүхэнд хэлэх гэсэн юм” гэв. 

ISO 37001 стандартыг төр болон хувийн хэвшлийн байгууллагуудад суртачилах, ойлгуулах, таниулах, нэвтрүүлэх талаар арга зүйн зөвлөгөө өгч ажиллахыг үүрэг болгож байгаагаа онцолсон юм.

Мөн менежментийн тогтолцоо ISO 9001 олон улсын стандартыг нэвтрүүлсэн туршлага дээр үндэслэн Авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцоо, шаардлага, хэрэглэх арга зүйн заавар ISO 37001 стандартыг төр болон хувийн хэвшлийн байгууллагуудад суртачилах, ойлгуулах, таниулах, нэвтрүүлэх талаар арга зүйн зөвлөгөө өгч ажиллахыг үүрэг болгож байгаагаа онцолсон юм.

Улмаар хуралд оролцогчид илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Хурал  хоёр өдөр үргэлжлэх аж.

Оффшор данстай улстөрчдийн асуудлыг нээлттэй хэлэлцэхгүй бол УИХ-ыг тараах тэмцлийг эхлүүлнэ

Ард түмний онцгой зөвлөл Улсын Их Хурлын дарга М.Энхболд болон УИХ-ын нийт гишүүдэд "Тулган шаардах бичиг өгөөд багагүй хугацаа өнгөрч байна. Үүнд  
1. УИХ-ын ээлжит бус, онцгой чуулганыг 2017 оны гуравдугаар сарын 15-ны өдөр зарлан хуралдуулж, оффшор данстай хамааралтай улстөрчдийн асуудлыг нээлттэй хэлэлцэх, 
2. Оффшор данстай хамааралтай улс төрчдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг нэн даруй байгуулах, 
3. Хөрөнгө орлогын мэдүүлэгээ хуурамчаар бүрдүүлж, оффшор дансан дахь хөрөнгө мөнгөө нуусан гишүүдэд хариуцлага тооцож, хууль бус хөрөнгө орлогыг нь эх орондоо эргүүлэн татаж авчрах, 
4. УИХ-ын гишүүн, төрийн дээд албан тушаал хашиж байсан буюу одоо хашиж байгаа оффшор данстай хамааралтай улстөрчид:
1. УИХ-ын гишүүн асан, Сангийн сайд асан С.Баярцогт
2. УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр
3. УИХ-ын гишүүн, УИХ-ын тусгай хяналтын дэд хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболд
4. УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар
5. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан
6. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
7. УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир
8. Байгаль орчны сайд асан У.Барсболд
9. Сангийн сайд асан Я.Очирсүх
10. Нийслэл хотын дарга, Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл
11. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга Ц.Сандуй... гэх мэт нийтэд зарлагдсан нэр бүхий этгээдүүдийн асуудлыг УИХ-ын онцгой чуулганаар олон нийтэд нээлттэй хэлэлцэхийг шаардсан. 
5. УИХ-ын гишүүн бүр манай шаардлагад албан бичгээр хариу өгөхийг тулгасан.

Энэхүү бичгийн хариуг энэ сарын 15-ныг хүртэл өгөхгүй бол УИХ-ыг тараах тэмцлийг эхлүүлнэ гэж АТЗ-ийн ерөнхий зохицуулагч С.Батчулуун хэлж байна. Мөн тэрээр оффшорчдыг шалгах ажлын хэсэг байгуулах нь хэцүү ажил биш. Хурууны үзүүр хөдлөх төдийд бий болох зүйл тэрбээр онцолж байсан.

Хэрэв АТОЗ-ын тулган шаардсаны дагуу ажлын хэсэг байгуулж ажиллавал 17-30 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрөх юм байна. Оффшорчдыг шалгаж улсын төсөвт мөнгийг нь татаж чавдал ОУВС-аас зээл авах шаардлагагүй аж

Түүнчлэн тэмцэл хийвэл БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-г огцруулсан иргэдийнх нь тэмцлийн жишгийн дагуу ард түмнийг нэгтгэж оффшор данстай улс төрчид, тэднийг өмөөрсөн УИХ-ыг тараана.

УИХ-аас ажлын хэсгийг байгуулах тухай хариуг гуравдугаар сарын 15-ны дотор өгөхгүй бол ард түмнийг Сүхбаатарын талбай дээр жагсаал хийхийг уриалан дуудах аж. Ард түмний Онцгой зөвлөлийн чуулганы үеэр Улсын Их хурлын гишүүн асан С.Ганбаатар:- ”УИХ-ын гишүүн, улс төрд ажиллаж байгаа хүн  оффшор дансандаа мөнгөтэй байна гэдэг бол ард түмний нийтийн эрх ашгийн төлөө гаргах шийдвэрээ мөнгө болгож, бусдад худалдаж бусдын төлөө маш их давуу талтайгаар уул уурхайн баялагын гэрээ хийсэн гэдгийг нотлоно хэмээн хэллээ.Оффшор данстай улстөрчдийн эсрэг ард түмэн хүчтэй тэмцэж байж оффшорчид буруу зүйл хийснээ ухамсарлана. Түүнээс нааш тэд өөрсдийн онц ноцтой, аюултай үйлдлээ ухамсарлахгүй байна” гэж байв.  

“The colors” хамтлагийнхан мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогджээ

Өнгөрсөн сард Баянзүрх дүүрэгт байрлах “Роял Кастл” хотхоны 12 давхраас 21 настай Х гэдэг эрэгтэй унаж, нас барсан хэрэг гарсан.  Тухайн үед хэргийн газарт цагдаагийн байгууллага шалгалт хийхэд хийхэд хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бэлдмэлийн төрлийн бодис хэрэглэхэд ашигладаг гаанс олдсон талаар мэдээлэл гарч байсан билээ. 
 Хэрэг гарах үед талийгаачтай хамт байсан 11 залууг шалгаж, тэднийг хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн эсэхийг тогтоолгохоор Улсын мөрдөн байцаах газраас шинжилгээ авч хариу нь гарсан байна. Уг шинжилгээний хариу гарч хэргийн газарт байсан 10 эрэгтэй, нэг эмэгтэй хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон байна.  

Б.Энхбаатар: Түнхний дутуу хөгжилтэй хүүхдийг алцгар байдалд байлгаснаар ямар ч эмчилгээгүйгээр эдгэрдэг

-Түнхний мултрал нь эрт оношилж чадвал эрт эдгэрдэг- 

Сүүлийн үед хүүхдүүдийн дунд тулгуур хөдөлгөөний гаж хөгжил тэр дундаа төрөлхийн түнхний үений дутуу хөгжил, түнхний мултрал нэмэгдэж байгаа. Энэ өвчний үүсэх шалтгаан, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ГГГСҮТ-ийн их эмч Б.Энхбаатартай ярилцлаа.

-Нярай хүүхдийн түнхний мултрал буюу түнхний үеийн дутуу хөгжил гэж юу вэ гэсэн асуултаар ярилцлагаа эхлүүлье?

-Сүүлийн жилүүдэд шинээр төрж буй нярай хүүхдүүд түнхний мултралтай төрөх нь ихэссэн.  Дан ганц түнхний мултрал ч биш түнхний үений эмгэгүүд гэж хэсэг бүлэг өвчнүүд байдаг. Энэ дотроос хамгийн их тохиолдож байгаа эмгэг нь түнхний дутуу хөгжил юм. Түнхний үеийг үүсгэж байгаа сүүжний тогоо, дунд чөмөгний толгойны хөгжил, хоорондоо таарахгүй байх. Эсвэл хөмөг, толгой нь сул хөгжилтэй.Толгой сайн хөгжилтэй ч гэсэн чөмөг байхгүй зэргийн улмаас түнх дутуу хөгждөг. Дараагийн нэг эмгэг бол түнхний мултрал. Хүүхдүүдийн дунд тархсан тулгуур эрхтний согогууд дотроос түнхний мултрал нэгдүгээрт ордог. 10000 хүүхэд төрлөө гэхэд үүнийг 1/3 түнхний мултралтай төрж байна гэсэн  судалгаа байдаг. Түнхний мултрал 0-6 сартайд оншлогдвол дөрөөвч, тэвх хэрэглээд эдгэрнэ. Үүнээс хойш буюу 5-6 настайд илэрвэл мэс заслын аргаар эмчилнэ. Түнхний мултрал нь эрт оношилж чадвал эрт эдгэрдэг. 

-Төрөлхийн болон олдмол гэж ангилдаг гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Түнхний мултрал төрөлхийн  болон олдмол гэж хоёр янз байдаг. Олдмол нь хүүхэд төрөх үед хөлнөөс нь эвгүй татснаас болж гэмтэл авахыг хэлнэ. Төрөлхийн нь ураг төрөх үед буруу байрласантай холбоотой гэж үздэг. Мөн рахитны шинж түнхний мултрал үүсэх, түнхний үеийн эмгэгүүд үүсэх нэг шалтгаан болдог.  Рахитнаас бол хүүхдийн ясанд өөрчлөлт гардаг. Үүнээс хол түнхний мултрал үүсэх, майга болох, X хөлтэй болох зэрэг өөрчлөлтүүд бий болдог. 

