8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Өвөрхангай аймагт хоёр хүүхэд ор сураггүй алга болж, Жүдочид халз барилдсан өдөр

2017-03-16 06:40:00

Хүсэн хүлээсэн хаврын улирал айлчлан ирлээ. Хаврын улирал эрс тэрс уур амьсгалтай байдаг учраас ялангуяа хүүхнүүд бид арьсаа онцгой арчлах хэрэгтэй байдаг. Хавар хүмүүсийн биеийн шинэ хуучин арьсны солилцоо аажмаар дээшилж, арьсны өөхөн булчирхайн ялгарал өдрөөс өдөрт нэмэгддэг. Хавар, зуны үед арьсаа сайтар хамгаалж сувилахгүй бол цаг агаарын нөлөөгөөр өнгө нь ганддаг. Тиймээс энэ улиралд нүүрний арьсанд хамгийн их арчилгаа шаардагддаг. Бид арьсанд тослог дутагдахаар хуурайшдаг гэдэг ядруу ойлголттой байдгаасаа нүүрээ хуурайшиж холцруутаж эхлэнгүүт элдэв тос нялж эхэлдэг. Харин арьс хуурайшна гэдэг түүнд ус, чийг дутагдснаас үүдэлтэй бөгөөд энэ нь арьс унжийж сулрах, үрчлээ үүсэх зэргээр илэрдэг. Тиймээс та бүхэн ус их  ууж биеийн дотор гаднын усны хэмжээг хангалттай байлгах. Шингэн зохих хэмжээгээр ууж, биеийн доторх усны хэмжээгээ хангалттай байлгаарай. Байнга усанд орох, нүүрээ угаах зэрэг нь арьсанд ус нөхвөрлөж, чийглэг байлгаж чадна. Үүнээс гадна, нүүрээ уураар үлээлгэж байвал маш сайн гэдгийг сануулая. Харин одоо та бүхэндээ Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. 
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Р.Октябрь: ТОRCH-ийн халдвар авсан тохиолдолд бие дээр юм туурах, элэг дэлүү томрох зэрэг шинж тэмдэг илэрнэ

Сүүлийн 2-3 жилийн хугацаанд манай улсын жирэмсэн эмэгтэйчүүдээс ТОRCH-ийн халдвар илрэх болсон. Тус халдварыг хүмүүс төдийлөн сайн мэддэггүй. Хүн ам нь эрүүл мэндийн боловсрол сайтай, оношлогоо шинжилгээ өндөр хөгжсөн улс орнуудад TORCH халдварын талаар өргөн хүрээний мэдлэгтэй байдаг. Харин манай оронд сүүлийн 2-3 жилд энэ төрлийн шинжилгээ оношлогоо хийгдэж байгаа боловч энэхүү халдварын тухай мэдээлэл хүн амын дунд хангалтгүй хэвээр байна. Зулбалт, өсөлтгүй жирэмсэн, ургийн бүх төрлийн гажгууд болон ургийн эндэгдэлийн шалтгаан нь амьдарч байгаа орчин болон агаарын бохирдол, хоол хүнсний баталгаагүй байдал, стресс зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой байхаас гадна ургийн халдвараас үүсч байгааг олон улсын эрдэмтэн судлаачид тогтоогоод байна. Ургийн халдвар гэдэг маань төрөхөөс өмнө болон төрөх үед эхээс халдвар авч өвчлөхийг эхийн умайд авсан халдвар буюу ургийн халдвар гэнэ. Ургийн халдварыг илрүүлэх шинжилгээ нь бидний мэдэх TORCH халдварын шинжилгээ юм. Энэхүү шинжилгээгээр доорхи вирус болон өвчин үүсгэгчийг илрүүлдэг. Тэгэхээр үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, халдвар авсан хүнд ямар шинж тэмдэг илэрдэг талаар НЭМГ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Р.Октябрьтай уулзаж мэдээлэл авлаа.
-Сүүлийн үед ТОRCH-ийн халдварын талаар мэдээлэл их гарах болсон. Хүмүүс энэ халдварын талаар төдийлөн сайн мэдэхгүй байна. ТОRCH-ийн халдвар гэж юу вэ?

-ТОRCH халдвар нь манай улсад шинэ тутам яригдаж байгаа халдвар. Өмнө нь ДОХ,тэмбүү, заг, хүйтэн гаднаас сүүлийн үед яригдаж байгаа халдвар. Тэгэхээр энэ халдвар эхээс урагт дамжиж ургийг амьгүй болгож, ургийн гажиг үүсгэдэг ноцтой халдвар. ТОRCH гэдэг нь олон үүсгэгчийн товчлол. Жишээ нь

T – Токсоплазм (TOXO)
O – Бусад: Тэмбүү, гепатит В вирус, дархлал хомсдолын вирус, парвовирус В19 гэх мэт эхээс урагт дамжих бусад халдварууд багтана
R – Улаанууд (RUB)
C – Цитомегаловирус (CMV) 
H–Херпис симплекс вирус (HSV) гэсэг үгийн товчлол. Тэгэхээр жирэмсэн эмэгтэйчүүд шаардлагатай, сэжигтэй тохиолдолд шинжилгээ өгөх  ёстой. Гэхдээ жирэмсэн эмэгтэй болгоныг  шинжилгээ өг гэхэд бас хэцүү. Шинжилгээ нь өөрөө өндөр төлбөртэй. Мөн энэ шинжилгээг авдаг орчин үеийн тоног төхөөрөмжийг оруулж ирсэн эмнэлэг ховор байна.

-Ямар шинж тэмдэг илэрсэн тохиолдолд тухайн жирэмсэн эмэгтэй шууд ТОRCH-ийн шинжилгээг өгөх ёстой вэ?

-Үүсгэгч болгон нь өөр өөрийн гэсэн онцлогтой. Ургийн өсөлт удааширч болно. Мөн бие дээр янз бүрийн юм туурах, элэг дэлүү томрох зэрэг шинж тэмдэг илэрнэЗарим нь бүр шинж тэмдэг илрэхгүй тохиолдол ч гарна. Сүүлийн үед дутуу төрөх мөн өсөлтгүй жирэмслэх тохиолдол их гарч байгаа үүнийг ТОRCH-ийн халдвартай холбоотой гэж үзэж судлаж байгаа. Харин манай улсын хувьд үүнийг тогтоогоод судалсан тоо баримт байхгүй. АНУ жилд 5000 эх ТОRCH-ийн халдвартай байна гэсэн судалгаа гарсан байна. ТОRCH-ийн халдварыг бүгдийг нь илрүүлдэг шинжилгээ ч мөн байхгүй байна. Түрүүн дээр хэлсэн

T – Токсоплазм (TOXO)
O – Бусад: Тэмбүү, гепатит В вирус, дархлал хомсдолын вирус, парвовирус В19 гэх мэт эхээс урагт дамжих бусад халдварууд багтана
R – Улаанууд (RUB)
C – Цитомегаловирус (CMV) 
H – Херпис симплекс вирус (HSV) үүнийг бүгдийг нь илрүүлдэг шинжилгээ байхгүй. ТОRCH-ийн халдвар эерэг үү, сөрөг үү гэдгийг шинжилж тогтоож байна.Тухайлбал,  Токсоплазмыг илрүүлсэн бол түүнд тохирсон эмчилгээ хийж байна гэсэн үг.

Tоксоплазм нь шимэгчийн халдвар бөгөөд эхээс урагт ихсээр, хоол боловсруулах замаар дамждаг. Жирэмсэн үед олдмолоор халдвар авсан тохиолдолд үр зулбах эсвэл ургийн гажиг үүсгэх аюултай. Энэхүү халдвар нь ихэвчлэн тэжээвэр амьтан, түүхий мах, өндөг зэргээс халдварлагддаг.

Рубелла нь улаанууд гэх өвчин үүсгэгч вирус юм. Жирэмсний эхэн үед халдвар авбал урагт зүрхний өвчин, өсөлтийн гажуудал, хатгаа, цусны эмгэг үүсгэх магадлалтай. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

О.Баасанхүү зарлиг гаргуулахаар Ерөнхийлөгчид хандлаа

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2017.03.16/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  Тэрбээр, С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг шийдвэрлэсэнтэй холбоотойгоор онц нууцын зэрэглэлтэй мэдээллээс бусад аливаа нотлох баримтуудыг ил болгох зорилгоор шүүх болон мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд хяналт, шалгалт явуулах Ажлын хэсэг байгуулах зарлиг гаргахыг хүсч Ерөнхийлөгчид хандаж буй талаараа  мэдээлсэн юм.

Орхон аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний хувьд тойргийнх нь иргэд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг  бүрэлгэсэн хэрэгт ял шийтгэл сонсон, удаан хугацаанд хоригдох болсон нь шударга шийдвэр мөн гэдэгт эргэлзэж байгаа учир ийнхүү хандаж байгаа юм байна. 

