8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Баян-Өлгий аймгаас XIII зууны үеийн олдвор олдож, Туул голоос хайрга олборлохыг хориглосон өдөр

2017-03-29 18:40:00

Гадаа хэдий дулаахан нартай байгаа ч гэсэн сэтгэл нэг л бүүдгэр, яг л бороо асгах гэж байгаа юм шиг бүрхэг. Учир нь энэ л өдөр алтнаас ч үнэтэй эрдэнэт хоёр төрийн албан хаагч амиа хорложээ. Тэд хэзээ ч дахиж ирхээргүй, холын хол замд нисэн оджээ. Тэд ажил мэргэжлээсээ болж амиа хорлосон гэж бодохоор даан ч харамсалтай. Тодруулбал, Ажлаас халагдсан эмэгтэй өөрийгөө шатааж амиа хорлосон харамсалтай хэрэг Завхан аймгийн Идэр суманд гарсан. Тус эмэгтэй урд шөнө 04.00 цагийн орчимд бие засахаар гараад өөрийгөө галдан шатаасан харамсалтай үйл явдал болжээ. Талийгаач тус сумын Засаг даргын Тамгын газарт Төрийн сангийн мэргэжилтнээр 28 жил ажилласан бөгөөд энэ сарын 14-ний өдөр гэнэт ажлаасаа халагдсан байна. Хууль бусаар халагдсан учраас өөрийгөө шатааж амиа хорложээ. Энэ мэдээлэл гарсаны дараагаар дахин нэг хүн амиа хорлосон харамсалтай мэдээлэл дууллаа. Энэ сарын 25-ны өглөө Завхан аймгийн Тэс сумын Засаг дарга Н амиа хорлосон байдалтайгаар олджээ. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр, Тэс сумын нутагт орших Дооно хайрханыг уул уурхайн нэгэн компани ухахаар зэхэж байсныг Засаг дарга нь эсэргүүцэж байсан аж. Тэрбээр “Би Засаг дарга байж нутгийнхаа хайрханыг ухуулж чадахгүй” хэмээн ярьж байжээ. Ийм нэгэн гунигтай мэдээгээр Монголын нэг өдөр тоймоо эхлүүлж байна. 

Хутга хэдий хурц боловч Ишиндээ нэмэргүй
Эмч хэдий сайн боловч   Өөртөө нэмэргүй

Хууль нь чанд бол
Хүмүүс нь шударга

Хуурамч хүнд зүтгэл үгүй
Хулчгар хүнд итгэл үгүй гэсэн зүйр үгээр өнөөдрийн тоймоо эхлүүлье. 
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

 

Ажилгүйдэл, мөнгөгүйдэл, ядуурал амиа золиослоход хүргэж байна

Ажлаас халагдсан эмэгтэй өөрийгөө шатааж амиа хорлосон харамсалтай хэрэг Завхан аймгийн Идэр суманд гарчээ. Энэ дэндүү гэхэд чухам дэндүү сэтгэл зүрх, өр эмтлэмээр хэрэг. Ажилгүйдэл, мөнгөгүйдэл, ядуурал энэ нийгэмд газар авч улам лавширлаа.

Тэр эмэгтэй Засаг даргын шийдвэрийг хууль бус гэдгийг олонд зарлаад өөрийнхөө амь насыг золиосложээ.

Хүмүүс ажлаас халагдах болсноо эсэргүүцэж ганцаараа ч хамаагүй суулт хийж байна. 28 жил амь насаа харамсалтайгаар алдсан энэ эгэл эмэгтэйг тэр сумын Засаг ноён ямар үндэслэлээр халж байгаа юм бэ. Энэ олон жил ажилласан эмэгтэй ажлаа муу хийж байсан гэдэгт итгэлгүй байна. Тэр эмэгтэй Засаг даргын шийдвэрийг хууль бус гэдгийг олонд зарлаад өөрийнхөө амь насыг золиосложээ.

Нөгөө л нам ялсны буянаар томилогдсон Засаг дарга өөрийн санхүүчээ ажилд авахаар түүнийг халав уу.