болдог

С.Зориг агсны төрсөн ах С.Баяр хаалттай шүүх хурлыг орхин гарлаа

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал нийслэл дэх Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн байранд үргэлжилж байна. Тус шүүх хуралд талийгаач С.Зоригийн төрсөн ах С.Баяр оролцсон. Түүний хувьд дөнгөж сая шүүх хурлыг орхин гарлаа. Учир нь тэрбээр шүүх хуралдааны эхэнд"Би хоёр зүйлийг хэлье. Нэгдүгээрт, миний төрсөн дүү С.Оюун өнөөдрийн шүүх хуралдаанд оролцохгүй гэж хэлээгүй. С.Оюун гадаадад томилолтоор ажиллаж байгаа тул би түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ирж байгаа юм. Хоёрдугаарт, шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлтийг миний зүгээс ч гэсэн тавьж байна” гэсэн юм.

Харин шүүх бүрэлдэхүүн түүний саналыг хүлээж аваагүй тул тэрбээр "Олон нийтэд нээлттэй явуулаагүй байгаа учраас хаалттай шүүх хуралдаанд суухгүй" хэмээн шүүх хурлыг орхин гарсан байна. 

Нүцгэн жагссан эмэгтэйчүүдийг 50 мянган төгрөгөөр торгоно

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр Сүхбаатарын талбай дээр хагас нүцгэн жагссан эмэгтэйчүүдийг шүүх хурал боллоо. Шүүхээс  Б.Болор-Эрдэнэ нарыг зөвшөөрөлгүй жагсаал цуглаан зохион байгуулсан гэж үзэн тус бүрд нь 50 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ.

Оффшор данстай улстөрчдийг шалгуулахыг шаардах анхны цуглаан энэ сарын 31-нд болно

Ард түмний онц зөвлөлөөс УИХ-д өгсөн оффшор данстай улстөрчдийг шалгуулах тулган шаардах бичгийн хариуг өгөхгүй нь тодорхой боллоо гэж тэд үзжээ. Тиймээс оффшор данстай улстөрчдийг шалгуулахыг шаардах анхны цуглааныг гуравдугаар сарын 31-ний өдрийн 12:00 цагт Сүхбаатарын талбай дээр хийхээр болсон байна. Оффшорт нуусан мөнгийг Монголдоо авчрах, улс эх орноо аврах цуглаан ийн товлогдлоо.

Ким Жон Намын гэр бүлийнхэнд талийгаачийн шарилыг гурван долоо хоногийн хугацаа өглөө

Малайзийн эрүүл мэндийн сайд мэдэгдэл хийж, Ким Жон Намын гэр бүлийнхэнд талийгаачийн шарилыг гурван долоо хоногийн дотор авах хугацаа өгсөн байна.

Мөн үүнээс гадна Хойд Солонгосын тал нас барсан хохирогчийг Ким Жон Нам биш, Ким Чол хэмээх нэртэй өөр хүн гээд зүрхний шигдээсээр нас барсан гэж мэдэгдээд байгаа. Гэр бүлийнхнийх нь хүсэлтийг хүлээж авсны дараа Малайзийн засгийн газар цаашид яахаа шийдэх гэнэ.

Талийгаачийг Ким Жон Нам мөн болохыг батлахын тулд хүү Ким Хан Солоос ДНХ дээж авсан байж болзошгүй байна. Мөн Японы талд хадгалагдаж байсан хурууны хээ зэрэг мэдээллийг ашигласан тухай эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Ким Жон Нам 2001 онд хуурамч паспортоор Японд нэвтрэх гэж оролдох үедээ саатуулагдаж, хурууны хээгээ үлдээж байсан гэнэ.

Явган зорчигчийн амь насыг хохироогоод хэргийн газрыг орхиж явсан жолоочийг илрүүллээ

Явган зорчигчийн амь насыг хохироогоод хэргийн газрыг орхиж явсан жолоочийг илрүүллээ. 
Өнгөрөгч хоёрдугаар сарын 15-нд оройн 23:15 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хүүхдийн хоёрдугаар эмнэлгийн зүүн талд байрлах “Хүннү” зочид буудлын урд замд зорчих хэсгийн гуравдугаар эгнээнд хөдөлгөөнд оролцож байсан марк дугаар, тодорхойгүй хар өнгийн автомашины жолооч явган зорчигч Б-г мөргөсний улмаас, уг явган зорчигч мөн замын нэгдүгээр эгнээнд явж байсан T.Pruis маркийн автомашинд явган зорчигч мөргүүлж амь нас нь хохирсон хэрэг гарсан. 
Уг хэрэгт явган зорчигчийг мөргөсөн марк дугаар, тодорхойгүй хар өнгийн автомашины жолоочийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байсан юм. 
Тэгвэл УБХЦГ-ын Гуравдугаар хэлтсийн Эрүүгийн тасгийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагаа явуулан уг хэргийн сэжигтэн “Toyota Crown” маркийн автомашины жолооч О-г олж тогтоожээ. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 9