8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр Энэтхэгийн багт очиж, Хордсон иргэдийн уусан архинд шинжилгээ хийсэн өдөр

2017-05-04 18:47:36

Хүний амьдралын аз жаргал хаана байдаг юм бол. Хаана  байгааг мэдэхгүй хэрнээ тэр аз жаргалыг бүгд л хүлээдэг. Аз жаргалын төлөө тэмүүлж амьдардаг. Энэ ертөнц тэр чигээрээ л аз жаргалын эрэл. Аз жаргалыг хайж амьдарч байгаа түм, буман хүмүүсээр дүүрэн. Хүн зовлонгоо ярих мөртлөө аз жаргалтай байгаагаа барагтай бол анзаардаггүй. Тэгвэл таньд зөвлөхөд аз жаргалыг алсаас бүү хай, аз жаргал таны дэргэд байгаа шүү. 

Аз жаргал гэж юу вэ?
Хийж бүтээснээ эргэж хараад хоолой зангиран баярлах тэр агшинг
Хөдөө нутгийнхаа тал дээгүүр хөл нүцгэн таваргах тэр мөчийг
Хөдсөн дээлэнд хөрвөөчихөөд хөөстэй баананд суух тэр агшинг
Халуун янагийн дарс хормой дор буудах тэр хормыг аз жаргал гэнээ.
 Халуун ам бүлээрээ  бүгдээрээ хамтдаа амьдрах тэр амьдралыг
Хөнгөн хөгжмийн эгшигт гуниглан суухдаан ухаарсан тэр ухаарлыг
Хөөрхөн сайхныг хослуулан төрөөд дурлалын галд оч болон үсчихийг
Хосоор туулах амьдралд халж хөрсөн тэр сэтгэлийг ч аз жаргал гэнэ. Аз жаргалтай хүн бүрт зориулсан Монголын нэг өдөр тоймоо хүргэж гэж байна. Тойм мэдээлэлээ хүлээн авна уу.

Амлалтаа биелүүлдэггүй М.Энхболд, төмөр замын хэргээр шалгагдаж байгаа Х.Баттулга нар нэр дэвшинэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болно. Энэ удаагийн сонгуульд МАН, АН, МАХН гэсэн гурван нам нэр дэвшигчээ сойх эрхтэй. Одоогийн байдлаар МАН, АН Ерөнхийлөгчийн сонгуульд сойх хүнээ тодруулсан. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас М.Энхболд нэр дэвшихээр болсон бол АН-аас Х.Баттулга нэр дэвшихээр боллоо. Харин МАХН-ынхан маргааш хуралдаж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнээ тодруулна.

АМЛАЛТАА БИЕЛҮҮЛДЭГГҮЙ М.ЭНХБОЛД  НЭР ДЭВШИНЭ

Өчигдөр МАН бага хурлаа хийж нэр дэвшигчээ тодруулсан. Хуралдаанаар нийт хоёр асуудал хэлэлцсэн юм. Эхнийх нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах асуудал байсан. Тус намын Удирдах зөвлөл УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нарын нэрийг дэвшүүлж Бага хурлын гишүүд М.Энхболдыг дэмжсэн юм. Санал хураалтын дүнгээр М.Энхболд 237, Ц.Нямдорж 27 хүний санал авч илт давуу байдлаар ялсан билээ. Ингээд МАН-ын дарга М.Энхболд анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхээ авлаа. Түүний хувьд монголын улс төрд 25 жил ажилласан туршлагатай нэгэн. Харин ард түмэн энэ удаад МАН-аас  Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа М.Энхболдыг дэмжих эсэх нь эргэлзээтэй. МАН-ынхан нэг жилийн өмнө УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ ард түмэндээ өгсөн амлалтандаа эхнээсээ мартаж эхэлсэн. Ингээд бид эргэн сануулах үүднээс МАН-ын ард түмэндээ амласан гол гол амлалтыг хүргэж байна.