Нийслэлийн харьяат нэгэн газрын дарга томилогдож ирэхдээ л орлогч дарга, жолооч, туслах, нарийн бичиг, хүний нөөцийн мэргэлжилтэн гэх мэтчлэн хүмүүсээ дагуулан сүр бараатай ирнэ.Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Нийт нутгийн 40 гаруй хувь нь цастай байна

Өнгөрсөн долоо хоногт Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгийн нутгаар ихээхэн цас орж, цасан болон шороон шуурга шуурсны улмаас 98 хүн төөрч, 17 аймгийн 154 суманд өвөлжилт хүндэрч байсан бол өнөөдрийн байдлаар хаваржилтын нөх­цөл байдал 50 хувиар сай­жирчээ.

Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 40 гаруй хувь нь цастай байгаа аж.

Он гарсаар  улсын хэмжээнд нийт 180 мянган мал хорогдоод байгаа аж.  Энэ нь нийт малын 0.3 хувийг эзэлжээ. Хамгийн их  малын хорогдолтой аймгуудад Хөвсгөл, Архангай, Хэнтий орсон байна. Тухайлбал Хөвсгөл айм­гийн хэмжээнд 50 мянга гаруй тоо толгой мал хорогдсоноос  Цэцэрлэг сум нийт хорогдлын 50 хувийг эзэлжээ.

Мөн сүүлийн үед орсон их хэмжээний цас болон гэнэтийн дулаарлаас болж шар усны үер буух аюул нүүрлэж болзошгүй гэдгийг албаныхан хэлж байна. Өвөл цас ихтэй байсан Увс, Завхан, Архангай, Хөвсгөл, Хэнтий аймгийн хойд хэсэг, Дорнод аймгийн зүүн талын сумдад шар усны аюул нүүрлэх эрсдэл байгааг анхааруулсан байна.

Туул голоос хайрга олборлохыг хориглолоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр нийслэлийн нутаг дэвсгэр дэх түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл, түүнийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдрөөс эхлэн нийслэлийн бүтээн байгуулалтад голын хайрга биш, уулын дайрга ашиглана. Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчны нөхөн сэргээлтээ хийгээгүй, хууль зөрчиж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг бүтээн байгуулалтын улирал эхэлж байгааг үл харгалзан зогсоож, тусгай зөвшөөрлийг нь цуцална гэдгийг хотын дарга онцоллоо.

Тэрбээр хэлэхдээ “Өнөөдөр Улаанбаатар хотын барилга, авто замын бүтээн байгуулалтад ашиглагдаж байгаа хайрга, дайргыг 100 хувь нийслэлийн нутаг дэвсгэрээс бэлтгэж байна. Олборлох зардал багатайгаар нь хайргыг илүү ашигладаг. Туул голын сав газраас хайргыг ихээр олборлож байна. Энэ байдал нь нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Хотын удирдлагууд өнгөрсөн хугацаанд тодорхой газруудаар явж шалгалт хийсэн. Ялангуяа ХУД-ийн нутаг дэвсгэр дэх Туул голын сав газар түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолтод өртсөн, нөхөн сэргээлт хийгдээгүй, нүд хальтрам байдал бий болсон байсан. Тиймээс бид цаашид нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсооно. Голын ай сав газар олборлолт хийхийг хориглосон 70 гаруй лицензтэй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох ёстой. Үүнд НМХГ хяналт шалгалт хийгээд лицензийг нь цуцлах арга хэмжээ аваач гэдгийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн. Харин голын гольдрол буюу хуулиар заасан хэмжээнээс гадна олборлож байгаа 11 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулна. Гэхдээ эдгээрт нөхөн сэргээлт хийх шаардлага хүргүүлж байгаа.” гэлээ.

Ашиглалт явуулж буй бүх аж ахуйн нэгж Байгаль орчны төлөвлөгөөний биелэлт буюу нөхөн сэргээлтийн ажлын тайлангаа Нийслэлийн Байгаль орчны газарт ирүүлэх ёстой. Гэтэл 2016 онд 88 аж ахуйн нэгжээс ердөө 14 аж ахуйн нэгж өгчээ.Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Баян-Өлгий аймгаас XIII зууны үеийн хадны оршуулга олджээ

Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын II багийн нутаг “...........”-ын хөндийд 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 13-17 дугаар зууны үеийн байж болох эртний хүний шарилыг илрүүлжээ. Хадны оршуулгыг ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд малтан судалж, XII зууны үеийн зүйлс гэдгийг тогтоожээ.

Оршуулгаас ухмал модон авсанд буй хүний шарил, эмээл, дөрөө, модон арал, нум, хоромсог, эсгий онго, модон аяга, давуун дээл зэрэг маш сайн хадгалагдсан онц сонирхолтой эд өлгийн зүйлс гарсан байна. Тус хадны оршуулганд дагалдуулан тавьсан нум, саадаг, эмээг, дээл зэрэг олдворууд нь бүтнээр хадгалагдан үлдсэн бөгөөд Монгол нутгаас анх удаа дундад зууны монголчуудын шүтлэгийн нэгэн хэлбэр болох эсгий онго биетээр илэрсэн аж.

Ирэх бямба гарагт бүх нийтийн их цэвэрлэгээтэй

Баянзүрх дүүргийн Засаг даргын гаргасан удирдамж, хуваарийн дагуу дүүргийн Засаг даргын Тамгын газраас бүх нийтийн их цэвэрлэгээг дөрөвдүгээр сарын 01-ний өдөр буюу Бямба гарагт зохион байгуулна. 

Их цэвэрлэгээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, СӨХ-үүд, Орон сууц нийтийн аж ахуйн компаниуд, Ерөнхий боловсролын болон Их дээд сургуулиудын оюутан, сурагчид оролцож нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх юм. Мөн үерийн хамгаалалтын барилга байгууламж, гуу жалга, зам доогуурх ус нэвтрүүлэх хоолойн ахуйн гаралтай хог хаягдлыг гарган ачихаас гадна замын нуух, автобусны буудал, ТҮЦ-ний орчныг цэвэрлэнэ. Иймд бүх нийтийн их цэвэрлэгээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагын нийт ажилтан албан хаагчид идэвхтэй оролцохыг дүүргийн Засаг даргын Тамгын газраас уриалж байна.Дашрамд дурдахад, дүүргийн Нийтлэг үйлчилгээний дөрвөн газар өнгөрсөн хоёрдугаар сард үүсмэл хогийн цэгийг устгаж 12007,6 тн хог хаягдлыг 4029 рейсээр ачиж тээвэрлэжээ 

Севол хөлөг дээрээс зургаан ширхэг 4-18 см хэмжээтэй яс олжээ

2014 онд Өмнөд Солонгосын 300 гаруй сурагчид Севол хөлгөөр зорчиж яваад харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан билээ. Өчигдөр  11:25 цагийн үед  уснаас бүрэн гаргасан Севол дотроос зургаан ширхэг 4-18 см хэмжээтэй хүний яс олжээ.

2014 оны аравдугаар сарын 29-ний өдөр эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнөөс сүүлийн цогцсыг олсноос хойш  ийнхүү нотлох баримт олж байгаа нь энэ аж. Осол болсноос хойш 9 хүүхдийн цогцос олдоогүй бөгөөд ар гэрийнхэн нь хөлгийг усан дороос гаргаж ирэх үйл явцыг ширтэн горьдлого тээн харж байсан юм. Эдгээр ястай хамт хэд хэдэн хүний өмд гутал, газрын тосны үлдэгдэл илэрчээ. 

С.Баярыг эргүүлэн татах уу

Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд  С.Баяр:-" ...Санжаагийн Баяр гэдэг хүнийг Монголын төр элчин сайдаар томилж явуулсан учраас асуудлыг Монгол төр шийднэ, би өөрөө шийдэхгүй." гэж хариу өгсөн билээ.

Тэгвэл иргэн Г.Ичинхорлоо нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, Улсын Их хурлын дарга М. Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат  Монгол Улсын Гадаад Хэргийн  Сайд Ц. Мөнх-Оргил нарт хандан шаардах бичиг хүргүүлжээ. Уг  бичигт С.Баярыг Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайдын албанаас эргүүлэн татах шаардлага тавьж гуравдугаар сард багтан хариугаа авна гэжээ.

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн  14.3-т " Монгол Улсаа гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг хууль тогтоомжид заасны дагуу УИХ-тай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татна" гэсэн заалт бий. Түүнийг татах эсэхийг илгээсэн төрийн дээдэс шийдэх нь. Иргэн Г.Ичинхорлоод ямар хариулт өгөх бол, харах л үлдлээ. 

Н.Галбадрах: 74222 мянган татвар төлөгч орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлнэ

Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ тухай хуулийн дагуу иргэд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлдэг. Ингэхдээ иргэн анх удаа өөрийн болон банк, санхүүгийн байгууллагын авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар орон сууц худалдаж авах буюу байшин барьсан бол, мөн их, дээд сургуулийн баклаврын түвшний өдрийн ангийн оюутны сургалтын төлбөрийг төлсөн бол тодорхой хэмжээний буцаан олголт авдаг юм. Энэхүү буцаан олголтын зөрүү мөнгийг хэзээнээс олгох талаар Татварын ерөнхий газрын Төрийн тусгай удирдлагын газрын улсын байцаагч Н.Галбадрах тодруулсан юм.

-Орон сууц болон сургалтын төлбөрийн буцаан олголтод нийт хэчнээн иргэн хамрагдаад байна вэ? 

-Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхээр 74222 татвар төлөгч иргэн 2016 оны тайлан ирүүлсэн. Орон сууц, сургалтын төлбөрийн буцаан олголтод 74222 мянган татвар төлөгч байна. Энэ нь урд оны тайлангаар баталгаажуулсан илүү төлөлттэй харьцуулбал 503  татвар төлөгч буюу 0,5 тэрбум төгрөгөөр илүү юм. Дээрх иргэд 2016 онд тайлангаа ирүүлсэн. Хувь хүний орлогын албан татварын буцаан олголтод 45 тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид энэ хөнгөлөлтөд хамрагддаг. Татварын буцаалт авах хүсэлтэй иргэд ирэх хоёрдугаар сарын 15-ны дотор бүх бичиг баримт, тайлангаа бүрдүүлж харъяа дүүргийнхээ татварын газарт өгсөн байх ёстой.  

Анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид энэ хөнгөлөлтөд хамрагддаг.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд.

Орон сууц худалдаж авсан үнийн арван хувийн орлогыг буцаана
албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлнэ.
суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид суралцагчийг энэ хуулийн 24.6-д заасан хөнгөлөлтөд хамааруулна гэж заасан байдаг. 
Харин хоёрдугаар сарын 15-ны дотор тайлангаа ирүүлсэн иргэдийн төлөлтийг тав, зургаадугаар сард багтааж буцаан олгохоор нийслэлийн Төрийн сангаас төлөвлөсөн байгаа.

- Буцаан олголтыг хэзээнээс олгож эхлэх вэ?

-Буцаан олголт авахаар өнгөрсөн оны нэгдүгээр сарын 20-ноос өмнө Хүн амын орлогын албан татварын тайлангаа ирүүлсэн 11354 иргэний 8.8 тэрбум төгрөгийг баталгаажуулсан. Тиймээс илүү төлөлтийг ирэх сард олгож эхэлнэ. Харин хоёрдугаар сарын 15-ны дотор тайлангаа ирүүлсэн иргэдийн төлөлтийг тав, зургаадугаар сард багтааж буцаан олгохоор нийслэлийн Төрийн сангаас төлөвлөсөн байгаа.

-Тайлангаа хугацаандаа ирүүлээгүй иргэд бий юу. Хугацааг сунгах уу? 

-Тайлан авах хугацаа дууссан. Тодруулбал өнгөрсөн хоёрдугаар сарын 15-ны дотор бүх тайлан мэдээллээ аваад дууссан. Тиймээс хугацааг сунгахгүй. 

-Орон сууц болон сургалтын төлбөрийн буцаан олголт авах иргэд ямар ямар бичиг баримт бүрдүүлэх вэ? 

-Бүрдүүлэх материалын хувьд манай http://www.mta.mn вэб сайтын хувь хүн гэсэн хэсэгт хандаж бүрдүүлэх материалын жагсаалтаас харах боломжтой. Сургалтын төлбөрийн хөнгөлөлт чөлөөллөт эдлэхэд бүрдүүлэх материал, Орон сууцны хөнгөлөлт чөлөөлөлт эдлэхэд бүрдүүлэх материал гэсэн хэсэгт хандаж бүрдүүлэх материалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл