8o
Улаанбаатар хот
mobile menu

 Тойм: “Эрдэнэт”-ийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэхээр болж, Г.Дэнзэнд 3,6 жилийн хорих ял оноосон өдөр

2017-04-03 18:40:00

Шинэ долоо хоног эхлэж байна. Шинэ хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн шинэхэн долоо хоног хаалга тогшлоо. Гадаа дулаарч, охид бүсгүйчүүд гангарсан хаврын улирал ирж байна. Энэ л улиралд цас мөс хайлж, газар гэсэж газрын дотоод бүлээн уур дээшилж түүний нөлөөгөөр цэцэг ногоо ургаж байгаа байгаль дэлхий ногоон дээлээ өмсдөг. Тийм ч учраас хаврыг хайрын улирал ч гэж нэрийддэг. Хавар хайр гэдэг хоёр үг салшгүй холбоотой мэт л байдаг.6
“Салхивчаар салхи сэвэлзээд
Сэм сэмхэн сэтгэл хөвөлзөөд
Хөөрхөн үр минь гадаа тоглоод
Хавар болжээ хонгор минь” гэж дуу аялмаар сэтгэл цаанаа л хөнгөн. Ирж яваа цаг, дэлхий ногоон дээлээ өмсөх, өнгө өнгийн цэцэгс алаглах, хүн бүрийн сэтгэлд дулаан хуруулах цаг ижий шиг минь цаанаа л дотно. Энэ долоо хоногт ердийн дулаан байх учраас энэ амралтын өдрүүдэд хайртай гэр бүлтэйгээ агаар салхинд гарахыг зөвлөж байна. Харин одоо та бүхэндээ өнөөдрийн дуулиан шуугиан дагуулсан мэдээллийг нэг дор хүргэдэг Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. 
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

 Г.Дэнзэнд 3,6 жилийн хорих ял оноов

ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн, "Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал асан Я.Батсуурь нарын таван хүнд холбогдох шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд тав дахь өдрөө үргэлжилж өнөөдөр  шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа.  Г.Дэнзэнд 3,6 жилийн хорих ял, Я.Батсуурьт 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид хорих шийдвэр гаргалаа. 

Жи Тайм”-ын хэрэг замхрах шатандаа орсон уу

ЖИ ТАЙМЫН ЗАХИРЛУУДЫН АВТОМАШИНЫГ  БИТҮҮМЖИЛЖЭЭ 

Өнгөрсөн хоёрдугаар сард “Жи тайм” сүлжээний луйврын хэрэг ил болж, тус сүлжээний захирлууд хилээр оргон гарах гэж байхдаа баригдаж нэлээд дуулиан шуугиан тарьсан билээ. Тодруулбал, Казакстан улсаас Монголд орж ирсэн “Жи Тайм” корпорацийн Монгол дахь албан ёсны салбарын ерөнхий захирал Ж.Маратыг өнгөрсөн сарын 12-ны өдөр “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудлаас хил гарах гэж байхад нь Эрүүгийн цагдаагийнхан баривчилсан билээ.  Ж.Марат нь Монгол улсад пирамид хэлбэрээр олон мянган хүнийг элсүүлж мөнгө угаах аргаар дансандаа зургаан тэрбум төгрөг хуримтлуулан оргон зайлах гэж байхдаа баригдсан. Түүнийг Монгол Улсын аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 8.1.4-т заасан олон шатлалт маркетинг буюу санхүүгийн пирамид тогтолцооны замаар бусдыг хууран мэхэлсэн үйл ажиллагаа явуулж, залилангийн гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоож, Мөрдөх байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс шалгаж эхэлсэн юм.

Одоогийн байдлаар Жи Таймын захирлыг баривчласаны дараагаар тодорхой хэмжээний бэлэн мөнгийг битүүмжилсэн төдийгүй мөн лидерүүдэд олгосон таван ширхэг автомашин, Шунгитийн ордны бүтээгдэхүүн гэх гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг мөн битүүмжилжээ. 


Түүнийг баривчлагдсаны дараагаар Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын Мөрдөн байцаах газарт хохирогчид хандаж, гомдолоо мэдүүлээд байсан. Хохирогчдын дунд хүүхдүүдээсээ нууцалж, 400 мянган төгрөгөөр элссэн тэтгэврийн буурал,хоёр сая 300 мянган төгрөгөө 19 сая төгрөг болгон буцаан авахаар гэрээ байгуулж, мөнгөө өгсөн төрийн албан хаагч,  багш, өрх толгойлосон эмэгтэй, бизнесмэнүүд хүртэл элсэн орж, халаасаа хоосолсон.

 Цагдаагийн байгууллагаас энэ сүлжээнд хэдэн хүн элсэж, хохирсон болон хэдэн төгрөгийн мөнгө угаасныг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлээд байсан энэ хэрэг сураг тасарсан гэхэд хилсдэхгүй. Тодруулбал, Ядарсан монголчуудын халаасыг хоосолсон энэ хэрэг ингээд чимээгүй өнгөрөх нь. Учир нь алдарт “Жи Тайм” сүлжээний удирдлагууд нийлэн “Жи Тайм корпорацийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-г байгуулж тэмцэж эхэлсэн байна. Тэдний хэлж буйгаар бол цагдаагийн байгууллага тус “Жи Тайм” сүлжээний захирлуудыг шалгаж буруутайг тогтоогүй байгаа аж. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

МАН иргэддээ муухай харагдахыг үл хүснэ

Манай улс Олон улсын валютын сангийн хөтөлбөрт зайлшгүй хамрагдахгүйгээс өөр гарцгүй гэдгийг баталчихсан. Гэтэл дөрөвдүгээр сарын 10-нд ОУВС-гийн захирлуудын зөвлөл хуралдана. Үүнээс өмнө тэдний тавьсан шаардлагыг биелүүлсэн байх учиртай. Өөрөөр хэлбэл долоон төрлийн татвараа нэмэх төсвийн тодотголоо хийсэн байх учиртай. Ээлжит бус чуулган хуралдуулна, хуралдуулахад гишүүдийн ирц бүрдэхгүй, эсвэл Засгийн газар төсвийн тодотголоо өргөн барихгүй байна гэсэн шалтаг шалтгаанаар цагаан сараас хойш буюу гуравдугаар сарын 02-ны өдрөөс хойш дуншсан. Өнөөдөр дөрөвдүгээр сарын 03-ны өдөр нэг сар нэг хоног гэдэг бол багагүй хугацаа байлаа.

Тус захирлын зөвлөлийн хурлын дараахь тов нь манай улсын баяр наадмын өмнө, тэгээд намар гэхчлэн хуваарьтайгаар болдог гэсэн. Тэгвэл ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдана гэсэн яриа энэ зунжин, намаржин үргэлжлэнэ гэсэн үг.

Хаврын чуулган энэ лхагва гарагт буюу дөрөвдүгээр сарын 05 нээлтээ хийнэ. Төсвийн тодотголыг УИХ-ын дарга өргөн бариад буй. Өргөн барьсан тодотголыг УИХ-аар хэлэлцүүлээд батлуулахад доод тал нь 15 хоног болно. Үүнээс харахад дөрөвдүгээр сарын 10-ны өдөр болох ОУВС-гийн захирлуудын зөвлөлийн хурлаар яав чиг амжихгүй нь тодорхой боллоо. Тус захирлын зөвлөлийн хурлын дараахь тов нь манай улсын баяр наадмын өмнө, тэгээд намар гэхчлэн хуваарьтайгаар болдог гэсэн. Тэгвэл ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдана гэсэн яриа энэ зунжин, намаржин үргэлжлэнэ гэсэн үг.

Энд олон яагаад гэсэн асуулт урган гарч ирж байна. Эх орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавьж байгаа бол эрх баригчид ээлжит бус чуулганыг яаралтай товлон хуралдуулах боломж хангалттай байсан. Түүнчлэн долоон төрлийн татвараас зарим нэгийг өөрчлөн улам уян хатан болгож болох байсан. Төсвийн зардлыг бууруулах шинэ гарц гаргалгааг огт хайсангүй. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Эзэнгүй болсон “Эрдэнэт”