  • МАН төсвийг хэмнэлтийн горимд оруулж, төсвийн алдагдлыг нөхөхийн тулд зээл авахаас татгалзана.
  • МАН нам ялбал дараагийн дөрвөн жилд шинээр татвар авахгүй, татвар нэмэхгүй гэсэн бодлого баримталж байна
  • Бизнесийн орчинг сайжруулах, бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого баримталж, жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс  бага орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгоно
  • Цалин, тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлнэ

Тэд нэг жилийн өмнө ийм гол амлалтууд өгч байлаа. Гэтэл өнөөдөр манай улс ОУВС-аас зээл авахгүй бол цаашаа явах боломжгүй болсон хэмээн МАН-ын гишүүд мэдээлэл хийж, ямар ч аргаар хамаагүй зээл авна гэдгээ ч хэлсэн. Мөн үүнээс гадна МАН татвар нэмэхгүй гэсэн амлалт  өгсөн. Гэтэл энэ амлалт эсрэгээрээ болж долоон төрлийн татварыг нэмсэн. Гурав хоногийн өмнөөс гэхэд ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахын тулд гурван төрлийн татвар нэмсэн. Тодруулбал, Хадгаламжийн хүүгийн орлого,  Импортын тамхи,  Автомашины онцгой албан татваруудыг нэмээд байна. Захын амлалтыг эргэн харахад ийм байна. Ингээд  амлалтаа биелүүлдэггүй М.Энхболд дарга нэр дэвшиж өрсөлдөнө. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Д.Бэгзжав: Бурхан халдун хайрхантай холбоотой лицензүүд далд хэлбэрээр нууцлаг байдаг

Хамаг монголын овоо, ураг удмын нэгдсэн эвлэлийг үүсгэн байгуулагч Д.Бэгзжавтай ярилцлаа. 

-Бурхан Халдун хайрхны босгын даваа, үүд мод гэж хүн явах хязгаарыг тогтоож өгсөн байдаг. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Манай монголчууд эрт дээр үеэс хэзээч өвөг дээдсийнхээ шарилыг хөнддөггүй. Ёс хүндэтгэлтэй хандаж дээгүүр нь алхдаггүй байсан. Одоо ч тийм байна. Өнөөдөр Бурхан Халдун ууланд маш олон өвөг дээдсийн онгон буюу онгодууд байдаг. Бурхан Халдун уулан дээр гарна гэдэг өвөг дээсийнхээ шарил дээр гишгэж, алхаж байгаатай адил. Гэтэл энэ уулыг ухах гэж яриад явж байгаа нь үнэхээр харамсалтай зүйл. Хан хэнтий нуруунд  үүд мод  нэртэй газар бий. Үүд модноос  10 км орчим  зайд Дээд цагаан арал гэж бий. Энэ газарт жирийн ард иргэд  Хамаг монголын овоон дээр очиж төрт ёсны тахилга хийдэг байжээ. Тэрнээс цааш жирийн иргэд явдаггүй. Хамаг монголын овооноос цааш төрийн тэргүүнүүд, сайд, ураг удмын толгой, ураг удмыг даасан улаач нар явдаг. Харин босгын даваанаас цааш хоёрхон тохиолдолд давдаг байсан. Нэгдүгээрт ихсээ оршоох гэж. Хоёр дахь нь дайн тулаанд Хар сүлдээ догшруулах гэж. Үүнээс өөрөөр босгын даваанаас цааш явдаггүй байсан. Энэ уламжлал эрт дээр үеэс байсан. Гэтэл өнөөдөр хэн дуртай нь машин тэргээр очиж байна. Тэр бүү хэл босгын даваан дээр гарах хүн бүх хувцасаа сольж шинэ хувцас өмсөж гардаг байсан.  

Харин босгын даваанаас цааш хоёрхон тохиолдолд давдаг байсан. Нэгдүгээрт ихсээ оршоох гэж. Хоёр дахь нь дайн тулаанд Хар сүлдээ догшруулах гэж. Үүнээс өөрөөр босгын даваанаас цааш явдаггүй байсан. Энэ уламжлал эрт дээр үеэс байсан

-Эрт дээр үеэс Бурхан халдун хайрханд хэрэгжүүлж байсан их хоригийг сэргээх гэж байгаа гэж сонссон. Их хоригийг мянган өрх хэрэгжүүлдэг байсан гэдэг? 

-Дээр дурдсан хүн явж болох хил, хязгаарыг дахин тогтоож өгөх зорилгоор Их хоригийг  сэргээх гэж байгаа юмДээд цагаан арал дээр байдаг Хамаг монголын  овоог сэргээх үйлийг 2013 оноос эхлэн хийж байна. Энэ овоо нь хамаг монголын 999 овооны чулууг ураг удмаа төлөөлөн залж  авчирсанаар бүрэн бүтэн болж сэргэх юм. Ингэж овоо маань бүтэн болсон тохиолдолд Их хоригийг сэргээх боломжтой болно. Их хориг гэдэг нь Бурхан халдун уулын аль хэсэгт ямар хүмүүс гарч болох, гарахдаа юуг анхаарч явах ёстой гэдгийг уламжилж ирсэн тэр зүйлийг хэлж байгаа юм. Түүхэндээ гурван голын эх бэлчирт харь хөлтнийг бүү гишгүүл гэсэн байдаг.Мянган урайнхайн өрх Бурхан халдун уулыг тойроод байрлачихсан хамгаалж, их хоригийг хэрэгжүүлдэг байсан гэдэг. Энэ их хориг 1930-иад он хүртэл зарлигын дагуу хэрэгжиж ирсэн. Түүнээс хойш саарсаар байгаад өнөөдөр үгүй болоход хүрээд байна. Үүнийг л сэргээхээр зорьж байна. Их хоригийг сэргээснээр ихэс дээсийн онгод амар амгалан байж, байгаль дэлхий баясана. Мөн энэ уулыг хэвээр нь байлгах нь үр хойчдоо үлдээх бидний үүх түүх, өв соёл, уламжлал. Энэ хоёр хосолж байна хүний оюун санаанд маш их зөв энерги өгдөг. Тангарага тасарсан хүмүүс Дээд цагаан ар лын овоон дээр  ирээд  эвлэрдэг гэсэн түүх, домог бий. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

С.Эрдэнэ: Заалнаас дүрмийн дагуу хэн нэгнийг нэр дэвшүүлэх боломжгүй

Ардчилсан нам өчигдөр нийт гишүүдийнхээ дунд санал асуулга явуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулсан билээ. Тодруулбал,  УИХ-ын гишүүн асан Х.Баттулга 2740.9 оноо авч тэргүүлж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр боллоо. Түүний ялалтыг баталгаажуулж АН-ын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тус мэдээллийн дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.


-Наймдугаар Их хурлаар хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчийг баталгаажуулахдаа нууц санал хураалт явуулна гэж байна. Хэрэв унасан тохиолдолд яах вэ. Ардчилсан нам олон фракцитай байсан шүү дээ?
-Сонгуулийн Ерөнхий хуулийн дагуу тухайн нэр дэвшигчийг авсан саналын тоо хувь, дэмжсэн, дэмжээгүйгээр нь гарган баталгаажуулж, Сонгуулийн Ерөнхий хороонд мэдүүлэх хуулийн заалттай. Тэгэхээр хуулийн дагуу нууц санал хураалт явагдах юм. Унасан тохиолдолд асуудлаа үргэлжлүүлээд хэлэлцээд явна. Их хурлын бүрэн эрхийн хүрээнд хэлэлцээд шийдвэрлэх боломжтой. Манай нам олон фракцигүй. Ганцхан Ардчилсан нам гэсэн фракцитай.

-Заалнаас нэр дэвшүүлж болох уу?
-Үндсэн дүрмийн заалтын дагуу намын дарга тухайн Их хурал дээр шаардлагатай үед нэр дэвшигчийг санал оруулах заалттай байдаг. Заалнаас дүрмийн дагуу хэн нэгнийг нэр дэвшүүлэх боломжгүй.  

-Сонгуулийн зардлын тухай тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Үндэсний Аудитын газрын даргаас ирүүлсэн албан бичгээр улс төрийн намууд дээд хязгаар нь 6,8 орчим тэрбум төгрөг, хувь нэр дэвшигч 3.9 тэрбум төгрөг зарцуулж болно гэсэн. Энэ хүрээнд ажиллана.
-УИХ-ын гишүүн асан Х.Баттулгын хууль хяналтын байгууллагад шалгагдаж байсан асуудал юу болсон бэ?

-Монгол Улсын Үндсэн хууль дээдлэх зарчимд хэн нэгнийг шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй тохиолдолд хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно гэсэн байдаг. Өнөөдөр шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад гэм буруутай гэж ярьж болохгүй. Хэнийг ч сэжиглэж, шалгаж болно. Монгол Улсын иргэний эрхийг эдлээд явж байгаа Х.Баттулга ч байна уу, хэн ч бай Монгол Улсын хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдлэх эрхтэй.

24 цагийн дотор 52 удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэлт мэдрэгджээ

Өмнөговь  аймгийн нутаг дэвсгэрт цасан болон шуурга, үер, газар хөдлөлт, уул уурхайн осол, ган, цөлжилт зэрэг томоохон осол, аюулт үзэгдэл тохиолддог. Тус аймаг нь Алтайн уулсын үргэлжлэл Говь гурван сайхан уулын бэлд газар хөдлөлтийн идэвхитэй бүс нутагт оршдог.

Мөн 1980 оноос өмнө баригдсан хуучин, газар хөдлөлтийн нөлөөллийн инженерийн тооцоололгүй баригдсан барилгууд их байдаг, 6-7 магнитудын газар  чичирхийлэлтийг тэсвэрлэх чадваргүй зэрэг нь олон хүний амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулдаг байна.

Сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн чичирхийлэл нэмэгдэж байгаа аж. Тухайлбал, 2016 оны 11 дүгээр сард Цогтцэций суманд 24 цагийн дотор 0.7-3.8 магнитудын хүчтэй 52 удаагийн газар хөдлөлт чичирхийлэл мэдрэгджээ.

Түүнчлэн тус аймаг нь урд талаараа БНХАУ-тай хиллэж Гашуун сухайт, Шивээ хүрэнгийн хилийн боомтуудтай учраас олон улсын хөл хориот өвчний халдвар тээгч орж ирэх магадлалтай аж.

Сүүлийн таван жилийн байдлаар тус аймагт  гарсан аюулт үзэгдэл, ослын улмаас 70 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хордсон иргэдийн уусан архинд шинжилгээ хийжээ

Хэнтий аймагт өнгөрөгч дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын харьяат, 58 настай иргэн Л архинд хордсон байж болзошгүй байдалтай Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирээд, эмчилгээ авч чадалгүй нас барсан хэрэг гарсан юм.

Мөн эл өдөр Хэрлэн сумын харьяат иргэн Б, Мөрөн сумын харьяат иргэн Л нарын 5 иргэн ижил төрлийн зовиуртайгаар хүлээн авах тасагт хүргэгдэн ирж, эмчилгээ хийлгэсэн байна. Нэгдсэн эмнэлгээс аймгийнхаа цагдаагийн газарт мэдэгдсэнээр тус алба ажиллагаа явуулжээ. Хэнтий аймаг дахь Цагдаагийн газар, Прокурорын газар, Шүүхийн Шинжилгээний Алба хамтран талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийсэн бөгөөд албан ёсны хариу хараахан гараагүй байгаа юм байна.

Эмнэлэгт хүргэгдсэн дээрх иргэдийн зарим нь олон хоногоор архи уусан нь тогтоогдсон бөгөөд Цагдаагийн газраас шалгалт явуулж, 2 аж ахуйн нэгжийн 6 нэр төрлийн архийг хураан авч, аймгийн МХГ 4 чиглэлээр дээж авч шинжилжээ. Шинжилгээний хариу урьдчилсан байдлаар хэвийн, үйлчилгээнд гарч болно гэж гарсан ба нарийвчилсан шинжилгээг хийлгэхээр Улаанбаатар хот руу явуулаад байгаа аж.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар О.Баасанхүүг заналхийлсэн үү

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр чуулганы хуралдаан дээр заналхийлэлд өртсөнөө мэдэгдэж, хамгаалалтад авахыг УИХ-ын даргаас хүслээ. О.Баасанхүү гишүүний хэлснээр Ч.Хүрэлбаатар гишүүн түүнийг заналхийлж, эцэг, эхээс заяасан нэрийг нь доромжилж гутаасан гэнэ.  Хэд хоногийн өмнө УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэж байх үед УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ч.Хүрэлбаатар нар мөн л маргалдаад авсан. Тухайн үед УИХ-ын гишүүн О.Баасанхүү Үндэсний хөрөнгө оруулалтын банк гэх нэрийг шүүмжилсэн бөгөөд үүний хариуд Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хариулт өгөхдөө “ Үндэсний хөрөнгө оруулалтын банк гэж нэртэй банк бий. О.Баасанхүү гишүүнээ нэрээр нь үйл ажиллагааг дүгнэдэггүй юм л даа. Өөрийн чинь хэлдэгээр нэрээр нь дүгнэвэл, чиний нэр хэн билээ, О.Баасанхүү. “Баасан+хүү”. Нэрээр чинь дүгнээд юм ярьж болох л юм байна ш дээ хэмээн хэлж байсан. Тус нэрний хэрүүл өнөөдрийг хүртэл намжаагүй байгаа бололтой. 
Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэлэхдээ “Баасанхүү гэдэг нэртэй бүх хүнээс уучлалт гуйхыг шаардаж, хамгаалалтад авахыг шаардав. Мөн О.Баасанхүү хэлэхдээ “Энэ хүн Н.Энхбаяр гэдэг хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд унахад хоёр, гурван хоног уйлж өнжсөн, анд нөхөр нь байсан юм. Тэр ч утгаараа энэ хүний ярьж хэлж ирсэн бүх зүйлийг би мэднэ. Тиймээс энэ хүн надад уурлаж, дургүйцэж байгаад гайхаж байна. Надаас уучлалт гуй гэж зөндөө хэлсэн” хэмээн хэлэв. 

Эцэг, эхчүүд сургалтын орчинг сайжруулахыг шаардав

Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгодог 29 дүгээр сургуулийн сурагчдын эцэг эхчүүд өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Тэд хэвлэлийн хурлын эхэнд тус сургуулийн сурагчдын сурч боловсрох эрх зөрчигдөж байна гэж үзэж байгаагаа онцолж байсан юм. Учир нь Монгол улсын хэмжээнд Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгодог нь ганцхан 29 дүгээр сургууль ганцхан  байдаг. Энэ сургуульд сургалтын арга зүй, хөтөлбөр, стандарт гэж одоогоор байхгүй байна. Тийм учраас эдгээр хүүхдүүд сурч боловсроод төгсөхдөө бичиг үсгийн боловсролгүй, уншаад юм ойлгохгүй, ийм төвшинд хүрч байна. Бидний хүүхдүүд ядаж л 12-р ангиа төгсөхдөө тохионы хэлээр хүнтэй зөв сайн харьцаж чаддаг, өөрийгөө илэрхийлж чадаж байх чадварыг эзэмшээд гарах хэрэгтэй байна. Одоо төгсөн гарч байгаа хүүхдүүдийн ийм чадваргүй төгсөж байна. Бидний хүүхэд ч мөн адил ийм байдал бана. Тиймээс л эцэг, эхчүүд бид энэхүү хэвлэлийн хурлыг зарлаад байгаа юм. Бидний хүүхдийн чанартай боловсрол эзэмшихэд тулгамдаж байгаа мэргэжлийн дохионы хэлтэй багшлах боловсон хүчин, сургалтын арга зүй, стандарт хөтөлбөр, багш сурагчдын үнэлгээний журмыг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэх нэн чухал шаардлагатай байгааг дурдсан юм. Эдгээр хүмүүс БСШУЯ болон холбогдох төрийн байгууллагуудад бид өөрсдийнхөө хүүхдүүд болон бусад сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхийн өмнөөс дараах шаардлагыг хүргүүлж байна.

Шаардлагад: 

  1. Сурах чадваргүй хүүхэд гэж байхгүй
  2. Сонсголын бэрхшээлтэй хүүхэд сэтгэцийн өвчтэй хүүхэд биш
  3. Суурь боловсрол эзэмшээд тегсөхдөө уншиж бичиж чадахгүй төгсөж байгаа нь эмгэнэл юм
  4. Дохионы хэлээр сурч боловсрох эрхийг хуулиндаа заасан ч энэ талаарх журмыг яаралтай батлах шаардлагатай байна
  5. Эцэг эхчүүдэд нь дохионы хэл заах систем бий болгох хэрэгцээ байна
  6. Сурах бичиг ном хангалтгүй байна
  7. Сонсголгүй хүүхдэд боловсрол олгох арга зүй ,бодлого, журам, стандарт гэж алга.

Тиймээс тэд сонсголын бэрхшээлтэй хүүхдийн боловсролын системийг өөрчилж, багш боловсон хүчин бэлтгэхийг БСШУСЯ-наас шаардаж байлаа. Мөн сургуулийн багш нарын дохионы хэлний ур чадварыг системтэйгээр сайжруулж, дохионы болон бичгийн хэлээр боловсрол олгох, 29 дүгээр сургуулийн сургалтын орчинг нэн даруй сайжруулах хэрэгтэй байна. Гэх мэт шаардлага хүргүүлсэн юм. Энэхүү шаардлагыг хүлээж аваад нэн даруй арга хэмжээ авч ажиллана гэдэгт итгэж байна. Бид хүүхдүүдэд тулгамдаад байгаа энэхүү асуудлыг дуусгавар болтол. Өөрөөр хэлбэл бидний хүүхэд дохионы хэлээр зөв, бүрэн дүүрэн хүнтэй харилцаж чадах хүртэл явна гэдгийг онцолж байв.

Г.Маралмаагийн гомдол гаргасан цагдаа нас баржээ

Дөрөвхөн настай дагавар охиноо хөнөөсөн хэргээр ял сонссон Г.Маралмаа ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа. Саяхан Г.Маралмаа цагдаагийн албан хаагчид хүчиндүүлсэн гэсэн гомдол гаргасан байна. Г.Маралмаа "Халуун усны өрөөнд цагдаа, дэслэгч Б-д хүчиндүүлсэн" гэжээ. Гомдлын дагуу холбогдох албаны хүмүүс  хүчиндсэн гэх цагдаагийн албан хаагч Б-гээс ч тайлбар мэдүүлэг авчээ. Харин Б нь "Хүчиндсэн асуудал байхгүй. Толгой өвдөөд байхаар нь толгойгоо л бариулсан" хэмээн мэдүүлсэн байна. Үүнийг хамт байсан цагдаа ч нотолж байгаа аж. Энэ нь цаг хугацааны хувьд нэлээд хэдэн сарын өмнө болсон үйл явдал аж. Гэтэл дэслэгч Б хэргийн мөрдөн байцаалтын явцад гэртээ нас барсан байдалтай олджээ. Тус хэргийг  Тусгай субьектын хэлтэст шалгаж байгаа юм байна.

ОУВС, "Рио Тинто" гэдэг "Хадны мангаа"

ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер “2017 оны төсвийн тодотголыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан баталсан УИХ-ын тогтоолоос тодруулах зүйл үүссэн тул энэ удаагийн хурлаар хэлэлцээгүй. Түр хугацаагаар хойшлуулсан. Тус заалт Монгол Улсын макро эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг судлах чиглэлийг Олон улсын валютын сангийн Захирлуудын зөвлөлөөс өгсөн” хэмээн мэдэгдсэн. Дээрх тогтоолын холбогдох заалт хөрөнгө оруулагчдын эрх ашигт халтай эсэх, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг зөрчсөн эсэхийг судалж үзсний дараа Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг хүлээн авч хэлэлцэх аж. Монголын баялгийг хором алдалгүй олборлож буй “Рио Тинто” төслийнхөө төлбөр тооцооны тодорхой хэсгийг Монголын банкуудаар явуулах тухай заасан УИХ-ын тогтоол эгдүүг нь хүргэсэн хэрэг.

Угтаа бол эрх баригчид Олон улсын валютын сангийн тавьсан шаардлагад нийцүүлэн 2017 оны төсөвт тодотгол хийсэн. Төсвийн сахилга батыг сайжруулж, татварын бааз суурийг өргөтгөх хүрээнд хэд хэдэн чухал арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болсон юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газрын Олон улсын валютын сантай хийсэн хэлэлцээр төлөвлөгөөний дагуу явж байсан. Энэ нь сэхээний тасагт шилжээд байсан Монгол Улсын эдийн засагт шинэ бас сайн мэдээг дагуулж байсан гэдгийг эдийн засагчид онцолж буй. Өөрөөр хэлбэл, эдийн засгийг сэргээх, хөрөнгө оруулагчдыг татах, валютын урсгалыг нэмэгдүүлэх гээд ирээдүйд болох сайн сайхан мэдээ Монголын “хаалга”-ыг тогшиж байсан юм. Эл нөхцөл байдлыг нөгөө л муу нэртэй, луу данстай “Рио Тинто” салхинд хийсгэчихлээ. Үндэстэн дамнасан корпорацийн үндэстэнг намнах нэг хэлбэр энэ. Үүнийг хөхиүлэн дэмждэг байгууллага нь Олон улсын валютын сан. Ийм хоёр “хадны мангаа” Монгол Улсыг залгих гэж улайран зүтгэж байна. Даан ч тэдний сачий нь үл хүрнэ.

Хүчтэй шуурганы улмаас айлын гэр нурж, өндөр хүчдэлийн шугамын тулгуур багана унажээ

Энэ сарын 03-нд Дорноговь аймгийн нутгийн төв болон өмнөд хэсгээр хүчтэй шороон шуурга шуурч айлын гэр нурсан, Зүүнбаян тосгоны спорт заалны дээвэр хуурч унасан байна. Мөн тус аймгийн Өргөн сумын нутагт өндөр хүчдэлийн шугамын тулгуур багана унажээ. Мөн аймгийн ХХААГ-ын авто машины грашийн дээвэр хуурсан. Мөн Хатанбулаг, Сайхандулаан, Эрдэнэ, Улаанбадрах сумын зарим малчин малдаа яваад төөрсөн тул сумаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж. Дорноговь аймгийн нийт нутгийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ оны тавдугаар сарын 4-5-ны өдрүүдэд салхи секундэд 9-14 метр, зарим үед секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурахыг малчид, иргэдэд онцгойлон анхааруулж байна.

Хүчтэй шороон шуургатай үед иргэд, жолооч нар холын замд зорчихгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй явуулахгүй байх, хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай хүмүүсийг асрах хүнгүй гэрт үлдээхгүй байхыг анхаарууллаа.

Д.Мөнхбаяр Энэтхэгийн багт очжээ

“Барселона-1992”, “Бээжин-2008” олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр өдгөө Энэтхэгийн буудлага спортын залуучуудын шигшээ багийн албанд хүчин зүтгэж байгаа ажээ. Түүний нэгэн шавь Энэтхэгийн Шинэ Дели хотод болсон мастеруудын уулзалт тэмцээнээс хоёр алтан медаль хүртжээ.

Д.Мөнхбаяр өнгөрсөн оны босгон дээр зодог тайлсан нь дэлхийн буудлага спортынхны ертөнцөд гэнэтийн мэдэгдэл байсан. Түүнийг “Токио-2020” олимпийн наадмаас медаль хүртэх тамирчны нэгээр нэрлэж байсан юм. Хэдийгээр тамирчны карьераа өндөрлөж, зодог тайлсан ч нэрт тамирчны хувьд зүгээр суусангүй Энэтхэгийн багт хүчин зүтгэж байна.

Найз залуутайгаа амьдрахын тулд төрсөн охиноо төөрүүлжээ

Дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Бөмбөгөр худалдааны төвд бага насны хүүхдээ төөрүүлж хаясан хэрэг гарчээ. Дуудлагын дагуу цагдаагийнхан хүүхдийг очиж авсан бөгөөд худалдааны төв дэх камерын бичлэгт уг хүүхдийг залуухан бүсгүй зориуд орхиж явсан дүрс үлдсэн байна.
Тодруулбал, 24 настай Ч гэгч эмэгтэй, мөн 24 настай С гэгч залуу балчир хүүхдийг зориуд төөрүүлсэн нь тогтоогдсон байна.  Ч гэгч бүсгүй С гэгч найз залуутайгаа  хамтран амьдрахын тулд төрүүлсэн охиноо төөрүүлж орхисон  гэдгээ мэдүүлсэн байна. 

 

Таны маргаашийн ажилд амжилт хүсье. 

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Kkkk
Baasanhuu dahiad Hassan uu? Bagadaa baing chacag tudag bailaa zailuul
2017/05/05 217.172.229.74
САНАА
АН, МАН сонголт хийсэн. Одоо МАХН ын сонголт үлдлээ. ИРГЭД ОЮУ толгойн гэрээг эргэж харах нэр дэвшигчийг л сонгох магадлал өндөртэй.
2017/05/05 66.181.187.163