8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Зөрчлийн тухай хууль өндрөө авч, 29-р сургуулийн захирал ажлаа өгч, ТОСК-ын дарга асан А.Гантулгыг баривчилсан өдөр

2017-04-27 18:45:00

Хүн бүр л хаврыг мөрөөдөж, мод бут гөлөглөн нахиалахыг тэсэн ядан хүлээж байгаа мэт. Цаг хугацаа гэдэг харвасан сум лугаа өнгөрдөг юм байна. Байгаль дэлхий сэргэж, өнгөө засахтай зэрэгцэн хүн бүрийн сэтгэл тэнийнэ. Арга ч үгүй биз. Хүн байгаль хүн байгаль хоёр хүйн холбоотой болохоор тэр. Хаврын улирал олон ааштай салхи шуурга нь төвөгтэй шүү гэж ярих хүмүүс бий. Гэтэл тэр сэвэлзэх салхи нь энэ ертөнцөд хавар ирж буй тод илрэл. Эрхэм уншигч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Үдэш бүрийн энэ цаг мөчид та бүхэнд хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

Ц.Элбэгдорж: Хэвлэлийн эрхийг боож болохгүй тиймээс энэ заалтыг бүр мөсөн авч хаях хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн худалдаанаар Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Зөрчлийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганы хуралдаанд оролцож, үг хэллээ. Тэрбээр "Төр аль болох яллах буруутгах талдаа бус хуулийн болон иргэдийн эрхийг хангаж ажилладаг. Харин дараа нь хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай бол энэ эрх нь төрд байдаг. Нэгэнт төрийн зүгээс шийдэж байгаа учраас төрийн талаа бус  албан тушаалтан эрх мэдэлтэний талаа буюу иргэд, аж ахуйн нэгж, бүтээн байгуулагчдынхаа талыг барьж шийддэг чиглэлийг барьж ажлаа хийе гэдгийг олон жил ярьж байгаа. Тиймээс ч энэ чиглэл рүүгээ анхаарч ажиллах байх гэж бодож байна.

Торгууль нэмлээ гэж нэлээн шуугилаа. Тэгээд гаргасан саналаа татаж авлаа гээд үндсэн санал нь үлдэж байна. Тиймээс үндсэн саналаа ч татаж авах хэрэгтэй. Улс төрийн албан тушаалтнууд гомдол гаргах эрхийг нь ч гэсэн хаах хэрэгтэй. УИХ-ын гишүүд өөрсдөө л биеэ зөв авч явж, үг хэлээ цэгнэх хэрэгтэй. Тийм байхад нийгмийн зүгээс гарч буй шүүмжлэл нь та нарт хэрэгтэй. Хэвлэлийн эрхийг боох байдал гарч болохгүй. Энэ заалтыг бүр мөсөн авч хаях хэрэгтэй. Ер нь улс төрчид энэ тал дээр гомдол гаргадаг эрхийг нь хүртэл хаах хэрэгтэй. Улс төрийн алба хашиж байгаа бол чиний хөлгөсөн хөл дээр үргэлж хүн гишгэлж байх болно гэдгийг санах хэрэгтэй. Харин буруу мэдээлэл гарсан бол түүнийгээ залруулах бүрэн боломжтой.

Хөрөнгө оруулалтын банкны хуультай холбоотой банкны хуульд өөрчлөлт оруулж байгаагийн цаана Монгол Улсын газар нутгийг, ашигт малтмалыг барьцаалах эрхийг олж авч байгаа хэрэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ бол Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах зүйл. Уг нь гадаадын банк санхүүгийн байгууллагыг Монгол Улсад оруулж ирэх бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр ярина гэдгийг онцгой анхаарах хэрэгтэй шүү".

