8o
Улаанбаатар хот
mobile menu

Идэр суманд дахин нэг хүн өөрийгөө шатааж амиа егүүтгэж, Монгол Улс анх удаа сансрын хиймэл дагуултай болсон 7 хоног

2017-04-22 10:00:00

Энэ 7 хоногт болж өрнөсөн үйл явдлыг Chuhal.mn сайт таны амралтанд зориулан тоймлон хүргэж байна. 

Наадмын төсвийг 2,1 тэрбумаар батлав

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг 2 тэрбум 107 сая төгрөгөөр баталж, Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад зөвшөөрчээ. Наадмын төсвийн гүйцэтгэл, үр дүнд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга У.Хүрэлсүхэд даалгажээ.

Завхан аймгийн Идэр суманд дахин нэг хүн өөрийгөө шатааж амиа хорложээ

Өнгөрсөн гуравдугаар сарын 29-ны өдөр Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын Тамгын газарт нягтлан хийдэг байсан  Т нь өөрийгөө шатааж амиа хорлосон хэрэг гарсан билээ. Тус хэрэг нь төрийн албан хаагчид ажлаасаа олноороо халагдах болсон нь ар гэрийн амьдралд нь ямар хүндээр тусч байгааг харуулсан юм. Энэ хэргийн дуулиан намдаж амжаагүй байхад тус аймагт дахин нэг иргэн өөрийгөө шатааж  амиа егүүтгэсэн хэрэг гарсан байна. Тодруулбал энэ сарын 16-наас 17-нд шилжих шөнө 02.00-03.00 цагийн орчимд Идэр сумын иргэн 46 настай Б гэгч эрэгтэй эзэнгүй байсан айлын гэрийг шатаж, угаартсан байдалтай амь насаа алджээ.

Эх сурвалжийн хэлж буйгаар тухайн айл эзэнгүй байсан гэнэ. Амиа егүүтгэсэн этгээд тус айлын тооноор нь орж өөрийнхөө амийг егүүтгэсэн байна. Хэргийг Завхан аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа аж.

Онцлох 30 ишлэл: Ж.Баатар: Ц.Нямдоржийг Хятадын тагнуултай уулзаж байсныг харсан гэрч, гэрэл зураг байгаа

ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Ж.Баатар “Б.Хурц хуулийнхныг хуурсаар байх уу” гэсэн гарчиг бүхий олон хуудас захидал бичсэн билээ. Хариуд нь УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж энэ сарын 14-ний өдрийн “Үндэсний шуудан” сонинд “Хуулийнхан өөрсдийхөө зохиосон “хавх”-нд өөрсдөө бүдэрч уналаа” хэмээх гарчигтай, мөн л олон хуудас нээлттэй захидлаа хэвлүүлсэн. Өчигдөр ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Ж.Баатар телевизийн ярилцлаганд орлоо. Түүний ярилцлагаас Онцлох 30 ишлэл бэлтгэн хүргэж байна.

  1. Би 1963 оны 4 дүгээр  сарын 13-нд анх Цагдаагийн байгууллагын Улсын онц чухал объяктыг хамгаалдаг салаанд ажилд орсон
  2. Тагнуулчаар амьдралаа холбоод нэлээд удсан. Анх 1978 оны тавдугаар сард өмнө Дорноговь аймгийн Нийгмийг аюулаас хамгаалах хэлтэст зүгийн цэрэг тагнуулын оюулыг судлах ажилд явсан.
  3. Тагнуулын сургуулийг Москвад төгссөн. Арван ажил ажлаад хөгширсөн хойноо сургууль төгссөн. Сөрөг тагнуулын дээд сургуулийг төгссөн.
  4. НАХЯ-ны дүн шинжилгээ мэдээллийн төвд ажиллаж байсан. НАХЯ-ны чиглэлээр улс орны гадаад дотоод нөхцөл байдал, сөрөг тагнуулын чиглэлээр авагдсан мэдээллээр судалгаа хийж, дүн шинжилгээ хийдэг байсан.
  5. 1990 оны 10 дугаар сарын 19-ны ТЕГ-ын дарга болсон. Тухайн үед Засгийн газрыг Бямбасүрэн удирдаж байсан. Тэр үе манай улсын нөхцөл байдал тун хүнд байсан.
  6. Намайг дарга болж байх үед лангуун дээр давснаас өөр юм байхгүй гэж ярьж байсан үе.
  7. Манай улсад  хүнсний хомсдол 1979 оноос л эхэлсэн.
  8. 1990 онд тагнуул аюулгүй байдлын нууц бичиг баримтыг ил болго гэж шаардаж байсан.
  9. Н.Багабандийг тагнасан хэрэгт би ямар ч холбоогүй.
  10. Хятадын тагнуулын Ли Мо авгайг техникийн аргаар тагнаж байсан юм билээ. Би ч мэдээгүй. Тухайн үед Ли Мо УИХ-ын дарга байсан  Б.Баганбандитай уулзсан юм билээ. Тэгээд тэр хоёрын яригдсан яриа бичигдсэн байсан. Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

Цаазын ял сонссон дараах гэмт хэрэгтнүүд Ерөнхийлөгчөөс өршөөл хүссэн этгээдүүд

Хүн буудсан бас барьцаалсан А.Бат-Ялалт

2015 оны  хоёрдугаар сарын 6-ны өдөр Налайх дүүргийн II хороо дахь банкны салбарт буун дуу хэдэнтээ гарч, нэг хүн амиа алдаж, нэг нь бэртсэн хэрэг гарсан билээ. 20 гаруй насны залуу банкны хамгаалагчид “Сурвалжлагч байна. Танай захиралтай уулзаж, ярилцлага авах гэсэн юм” гэж хэлээд захирал н.Туяагийн өрөөнд орж, түүний нөхрийн хэвлийд буудан зугтсан. Банкны захирлыг айлгаж мөнгө авах гэж буу тулгахад нь нөхөр нь урдуур нь орж ийнхүү хүнд шархадсан гэдэг. Бас түүний сум банкны ажилтны шүргэж гэмтээсэн юм.Хэвлийдээ хүнд шархатсан залууг нэн даруй Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэж, нарийн мэргэжлийн эмч нар зургаан цагийн турш мэс засал хийсэн боловч шархаа даалгүй нас барсан. Харин сэжигтэн А.Бат-Ялалтыг банкнаас гараад таксины жолоочийг барьцаалан зугтаж явахад нь Налайх дүүргийн ойролцоох Хонхор гэдэг газраас баривчилсан юм. 

Хадам эхээ хөнөөж, эхнэр хүүхдээ барьцаалсан Д.Энхээ


 2014 оны зургадугаар сарын 29-30-нд шилжих шөнө гарч, цагдаагийн байгууллагад 06.30 цагт дуудлага иржээ. Дуудлагын дагуу Хөдөлгөөнт эргүүлийн газрын алба хаагчид очиход тодорхой эрхэлсэн ажилгүй 25 настай Д.Энхээ гэгч 45 настай хадам эхийнхээ амийг хөнөөн, хадам эцэг, түүний хүү, 85 настай эмэг эхийг нь хүйтэн зэвсэг хэрэглэн хүнд гэмтээсэн байж. 

Найман настай охиныг хүчирхийлж, онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн Мөнх-Оргил

Найман настай охиныг хүчирхийлж, онц хэрцгийгээр амь насыг хөнөөсөн, мөн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бага насны гурван охиныг хүчиндэж, нэг охиныг хүчиндэхийг завдсан нь тогтоогдсон Н.Мөнх-Оргилын хэргийг гурван шатны шүүхээр хэлэлцэж, Дээд шүүхийн шүүх бүрэлдэхүүн цаазаар авах ял оноосон. Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-нд Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар оноосон цаазын ялыг хэвээр баталсан. Харин ялтан Н.Мөнх-Оргил Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан уучлал үзүүлэхийг хүсээд байсан билээ. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнд уучлал үзүүлж, цаазаар авах ялыг нь 30 жил болгон өөрчилжээ.

Бага насны охидыг хүчирхийлэгч Ц.Батдэлгэр


Говь-Алтай аймгийн Шарга сумын харъяат Ц.Батдэлгэр нь 2008 оны 12 дугаар сарын 16-ны өглөө 07 цаг 30 минутын үед тус аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн нутаг 40 жилийн өндөрлөг гэх хөшөөний дэргэд насанд хүрээгүй 17 настай Б-д хутга тулган айлган сүрдүүлж  хүчиндсэн. Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүх нь Ц.Батдэлгэрт холбогдох эрүүгийн хэргийг 2012 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хаалттай шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.4, мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.6, 91.2.12, 91.2.15, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсгүүдэд зааснаар насанд хүрээгүй охид эмэгтэйчүүдийг хүчиндэж, уг гэмт хэргээ нуун далдлахын тулд онц харгис хэрцгий аргаар М-г санаатайгаар амь насыг нь хохироосон, бусдын эд зүйлийг дээрэмдсэн, хүчиндэж алахыг завдсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял оногдуулжээ.

Дөрвөн хүний амийг хөнөөсөн Б.Эрдэнэбилэг

2009 онд архидан согтуурсны улмаас найзынхаа амийг хөнөөж, ээжийг нь хүчиндсэн, 2011 онд хамтран амьдарч байсан бүсгүйгээ эцэг, эхийнх нь хамтаар хөнөөсөн давтан хэрэгтэн Б.Эрдэнэбилэгт Баянзүрх дүүргийн шүүх түүнд цаазын ял оноосон билээ.

Онц харгис хэрцгий аргаар хүний амь санаатай алсан Ц.Жаргалбаяр

Ц.Жаргалбаяр нь согтуугаар 2011 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 1-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн гэртээ танхайн сэдэлтээр хохирогч У-г үл ялих зүйлээр шалтаглан хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэргийг үйлджээ. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ц.Жаргалбаярт холбогдох эрүүгийн хэргийг 2012 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан цаазаар авах ялыг хэвээр үлдээсэн билээ. 

Ц.Нямдорж: Нууцыг задалж байгаа нь намайг бус улсаа хорлож байна

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж өнөөдөр сэтгүүлчдийн сонирхсон асуултад мэдээлэл өглөө.

 -Засгийн газраас ямар учраас энэ концессын гэрээний асуудлыг оруулж ирж байгаа юм бол?

-ОУВС-тай хийж байгаа хөтөлбөрт концесстой холбоотой хэд хэдэн ноцтой тохиролцоо  байна. Нэгдүгээрт, өмнө нь хийгдсэн концессын гэрээнүүдэд аудитын шалгалт хийх, бодит санхүүжилт хийнэ гэсэн тохиролцоо. Хоёрдугаарт, ойрын хэдэн жил концессын гэрээг хийхгүй гэсэн тохиролцоо хийгдсэн байгаа юм. Төсвийн тодотгол хэлэлцэж байх үед хэд хэдэн концессын тухай асуудлууд яригдсан. Зарим концессыг сайд нар нь авч байгаа гэсэн яриа хэлэлцээр яваад байгаа. Түүнийгээ үнэн зөвөөр нь тодорхой болгохын тулд ажлын хэсэг гаргаж ёстой гэдэг санал би байнгын хорооны хурал дээр ч, бүлгийн хурал дээр ч хэлж байсан. Түүнээс гадна Засгийн газар байгуулагдсанаас хойш зөвхөн төрийн ажил, Засгийн газрын ажлаа хий, хувийн компанитай холбоотой ямар нэгэн яриа шийдвэр байж таарахгүй шүү гэдгийг Засгийн газар байгуулагдсан цагаас хойш хэлж байсан. Одоо ч энэ байр суурин дээрээ байгаа. Хэрвээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байгаа зүйл үнэн бол алдаагаа засах хэрэгтэй, Засгийн газар. МАН-ын бүлгээс ажлын хэсэг байгуулагдаад шалгалт явуулж байгаа. Энэ дүнг л хүлээх үлдэж байна. Энэ Засгийн газар хувийн сонирхлоос хол байж шударга байх ёстой гэсэн зарчимтай л байгаа юм.

-Өнгөрсөн парламентын үед УИХ “МАК” компанид давуу эрх олгон “Цагаан суварга”-ын ордыг олгосон. Гэтэл одоо дахиад зам, эрчим хүч гэх мэт бүтээн байгуулалтыг нь төрийн оролцоотой хийх нь зөв үү?

-Засгийн газрын гишүүн болсон тохиолдолд тэр хүний хувийн амьдралтай холбоотой асуудал ашиг, сонирхлын зөрчил гэх мэт хуулиудаар хязгаарлагдах ёстой. Одоо бол эрчим хүчний шугам, замаа өөрсдийн хөрөнгөөр барих ёстой, тэр МАК компани.

- Та УИХ-ын дэд даргын хувьд Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг хөндөх үү?

-УИХ-ын гишүүдийг нүүрсний арилжаанд оролцох оролцоог нь Ерөнхий сайд хаасан учраас гишүүд бухимдаж байна гэж концессын гэрээний асуудлыг мушгисан байсан. Бүлгийн хурал дээр ч, байнгын хорооны хурал дээр ч зөвхөн концессын гэрээнээс болж гишүүд бухимдсан, шүүмжилсэн, маргасан. Нэг концессын гэрээ хийгээд үнийн дүнг нь 4-5 дахин нэмдэг ноцтой асуудал өмнөх Засгийн газрын үед гаргасан. Тиймээс бид өмнөх Засгийн газрын алдааг давтахгүйн тулд концессын гэрээний асуудлыг шалгах нь зөв гэж үзэж байна. Гишүүд бухимдах нь зөв шүү дээ. ОУВС-ийн хөтөлбөрт орж байгаа бол ар хударгаар нь концессын гэрээг сайдад өгөх, үнийн дүнг нь нэмэх асуудал байж болохгүй.Ямар ч гэсэн ажлын хэсэг тэр концессын гэрээг нь шалгаж, нэгдсэн дүгнэлт гаргах биз.

-Тагнуулын газрын дарга байсан хүн таны талаар ноцтой мэдээллүүд хийсэн. Та энэ талаар тайлбар өгөх үү?

-Энэ бол миний санаа зовох асуудал биш. Баатар гэдэг хүн намайг Хятадын тусгай албанд элссэн, эх орноосоо урвасан гэж 25 жилийн ял тулгаад олон жил болж байна. Энэ хэргийг Тагнуулын байгууллага шалгаж, 2004 онд шүүх хурал болж Баатарыг гурван жилийн хорих ялаар шийтгэж байсан. Мөн өөрийнхөө гарын үсэгтэй төлөвлөгөөгөө Монгол Улсын Ерөнхий сайдын оролцоотойгоор Тагнуулын байгууллагын өөрийн хэрийнх нь тусгай ажиллагааны материалыг хулгайлж, задлаад, улсын нууц задруулсан хэргээр долоон жилийн ял авсан байдаг. Энэ хоёр ял нь нийлээд 10 жилийн хорих ялаа эдэлж байгаад гарсан. Би тэр ярилцлагыг нь үзсэн, их аюултай зүйл ярьж байсан. Тагнуулын газрын дарга байгууллагынхаа нууцыг хүртэл задалж байгаа нь намайг хорлох биш улсаа хорлож байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.  

Монгол Улс анх удаа сансрын хиймэл дагуултай боллоо

ABS-2A75e хиймэл дагуулыг MONGOLSAT-1 нэрээр тамгалан тунхаглах нээлт Шангри-ла зочид буудалд боллоо. Үүнийг  түүхэн үйл явдал хэмээн онцолж байна.  Ёслолын арга хэмжээний үеэр Монгол Улс өнөөдрөөс эхлэн сансар огторгуйд “Монголсат-1” нэртэй хиймэл дагуулыг  ашиглах болсон батламжийг “ABS” компанийн захирал Том Чой Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад гардууллаа.

MONGOLSAT-1 нь хиймэл дагуул нь 2017 оны нэгдүгээр сарын 28-наас сансрын тойрог замд ороод байгаа бөгөөд одооноос  манай улс ашиглаж эхэлж байна. 12x27 МГц-ийн багтаамж бүхий хүчин чадалтай хиймэл дагуулыг ашиглан Монгол Улсын хэмжээнд  100 суваг бүхий тоон телевизийн үйлчилгээ, харилцаа холбооны болон өндөр хурдны өргөн зурвасын үйлчилгээг онцгой хямд үнээр авах боломжийг бий болгож байна.

Батлан хамгаалахын сайд хариуцлага тооцох хугацаатай үүрэг өглөө

Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн шуурхай хуралдаан өнөөдөр болсон байна.Сайдын зөвлөлийн хуралдаанаас Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд 350 дугаар ангийн хээрийн дадлага сургалтын үеэр хоёр цэргийн алба хаагч амь үрэгдсэн ноцтой хэрэгт шууд хамаарал бүхий ажил хариуцсан албан тушаалтнуудад холбогдох  хуулийн дагуу хатуу хариуцлага тооцож гурав хоногийн дотор буюу 2017 оны 4 дүгээр сарын 21-ний дотор илтгэхийг Зэвсэгт хүчний Жанжин штаб /дэслэгч генерал Д.Даваа/- д үүрэг болгосон байна. Мөн цэргийн алба, сахилга, дэг журам, хөдөлмөрийн аюулгүй байдал, зэвсэг, галт хэрэгсэлтэй холбоотой зөрчил дутагдлуудыг таслан зогсоож, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Зэвсэгт хүчний Жанжин штабт хариуцуулсан байна. 

Гурван хүүхдийн амь аварсан цагдааг шагналаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын тушаалаар Архангай аймгийн Цахир сумын хэсгийн төлөөлөгч, ахлах дэслэгч У.Баяртогтохыг “Цагдаагийн алдар” тэмдгээр шагналаа.

Хэсгийн төлөөлөгч У.Баяртогтох энэ сарын 16-ны өдөр 18.00 цагийн орчимд Цахир сумын Тэрхийн гол орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахдаа усанд живэх аюулд өртсөн гурван хүүхдийн алтан амийг аварсан юм. Түүнийг эргүүлд гарсан өдөр гол дээр хүүхэд зогсч байгаа нь харагдсан байна. Дөхөөд очтол нэг хүүхэд нь мөсөн дээр зогсчихсон, нөгөө хоёр нь мөсөн дээр хэвтчихсэн байжээ. Тэднийг чангаар дуудсан ч хариу өгөөгүй учраас эрсдэлд орсныг таамаглаж, ус туулж очоод Цахир сумын иргэн Г.Эрдэнэбатын хамт хүүхдүүдийг өргөн машиндаа оруулсан байна. 

Мөсөн дээр зогсч байсан хүүхэд ухаантай байсан ч хүний асуултанд хариулах, орчноо мэдрэх чадваргүй, хөлдсөн байдалтай байжээ. Харин мөсөн дээр хэвтэж байсан хүүхдүүд тухайн үед ухаан алдаж, амнаас нь цагаан хөөс гарсан байж. Цахир сумын эмнэлгийнхэн яаралтай арга хэмжээ авснаар гурван хүүхдийн биеийн байдал сайжирчээ. Нутгийн иргэд болоод хүүхдүүдийн эцэг эх, ах дүү, хамаатан садан, цагдаагийн байгууллагын зүгээс гурван хүүхдийн амийг усанд үйх аюулаас аварсан хэсгийн төлөөлөгч У.Баяртогтоход талархал илэрхийлсээр байна.

Эхнэрээ заазуурдаж хөнөөсөн Өргөнталыг шүүх хурал хойшиллоо

Өнгөрсөн 2016 оны арванхоёрдугаар сарын 31-нд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух Хятад улсын иргэн Өргөнтал нь эхнэрээ зээ дүүгийнх нь хамт заазуурдаж хөнөөсөн хэрэг гарсан билээ. Мөн 13 настай дагавар хүүгийнхээ гарыг заазуураар цохиж хүнд гэмтээсэн юм. Түүнд хамаарах хэргийн  шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 11.00 цагт эхэлсэн ч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч биеийн байдал муу ирээгүй тул инйхүү ирэх сарын 08-ны өдөр хүртэл хойшлуулсан байна. Хоёр хүний аминд хүрсэн Хятад улсын иргэн Өргөнталыг шүүх хурал хойшилжээ.

Түүнд прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 91.2.2.танхайн сэдэлтээр, 91.2.6.өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор, 91.2.12.онц харгис хэрцгий аргаар, 91.2.15.хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, 91.2.16. хоёр буюу түүнээс олон хүнийг санаатай алсан хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлдээд буй. Хэрэв тэрээр гэм буруутай нь тогтоогдвол 15-25 жилээр хорих ялаар шийтгүүлэх юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ХаХаХа
Мөнх-Оргилын хэрэг ч сонин хэрэг дээ. Баатар тийм л мэддэг юм бол гаргаад тавь. Худлаа шантааж чинь еерее гэмт хэрэг гэдгийг энэ хогийн нехер еерее мэднэ дээ. Эхнэрээ албан тушаалаа ашиглан ажилд оруу
2017/04/22 182.160.37.59
  • Recent
  • Most Read
  • Most Comment