-Хачигт халдвар нь улирлын чанартай өвчин. Урин дулаан цагт түлхүү идэвхжидэг-
Дэлхий дээр хачгаар дамжих халдвараар жил бүр хэдэн мянган хүн өвчилдөг байна. Дулааны улирал эхэлж байгаатай холбоотой ямаа самнах, хонь хяргах, ноос ноолууртай ажиллах, ой модонд явахдаа хачигт хазуулах эрсдэл нэмэгддэг аж. Хачиг нь хэдий жижигхэн ч зөвхөн нэг л хазалтаар аюулт өвчнүүдийг дамжуулдаг. Хачигт халдварын талаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан У.Эрхэмбаяртай ярилцлаа.
-Хачигт халдвар гэж юу вэ. Хачигт халдварын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Дэлхий дээр энэ төрлийн өвчнөөр өвчлөгсөд жил ирэх тусам нэмэгдэж байна. Хамгийн сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд Европын 29, Азийн дөрвөн оронд хачигт халдварт өвчин бүртгэгдээд байна. Азийн орны тоонд манай ч улс багтддаг. Зарим улс орны хувьд нийгмийн эрүүл мэндийн байдалд маш сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн. Манай улсын хувьд 1980-аад оны үеэс ОХУ-ын эрдэмтэдтэй хамтран хачигт халдвар буюу хачигт энцефалитийн вирусийн эсрэг судалгааг эхлүүлсэн. 1998 оноос ОХУ-ын Эрхүү хотын халдвар нян судлалын хүрээлэнтэй хамтарч Хөвсгөл, Хэнтий, Булган, Сэлэнгэ, Орхон, Төв аймгийн ойн бүс нутагт хачигт энцефалит өвчний тархалтыг судалсан. Дээрх аймгуудад илүү тархадаг нь судалгаагаар тогтоосон. Хачигт халдвар нь улирлын чанартай өвчин. Урин дулаан цагт түлхүү идэвхжидэг. Хачигт халдвар гурван төрлийн өвчин байдаг. Түүний нэг нь хачигт энцефалит. Манайд хамгийн элбэг тохиолдог гэж хэлж болно. Хачигт халдвар вирусээр үүсч хачгаар дамжин халдварлаж төвийн болон захын мэдрэлийн системийг гэмтээдэг. Нэг үгээр хэлбэл, байгалийн голомтод, цочмог халдварт өвчин. Хулгана, Зурам, Туулай, Зараа зэрэг мэрэгч амьтад ерөнхийдөө түлхүү энэ өвчнөөр өвчилж, халдвар тараадаг. Нэг хачиг дунджаар долоон өвчнийг үүсгэх боломжтой гэсэн судалгаа бий. Хэрэв өвчин үүсгэгч агуулсан мал, амьтан хазсан хачиг нь хүнийг хазахад цусаар дамжин тэрхүү өвчний халдвар биед орно гэсэн үг. Хэдий бүх хачиг халдваргүй ч таван хачигны нэг нь өвчин үүсгэгч вирус, нян тээж байдаг. Түүнчлэн хачиг салхины нөлөөгөөр агаарт нисч явдаг. Тэр замд нь хүн, амьтан таарвал шигдэж, шимэгчилэн амьдарч эхэлдэг.
Хачигт халдвар нь улирлын чанартай өвчин. Урин дулаан цагт түлхүү идэвхжидэг. Хачигт халдвар гурван төрлийн өвчин байдаг.
-Идэвхжилтийн үе нь хэдээс хэдэн сар байдаг вэ?
-Иргэд 4-11 дүгээр сард хачигт хазуулж халдвар авах нь ихэсдэг. Энэ үеийг ерөнхийдөө хачигт энцефалитийн үе гэж хэлж болно. Хавар, зун, намарт энэ төрлийн өвчлөл нэмэгддэг. Өвөл нь саармагжидаг. Түүнчлэн бог мал, үхрийн сүүнээс халдвар дамжих тохиолдолд байдаг. Тухайн мал энэ төрлийн вируст тээсэн хачигт хазуулсан тохиолд сүүг нь буцалгаж боловсруулж хэрэглэх ёстой. Бэлчээрийн хачиг нь жил бүрийн гурван сарын сүүлчээс идэвхжиж, салхиар хаа сайгүй зөөгдөж тархдаг бөгөөд тав дугаар сарын эхээр эзэн амьтдаа шимэгчлэн амьдардаг. Өөрөөр хэлбэл, гурав дугаар сарын сүүлчээс дөрөвдүгээр сард идэвхжлийнхээ үед хүн хазах тохиолдолд элбэг.
-Хачигт халдварын тархалтыг газарзүйн байршлын хувьд авч үзвэл аль аймагт илүү их байна вэ. Манай улсад хэдэн төрлийн хачиг байдаг вэ?
Бэлчээрийн хачиг нь жил бүрийн гурван сарын сүүлчээс идэвхжиж, салхиар хаа сайгүй зөөгдөж тархдаг бөгөөд тав дугаар сарын эхээр эзэн амьтдаа шимэгчлэн амьдардаг.
-Манай орны хувьд халдвар үүсгэгч олон зүйл байдгаас гол дамжуулагч нь ойн хачиг. Хачиг хүнийг хазах үед вирус, нян зэрэг үүсгэгч хүний цусанд орсны улмаас халдвар үүснэ. Нэг хачиг дунджаар долоон өвчин үүсгэх боломжтой гэсэн судалгаа бий. Хэрэв өвчин үүсгэгч агуулсан мал, амьтан хазсан хачиг нь хүнийг хазахад цусаар дамжин тэрхүү өвч¬ний халдвар биед орно гэсэн үг. Түүнчлэн хачиг салхины нөлөөгөөр агаарт нисч явдаг. Тэр замд нь хүн, амьтан таарвал шигдэж, шимэгчилэн амьдарч эхэлдэг. Салхинд хийсч яваад хүн, амьтан дээр унадаг учир хүмүүс хачгийг тэнгэрээс унадаг гэж ойлгодог. Манай улсад Сэлэнгэ, Хөвсгөл, Архангай, Булган, Төв, Хэнтий, Орхон, Дорнод зэрэг найман аймгийн ой, тайгын бүсийн 29 сумын нутагт хачигт боррелиоз, энцефалитийн зөөвөрлөгч хачгийн 71 байгалийн голомт байгааг судлаачид тогтоосон. Хачиг нь ерөнхийд нь ой хээр, тал, говийн бүсэд үхэр, тэмээ, хонь зэрэг амьтдаар илүү тархсан байдаг. Манай улсад хачигт энцефалит, боррелиоз нь 2003, хачигт риккетсиоз нь 2005 оноос халдварт өвчний бүртгэлд бүртгэгдсэн.
-Хачигт хазуулсан тохиодолд хамгийн түрүүнд эмчид хандах ёстой-
-Хачигт хазуулсан тохиолдолд хэрхэн зөв сугалж авах вэ. Манайхан шууд сугалж авдаг. Энэ нь зөв үү?
-Хачиг хүн, амьтны биед шигддэг болохоор тусгай аргаар авахаас нааш төдийлөн унадаггүй. Манайхан хачгийг шууд гараараа аваад хаячихдаг. Энэ нь буруу. Хэрвээ халдвартай хачигны ямар нэгэн хэсэг биед үлдэх юм бол өвчин үүсдэг. Хачиг хүн, амьтны биед шигддэг болохоор тусгай аргаар авахаас нааш төдийлөн унадаггүй. Хачиг байгаа хэсгийг олж мэдвэл 76 хувийн цэнхэр спиртийг цэвэр хөвөн болон даавуунд шингээж 2-3 удаа арчилт хийж, 1-2 минут хүлээхэд хачиг саажиж, мэдээ алдана. Үүний дараа хачгийг хавчаараар налуу байдалтайгаар зөөлөн татаж авна. Авсны дараа тухайн хэсгээ спиртээр ариутган, цэвэр боолт хийнэ. Мөн хачигны хошуу биед шигдэж үлдсэн бол мэс заслын аргаар авахуулах хэрэгтэй.
Хачиг хүн, амьтны биед шигддэг болохоор тусгай аргаар авахаас нааш төдийлөн унадаггүй. Манайхан хачгийг шууд гараараа аваад хаячихдаг. Энэ нь буруу.
-Манай улсын хэмжээнд хэчнээн хүн хачигт халдвараар өвчилсөн байдаг юм бэ. Иргэдийн энэ талын мэдлэг хэр байна вэ?
-Сүүлийн 2-3 жилийн байдлаар хачигт риккетсиоз өвчнөөр 0-16, хачиг боррелиозоор 25-44, энцефалит өвчнөөр 44-өөс дээш насныхан илүү өвчилсөн 44-өөс дээш насныхан илүү өвчилсөн байдаг. Мөн 2006-2009 онд Монгол Улсын хэмжээнд хачигт риккетсиозоор өвчлөгсдийн 34,9 хувь нь 0-10 насныхан, 2005-2014 онд нийслэлд өвчлөгсдийн 50 хувь нь 0-16 насныхан байсан. Тархалтын байдлаас үүдэн иргэдийн мэдлэг харилцан адилгүй. Дээр дурдсан аймгийн иргэдийн хувьд өөрсдийгөө хамгаалж чаддаг. Харин хаа холын Өмнөговь аймгийн хүн энэ талаар ямар мэдлэггүй байдаг. Тиймээс дээрх аймгуудад зорчих, дамжин өнгөрөх иргэд мэдээлэл сайтай байх хэрэгтэй. Учир нь зун хөдөө орон нутгийг зорих иргэд, аялал жуулчлалаар ирсэн гадны хүмүүс энэ төрлийн халдвар авах нь нэмэгддэг. Тиймээс иргэд өөрсдөө мэдлэг, мэдээлэл сайн байх нь чухал. Сүүлийн арван жилд арван аймгийн 29 суманд хачигт энцефалитийн 225 тохиолдол бүртгэгдсэн байдаг.
-Таван хачигны нэг нь өвчин үүсгэгч вирус, нян тээж байдаг-
-Хачигт хазуулсан тохиодолд хаана хандах ёстой вэ. Шинж тэмдэг хэрхэн илэрдэг вэ?
-Хачигт хазуулсан эхэн үед толгой бага зэрэг өвдөх, бие сулдах, ядрах, нойргүйдэх, нүүр ам болон биеийн аль нэг хэсэгт арьс бадайрах, зан чанар өөрчлөгдөх зэрэг ерөнхий шинж тэмдэг илэрдэг. Харин хүндэрсэн тохиолдолд үе мөч саажих, юм бүрэлзэж, давхарлаж харагдах, уналт өгөх, ухаантай боловч нойрмогдуу болох зэрэг шинж тэмдэг ажигллагдаг. Хачигт хазуулсан тохиодолд хамгийн түрүүнд эмчид хандах ёстой. Иргэд тоомжиргүй хандаж хүндрэх тохиолдол элбэг байдаг. Хачигт хазуулсан тохиолдолд хачгийг болгоомтой ганхуулж, сугалан авч бүтүү саванд хийж шинжилгээнд хамруулах, мэргэжлийн байгууллагад хандах хэрэгтэй. Мөн тос түрхэх, биеийнхээ хазуулсан хэсгийг спирт, марганцын сул уусмалаар угаах, арчих, хүйтэн жин тавих шаардлагатай. Харин дээр дурдсан шинж тэмдгүүд илэрвэл яаралтай харьяа эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэх шаардлагатай нь хамгийн чухал.
-Хачигт энцефалитаас хэрхэн сэргийлэх вэ. Голомттой аймгийн иргэдэд дархлаажуулалтын вакцин хийдэг үү?
-Хачигт хазуулахгүй байх хамгийн энгийн бөгөөд найдвартай арга бол хачигт халдварын голомттой газруудаар явахгүй байх, зайлшгүй явах шаардлагатай тохиолдолд тод өнгөтэй битүү өмсгөл, хувцас хэрэглэх нь чухал. Хачигны голомттой бүсэд ажиллаж байгаа тохиолдолд 3-4 цагт тутамд биеэ шалгаж байх хэрэгтэй. Хатгуулсан тухайн газар улайдаг. Түүнчлэн хачиг үргээгч бэлдмэл буюу хурц үнэртэй тосыг хувцсандаа цацах, биеийн ил хэсгүүдэд түрхэж хэрэглэнэ. Үүнээс гадна иргэд дархлаагаа дэмжсэн чанартай хоол, хүнс хэрэглэх ёстой. Дээрх аймгуудын хүн амын дунд дархлаажуулалтын тунг гурван үе шаттайгаар хийдэг. Эхний тун нь 9-11 сард, хоёр дахь нь 14-30 хоногийн дараа хийлгэдэг. Гурав дахь дархлаажуулалтын тунг нэг жилийн дараа хийнэ. Үүнээс гадна олон нийтийн мэдээллийн хэрэгслээр, та мэдээлэл авах ямар боломжтой суваг байна түүгээрээ хачигт халдварын талаар мэдээлэл авч өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэгтэй болох нь зүйтэй. Түүнчлэн мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг дагаж амьдралаа мөрдлөгө болгох хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.
Д.Нэргүй