Ц.Гарамжав: Би гүтгэлгийг нийгмийн гамшиг гэж үздэг

УИХ-ын чуулганы хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийг хэлэлцэж байна. Хуралдааны үеэр Ц.Гарамжав  Хууль зүйн байнгын хорооны хурал дээр гаргасан саналынхаа талаар тайлбар хийв.  Тэрбээр “Хууль зүйн байнгын хоороон дээр санал оруулсан хүний нэг нь бий байна. Зөрчлийн хуульд хувь хүнийг хоёрхон сая төгрөгөөр гүтгэж болно гэдэг утга санаа орж ирээд байсан тул торгуулийн хэмжээг нэмсэн. Би гүтгэлгийг нийгмийн гамшиг гэж үздэг.  Эрүүгийн хуульд хэвлэлийн эрх чөлөөг хамгаалсан чухал зүйл заалт байдаг. Баривчлах хүртэл арга хэмжээ авдаг юм билээ. Санал гаргаснаас хойш олон иргэд надтай уулзсан. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлагуудыг ирж уулзаж, санал бодлоо солилцохыг хүссэн. Гэхдээ цөөн хүн уулзсан. Би торгууль нэмэх саналаа албан ёсоор татаж байгаа мэдэгдэж байна. Гэхдээ намайг дэмжсэн сэтгүүлчид болоод тойргийн хүмүүст талархаж байгаагаа илэрхийлмээр байна" гэлээ.

29-р сургуулийн захирал Б.Батсайхан ажлаа хүлээлгэн өглөө

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 29-р тусгай дунд сургуулийн захирал Б.Батсайханыг ажлын хариуцлага алдсан гэх шалтгаанаар ажлаас нь халах шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга гаргасан. Энэ шийдвэрийн дагуу өнөөдөр Б.Батсайхан  захирал ажлаа хүлээлгэн өгөх байсан ч ажлаа өгөхгүй, жагсаал цуглаан зохион байгуулна хэмээн нэлээд эсэргүүцэл үзүүлсэн байна. Б.Батсайхан захирал ажлаа өгөхгүй хэмээн нэлээд эсэргүүцсэн ч дөнгөж сая ажлаа хүлээлгэн өглөө.  Ингээд түүний оронд тус сургуулийн дохионы хэлний  багш Н.Сарантуяаг түр орлон гүйцэтгэгчээр томилсон билээ.

Зургаан настай хүү галаас дүү, эмээгээ аварчээ

Баянхонгор аймгийн Шинэжинст суманд 2017 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр 3-р багийн нэг айлын хоёр гэр шатсан мэдээллийн мөрөөр тус сумын ИТХ-ын дарга Д.Готовдоржоос тодрууллаа. Энэ сарын 21-ний баасан гаригийн 20:30 цагийн үед Шинэжинст сумын төвд иргэн Базаррагчаагийн хашаанд гал гарчээ. Гал гарсан тухай мэдээллийг авсан даруйдаа Шинэжинст сумын ИТХ-ын дарга Д.Готовдорж нарын хүмүүс тухайн айлд очиход хашаандаа гурван гэртэй, хоёр гэр шатсан, нэг гэрийг хажуу айлынх нь хашаа руу давуулж шидэлж зөөсөн байдалтай байв. Тухайн орой Шинэжинст сумын соёлын төвд төвөөс тоглолт иржээ. Гэрийн эзэгтэй хоёр хүүхдээ хөл муутай эмээтэй нь үлдээгээд явсан байна. Том хүү Э.Жадамба зургаан настай, түүний дүү дөрвөн настай. Эмээ нь тэргэнцэртэй, бие дааж алхаж чаддаггүй. Ийм гурван хүн тэр орой ороо засч, ах дүү хоёр унтахаар хувцсаа тайлсан байна. Яг энэ үед гэнэт гал гарч, хөл муутай эмээ нь сандарч гал унтраахаар байдаг чадлаа шавхан оролдож, энэ хооронд тоглолт үзэхээр явсан охин руугаа утасдаж амжжээ. Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

Байлдагч Ж.Баярцогтыг шийтгэж, гэмтээсэн хэрэг шүүхэд шилжив

Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт өнгөрсөн нэгдүгээр сарын 24-25-нд шилжих шөнө 04-05 цагийн хооронд Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн дэд ахлагч Э.Э нь байлдагч Ж.Б, Т.Н, С.С, Г.Б нарыг хүйтэн цемент дээр хөл нүцгэн гүйлгэж, хүйтэн ус цацаж шийтгэсэн хэрэг гарсан билээ. Улмаар байлдагч Ж.Баярцогт хөлийнхөө 9 хурууг тайруулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болоод байгаа. Одоо тэрбээр дүүгийн хамт байр түрээслэж амьдарч байгаа аж. Байлдагчийг ийм байдалд оруулсан дэд ахлагч Э.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 277 дугаар зүйлийн 277.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Тус хэргийг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас хэргийг энэ сарын 14-нд аймгийн прокурорын газарт шилжүүлж, прокурор шүүхэд шилжүүлсэн байна.

Ц.Өлзийтогтох: Мал эмнэлгийн таван үүргээс монгол улс нэгийг нь хэрэгжүүлдэг

Монголын мал эмнэлгийн холбооны ерөнхийлөгч, “Биокомбинат” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйлдвэрлэл технологийн албаны дарга, ерөнхий эмч Ц.Өлзийтогтохтой ярилцлаа.

-Сүүлийн үед малын халдварт өвчин нэлээд ихсэх боллоо. Ингэж ихсээд байгаагийн шалтгаан үүдэл нь юу байна вэ?

-Монгол орон мал аж ахуйн орон учраас малын халдварт өвчин газар тохиолдол байна. Өмнө нь гарч л байсан. Одоо ч гарч байна. Малын гоц халдварт өвчинтэй буруу тэмцсэнтэйгээр холбоотойгоор сүүлийн жилүүдэд малын өвчлөл нэмэгдээд байна. Шинжлэх ухааны үндэслэлтэй, хууль эрх зүйн хүрээ, батлагдсан арга заавраа зөрчихсөн, энэ салбарт мэргэжлийн бус хүн ажиллаж авч явж байгаатай холбоотой. Малын гоц халдварт өвчний ихэнх нь вирусээр үүсгэгддэг.  Сүүлийн жилүүдэд малын гоц халдвартаас гадна ердийн халдварт өвчин буюу галзуу, бруцеллёз зэрэг өвчин их гарч байна. Үүнээс гадна халдваргүй паразит хорхойн өвчлөл нэмэгдэж байна. Яагаад гэвэл мэргэжлийн хүн энэ салбарт ажиллахгүй байгаатай холбоотой. Мэргэжлийн гэдгийг хүмүүс дипломтой бол мэргэжлийн гэж ойлгоод байна. Би энд дипломны тухай яриагүй. Малчны хотонд очиж ажиллаж, гарсан өвчинтэй хэрхэн яаж тэмцэх үү, сэргийлж хамгаалах арга зам нь юу байна вэ гэдгийг нэг ч удаа хийж, бодож үзээгүй ажлын туршлагагүй хүмүүсийг л хэлж байна. Жинхэнэ мэргэжилтэй, мэргэшсэн хүмүүс малын хотноос төрдөг юм. Үүнийг сайн ойлголж салбарын үйл ажиллагаа чиглүүлж, гаргаж буй заавар, зөвлөмжөө зөв тодорхойлох шаардлагатай байна. Мэргэжлийн мэдлэггүй, мэргэшсэн хүмүүс ажиллаж байгаа нь малын гоц халдварт өвчин ихсэхэд нөлөөлөж байгаа гол шалтгаан үндэс. Яагаад гэвэл шүлхий өвчин яагаад гарах болов, хэзээ гараад байна, Галзуу өвчин ихсээд байгаагийн шалтгаан зэргийг газар дээр нь очиж ажиллаж тогтоож түүнд тохирсон заавар, зөвлөгөө, арга хэмжээ авч байж өвчин багасна. 

Мэргэжлийн мэдлэггүй, мэргэшсэн хүмүүс ажиллаж байгаа нь малын гоц халдварт өвчин ихсэхэд нөлөөлөж байгаа гол шалтгаан үндэс.

алыг халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд вакцин хийдэг. Мал вакцин хийхэд дархлаа тогтох уу?

-Тогтоно. Дархлаа тогтоох гэж вакцин хийдэг. Гэхдээ хэзээ ямар малд юуны вакцин хийх нь чухал. Вакцин хийх хугацаа өөр өөр байна. Тухайлбал вирусийн гаралтай малын өвний вакциныг хүйтэн эхлэхтэй зэрэгцэн намар хийдэг. Харин бактер нянгийн гаралтай малын өвчний вакциныг дулаан улиралд хийдэг.

-Манайхан малын халдварт өвчин гарахаар хорио цээрийн дэглэм тогтоодог. Энэ нь хэр зөв арга вэ?

-Хорио цээрийн дэглэм тогтоох нь зөв. Манайхан бүхэлд нь хорио цээрийн дэглэм тогтоодог. Ингэхийн оронд тухайн халварт өвчин гарсан сум, аймгийн ойр орчимд халдваргүйжүүлэлт хийх ёстой. 

-Манай мал эмнэлгийн салбар 93 жилийн түүхтэй. Гэтэл өнөөдөр мал эмнэлгийн үндсэн таван үүргийнхээ нэгийг л хэрэгжүүлдэг гэж та сая ярилаа. Үүнд тайлбар өгнө үү? 

-Мал эмнэлгийн таван үүргээс монгол улс нэгийг нь хэрэгжүүлдэг. Дэлхий дээр мал эмнэлэг үндсэн таван үүрэг гүйцэтгэдэг. Монголд 93 жилийн түүхтэй мал эмнэлэг ганцхан үүрэг гүйцэтгэж ирсэн. Тэр нь амьтны эрүүл мэндийг хамгаалах. Өөрөөр хэлбэл, та нар малын өвчнөөс сэргийл, вакцин тарь, угаалга, хий, туулгалт хий гэж л ярьж ирсэн. Таван үүргийн дөрвийг нь орхигдуулсан гэсэн үг. Дэлхий нийтээр мал эмнэлгийн салбар нь хүнсний аюулгүй байдал,  мал амьтны эрүүл мэнд, нийтийн эрүүл мэнд, гадаад, дотоод худалдаа, мал амьтны эрхийн асуудал гэх үндсэн таван том үүргийг хариуцаж ажилладаг. Мал руу эм тарьчихаар сүү, махаар нь дамжаад хүнийг хордуулдаг. Тэр нь хүнсний аюулгүй байдалтай холбогддог юм. Хүн малыг өсгөж үржүүлж байгаа гол үндэс нь хэрэглээ. Тэгэхээр мал эмнэлгийн үүргүүдээс хүнсний аюулгүй байдлыг нь манайх огт хэрэгсдэггүй. Тиймээс монголчууд халдвартай сүү ууж л байдаг, хортой мах идэж л байдаг. Өчигдөр ивомек тарьсан малаа өнөөдөр идэш болгон хэрэглэх жишээтэй. 

Дэлхий нийтээр мал эмнэлгийн салбар нь хүнсний аюулгүй байдал,  мал амьтны эрүүл мэнд, нийтийн эрүүл мэнд, гадаад, дотоод худалдаа, мал амьтны эрхийн асуудал гэх үндсэн таван том үүргийг хариуцаж ажилладаг.

-Ивомек тарьсан малын махыг хэдэн хоногт идэхгүй байх ёстой вэ?

-Малд ивомек тарьснаас хойш 28 хоногийн дотор идэж болохгүй. Монголд эрүүл мал зөндөө байна. Харин эрүүл гэдгийг баталгаажуулж чадахгүй байгаа юм. Үүний үндсэн шалтгаан нь малын махыг эрүүл гэдгийг мэдэхгүй, өчигдөр вакцин тарьсан тариагүйг мэддэггүй. Өөрөөр хэлбэл ямар ч баталгаа байхгүй. 

Монгол Улс махаа экспортолж чадах байгаагийн нэг шалгаан нь мал сүргийнхээ эрүүл гэдгийг баталгаажуулж чадахгүй, ингэж баталгаажуулах тогтолцоо байхгүйгээс гадаадад зарж, борлуулж чадахгүй байгаа юм

-Махаа гадагшаа экспортлоход тулгамдаж буй асуудал юу байна вэ?

-Манайхан вакциныг эрүүлжүүлэх эм гэж хэлээд байгаа. Үнэн хэрэгтээ вакцин тарьж буй нь хөнгөн өвчлүүлээд эдгэрүүлж байгаа хэрэг. Харин гадаадынхан вакцин тарьчихсан малын мах авдаггүй. Хоёрдугаарт, эмийн замбараагүй хэрэглээтэй холбоотой. Өчигдөр ивомек тарьсан, уржигдар угаалга хийсэн, түүний урд өдөр туулга хийсэн малын маханд эмийн үлдэгдэл нэг, хоёр сарын хугацаанд хадгалагддаг. Гадаадынхан үүнийг сайн мэднэ. Ер нь хүнийг хамгийн амар алж болох зүйл бол хүнс. Хүн төрөлхтөн иддэг уудгаасаа болж үхэж байна. Монгол Улс махаа экспортолж чадах байгаагийн нэг шалгаан нь мал сүргийнхээ эрүүл гэдгийг баталгаажуулж чадахгүй, ингэж баталгаажуулах тогтолцоо байхгүйгээс гадаадад зарж, борлуулж чадахгүй байгаа юм. Өнөөдөр 60 гаруй сая малтай ярриад сууж байна. Үүнээс харахад Монгол Улс малын тоо яриад л сууж байгаа. Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

Эрдэнэт үйлвэрийн захирал хэдэн төгрөний цалин авдаг вэ: Ц.Ням-Осор VS Х.Бадамсүрэн

Өнгөрсөн жилээс эхлэн Эрдэнэт үйлдвэрийн асуудал дуулиан дэгдэж, өнөөдрийг хүртэл асуудал нь намжаагүй байна. Энэхүү маргаан Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл намжихгүй нь бололтой. Дайны хажуугаар дажин гэгчээр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдсантай холбоо маргаан дуусаагүй байхад Эрдэнэт үйлдвэрийн шинэхэн захирал Х.Бадамсүрэн болон туслахуудын цалин гал дээр тос нэмэв. Энэ сарын 04-ны өдөр Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн хурал болж,  гүйцэтгэх захирлын цалинг 25 сая төгрөг болгосон билээ. Энэхүү мэдээллийг баталгаажуулж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга   Ц.Ням-Осор мэдээлэл хийж “Эрдэнэт үйлдвэрийн захирлын цалинг 25 сая төгрөг болгосон үнэн. Харин ч энэ мөнгө бага мөнгө” хэмээн хэлж олны чихийг дэлдийлгээд авсан. Хэвлэлээр Х.Бадамсүрэн захирлын цалин болон, машин худалдаж авсан баримт, байрандаа супер засвар хийсэн гэсэн мэдээлэл ил болоод байгаа. Тодруулбал,

  1.   /04 сарын 03-нд/ Улаанбаатар хот дахь “Эрдэнэт” үйлдвэрийн төлөөлөгчийн газарт хууль бусаар байгуулагдсан ТУЗ анхны хурлаа хийсэн. Тус хурлаар ТУЗ-ийн хурлаар гүйцэтгэх захирлын цалинг 25 сая төгрөг болгов. Гэхдээ үүнд урамшуулал, нэмэлт цалин ороогүй. 
  2.  Үүнээс гадна Х.Бадамсүрэн захирал ажлаа авангуутаа 01 тоот тушаалаараа өөрийн хэрэгцээнд зориулж 300 сая төгрөгөөр автомашин худалдан авахыг үүрэгдсэн нь баримтаар гарч ирсэн.  
  3.  Мөн байрандаа 24 саяар засвар хийлгэсэн баримт өмнө ил болж байсан.Харин байраа тохижуулахад 180 саяар тансаг тавилгууд худалдан авсан мэдээллийг нууцалж байв. Х.Бадамсүрэн ажлаа авснаас сарын дараа энэхүү өөрийн тансаглалд зориулсан 180 сая төгрөгийн үнийн дүнтэй гэрээнд гарын үсгээ зурсан төдийгүй бүх баримт ил болоод байгаа. Дээр дурьдсан гурван баримт ил болоод байгаа.  

Харин өчигдөр Эрдэнэт үйлдвэрийн захирал Бадамсүрэн  мэдээлэл хийж миний цалин 25 сая биш 3 сая төгрөг хэмээн хэлж олныг төөрөгдөлд оруулав. Ингээд бид Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор болон Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн нарын хэлсэн цалингийн хэмжээний талаар  мэдээлэл хүргэх үүднээс  VS булангаараа онцолж байна. 


Ц.НЯМ-ОСОР: Х.БАДАМСҮРЭН ЗАХИРЛЫН САРЫН ЦАЛИНГ 10 МЯНГАН ДОЛЛАР БУЮУ 24 САЯ 500 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОГТООСОН НЬ ХАРИН Ч БАГА МӨНГӨ


 “Х.Бадамсүрэнгийн эдлэх эрх хангамжаас арван төрлийг хассан. Эрдэнэт үйлдвэрийн гүйцэтгэх захирлын сарын цалинг 10 мянган доллар буюу 24 сая 500 мянган төгрөгөөр тогтоосон нь харин ч бага мөнгө. Түүнд сард 24,5 сая төгрөгийн цалин, түр амьдрах байр, унах унаа, гэрээ дуусч буцах үед нүүх зардал, энэ дөрвийг л үйлдвэрийн мөнгөнөөс гаргахыг зөвшөөрсөн. Хуулиар буруудвал хариуцлагыг би биш Монголын төр хүлээнэ. Би бол гүйцэтгэгч. Машин авсан төрийн компанийн захирал байхгүй байхад “Эрдэнэт”-ээс нэг гараад ирсэн. Засгийн газрын тогтоол зөрчиж байгаа гэсэн асуудал л яригдаж байгаа.ТУЗ өөрсдийнхөө цалинг 4000 ам.доллараар тогтоох санал оруулж ирсэн гэдэг нь бол үнэн. Гэхдээ би үүнийг шийдвэрлэхгүй. Засгийн газрын эрх мэдлийн асуудал.

Х.БАДАМСҮРЭН:  БИ ӨНӨӨДӨР ТОГТООЖ ӨГСӨН ГУРВАН САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНГ АВЧ БАЙГАА


“Эрдэнэт үйлдвэр” хэмнэлтийн бодлогоо барьж ажиллаж байгаа. Манай үйлдвэр хоногт 1,5 сая ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Ерөнхий захирлын тавилга, машин ч гэх шиг асуудал байна. Машины хувьд “Эрдэнэт үйлдвэр”–ийн өмнөх захирал “Лексус-570” унаж байсан юм байна лээ. Би арваннэгдүгээр сарын 30-нд ажлаа авсан. Гэтэл энэ машины асуудал арваннэгдүгээр сарын 20-ны үеэр яригдсан юм байна лээ.  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэрээр“Эрдэнэт үйлдвэр”–ийн өмнөх захирлын машин өөр газар шилжих болж, түүний оронд шинэ машин авах болсон. Шинэ машин авах үе нь миний ажил авсан үетэй таарсан хэрэг. Түүнээс Ц.Даваацэрэн захирал үргэлжлүүлээд ажилласан ч гэсэн энэ машиныг унах байсан, Дорж очсон ч шинэ машин унах байсан. Тиймээс миний хувьд тансагладаг, машин унаа үзээгүй мэт хандсан зүйл байхгүй. Надад тансагласан асуудал байхгүй. Намайг ам.доллараар цалин авдаг гэж мэдээлсэн. Тийм асуудал байхгүй. Би өнөөдөр тогтоож өгсөн гурван сая төгрөгийн цалинг авч байгаа. ТУЗ-ын цалин хөлсийг миний цалинтай хамт яриад байсан. Бид “Эрдэнэт үйлдвэр”-ээс ам.доллар байтугай нэг ч төгрөгийн цалин хөлс аваагүй хэмээн хэлсэн. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга нь өөрийн биеэр хэвлэлийн хурал хийхдээ Эрдэнэт үйлдвэрийн гүйцэтгэх захирлын сарын цалинг 10 мянган доллар буюу 24 сая 500 мянган төгрөгөөр тогтоосон нь харин ч бага мөнгө хэмээн хэлээд байхад Х.Бадамсүрэн захирал надад тансагласан зүйл байхгүй хэмээн гүрийв.  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас түүнийг цалинг 24 сая 500 мянган төгрөг тогтоочихсон гээд байхад түүнээс найм дахин бага буюу 3 сая төгрөгний цалин авдаг хэмэн мэнчийж улайрч, мэнэрч зүтгэх юм. Х.Бадамсүрэн захиралд “үнэн” юм гэж байна уу. 

 ТОСК-ын дарга асан А.Гантулгыг баривчилжээ

Төрийн орон сууцны корпораци /ТОСК-ийн дарга асан А.Гантулгыг энэ сарын 25-ны өдөр Авлигатай тэмцэх газраас баривчлан, 461-р ангид хорьжээ. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр барьж хорьсон байна. 
Албан бус эх сурвалжийн хэлж буйгаар олон тэрбум төгрөгийг хувьдаа завшсан учраас ийнхүү АТГ-аас шалгаж, саатуулаад байгаа гэв. 

ГХЯ: Нурангид дарагдсан манай хоёр иргэний биеийн байдал хэвийн байна

Өмнөд Солонгос улсын Сөүл хотын Кангнам дүүрэг дэхь нэгэн барилга дээр ажиллаж байсан Монгол улсын иргэн А, Б нар энэ сарын 22-ны өдөр буюу өнгөрсөн Бямба гаригт барилгын нурангид дарагдсан хэрэг гарсан билээ.  Уг  ослын талаар  Гадаад харилцааны яамны Консулын газраас тодруулахад “ 2017 оны  дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Сөүл хотын Каннам дүүргийн Ёгсам хороололд Монгол Улсын  хоёр  иргэн таван давхар барилга нураах үеэр ус цацаж байгаад нурангинд дарагдсан хэрэг гарсан. Гарсан ослын улмаас Солонгосын холбогдох байгууллагууд шуурхай ажиллаж, манай хоёр иргэнийг нурангиас гаргаж авсан. Улмаар  ойролцоох "Каннам Северанс" болон "Самсунг" эмнэлэгт хүргэж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Өнөөдрийн байдлаар нурангид дарагдсан манай хоёр иргэний биеийн байдал хэвийн. Хүнд бэртэл аваагүй.  Түргэн тусламж авсан эмнэлэгт эмчилгээг нь үргэлжлүүлэн хийлгэж байгаа” гэв. 

2017 оны  дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Сөүл хотын Каннам дүүргийн Ёгсам хороололд Монгол Улсын  хоёр  иргэн таван давхар барилга нураах үеэр ус цацаж байгаад нурангинд дарагдсан хэрэг гарсан. 

Харин Солонгос улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр "Монгол улсын иргэн А, Б нар нь осол гардаг өдөр Кангнам дүүрэг дэх таван давхар барилгыг нураах ажлыг хийж байсан. Тухайн барилга нь доошоо гурван давхар, дээшээ таван давхар ба осол гарах үед бага оврын эксковатор нь нэгдүгээр давхрын ханыг нурааж байсан бол Монгол залуус нураалтаас үүсэх тоосыг багасгах зорилгоор хана руу ус цацаж байжээ.

Гэвч нэгдүгээр давхрын шал ачааллаа даалгүй доош нурсны улмаас Монгол залуусын дээр барилгын нуранги унаж, тэдний биеийн 50 хувь нь нурангид дарагдсан байна. Осол гарсанаас хойш тус бүр 1 цаг 30 минут, 3 цаг 30 минутын дараа аварч ойролцоох эмнэлэгт хүргэжээ. Одоогийн байдлаар холбогдох шинжилгээг хийлгэж, эмчлүүлж байгаа аж. Осол гарах үед барилгын нураалт 60 хувийн гүйцэтгэлтэй байсан ба ослын шалтгааныг тодруулахаар холбогдох байгууллагууд ажлаа эхэлсэн” гэж онцолсон байна. 

Осол гарах үед барилгын нураалт 60 хувийн гүйцэтгэлтэй байсан ба ослын шалтгааныг тодруулахаар холбогдох байгууллагууд ажлаа эхэлсэн” гэж онцолсон байна.

Дашрамд дуулгахад, дэлхийн 75 улсад Монгол Улсын 144500 иргэн ажиллаж амьдардаг аж. Үүнээс БНСУ-д хамгийн олон буюу 36000 монгол иргэн ажиллаж амьдарч байна. Энэ оны нэг сарын байдлаар БНСУ-д Монгол, Индонез, Хятад, Вьетнам, Тайланд, Бангладеш зэрэг 16 орны нийт 272739 ажилчид хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа юм байна. Манай улсын 7437 гэрээт ажилчин ажиллаж байна. Түүнчлэн БНСУ-д манай улсаас сурч байгаа-2788, Сургалт хэлний бэлтгэлд-3307, Бизнесийн чиглэлээр 55, тусгай үйл ажиллагаа эрхлэгч-182, солонгос иргэнтэй гэр бүл болсон 1742 иргэн зэрэг нийт 36000 иргэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл