8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Өлзийтогтох: Мал эмнэлгийн таван үүргээс монгол улс нэгийг нь хэрэгжүүлдэг

2017-04-27 10:54:00

Монголын мал эмнэлгийн холбооны ерөнхийлөгч, “Биокомбинат” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйлдвэрлэл технологийн албаны дарга, ерөнхий эмч Ц.Өлзийтогтохтой ярилцлаа.

-Сүүлийн үед малын халдварт өвчин нэлээд ихсэх боллоо. Ингэж ихсээд байгаагийн шалтгаан үүдэл нь юу байна вэ?

-Монгол орон мал аж ахуйн орон учраас малын халдварт өвчин гарах тохиолдол байна. Өмнө нь гарч л байсан. Одоо ч гарч байна. Малын гоц халдварт өвчинтэй буруу тэмцсэнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд малын өвчлөл нэмэгдээд байна. Шинжлэх ухааны үндэслэлтэй, хууль эрх зүйн хүрээ, батлагдсан арга заавраа зөрччихсөн, энэ салбарын гол удирдлага ажлын байруудад нь мэргэжлийн бус мэргэжлийн мэдлэггүй, мэргэшлийн чадваргүй хүмүүс авч явж байгаатай холбоотой.  Малын гоц халдварт өвчний ихэнх нь вирусээр үүсгэгддэг. Сүүлийн жилүүдэд малын гоц халдвартаас гадна гоц бус ердийн халдварт өвчин буюу галзуу, бруцеллёз зэрэг өвчин их гарч байна. Үүнээс гадна халдваргүй паразит хорхойн өвчлөл нэмэгдэж байна. Яагаад гэвэл мэргэжлийн бодлого энэ салбарт байхгүй байгаатай холбоотой. Мэргэжлийн гэдгийг хүмүүс дипломтой бол мэргэжлийн гэж ойлгоод байна. Би энд дипломны тухай яриагүй. Малчны хотонд очиж ажиллаж, гарсан өвчинтэй хэрхэн яаж тэмцэх вэ, сэргийлж хамгаалах арга зам нь юу байна вэ гэдгийг нэг ч удаа хийж, бодож үзээгүй ажлын туршлагагүй хүмүүсийг л хэлж байна. Практикаас, үйлдвэрлэлээс малын хотноос төрдөг.  Үүнийг сайн ойлгож салбарын үйл ажиллагааг чиглүүлж, гаргаж буй заавар, зөвлөмжөө зөв дагах шаардлагатай байна. Мэргэжлийн мэдлэггүй, мэргэшээгүй хүмүүс ажиллаж байгаа нь малын гоц халдварт өвчин ихсэхэд нөлөөлж байгаа гол шалтгаан. Шүлхий өвчин яагаад гарах болов, хэзээ гараад байна зэргийг номын үндэслэлтэйгээр тогтоож түүнд тохирсон заавар, зөвлөгөөг өгч арга хэмжээ авч байж л өвчин багасна. 

Мэргэжлийн мэдлэггүй, мэргэшээгүй хүмүүс ажиллаж байгаа нь малын гоц халдварт өвчин ихсэхэд нөлөөлж байгаа гол шалтгаан. 

алыг халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд вакцин хийдэг. Мал вакцин хийхэд дархлаа тогтох уу?

-Тогтоно. Дархлаа тогтоох гэж л вакцин хийдэг. Гэхдээ хэзээ ямар малд юуны вакцин хийх нь чухал. Вакцин хийх хугацаа өөр өөр байна. Тухайлбал вирусийн гаралтай малын өвний вакциныг хүйтэн эхлэхтэй зэрэгцэн намар хийдэг. Харин бактер буюу нянгийн гаралтай малын өвчний вакциныг дулаан улирал эхлэхийн өмнө хийдэг.

-Манайхан малын халдварт өвчин гарахаар хорио цээрийн дэглэм тогтоодог. Энэ нь хэр зөв арга вэ?

-Хорио цээрийн дэглэм тогтоох нь зөв. Манайхан хэтэрхий том нутагт хорио цээрийн дэглэм тогтоодог.  Энэ нь буруу. Ингэхийн оронд тухайн халварт өвчин гарсан хот айл, сумын ойр орчимд хорио цээрийн дэглэм тогтоож вакцинжуулалт, халдваргүйжүүлэлт хийх ёстой. 

-Манай мал эмнэлгийн салбар 94 жилийн түүхтэй. Гэтэл өнөөдөр мал эмнэлгийн үндсэн таван үүргийнхээ нэгийг л хэрэгжүүлдэг гэж та сая ярилаа. Үүнд тайлбар өгнө үү? 

-Мал сүргийнхээ эрүүл гэдгийг баталгаажуулж чадахгүй, ингэж баталгаажуулах тогтолцоо байхгүй-

-Мал эмнэлгийн таван үүргээс монгол улс нэгийг нь хэрэгжүүлдэг. Дэлхий дээр мал эмнэлэг үндсэн таван үүрэг гүйцэтгэдэг. Монголд 94 жилийн түүхтэй мал эмнэлэг ганцхан үүрэг гүйцэтгэж ирсэн. Тэр нь амьтны эрүүл мэндийг хамгаалах. Өөрөөр хэлбэл, та нар малын өвчнөөс сэргийл, вакцин тарь, угаалга, хий, туулгалт хий гэж  тулгаж ярьж ирсэн. Таван үүргийн дөрвийг нь орхигдуулсан гэсэн үг. Дэлхий нийтээр мал эмнэлгийн салбар нь хүнсний аюулгүй байдал,  мал амьтны эрүүл мэнд, нийтийн эрүүл мэнд, гадаад, дотоод худалдаа, мал амьтны эрхийн асуудал гэх үндсэн таван том үүргийг хариуцаж ажилладаг. Мал руу эм тарьчихаар сүү, махаар нь дамжаад хүнийг хордуулдаг. Тэр нь хүнсний аюулгүй байдалтай холбогддог юм. Хүн малыг өсгөж үржүүлж байгаа гол үндэс нь хэрэглээ. Тэгэхээр мал эмнэлгийн үүргүүдээс хүнсний аюулгүй байдлыг нь манайх огт хэрэгсдэггүй. Тиймээс монголчууд халдвартай сүү ууж л байдаг, хортой мах идэж л байдаг. Өчигдөр ивомек тарьсан малаа өнөөдөр идэш болгон хэрэглэх жишээтэй. 

Дэлхий нийтээр мал эмнэлгийн салбар нь хүнсний аюулгүй байдал,  мал амьтны эрүүл мэнд, нийтийн эрүүл мэнд, гадаад, дотоод худалдаа, мал амьтны эрхийн асуудал гэх үндсэн таван том үүргийг хариуцаж ажилладаг.

-Ивомек тарьсан малын махыг хэдэн хоногт идэхгүй байх ёстой вэ?

-Малд ивомек тарьснаас хойш 28 хоногийн дотор идэж болохгүй. Монголд эрүүл мал зөндөө байна. Харин эрүүл гэдгийг баталгаажуулж чадахгүй байгаа юм. Үүний үндсэн шалтгаан нь малын махыг эрүүл гэдгийг мэдэхгүй, өчигдөр вакцин тарьсан тариагүйг мэддэггүй. Өөрөөр хэлбэл ямар ч баталгаа байхгүй. Иймээс гадаадын иргэд мах худалдаж авахаас татгалздаг. 

Монгол Улс махаа экспортолж чадахгүй байгаагийн нэг шалгаан нь мал сүргийнхээ эрүүл гэдгийг баталгаажуулж чадахгүй, ингэж баталгаажуулах тогтолцоо байхгүйгээс гадаадад зарж, борлуулж чадахгүй байгаа юм

-Махаа гадагшаа экспортлоход тулгамдаж буй өөр ямар асуудал юу байна вэ?

-Манайхан вакциныг эрүүлжүүлэх эм гэж хэлээд байгаа. Үнэн хэрэгтээ вакцин тарьж буй нь хөнгөн өвчлүүлээд эдгэрүүлж байгаа хэрэг. Харин гадаадынхан вакцин тарьчихсан малын мах авдаггүй. Хоёрдугаарт, эмийн замбараагүй хэрэглээтэй холбоотой. Өчигдөр ивомек тарьсан, уржигдар угаалга хийсэн, түүний урд өдөр туулга хийсэн малын маханд эмийн үлдэгдэл нэг, хоёр сар  хүртэл хугацаанд хадгалагддаг. Гадаадынхан үүнийг сайн мэднэ. Ер нь хүнийг хамгийн амар алж болох зүйл бол хүнс. Хүн төрөлхтөн иддэг уудгаасаа болж үхэж байна. Монгол Улс махаа экспортолж чадахгүй байгаагийн нэг шалгаан нь мал сүргийнхээ эрүүл гэдгийг баталгаажуулж чадахгүй, ингэж баталгаажуулах тогтолцоо байхгүйгээс гадаадад зарж, борлуулж чадахгүй байгаа юм. Өнөөдөр 60 гаруй сая малтай гэж яриад л сууж байна. Үүнээс харахад Монгол Улс малын тоо яриад л сууж байгаа. Цаашид малын тоо толгойны хойноос хөөцөлдөх биш  мал сүрэг нь эрүүл гэдгийг баталгаа гаргасан малчинтай байх ёстой. Уг нь малын махыг баталгаажуулах маш амар. Манай холбоо 10 гаруй жилийн өмнөөс өрхийн дэвтэр санаачлан хэрэгжүүлж ирсэн. Мал эмнэлгийн үйлчилгээ авдаг айлуудад байгаа байх. Түүнийг төгөлдөржүүлээд боловсронгуй болгоод “Малын эрүүл мэндийн дэвтэр” гаргаж болно. Үүнээс “Хот айл”-ын мал сүргийн эрүүл мэндийг баталгаажуулах зарчим хамгийн боломжтой нь. Нэг хотонд байгаа айлууд бэлчээр ус нэгтэй, малаа ээлжилж хариулдаг хүмүүс. Тэд малаа мал эмнэлгийн үйлчилгээнд хамруулж байгаагаа тэмдэглээд л, энэ мах мал эмнэлгийн ийм төрлийн үйлчилгээ төдийд  авсан малаас гаралтай гэдгийг баталгаажуулчих ёстой. Энэ тогтолцоог дэлхийн улс орнууд туршаад хэрэгжүүлчихсэн. Гэтэл манайд байдаггүй.

-Махыг нь гадагшаа экспортлох гэж байгаа малыг олон улсад жилийн өмнөөс бэлтгэдэг гэсэн. Манайд энэ зүй тогтол хэрэгждэг үү?

-Тухайн малын махыг гадагшаа экспортлох гэж байгаа бол хамгийн багадаа 6 сарын өмнөөс малаа бэлтгэж эхэлдэг. Дундаж хугацаа нь нэг жил байдаг. Манайд энэ зүй тогтол хэрэгждэггүй.Тэгээд 3, 5, 10 жилийн төлөвлөгөөтэй байх хэрэгтэй шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
D.oyunsuvd
mergejliin medleggui mergesheegui humuus gedeg mash unen shuu.tsaashdaa ch iim humuus mash iheer nemegdeh handlagatai baigaad setgel zobj ybdag daa
2017/04/29 112.72.11.67