Түүнчлэн, өнөөг хүртэл иргэд сонгогчдоос уг хэрэгтэй холбоотой өргөдөл, гомдол, хүсэлтүүд ирүүлсээр байгаа нь Ерөнхийлөгчид хандах үндэслэл болсон гэлээ.  

Иргэд,

-Шүүх хурлыг хаалттай хийсэн нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан аливаа иргэн шударга шүүхээр шүүлгэх эрхтэй хэмээн тунхагласныг бүрэн эдэлсэн гэдэгт эргэлзэхээр байгаа,

-Шүүгдэгч нар захиалгат аллага үйлдсэн гэх боловч захиалагч нь өнөөг хүртэл хэн болох нь тодорхойгүй байгаа,

-Тухайн хэргийн амьд гэрч Д.Булганы өгсөн мэдүүлэг шүүгдэгчдийн нөхцөл байдлыг дээрдүүлсэн, эсвэл дордуулсан талаар мэдэхийг хүсч байгаа,  

-Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь онц ноцтой гэмт хэргийг бүрэн нотолж байгаа эсэх эргэлзээг тодорхой болгох, мэдээллээр хангах зэрэг хүсэлтийг удаа дараа ирүүлсэн талаар гишүүн О.Баасанхүү мэдээлэлдээ дурьдлаа. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хүрээнд хуулиар шууд хориглосон онц нууцын зэрэглэлтэй мэдээллээс бусад аливаа нотлох баримтуудыг ил болгох зорилгоор шүүх, мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд хяналт, шалгалт явуулах Ажлын хэсэг байгуулах зарлиг гаргах боломжтой гэж үзэн, ажлын хэсэг байгуулах зарлиг гаргуулах тухай хүсэлт бүхий албан бичгийг 2017 оны гуравдугаар сарын 16-ны өдөр Ерөнхийлөгчид хүргүүлсэн байна. Ажлын хэсгийн дүгнэлтээр дамжуулан хаалттай шүүх хурлын зарим мэдээллийг ил тод болгох боломжтой бөгөөд ингэснээр олон нийтийн дунд үүссэн эргэлзээнд хариулт өгч чадна гэж итгэж буйгаа Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү хэлсэн юм.

Хойд Солонгосын иргэн Йонми Пак: Монголд очиход би үхэл, амьдралын зааг дээр байсан

Хойд Солонгосын иргэн, хүний эрхийн төлөө тэмцэгч Йонми Пак “One young world” чуулга уулзалтад тавьсан илтгэлдээ эх орноосоо дүрвэсэн тухайгаа ярьсан байна. Түүний илтгэлийг тоймлон хүргэе. 

Тэрээр “Хойд Солонгосоос дүрвэж явахдаа говийг луужингийн тусламжтай туулсан бөгөөд луужин эвдрэхэд оддоор баримжаалан эрх чөлөөнд хүрэх замаа олж байсан. Монголд очмогц бид эрх чөлөөтэй болсон. Үхэл, амьдралын зааг дээр байсан. Хилийн цэргийнхэн биднийг баривчилсан. Хэрвээ цэргийнхэн биднийг нутаг буцаасан бол амиа хорлоход бэлэн байсан. Учир нь бид хүний ёсоор амьдрахыг хүсдэг.  Дараа нь энэ улсаас дүрвэж байгаа хүмүүст туслан дэмжээрэй. Мөн эдгээр дүрвэгсдийг дэлхийн хамгийн харанхуй тэр газар луу буцаахгүй байхыг хөөцөлдөх хэрэгтэй. Ингэвэл хэдэн арван жилийн турш ноёрхож ирсэн энэ улсын хатуу дэглэмийн эсрэг хийж буй маш зөв алхам болно. Хойд Солонгос улсыг үгээр илэрхийлж боломжгүй. Тиймээс дэлхий нийт тэр улсын төрийн дэглэм, тэнд мартагдсан олон мянган хүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй” гэсэн байна. 

Мөн энэ дэлхий дээр хүн хаана ч төрсөн байсан ямар нэгэн шалтгаанаар хавчигдан амьдрах ёсгүй. Хүмүүс надаас Хойд Солонгосчуудад хэрхэн туслах вэ гэж байнга асуудаг. Хамгийн эхлээд, Хойд Солонгос улсад байгаа хүмүүс хэрхэн хавчигдан амьдарч байгаа талаар судалж мэдэх хэрэгтэй. Дараа нь энэ улсаас дүрвэж байгаа хүмүүст туслан дэмжээрэй. Мөн эдгээр дүрвэгсдийг дэлхийн хамгийн харанхуй тэр газар луу буцаахгүй байхыг хөөцөлдөх хэрэгтэй. Ингэвэл хэдэн арван жилийн турш ноёрхож ирсэн энэ улсын хатуу дэглэмийн эсрэг хийж буй маш зөв алхам болно. Хойд Солонгос улсыг үгээр илэрхийлж боломгүй. Тиймээс дэлхий нийт тэр улсын төрийн дэглэм, тэнд мартагдсан олон мянган хүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй” гэсэн байна. 

“Хархорин” хүнсний захуудад “Атар” талх хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр зарагдаж байна

Нийслэлийн статистикийн газраас гуравдугаар сарын II долоо хоногийн хүнсний бүтээгдэхүүнийн үнийг судалгааг гаргажээ.

Махны дундаж үнэ

Хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6630 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7735 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 4.2 хувиар буюу 315 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 3.2 хувиар буюу 280 төгрөгөөр өсчээ. Ажиглалтаар үхрийн мах “Барс” хүнсний захад хамгийн хямд буюу 7000 төгрөг, харин “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 4.9 хувиар буюу 310 төгрөгөөр, хонины цул махны үнэ 6.3 хувиар буюу 405 төгрөгөөр тус тус өссөн байлаа. Ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6000 төгрөгөөр, харин “Таван-Эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8000 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ 

Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1100-1500 төгрөг, 1-р зэргийнх 900-1300 төгрөг, 2-р зэргийнх 749-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байв. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Барс”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна. 

Төмс, хүнсний ногоо

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хүрэн манжин 7.2 хувиар буюу 105 төгрөгөөр, байцаа 0.3 хувиар буюу 5 төгрөгөөр өсчээ.

Мансууруулах бодис тээвэрлэгчийн давхарга бий болж, хэрэглэгч нь залуужжээ

"Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх талаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон Цагдаагийн ерөнхий газраас хамтран өнөөдөр Хууль зүй дотоод хэргийн яаманд мэдээлэл хийв.

Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийн хэрэглээ, нэр төрөл олширч, хэрэглэгч, зуучлагч, тээвэрлэгчийн давхарга, сүлжээ бий болж, хэрэгт холбогдон шалгагдах иргэдийн нас улам залуужсан байна. Тухайлбал,2015 онд цагдаагийн байгууллага энэ төрлийн гэмт хэрэг 79-ыг илрүүлэхэд 10 хүүхэд, 2016 онд  хүүхэд тус бүр холбогдсан нь судалгаагаар тогтоогджээ.  Гэмт хэрэг өсөхөд нөлөөлсөн нэг хүчин зүйл нь энэ төрлийн ургамлыг устгах ажил зогссон нь нөлөөлсөн байх талтай аж.

Монгол Улсын хэмжээнд 15 мянга орчим га газар мансууруулах сэтгэцэд нөлөөлөх ургамал ургадаг байна. Устгах ажлыг 2013-2015 онд хийсэн. Харин санхүүжилт зогссоноос устгал хийх ажил зогсжээ. Устгалыг хийхдээ гар аргаар түүх, химийн бодис цацах гэсэн хоёр арга хэрэглэдэг байна. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдвол дээд хэмжээ нь 25 жилээр хорих ял сонсдог байна.

Жүдочид халз барилдана.

Монгол Улсын Гавьяат тамирчин Доржготовын Цэрэнхандын нэрэмжит жүдо бөхийн холимог багийн халз барилдаан анх удаа зохион байгуулагдах гэж байна. Шагналын сан 50 сая төгрөг аж. Энэхүү тэмцээнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчдын эсрэг олон улсын хэмжээний мастерууд өрсөлдөнө.ОУХМастеруудын багт Казахстан улсын гавьяат тамирчин Г.Отгонцэцэг урилгаар багтаж, 48 кг-ын жинд МУГТЖ М.Ураццэцэгтэй өрсөлдөнө. 

Нурангид дарагдсан хоёр иргэнийг аварчээ

Налайх дүүргийн гуравдугаар хороо, иргэн Д-гийн нүүрсний бичил уурхайд нуралт үүсч, уурхайн гүнд ажиллаж байсан хоёр хүн дарагдсан тухай дуудлагын дагуу ОБЕГ-ын Уул уурхайн аврах ангийн 12 албан хаагч, хоёр техник хэрэгсэлтэй ажиллажээ. Иргэн Д /44 настай, эрэгтэй/, Б /32 настай, эрэгтэй/ нарыг нурангид дарагдсан байсныг аварсан байна. Тэдэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, дүүргийн эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна.

Дараагийн Ерөнхийлөгч хэн бэ?

Монгол-Германы хамтарсан “Про капитал” судалгааны төвөөс Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр бүхий улстөрчдийн рейтингийн судалгаа хийжээ. Тэд УИХ-д суудалтай гурван нам буюу МАН, АН, МАХН-аас хэнийг нэр дэвшүүлэхийг хүсч буйг танджээ.

Судалгааны дүнд МАН-аас М.Энхболд хамгийн олон хүний санал авсан бол Д.Лүндээжанцан удаалсан байна. Харин АН-аас Р.Амаржаргал тэргүүлж, Г.Батхүү дараа нь бичигдэж байна. МАХН-аас Н.Энхбаяр хамгийн их санал авч, С.Ганбаатарыг тус намын нэр дээр дэвшвэл дэмжинэ гэжээ. М.Энхболд намаа ялалтад хүргэсэн лидер. Мөн тэрээр төрийн гурван өндөрлөгөөс хоёрынх нь албыг хашиж үзсэн “хашир” толгой. Энэ замналыг туулсан хүн төрийн тэргүүнээр сонгогддог бичигдээгүй хууль байдаг гэлтэй, иргэдийн сонголт ч ийм жишиг тогтоох хандлагатай нь ажиглагддаг.

Харин Д.Лүндээжанцан бол туршлагатай хуульч, мэргэшсэн парламентч гэж хүлээн зөвшөөрөгддөг. УИХ-ын даргаар ажиллаж байсан. Үе үеийн парламентын амьд түүх болсон, МАН-ын түшигтэй хэдэн өвгөдийн нэг.

АН-аас хамгийн олон санал авсан эрхэм бол Р.Амаржаргал. Нэр цэвэр гэх үзүүлэлтийг иргэд онцолсон бололтой. Чадварлаг эдийн засагч, улстөрийн манлайлагч гэх түүний эерэг чанарууд нь зөрүүд, үл тоомсорлогч, харилцааны ялгаатай хандлага гэх мэт “ярвагар” шинж чанартаа бараг дарагддаг. Гэсэн ч олон нийт түүнийг АН-аас нэр дэвших хамгийн боломжтой хүн гэж судалгаанд онцолжээ.

Харин АН-ын дараагийн хүн бол Г.Батхүү. Иргэд түүнийг АН доторх олон өнгөд хувираагүй, хамелон чанаргүй гэдгийг онцолсон ажээ. Төрийн тэргүүнээр түүн шиг тулхтай хүн байвал зохимжтой гэж үзсэн бололтой. Ямартай ч фракцийн тэмцэл, албан тушаалын өрсөлдөөнд хутгалдаагүй ч АН-ыг төлөөлөх нэрийн хуудас нь болж явсан Г.Батхүүг Ерөнхийлөгчид сонгогдох боломжтой гэж судалгаанд оролцогчид онцолсон байна. МАХН-ын хувьд нэр дэвшигчээр хэнийг зарлах нь гэнэтийн сугалаагаар тодрохтой л адил нууцлаг байна. “Н.Энхбаярын ял 2018 онд дуусна, тиймээс Ерөнхийлөгчид өрсөлдөх эрхгүй” гэх тайлбар хүчтэй явж байна. Үүнтэй яг адил түвшинд Н.Энхбаяр бол “ясны” төрийн тэргүүн гэх мэссэж уралдаж байна. УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг МАХН-аас нэр дэвшвэл дэмжинэ гэх хүмүүс байна. Энэ хоёроос гадна Н.Удвал, Ц.Оюунбаатар, О.Цолмон нарын нэрийг дугуйлсан байна.

Хүүхдүүдийг хайх эрэл үргэлжилж байна

Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Эрдэнэ” цогцолбор сургуулийн дотуур байранд байрлаж байсан Б /10 настай, эрэгтэй/, мөн Эрдэнэтолгой багийн оршин суугч Н /7 настай, эрэгтэй/ нар 2017.03.15-ны өдрийн 13:00 цагт гэрээсээ гараад сураггүй болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 6 албан хаагч, цагдаагийн байгууллагын 4 албан хаагч, нийт 10 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Эрэл үргэлжилж байна.


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment