8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Энхийг сахиулагчид 30 иргэнийг барьцаалагдах аюулаас аварч, С.Баярыг огцруулах шаардлага хүргүүлсэн өдөр

2017-03-28 19:55:00

Өвлийн жавар буурч, нарны илч аажим аажмаар нэмэгдсээр, урин хавар ирж байна. Хүн бүр л хаврыг мөрөөдөж, мод бут гөлөглөн нахиалахыг тэсэн ядан хүлээж байгаа мэт. Цаг хугацаа гэдэг харвасан сум лугаа өнгөрдөг юм байна. Байгаль дэлхий сэргэж, өнгөө засахтай зэрэгцэн хүн бүрийн сэтгэл тэнийнэ. Арга ч үгүй биз. Хүн байгаль хүн байгаль хоёр хүйн холбоотой болохоор тэр. Хаврын улирал олон ааштай салхи шуурга нь төвөгтэй шүү гэж ярих хүмүүс бий. Гэтэл тэр сэвэлзэх салхи нь энэ ертөнцөд хавар ирж буй тод илрэл. Эрхэм уншигч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Үдэш бүрийн энэ цаг мөчид та бүхэнд хүргэдэг Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

Хүүхдийн мөнгийг нөхөж олгохгүй

Сангийн яам, Засгийн газраас 2017 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн бариад байгаа. Монгол Улс ОУВС-ийг хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс 2017 оны төсөвт  нэлээд хэдэн татвар нэмэгдүүлэхээр тусгаад байгаа. Тэдгээрийн нэг нь  18 нас хүртэлх хүүхдэд олгож буй 21 мянган төгрөгийг  зорилтот бүлэгт олгох асуудал. 

Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн тул 18 хүртэл насны хүүхэд бүрт олгодог 20 мянган төгрөгийн тэтгэмжийн хамрах хүрээг хумьж 60 хувь нь олгож байгаа бол энэ тоог дахин бууруулж 40 хувьд нь олгох гэнэ. Харин үлдсэн хүүхдүүдэд 2019 онд нөхөж олгоно гэж байсан ч МАН-ын бүлэг дээр нөхөн олгохгүй байх санал дэмжигдсэн байна.

Хилийн цэргийн офицер хуурамч хаяг нээж, охидыг мэхэлж байжээ

ХХЕГ-т ажиллаж байсан 24 настай С хэмээх офицер залуу фэйсбүүкт “Oogii oogii” гэх хуурамч хаяг нээж, олон гишүүнтэй групп, пэйж хуудсанд “Бага хүүтэй мөнгө зээлүүлнэ” гэсэн зар байршуулаад түүний дагуу хандсан иргэдийг хохироож байжээ. Хууль бус энэхүү үйлдлийг нь ЭЦГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд илрүүлэн шалгаж буй юм.

Тус хэлтсийн эх сурвалжаас авсан мэдээллээр офицер залуу ХХЕГ-т 24 цагаар жижүүрлэн үүрэг гүйцэтгэж байхдаа энэ оны хоёрдугаар сарын 5-нд албаны дүрэмт хувцсаа өмсөн, ажлын байраа орхин явж гэмт хэрэг өдүүлсэн нь шалгалтаар тогтоогдсон гэнэ.

Тэрбээр дээрх зарынх нь дагуу холбогдсон оюутан охид, бүсгүйчүүдээс зээлэх мөнгөний барьцаанд нүцгэн зургийг нь авч, дараа нь гэрээ байгуулах нэрээр хууран мэхэлж хүчирхийлж байсан аж. Мөн нүцгэн зураг, дүрс бичлэгийг нь олон нийтийн сүлжээнд байршуулна хэмээн сүрдүүлж, их хэмжээний мөнгө нэхэж байсан нь ч батлагджээ.

“Жи Тайм” сүлжээний луйврын хэрэг ингэсхийгээд замхрах уу

Өнгөрсөн хоёрдугаар сард “Жи тайм” сүлжээний луйврын хэрэг ил болж, тус сүлжээний захирлууд хилээр оргон гарах гэж байхдаа баригдаж нэлээд дуулиан шуугиан тарьсан билээ. Тодруулбал, Казакстан улсаас Монголд орж ирсэн “Жи Тайм” корпорацийн Монгол дахь албан ёсны салбарын ерөнхий захирал Ж.Маратыг өнгөрсөн сарын 12-ны өдөр “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудлаас хил гарах гэж байхад нь Эрүүгийн цагдаагийнхан баривчилсан билээ.  Ж.Марат нь Монгол улсад пирамид хэлбэрээр олон мянган хүнийг элсүүлж мөнгө угаах аргаар дансандаа зургаан тэрбум төгрөг хуримтлуулан оргон зайлах гэж байхдаа баригдсан. Түүнийг Монгол Улсын аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 8.1.4-т заасан олон шатлалт маркетинг буюу санхүүгийн пирамид тогтолцооны замаар бусдыг хууран мэхэлсэн үйл ажиллагаа явуулж, залилангийн гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоож, Мөрдөх байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс шалгаж эхэлсэн юм. 

Түүнийг баривчлагдсаны дараагаар Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын Мөрдөн байцаах газарт хохирогчид хандаж, гомдолоо мэдүүлээд байсан. Хохирогчдын дунд хүүхдүүдээсээ нууцалж, 400 мянган төгрөгөөр элссэн тэтгэврийн буурал, хоёр сая 300 мянган төгрөгөө 19 сая төгрөг болгон буцаан авахаар гэрээ байгуулж, мөнгөө өгсөн төрийн албан хаагч,  багш, өрх толгойлосон эмэгтэй, бизнесмэнүүд хүртэл элсэн орж, халаасаа хоосолсон.

 Цагдаагийн байгууллагаас энэ сүлжээнд хэдэн хүн элсэж, хохирсон болон хэдэн төгрөгийн мөнгө угаасныг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлээд байсан энэ хэрэг сураг тасарсан гэхэд хилсдэхгүй. Тодруулбал, Ядарсан монголчуудын халаасыг хоосолсон энэ хэрэг ингээд чимээгүй өнгөрөх нь. Учир нь алдарт “Жи Тайм” сүлжээний удирдлагууд нийлэн “Жи Тайм корпорацийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-г байгуулж тэмцэж эхэлсэн байна. Тэдний хэлж буйгаар бол цагдаагийн байгууллага тус “Жи Тайм” сүлжээний захирлуудыг шалгаж буруутайг тогтоогүй байгаа аж. Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

Даланг цементлээгүйн балгаар Чандмань баг усанд автах нь

Увс аймгийн Улаангом сумын нэгдүгээр багийн “Чандмань” гэдэг газарт газар хагарч хэмжээний ус тэлж хачирлаж мөстсөнөөс болж тус багийн иргэд төдийгүй аймаг уруу орж гарах улсын чанартай замын хөдөлгөөнийг зогсоож байсан талаар өмнө нь бид мэдээлж байсан билээ. Тэгвэл энэ хачирлаж тэлсэн их хэмжээний мөс хайлж, айл, өрх, аж ахуйн нэгж, байгууллага, улсын чанартай автозам, гүүр шар усны үерт автах аюултай нөхцөл байдалд хүрчээ. Үүнээс урьдчилан сэргийлэх үүднээс эрсдэлээс хамгаалах зорилгоор аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Онцгой байдлын газраас аймгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, албан газар аж ахуй нэгж, байгууллагууд, иргэдийг 2017 оны гуравдугаар сарын 24-25-ны өдрүүдэд дээрх мөсийг зайлуулах, суваг татах, усны гольдролыг өөрчлөх ажилд дайчлан ажиллууж эхэлсэн байна. Энэхүү дайчилгаанд нийт 53 байгууллагын 816 хүн хамрагдаж, 1.5 метр өргөнтэй, 1.5 метр гүнтэй 2,100 метр урт хонгилийг ухаж гаргасан байна.

Нутгийн иргэд ярьж буйгаар их хэмжээний ус ингэж тэлж хачирласан нь даланг цементлэх ёстой байтал хавтан шигтгэж тэр нь сэтэрснээс болсон.