Төрийн хулгай нь инстүүцийн шинжтэй болсон улс гүрэн хөгжих боломжгүй. Улстөрийн дэглэм нь ардчилсан ч бай, дарангуйлагч ч бай ялгаагүй хөгжихгүй. Хулгайч төртэй улсаас хөгжил зугтдаг. Тиймээс хулгайч төртэй нийгэм “хөгжих” гэдэг үгийг мартсан нь дээр. Мартахгүй бол “хөгжих” гэдэг үг нь сонгогчдын горьдлогоор тоглож хуурдаг зэвсэг л болно. Төр хичнээн хулгайч байх тусам санаачилсан төслүүд нь төдийчинээ олон, төдийчинээ том болдог зүй тогтолтойг олон улсын болон манай туршлага харуулна. Тийм учраас төр хулгайч үед “хөгжих” гэдэг үгийн дам утга нь “хулгайлах” гэдэг санаа руу түлхдэг тул мартсан нь өлзийтэй... Э.Бат-Үүл ингэж бичжээ. 

Өнгөрөгч хоёрдугаар сард “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авах тухай УИХ-ын тогтоол гарч, хэрэгжүүлэх үүргийг Засгийн газарт өгсөн. Энэ дагуу Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарсан ч хэрэгжүүлэх явц “удаашралтай” байсан тул өнгөрөгч долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийг зуун хувь төрийн төлөөллөөс бүрдүүлж, тус компанийн засаглал, удирдлагын бүрэлдэхүүнд ажиллах төрийн төлөөллийн тоог нэмэгдүүлэх үүргийг ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нарт даалгасан байна. 

Тэр дагуу нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар /хуучнаар ТӨХ/ баасан гаригт нууцаар /хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэлгүйгээр/ хуралдаж, “Монголын зэс” корпарацийн эзэмшиж байсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг төрийн өмчид бүртгэж авчээ. Мөн ТУЗ-ийг 100 хувь төрийн төлөөллөөс бүрдүүлж, компанийн дүрэмт өөрчлөлт оруулснаа өнөөдөр УБЕГ-т бүртгүүлэх гээд явж байна гэнэ. Энэ тухай үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж байсан “Монголын зэс” корпараци өнөө өглөө л мэджээ. Дэлгэрэнгүй нийтлэлийг энд дарж үзнэ үү. 

Дэд сайд Ё.Отгонбаяр төрөлхийн сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийг ярьдаг болж төгсөх ёстой гэв

Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн 29 дүгээр сургуулийн сонсголын бэрхшээлтэй сурагчид сургуулийнхаа гадаа эсэргүүцлийн жагсаал хийсэн билээ. Тэд гартаа барьсан цаасан дээрээ “Дохионы хэл”, “Бидэнд боловсрол олгодог арга зүйгээ өөрчил, шинэчил”, “Бүх хичээлээ дохионы хэлээр”, “Сургуулийн захиргаа, бүх багш нар дохионы хэлний чадвараа сайжруул” хэмээн бичиж эсэргүүцэлээ илэрхийлсэн. Одоогийн байдлаар яамнаас томилогдсон ажлын хэсэг тус сургууль дээр ажиллаж байна.

Энэ талаар 29 дүгээр сургуультай холбоотой асуудлаар Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын дэд сайд Ё.Отгонбаяр тайлбар өгөхдөө “Нэг зүйлийг бид ойлгох хэрэгтэй. 29 дүгээр сургууль хүүхдийг нийгэмшүүлж гаргах ёстой болохоор мундаг дохионы хэлтэй хүүхэд төгсгөлөө гээд адилхан дохионы хэлтэй хүнтэйгээ л харилцана.
 
Ахлах ангид орохоороо өөрөө ярьдаг болж төгсөх ёстой. Тиймээс бүх багш дохионы хэлтэй байна гэсэн стандарт байхгүй. Шаардлагатай тооны дохионы хэлтэй багш нар байгаа гэсэн мэдээлэл байна. Ажлын хэсгийн дүгнэлт гарахаар тодорхой хариу хэлье” хэмээн хэлсэн байна. Ер нь бол дэд сайдын хэлж байгаагаар бол төрөлхийн сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд өөрсдөө ярьдаг болж төгсөх ёстой юм гэнэ. Харамсалтай бодит үнэн гэвэл багш нарын заах арга зүй муугаас болж хүүхдүүд бүрэн хичээлээ ойлгож чадахгүй байна. Гэтэл салбарын сайд “бүх багш дохионы хэлтэй байна гэсэн стандарт байхгүй” хэмээн салбараа өмөөрөөд амжив.

Б.Чулуудайн оффшор дансны талаар мэдээлэл хийнэ

Энэ сарын 4-ний өдөр буюу маргааш 11:00 цагт “Mongol news” мэдээллийн танхимд Б.Чулуудай оффшортой холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарлажээ. Өнгөрсөн онд түүний тухайд оффшор бүсэд бүртгэлтэй нь илэрч, нэлээд шуугиан дэгдээсэн билээ. Б.Чулуудай "Strategic Mines Inc" гэх уул, уурхайн компанийн хувьцаа эзэмшигчээр оффшор бүсэд дансыг 2001 онд нээсэн ил болсон. 
Энэ талаар Б.Чулуудай хэлэхдээ  "Оффшорт бүртгэлтэй гээд байгаа "Стратежик майнинг”  компанийг Сингапурын иргэн найзынхаа хамт 2011 онд байгуулж, 2013 онд хаасан. Тухайн үед хүн бүр л уул уурхайд хөрөнгө оруулалт гэж хошуурч байхад хийхийг зорьсон бизнес. Тэгээд бүтээгүй. Өөрөөр хэлбэл, миний аавыг хотын дарга болохоос өмнө 2011 онд байгуулагдсан компани шүү дээ. Үйл ажиллагаа явуулахгүй байж байгаад хаагдчихсан.  Данс нээгээгүй учраас нэг ч долларын гүйлгээ хийгдээгүй. Ер нь энэ далимд хэлэхэд би хар багаасаа л иргэний эрхээ эдлэж чадахгүй байнга хардлагад өртөж, гүтгүүлж дайруулж ирлээ. Улс төрчийн хүү болсон минь буруутай бололтой” хэмээн хэлж байсан удаатай. Энэхүү алдарт оффшорын талаар маргааш мэдээлэл хийх юм байна. 

 

Засгийн газрын 29-ний өдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийн ТУЗ-тэй холбоотой шийдвэр гаргасан юм.  Энэ талаарр "Монгол Зэс"-ээс мэдээлэл хийж, Засгийн газрын “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийн ТУЗ-тэй холбоотой гаргасан шийдвэр нь хууль бус үйлдэл. Би арбитын шүүхэд хандах болно хэмээн мэдээлэл хийсэн юм. Мөн Компанийн дүрэмд өөрчлөлт оруулан, ажлын бус цагаар улсын бүртгэлд ч өөрчлөлт оруулсан гэв. 
Энэ талаар "Монголын зэс" корпорациас мэдээлэл  хийлээ. "Монголын зэс" корпорацийн гүйцэтгэх захирал  Ц.Пүрэвтүвшин хурлын эхэнд “Дөнгөж сая "Эрдэнэт"-ийг 100 хувь төрийн өмчит болсныг албан бусаар хэллээ. Бид энэ талаарх албан ёсны тайлбарыг Төрийн өмчийн хорооноос авах гэсэн боловч хариу өгсөнгүй.Өнөөдөр болж байгаа процесс бол товчхондоо төрийн дээрэм” хэмээн хэллээ. 

Да.Ганболд хэлэхдээ  "Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш төр хувийн өмчийг булааж авсан анхны тохиолдол боллоо" хэмээн хэллээ. 

Цагдаагийн дэслэгч Г.Ганбаяр Х.Мандахад өргөө гэрээ бэлэглэжээ

рдэнэт дөрвөн хүний алтан амийг аварсан дүүргийн Цагдаагийн II хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Ганбаяр Монголын улаан загалмайн нийгэмлэгээс гавьяат үйлсийг нь сайшаан өгсөн таван ханатай гэрээ 25 дугаар хорооны амьдралын нөхцөл тааруухан Х.Мандах гэдэг хөгшинд бэлэглэж буян нэмжээ. Энэ баярт үйл явдлыг Цагдаагийн II хэлтсийн дарга хурандаа А.Бакыт, Монголын Цагдаагийн "Сүлд" чуулгын дарга Л.Гаваасүрэн гуай, 25 дугаар хорооны Засаг дарга, ИНХ-ын дарга нар хуваалцсан байна. Мандах хөгшнийг 25 дугаар хорооныхон анддаггүй аж. Тэрбээр  хөл муутай ч нийгмийн идэвхи маш сайтай, хорооны хамаг л хогийг цэвэрлэж явдаг сайхан сэтгэлтэй нэгэн.  Г.Ганбаярыг Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хүндэт тэмдэгээр энгэрийг нь мялаажээ. 

Нийслэлийн АН-ын даргад өрсөлдсөн Д.Баттулга илүүрхэв

АН-ын дотоод сонгуулийн үр дүнгийн талаар намын дарга С.Эрдэнэ тэргүүтэй удирдлагууд мэдээлэл хийлээ.  Энэ удаагийн сонгуульд АН-ын 152 мянган гишүүн санал өгөх эрхтэйгээс ирц 78 хувьтай байсан байна.  АН-ын аймаг, нийслэл, дүүрэг, намын үүрийн дарга зэрэг 17 мянган албан тушаалд 20 мянга гаруй нэр дэвшигч өрсөлджээ.  ҮБХ-ны 380 гишүүнд 511 нэр дэвшигч бүртгүүлснээс дотоод сонгуулийн өмнө дөрвөн нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасчээ. Дорнод аймгаас хоёр, Дархан-Уул аймгаас нэг, Сэлэнгэ аймгаас нэг нэр дэвшигчийг тус тус нэрсийн жагсаалтаас хассан байна. Харин аймаг, нийслэлийн даргад 54 хүн нэр дэвшин өрсөлдсөн байна. Үндэсний бодлогын хорооны гишүүнд 511 нэр дэвшигч өрсөлдсөнөөс дөрвөн нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хассан учраас 506 нэр дэвшигч 380 суудалд өрсөлдсөн байна. Үүнээс 76 суудалд эмэгтэй, 76 суудалд эрэгтэй, чөлөөт суудалд хяналтын тооллого дуусаагүй байгаа аж.  Дотоод сонгуулийн үеэр 10 мянга гаруй гишүүн саналаа өгч чадаагүй нь АН-ын дотоод зохион байгуулалттай холбоотой гэнэ. Тиймээс цаашид бүртгэлтэй холбоотой асуудлыг дахин гаргахгүй гэж байв.

Аймаг, нийслэл, дүүргийн  намын даргад өрсөлдсөн нэр дэвшигчийн урьдчилсан дүнг гаргасан байна. Тухайлбал, Нийслэлийн АН-ын даргаар  Д.Баттулга,  аймгуудаас  Архангайд М.Батжаргал, Баян-Өлгийд Е.Зангар,  Баянхонгорт Д.Ширмэн, Булганд  Б.Ариун-Эрдэнэ,  Говь-Алтайд Ц.Нанзаддорж,  Говьсүмбэрт  Д.Сүрэнжав,  Дорноговьд Б.Батбаяр,  Дорнодод  П.Алтангэрэл, Дундговьд  Ц.Мөнхбат,  Өмнөговьд  Р.Сэддорж,  Төв аймагт  Ц.Мэндсайхан,  Ховдод Ч.Чинбат,  Хөвсгөлд Ш.Идэрбаясгалан, Хэнтийд Ш.Батдэлгэр,  Дархан-Уулд  Г.Гантулга, Орхонд Д.Алтанхуяг,  Увсад Ч.Чимид нар тус тус олон гишүүдийн санал авсан байна. Өмнөговь, Сэлэнгэ аймагт хяналтын тооллого хийгдэж байгаа аж. Дүүргүүдээс  Багахангайд Ц.Алтанцэцэг, Чингэлтэйт Г.Баярсайхан, Сонгинохайрханд М.Чинболд, Налайхад М.Дашхүү,  Багануурт Ч.Очирхүү нар гишүүдийн олонхийн саналыг авч, Хан-Уул дүүргийн хяналтын тооллого дуусаагүй байгаа юм байна.

Тост, тосон бумбын нурууг ухуулахгүй гэв

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын урд хэсэг бүхэлдээ уул уурхайн үйлдвэрлэлд нэрвэгдсэний улмаас нутгийн малчдын гол амьдрах бүс нутаг, ундны эх үүсвэр нь нутгийн хойд хэсэг буюу Тост, Тосонбумбын нуруу болоод байгаа талаар Монголын Байгаль орчны иргэний зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэцолмон, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн иргэдийн Хурлын Төлөөлөгч Б.Дэжид, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн иргэн С.Эрдэнэжаргал нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

Монголын Байгаль орчны иргэний зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэцолмон “Тост, Тосонбумбын нуруу нь ирвэс, аргаль, янгир зэрэг нэн ховор амьтдын өлгий болоод зогсохгүй баянбүрд бүхий усны эх үүсвэр, ховор эмийн ургамлын диваажин болсон нутаг юм. Иймээс өнгөрсөн оны дөрөвдүгээр сард УИХ-аас Тост, Тосонбумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргаж, энэ оны гуравдугаар сард хилийн цэсийг тогтоосон билээ. Гэвч Тусгай хамгаалалтын хилийн цэсийг тогтоохдоо нүүрсний ордын ашиглалтын лицензтэй “Саудгобикоал транс” компанийн талбайг хамааруулаагүй. Үүгээр ч зогсохгүй тус компани техник хэрэгслээ байршуулж, кэмпээ байгуулж, газар шорооны ажлаа эхэлсэн нь нутгийн олны дургүйцлийг төрүүлж байна. Тиймээс Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосонбумбын нуруунд ашиглалтын лиценз эзэмшигч “Саудгобикоал транс” компанийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохыг шаардаж, сумын иргэд болон “Гурвантэс эх нутаг”, “Тост” ТББ-ын нийт 802 өргөдлийг Өргөдлийн байнгын хороонд хүргүүлээд байна” гэлээ.

Гурвантэс сумын Тост багийн иргэдийн Хурлын Төлөөлөгч Б.Дэжид  “Тус компанийн эзэмшиж буй талбай одоо ашиглалт явуулж буй дөрвөн нүүрсний уурхайтай тэнцэхүйц том хэмжээтэй аж. Хамгийн гол нь компанийн лиценз бүхий талбай болох Хуршуутын гол нь сумын байгалийн үзэсгэлэн бүрдсэн, баянбүрд олонтой нутаг юм. Энд булаг шанд, заг сухай, төрөл бүрийн эмийн ургамал нэн баялаг. Мөн сумын цорын ганц тариалангийн бүс нутаг энэ талбайд оршдог. Иймээс тус ордод олборлолт явуулснаар Гурвантэс сумын нийт иргэдийн ундны усны эх үүсвэр, ан амьтан, ургамлыг тэжээх булаг шанд, баянбүрд сүйдээд зогсохгүй энэ нь говийн бүс нутгийн эко системд ноцтой хохирол учруулах болно” гэв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэрэмжлүүлэг: Согтуу жолооч айлын гэр дайрч 3 хүн амиа алджээ

Айлын гэр дайрсны улмаас хоёр хүн нас барж, гурван хүн гэмтсэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 1-ний өдөр хэрэг гарсан байна.   Төв аймгийн Өндөрширээт сумын Хайрхан хоёрдугаар багийн нутагт иргэн Б-ийн гэрийг тус сумын гуравдугаар багт суух 57 настай, эрэгтэй Р нь “Nissan family” тээврийн хэрэгслээр дайрчээ.  Гэрийг дайрах үед гэрт байсан гурван хүн гэмтэж, 43 настай эрэгтэй Х, таван настай эрэгтэй О нар нас барсан байна. 

Жолооч Р нь хэрэг гарах үедсогтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ. Одоогоор хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. 

Монголын САА1 зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээв

Өнгөрсөн хоёрдугаар сарын 15-наас Олон улсын үнэлгээний “Moody's” агентлаг Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг CAA1 зэрэглэлийг бууруулах эсэх тухай үнэлгээгээ эхэлж, хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн байна. Энэ удаагийн шийдвэрийг "Олон Улсын Валютын Сангийн удирдах зөвлөл Монгол Улсыг хөтөлбөрт хамруулах асуудлыг хэлэлцэн, баталж, хөтөлбөрийг дагаж Монголд орж ирэх олон талт санхүүгийн байгууллагуудын санхүүжилт орж ирнэ" гэх хүлээлт дээр үндэслэн гаргажээ. Эдийн засгийн дунд болон урт хугацааны төлөв сайжрахад уул уурхайн үйл ажиллагаа эрчимжиж, гадаадын шууд хөрөнгө оруулалт өсөх зайлшгүй шаардлагатайг онцолжээ.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

.2017 оны 04 дүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.  Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар  баруун хойноос секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хүрэн бэлчир орчмоор 1-6 градус хүйтэн, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 градус, говь, талын нутгаар 16-21 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment