8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Б.Булган гэмт хэрэгтнүүдтэй хамт тамхилсан гэдэг нь ил болж, Баянхонгорт 40-60 см зузаан цас орсон өдөр

2017-03-23 19:00:00

“Урьдаар зөв хүмүүжлийг ол. Дараа нь мэргэн ухаанд суралц. Эхнийх нь үгүй бол сүүлчийнхэнд хүрэх хэцүү” гэсэн сайхан үгийн хамт эрхэм уншигч таныг энэ өдрийн амрыг эрье. Үдэш бүрийн энэ цаг үед эрхэм уншигч тантай учран золгодог “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.  

 Б.Булган гэмт хэрэгтнүүдтэй хамт хооллож, тамхилжээ

Талийгаач С.Зоригийн хэрэг 18 жилийн турш төрийн нууцад хамаарч нууцын зэрэглэлтэй шалгагдаж анхан шатны шүүхээс Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт 24-25 жилийн ял оноосон билээ. Улмаар С.Зори агсны төрсөн дүү УИХ-ын гишүүн асан С.Оюуны хүсэлтээр давж заалдах шатны шүүх хурал болсон ч хэрэг үйлдсэн этгээдүүдийг ялыг хэвээр нь үлдээсэн юм. Тэгвэл өчигдрөөс эхлэн С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт холбоотой төрийн нууцад хамаарах зарим мэдээллийг ил болгож эхэлсэн нь олны дунд өндрөө аваад байна. Тодруулбал, “ММ” агентлагийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр хэргийг шалгах явцад хэрэгтнүүд хэргээ хүлээсэн мэдүүлэг өгсөн бичлэг олон нийтэд хүрсэн юм. Мөн улсын яллагчаар тус хэрэгт оролцсон прокурор Б.Батжаргал нэгэн ярилцлагандаа “Гэмт хэрэгтнүүд С.Зориг агсны эхнэр Б.Булганыг таньдаг төдийгүй гэрт нь хоол хийлгүүлж идэн, хамт тамхилсан” гэжээ.  Харин сэжигтэн Ц.Амгаланбаатар мэдүүлэгтээ “Хэрэг гарсан өдөр бид дөрөв С.Зоригийн гэрт очсон. Хоол хийсэн байхад нь бид хоолноос идсэн. Миний санаж байгаагаар мах чанасан байсан. Тэгээд Т.Чимэгээ, Б.Содномдаржаа бид гурав Б.Булгантай тамхилсан. Тамхины үнсээ будаатай аяганд хийсэн” гэж мэдүүлжээ. Мөн Ц.Амгаланбаатар мессеж бичихээс хоёр жилийн өмнө Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Б.Отгонбаяр зэрэг хүмүүс энэ хэргийг үйлдсэн гэдгийг тогтоосон байсан” хэмээн ярьжээ. Улмаар хэргийн газраас тухайн үед хэрэглэсэн тамхины үнс хийсэн будаатай аяга олджээ.  

Айлын өвөлжөө малтайгаа шатжээ

Энэ сарын 22-ны өдөр нийслэлийн ойролцоох малчин айлын өвөлжөө малтайгаа шатсан хэрэг гарсан байна.  Баянзүрх дүүргийн 20-р хороонд  байрлах, Арцатын тоотод суух, 72 настай, иргэн М-ийн өвөлжөөнд гал гарч, хоёр үнээ, гурван шүдлэн үхэр, нэг бяруу нийт таван бод мал шатжээ. 

Одоогийн байдлаар онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид галыг бүрэн унтрааж аюулгүй болгож, галын шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж эхэлсэн байна. 

Далан сэтэлсэн авто засварын үйл ажиллагааг зогсоолоо

Нийгмийн сүлжээгээр өчигдөр нийтийн эзэмшлийн талбай болох үерийн даланг сэтэлж, автомашины засварын цэг болгож, улмаар тосолыг нь жалга руу урсгаж байгаа мэдээлэл түгсэн.

Тэгвэл Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, 32-ын тойргийн “Сансар” худалдааны төвийн эсрэг талд байрлах тус засварын газарт Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч, байгаль орчны улсын байцаагчид хамтран шалгалт хийжээ.

Улмаар автомашины засварын үйл ажиллагааг нь зогсоох тухай албан шаардлага өгсөн байна. Учир нь тухайн иргэд ямар ч зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байсан нь тогтоогджээ.

Унаач хүүхдийг эрхийг хамгаалж чадахгүй байгаа О.Алтансүх огцрох уу

Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх албан үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Та сайн дураараа огцорч  монголын ирээдүй хүүхдүүдийнхээ эрх ашгийг тууштай хамгаалах, тэднийгээ хамгаалж дуу хоолойгоо нийгэмд хүргэсэн хүчтэй удирдагчид байр сууриа өгөх нь зөв ч байж магад. Таныг буруутгах хангалттай олон шалтгаан байна. Үүний нэг нь унаач хүүхдийн эрх ашгийг хамгаалж явахгүй байгаа чинь хангалттай шалтаг.  

11 настай хүүхэд мориноос унаж эмнэлэгт хүргэгдэн улмаар хүүгийн биеийн байдал дордсоор амь насаа алдсан харамсалтай явдал болсон.

Ховд аймгийн Дөргөн  суманд гуравдугаар сарын 12-нд болсон “Майдар эргэх ёслол”-ын үеэр зохион байгуулсан хурдан морины уралдааны үеэр 11 настай хүүхэд мориноос унаж эмнэлэгт хүргэгдэн улмаар хүүгийн биеийн байдал дордсоор амь насаа алдсан харамсалтай явдал болсон. Энэ уралдаанаар 54 хүүхэд мориноос унаж зургаа нь гэмтэл авсан.

Жил бүр 300 унаач хүүхэд эрүүл мэндээрээ хохирдог. Жилд дундаар хоёр унаач хүүхэд амь эрсэддэг, нийтдээ 25 унаач хүүхэд амь насаа алдсан байна.

Унаач хүүхэд амь эрсэдсэн тохиолдлыг хууль хяналтын байгууллага шалгадаггүй, эрүүгийн хэрэг үүсгээгүй. Хүүхэд олон жил морь унаснаар бөөр унжих, шээсний сувагт механик гэмтэл үүсч, мөн төмсөгт бичил судасны хагарал үүсч яваандаа үргүйдэлд хүрэх аюултай. Аль ч улирлын морин уралдаанд хүүхдийн толгой болон мөч гэмтэх, яс хугарах, дотор эрхтэн доргих, өвчлөх түгээмэл гэдгийг нотолсон тоо баримт, судалгаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр тун хангалттай цацагдаж, бидний хөндөх байнгын эмзэг ноцтой сэдэв нь унаач хүүхдүүдийн тухай болчихоод байна. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Б.Цэрэннадмид: ЭЕШ өгөх хичээлийг хасах боломжгүй учраас хичээл сонголтоо зөв хийх хэрэгтэй

2017 оны элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын бүртгэл орон даяар явагдаж байгаа билээ. Ингээд ЭЕШ-ын бүртгэлийн үйл явц болон шалгалтын журамд орсон өөрчлөлтийн талаар Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн Б.Цэрэннадмидаас тодрууллаа.

-ЭЕШ-ын бүртгэлийн үйл явц хэдэн хувьтай явж байна вэ?

-ЭЕШ-ын бүртгэл эхлээд хоёр сар гаруй хугацаа өнгөрч байна. Өнөөдрийн байдлаар бүртгэл 44 хувьтай үргэлжилж байна. Ерөнхийдөө ЭЕШ-ын бэлтгэл ажил хангагдаад явж байна.

-Бүртгэлийн хугацаанд элсэгчид хичээлээ нэмэх эсвэл хасуулах тохиолдол гарч байна уу. Хичээл хасах болон нэмэх боломжтой бий юу?

-Боловсролын үнэлгээний төв www.facebooк.com\eec.mn хуудсаар элсэгчдэд зориулсан постер оруулж байгаа. Мөн 74779498 гэсэн лавлах утас ажлуулж байна. Энэ утсаар холбогдож ЭЕШ-тай холбоотой өөрт хэрэгтэй мэдээллээ авах бүрэн боломжтой. Элсэгчид хичээл сонголтын хувьд нэлээд анхаарах хэрэгтэй. Учир нь элсэгчийн сонгосон хичээлүүдийг хасах болон солих боломжгүй. Харин хичээлээ нэмэх боломжтой.Тиймээс элсэгчид хичээл нэмэхээр бол бүртгэлийн дугаар, нууц кодоор шалгуулагчийн буланд нэвтрээд нэмэх хичээлүүдээ сонгох боломжтой. 

Энэ жилээс сонгож өгөх монгол хэл болон гадаад хэлний шалгалтуудад сонсоод ойлгох чадварын даалгавар нэмэгдсэн.

-Энэ жилийн ЭЕШ-ын журамд ямар өөрчлөлт орсон бэ?

-Энэ жилээс сонгож өгөх монгол хэл болон гадаад хэлний шалгалтуудад сонсоод ойлгох чадварын даалгавар нэмэгдсэн. Шалгуулагчид eec.mn цахим хуудсанд байрлах сонсоол ойлгох чадварын жишиг даалгаврыг ажиллаж өөрсдийгөө сорих боломжтой. Мөн заавал өгөх монгол хэл, бичгийн шалгалт босго оноогүй болсон. Хэдий боловсролын үнэлгээний төвөөс заавал өгөх шалгалтад босго оноо тогтоохгүй ч элсэгчийн элсэн орохыг хүссэн их, дээд сургууль оюутан элсүүлэх журамдаа монгол хэл бичгийн шалгалтын онооны босго тогтоож өгсөн байж болно. 

-Шалгалт авах байрны хуваарь гарсан уу?

-Шалгалт авах байрны хуваарь ирэх тавдугаар сарын 15-ны өдрөөс хойш гарна. Тиймээс элсэгчид өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтэрч ороод харах боломжтой. Өөрөөр хэлбэл өөрийнхөө бүртгэлийн дугаар, нууц үгээ оруулахад таны шалгалт өгөх байрны мэдээлэл гараад ирнэ. Аль хичээлийн шалгалтын ямар байранд хэдэн цагаас өгөх талаарх бүх мэдээлэл гарч ирнэ. Харин өмнөх оны төгсөгчид бүртгэлийн хуудсаа батлагаажуулахдаа манай төвд ирж гарын үсэг зуруулна. Мөн батламж хуудсаа манай төвөөс авна. Хөдөө орон нутгийн хувьд аймгийнхаа БСУГ-ын БҮТ-ын бүртгэгчид гарын үсэг зуруулна. 

-Хугацаандаа амжиж бүртгүүлээгүй тохиолдолд дахин бүртгүүлэх боломжтой юу. Бүртгэлийн хугацааг сунгах уу?

-Бүртгэлийн хугацааг сунгахгүй. Хоёрдугаар сарын 1-ний өдрөөс бүртгэл эхэлсэн. Ирэх дөрөвдүгээр сарын 14-ний  өдрийн оройн 18.00 цагт бүртгэлийн хугацаа дуусна. Энэ хооронд элсэгчид амжиж бүртгүүлэх шаардлагатай. Хэрвээ хугацаандаа амжиж бүртгүүлээгүй бол дахин бүртгэнэ гэсэн зүйл байхгүй. Тиймээс элсэгчид энэ тал дээр анхааралтай хандаж хугацаандаа бүртгүүлэх хэрэгтэй. Түүнчлэн Боловсролын үнэлгээний төв лавлах \CALL CENTER\ үйлчилгээг нэвтрүүлсэн. Тиймээс элсэгчид асуух зүйл гарсан тохиолдолд CALL CENTER-т хандаж зөвлөгөө, мэдээлэл авах бүрэн боломжтой. 

-Энэ жил нийт хичнээн хүүхэд шалгалт өгөх вэ? Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

С.Баяр: Төрийн томилгоог Жон өвгөн, Жэн эмгэн шийдэхгүй

Монгол Улсаас Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баярыг эсэргүүцсэн жагсаал гуравдугаар сарын 8-ны өнөөдрийг хүртэл тасралтгүй 15 хоног үргэлжилж байна. Өдөр ирэх тусам жагсагчдын тоо нэмэгдэж өнөөдрийн байдлаар 1000 хүрсэн байна. Харин өчигдөр баяр анх удаа тус улсад ажиллаж амьдарч буй Монгол иргэдтэй уулзалт хийсэн байна. Тэрбээр хийж байгаа ажла танилцуулсаны дараагаар иргэдийн сонирхож буй асуултад хариулт өгч, өөрийн байр суурийг илэрхийлсэн байна.

С.Баяр хэлэхдээ “Гадаадад байгаа зарим иргэд манай Элчин сайдын яамны гадаа тайван жагсаал хийж байна. Тавьж буй шаардлага нь лоозон дээр бичээстэй юм шиг. Юм шиг гэдэг нь жагсаалын зорилгыг би тийм сайн ойлгоогүй. Яг ямар хүсэлт, зорилго, санал тавиад байгаа юм бэ, уулзах уу гэхээр уулзахгүй гээд. Гадаа барьсан самбар зэрэг нь шинээр томилогдсон Элчин сайдыг авлига хээл хахууль авсан гэх утга агуулгатай.

Санжийн Баяр гэдэг хүнийг Монголын төр Элчин сайдаар томилж явуулсан учраас асуудлыг Монгол төр шийднэ, би өөрөө шийдэхгүй. Төрийн томилгоог Лондонгийн гудамжаар явж байгаа Жон өвгөн, Жэн эмгэн шийдэхгүй, Монголын төр шийднэ. Иймд та бүхэн бямба гаригт болох уулзалт дээр товч хүсэлтээ бичиж явуулаарай гэж хүсэх байна. Би өөрөө өөрийгөө асуултай нь биш. Та бүгд, урилгыг минь хүлээн авсан нөхөд надад тийм туслалцаа үзүүлбэл сайн байна” гэлээ. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Баянхонгорт 40-60 см зузаантай цас орж байна

Баянхонгор аймгийн ихэнх нутгаар 40-60 см зузаантай цас орж, хүчтэй салхи шуурга шуурч, замын үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд та бүхнийг зорчихгүй байхыг анхааруулж байна. Тус аймагт гурван өдөр цас үргэлжлэн орж байгаа аж. 

"Дутуу төрсөн хүүхэд хүн болохгүй" гээд оршуулгын газарт хаяжээ

Энэ сарын 17-нд Сонгино хайрхан дүүрэгт орших Их нарангийн оршуулгын газарт өлгийтэй хүүхэд  орхиж явсан хэрэг гарсан. Тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эзэн холбогдогчийг тогтоосон байна. Тодруулбал, "Дутуу төрсөн хүүхэд хүн болохгүй" гэх шалтгаанаар өвөө, эмээ хоёр нь төрөөд удаагүй нярай охиныг оршуулгын газрын дунд хаясан байсныг цагдаагийн байгууллагынхан олжээ. Одоогоор хүүхдийн биеийн байдал сайн байгаа бөгөөд хаясан этгээдүүдэд хэрэг үүсгэж, сэтжигтэн яллагдагчаар татсан байна.

“Хүн буудуулчихлаа” гэж худал мэдээлэл өгсөн иргэнийг саатуулав

Өчигдөр буюу  энэ сарын 21-22-нд шилжих шөнө цагдаагийн байгууллагад “Төмөр замын эмнэлгийн хашаанд автомашиндаа буудуулсан хүн байна” гэсэн мэдээлэл ирсэн талаар мэдээлэл хүргэсэн билээ. Энэхүү мэдээллийг цагдаагийн байгууллага шалгаж худал хэлсэн хүнийг олсон байна. 

Цагдаагийн байгууллагаас энэхүү худал мэдээллийг тараасан этгээдийг эрэн сурвалжилж, Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суух, 1962 онд төрсөн, эрэгтэй Ж гэгч тараасан болохыг тогтоон, шалгаж эхэлсэн байна.

Харин иргэн Ж болсон үйл явдлын талаар “Тухайн үед согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан. Гэрээсээ гараад утсаар ярих гэтэл нэгж дууссан байсан. Тэгээд утсаар ярихын тулд ойролцоох эмийн санд орж Төмөр замын эмнэлгийн хашаанд автомашиндаа буудуулсан хүн байна” гэж худал хэлсэн. Тэр мэдээллийг эмийн сангийнхан 102-т хэлсэн юм байна. Би ийм зүйл болно гэж мэдээгүй. Энэ мэт худал мэдээллэл тарааж, цагдаад худал мэдээлэл өгч болдоггүй юм байна. Миний худал хэлсэн үг иргэдийг цочроож, цагдаагийн байгууллагад маш их хүндрэл учрууллаа” гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Дөк
Энэ хүмүүс тусгай дугаарлуу Яах гэж худал мэдээлэл өгдөг байна аа.
2017/03/23 59.153.87.57