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлчээр арванхоёрдугаар сарын эхээр Увс аймгийн Улаангом сумын Чандмань багийн нутаг дэвсгэрт байрлах Улаантолгойд газар хагарч ус тэллээ гэсэн дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид газар дээр нь очиход газар хагарч ус тэлснээс болж тухайн багийн айл өрх, төдийгүй Улаангомчууд ч усанд автах аюултай нөхцөл байдал үүссэн байжээ. Ингээд хавар урин дулаан цаг ирэхээр шар усны үеэр гүйх аюул тулгараад бана. Хачирлаж дэлгэсэн ус Чандманийн засмал замын дагуу урсаж Улаангомоос гарч, орох арын постын орчмын гүүрээр доошоогоо уруудаж хөлдсөн байдалтай байна. 

Ийнхүү үүсэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой байдлын газар, “АЗЗА” ХХК, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хотын хөгжил цэцэрлэгжүүлэлтийн газруудаас нийт 200 орчим хүн, 9 автомашинтайгаар гурван өдрийн турш авто замын дагуу метрийн өндөртэй шороон далан босгох, усны урсац, гольдролыг өөрчлөхөөр ажиллаж байна. 

Мөн хиймэл нуур лагаар дүүрч тойруулсан далан нь усаа агуулж дийлэхгүй байгаад учрраас нь хальж байна гэдгийг ярьж байсан юм. Тиймээс далангийн их засвар, хиймэл нуурын лагийг цэвэрлэх нэн шаардлагатай. Тэгэхгүй бол жил бүр ийм асуудалтай нүүр тулна гэдгийг нутгийн иргэд ярьж байна.

Мөн газар хагарсан өдрөөс хойш аймгийн Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын газар, замын “АЗЗА” компани болон багийн иргэд нийлж өдөр болгон ээлжээр тэлсэн усыг хаах, боох, мөстсөн хэсгийг нь цохиж цэвэрлэх ажил хийсээр өнөөдрийг хүрчээ. Үүнээс гадна нутгийн иргэд ярьж буйгаар их хэмжээний ус ингэж тэлж хачирласан нь даланг цементлэх ёстой байтал хавтан шигтгэж тэр нь сэтэрсэнээс болсон. Мөн хиймэл нуур лагаар дүүрч тойруулсан далан нь усаа агуулж дийлэхгүй байгаад учрраас нь хальж байна гэдгийг ярьж байсан юм. Тиймээс далангийн их засвар, хиймэл нуурын лагийг цэвэрлэх нэн шаардлагатай. Тэгэхгүй бол жил бүр ийм асуудалтай нүүр тулна гэдгийг нутгийн иргэд ярьж байна. 

МАН, АН-ын ээлжит дэглэлт

Монгол Улсын Ерөнхийлөгчийн суудлын төлөөх хоёр намын сонгуулийн сурталчилгаа эхлэв бололтой. Саяхан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат төрийн захиргааны төв болон захиргааны байгууллага, төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын удирдлагуудтай уулзаж, үүрэг даалгавар өгөхдөө “Хямралыг давахад ард түмэн биш , төр бүсээ чангална” хэмээн хэлсэн үг Ардчилсан намынханд таалагдсангүй. Түүнийг Ерөнхийлөгчийг сурталчилгааг хэт улстөржсөн, бодит үнэнийг мушгин гуйвуулж эхлүүлэв гэж хардав. Хэлсэн үгэнд нь эгдүүцэн мэдэгдэл хүртэл гаргасан. Үүнээс үзэхэд хоёр намын “тулаан” эхлэв бололтой.

2017 оны гуравдугаар сард төлөх ёстой 580 сая долларын хугацаа тулсан өр зээлээ Монгол Улс төлж чадах уу, чадахгүй дампуурлаа зарлуулах уу гэсэн ард түмэн болон олон улсынхны эргэлзээ, тээнэгэлзээ дунд бид анх ажил авсан.

Ерөнхий сайд хэлсэн үгэндээ:-“2017 оны гуравдугаар сард төлөх ёстой 580 сая долларын хугацаа тулсан өр зээлээ Монгол Улс төлж чадах уу, чадахгүй дампуурлаа зарлуулах уу гэсэн ард түмэн болон олон улсынхны эргэлзээ, тээнэгэлзээ дунд бид анх ажил авсан. Харин өнөөдөр Монгол Улс хугацаа тулсан бондын өргүй болж, 580 сая ам.долларынхаа өрийн асуудлыг бүрэн шийдэж, улмаар жолоо цулбуургүй мэт уруудаж явсан эдийн засагтаа ч, итгэл алдраад гараад явчихсан гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө ч ногоон гэрэл асааж чадлаа. Энэ бол хоосон яриа, улс төрийн PR биш нь ердөө хэдхэн хоногийн өмнө олон улсын санхүүгийн зах зээл дээр гаргасан Засгийн газрын 124 сая ам.долларын захиалгатай бондод гадаадын хөрөнгө оруулагчид 3.3 тэрбум ам.долларын санал ирүүлснээс бэлээхэн харагдаж байна” гэж онцолсон байсан.

МАН-ын дарга Сү.Батболд иргэдэд халамж тараах зорилгоор Олон улсын зах зээл дээр гаргасан “Евро” бондын төлбөрийг шинээр хүү өндөртэй “Хуралдай” бонд гарган өрийг өндөр хүүтэй өрөөр хааснаа төлж барагдуулсан мэтээр ярилаа. 

Тэгвэл АН-ын мэдэгдэлд “2012 оны гуравдугаар сард тухайн үеийн МАН-ын дарга Сү.Батболд иргэдэд халамж тараах зорилгоор Олон улсын зах зээл дээр гаргасан “Евро” бондын төлбөрийг шинээр хүү өндөртэй “Хуралдай” бонд гарган өрийг өндөр хүүтэй өрөөр хааснаа төлж барагдуулсан мэтээр ярилаа.  “Евро” бонд 5.75 хувийн хүүтэй байсан бол “Хуралдай” бонд 8.75 хувийн хүүтэй бөгөөдүүнээс зөвхөн хүүгийн төлбөрт 358 сая ам.доллар илүү төлөхөөр байгаа юм” хэмээж үнэн хэт гуйвууллаа гэж эсэргүүцжээ.

Ж.Эрдэнэбат: ....Манай Улс сүүлийн дөрвөн жилд таван өөр төсөвтэй явж ирснийг нэгтгэж нэг төсөвтэй, санхүүгийн нэг дүрэм, сахилга баттай болголоо. Биднийг ажил авахад Монгол Улсын төсвийн алдагдал дэлхийн олон орны хувьд тааруухан жишээ болгон яригдаж байлаа.

Бид удахгүй, энэ сардаа багтаад БНХАУ-ын “Чалько” компанид Монгол Улс удтал төлж ирсэн нүүрсний сунжирсан өрийг бүрэн барагдуулж дуусгана. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.   

Эртний олдворын талаар ЦЕГ-т мэдээлээрэй

Өнөөгийн Монгол Улсын хил хязгаарын хүрээн дотор дундад зууны монголчуудын оршуулгын холбогдолтой дурсгалыг анх XX зууны эхэн үеэс шинжлэн судлах болсон бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрээс хадны хөмөгт хонгил ашиглан үйлдсэн эртний хүний оршуулга маш олон тоотой илэрч олддог боловч хадны оршуулга нь ихэвчлэн тоногдож сүйтгэгдсэн байдалтайгаар судлаачдын гэр дээр ирдэг байна. 
Тус Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газраас Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хадны оршуулгыг хадгалан хамгаалах, тоногдож, сүйтгэхээс урьдчилан сэргийлэх талаар тодорхой ажил зохион байгуулж ажилласны үр дүнд тус аймгийн Алтанцөгц сумын хоёрдугаар багийн нутаг “...........”-ын хөндийд 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 13-17 дугаар зууны үеийн байж болох эртний хүний шарилийг илрүүлсэн. 
Хадны оршуулгыг тоногдож, сүйтгэхээс урьдчилан сэргийлэх, хамтран ажиллах талаар ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнд хандасны дагуу эрдэм шинжилгээний ажилтан нар газар дээр нь очиж 2016 оны 12 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд хадны хөмөгт байсан хадны оршуулгыг малтлан судлахад XII зууны үеийн харьцангуй бүтэн хадгалагдсан ухмал модон авсанд буй хүний шарил, эмээл, дөрөө, модон арал, нум, хоромсог, эсгий онго, модон аяга, давуун дээл зэрэг маш сайн хадгалагдсан онц сонирхолтой эд өлгийн зүйлс гарсан.
Тус хадны оршуулганд дагалдуулан тавьсан нум, саадаг, эмээг, дээл зэрэг олдворууд нь бүтнээр хадгалагдан үлдсэн бөгөөд Монгол нутгаас анх удаа дундад зууны монголчуудын шүтлэгийн нэгэн хэлбэр болох эсгий онго биетээр илэрсэн юм. Түүх, соёлын дурсгалт зүйл түүний олдвор хэрэглэгдэхүүнийг зөвхөн эрдэм шинжилгээний ажилд ашиглах бөгөөд энэ талаар олж мэдсэн зүйлээ цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг иргэд, олон нийтэд Уриалж байна.

АНУ-ын цэргийн зориулалттай хоёр онгоц манайд ирнэ

Гуравдугаар сарын 14-ний өдөр Улаанбаатарт ослын буулт хийсэн АНУ-ын цэргийн онгоцыг одоог хүртэл засварлаж дуусаагүй байгаа аж. Тиймээс АНУ-ын талаас цэргийн зориулалттай С17 маркийн хоёр онгоцыг Монголд ирүүлж, шаардлагатай техник хэрэгслийг нийлүүлэхээр болжээ. Онгоц энэ сарын 31-нд Улаанбаатарт буух юм байна.

С.Баярыг огцруулахаар Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлжээ

Монгол гол Улсаас ИБУИНВУ-д суугаа бүрэн эрхэт Элчин сайд С.Баярыг эсэргүүцэн элчин сайдын яамны гадна Монгол иргэд эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа юм. Энэ сарын 8-нд эхэлсэн “С.Баяр Монголын элчин байх эрхгүй” сэдэвт эсэргүүцлийг дэмжигчид нэмэгдсээр байгаа ажээ. Эсэргүүцлийн арга хэмжээг зохион байгуулагчид Элчин сайд С.Баяр болон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий Сайд Ж.Эрдэнэбат, Монгол Улсын Их Хурал, Гадаад Хэргийн Яаманд шаардах бичиг хүргүүлсэн байна. Тус шаардлагад С.Баярыг огцруулах асуудлыг хөнджээ. С.Баярыг эсэргүүцэгчид хүрээгээ тэлж энэ долоо хоногийн баасан гаригт Сүхбаатарын талбайд “Оффшорчдын эсрэг" жагсаалыг зохион байгуулахаар болсон байна. Элчин сайд С.Баярыг Монголчуудын дунд нээлттэй ярилцлаганд эсэргүүцэгчдийн зүгээс урьж байгаа ажээ.

Манай энхийг сахиулагчид 30 иргэнийг барьцаалагдах аюулаас аварчээ

Бүгд найрамдах Өмнөд Судан Улсын Бентью хотод UNMISS ажиллагаанд энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж буй манай цагдаагийн алба хаагчид үүргээ амжилттай гүйцэтгэж, 30 иргэнийг барьцаалагдах аюулаас аварсан байна. Тодруулбал, Өнгөрөгч хоёрдугаар сарын 22-ны өдөр манай алба хаагчдын байрлаж буй баазын орчимд Засгийн газрын эсрэг хүчний цэргүүд гэнэт модон дундаас гарч ирэн ногооны талбайд ажиллаж байсан орон гэрээсээ дайжигч энгийн 30 иргэнийг хүч хэрэглэн зодож, дотоодын дүрвэгсдийн хуаран руу орж явсан иргэдийг саатуулж, дээрэмдэх, цэргийн насны залуусыг хүчээр авч явахыг завджээ. Энэ үед батальоны хуягт тээвэрлэгчтэй эргүүлүүд болон шуурхай бүлгийн бүрэлдэхүүн түргэн шуурхай ажиллан, хүч хэрэглэх дүрмийн дагуу хаалт тавьж бүслэн, Засгийн газрын эсрэг хүчний цэргүүдээс буу сумлаж, галт зэвсэг чиглүүлэн эсэргүүцсэн үйлдлүүдэд мэргэжлийн ур чадвар гарган, зоригтой, ухаалаг хариу арга хэмжээ авч 30 орчим энгийн иргэнийг барьцаалагдах аюулаас аварчээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл