Амьдрал бол далай, харин бид түүн дээр хөвж байгаа хөлөг онгоц. Хэн хөлгөө зөв чигт зална тэр хүн амьдрал хэмээх далай ямар цэнгэг болохыг мэдэрнэ. Заримдаа амьдралын далайд хар шуурга шуурч та бид алдаа, онооны ирмэгт дэнчигнэнэ, харин хааяа нар ээж алгуурхан бүүвэйлэх мэт тайван, дөлгөөн өдөр ч тохионо. Амьдрал бол ёроолдоо шүүрдэж барахгүй эрдэнэстэй, сэлж барахгүй хязгаар юм. Түүнээс хэр их зүйл шүүрдэж өөрийнхөө хөлөг онгоцыг дүүргэнэ тэр хүн аялалаа цааш амжилттай үргэлжлүүлнэ. Амьдрал хэмээх далайд аялаж буй эрхэм уншигч танд энэ өдрийн мэндийг хүргэе. Төлөвлөсөн ажлаа амжуулсан 7 хоног өнгөрч байна. Өнөөдөр болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна.
Ё.Баатарбилэг: “Рио Тинто” Монголын төрд нэлээд дарамт үзүүлж байна
Өчигдөр орой УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар о Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг дагаж гарсан УИХ-ын 29 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Хэрвээ энэхүү тогтоолын төсөлд тодорхой өөрчлөлт оруулахгүй бол Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сантай тохирсон санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр хэрэгжих боломжгүй болоод байгаа. УИХ-ын 29 дүгээр тогтоол хөтөлбөртэй зөрчилдсөн учраас ОУВС-аас манай хүсэлтийг хойшлуулаад байгаа билээ.УИХ-ын тогтоолын 11 дүгээр заалтад “Гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслийн борлуулалтын орлогыг Монголын арилжааны банкуудаар дамжуулах”-аар заасныг Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх EFF хөтөлбөртэй зөрчилдөж байна гэж үзсэн. Тэгвэл уг асуудлаар МАН-ын бүлэг хуралдаж, УИХ-ын 29 дүгээр тогтоолын 11 дүгээр заалтыг эргэн харах, хүчингүй болгохоор тухай яриа хэд хоногийн өмнө гарч байсан билээ. Иймээс УИХ дахь МАН-ын бүлэг эл асуудлыг хэлэлцээд, хөтөлбөрт тодорхой өөрчлөлт оруулах шаардлагатай хэмээн үзсэн. ОУВС-тай харшлаад байгаа УИХ-ын 29 дүгээр тогтоол талаар УИХ-ын гишүүд юу гэж хэлсэн талаар мэдэлэл хүргэе.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Гадныхантай нийлж гадаадын хөрөнгө оруулагч гэдэг гоё юмаар хулхидаж болохгүй
Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын 29 дүгээр тогтоолыг баталчихаад өнөөдөр өөрчилнө гэдэг нь төрийн бодлого хэр урт удаан настай вэ гэдгийг харуулж байна. Том ухралт юм. “Оюутолгой” компани 2 тэрбум ам.долларын борлуулалт хийчихээд 5-6 ам.долларыг татварт төлж байна. Оюутолгойн гэрээ байгуулаад 8 жил болж байна. Өдөр тутам орж ирнэ гэсэн 2-3 сая ам. доллар хаачив. Гадны хөрөнгө оруулагчид хямрал дээр яагаад орж ирэхгүй байгаа юм.
Цаашдаа хөрөнгө оруулалтаар дамжуулж өдөрт 2-3 сая ам.доллар орж ирнэ гэж ярьж байсан хүмүүсийг нэртэй устай нь зарлана. УИХ-ын 2020 оны сонгуулиар сонгогчид хариуцлага тооцог. Гэтэл өнөөдөр дахиад энэ тогтоолыг өөрчилчихвөл гадаадын хөрөнгө оруулалт орж ирнэ гэж ярьж эхэлж байна. Гадныхантай нийлж гадаадын хөрөнгө оруулагч гэдэг гоё юмаар хулхидаж болохгүй.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Гутамшигтай шийдвэр гаргах гэж байна
Гутамшигтай шийдвэр гаргах гэж байна. Эдийн засгийн туйлын хүнд нөхцөлд орсон тул ийм шийдвэр гаргах гэж байна. Яагаад ийм шийдвэр гаргах болов гэдгийг дор бүрнээ тунгаагаарай. Төсвийн орлого нь давж биелэдэг байсан улс орон гаднаас зээл тусламж авахгүй болбол дампуурах болсон шалтгаан юу вэ. Энэ бол өнгөрсөн дөрвөн жилд бодлогын алдаа гаргасантай холбоотой.
Өнгөрсөн жилүүдэд эрх барьсан Ардчилсан нам дүгнэлт хийх ёстой. Бодлогын алдааны үр дүнд гутамшигт байдалд орж байна. Хатуу болзлыг бид биелүүлж байна. Энийг эсэргүүцэх боломж алга. Ийм хүнд нөхцөлд Монголын оруулсан байна. Сангийн сайд бодит байдлыг ил тод хэл, ойлгуул. Ийм нөхцөлд улс орныг оруулсан улс төрийн намын ялгааг ойлгоосой гэж ард түмнээсээ хандан хүсэх байна.Үндэстний хувьд өнөөдөр гутамшигтай байдалд орж байна, гэсэн ч давж гарах шаардлага байна.
Х.Болорчулуун: Үнэхээр харамсалтай байна
Хэдхэн хоногийн өмнө батлагдсан тогтоол л доо. Харамсалтай нь урт насалж чадсангүй. Нэг номпанийн шаардлагаар цуцлах гэж байна. Миллиард миллиардаар нь экспортын бүтээгдэхүүн гаргаж байж өөрсдөө валютын дутагдалд орчихсон байж байна, манай улс. Үнэхээр харамсалтай байна.
Ё.Баатарбилэг: “Рио Тинто” Монголын төрд нэлээд дарамт үзүүлж байна
-Нэгэнт бүлэг дээр улс төрийн шийдвэр гарсан учраас дэмжиж таарна. Бид нухацгай ярьсан. “Рио Тинто” Монголын төрд нэлээд дарамт үзүүлж байна гэж улстөрчийн хувьд үзэж байгаа. Нөгөө талаар Монголын ард түмний ой санамж гэж юм бий. Ийм хэмжээнд хүргэх гэрээ байгуулсан, ийм байдадд хүргэсэн улс төрийн хүчин, улстөрч байгаа. Үүнийг бас битгий мартаасай. Хариуцлагын асууцал яригдах байх аа. Цаг өөр болох байлгүй. Эдийн засаг сэргэнэ.
А.Сүхбат: Ийм баялагтай улс байж цагаан тугаа өргөнө гэдэг үнэхээр гутамшигтай байна
-ОУВС-гийн хөтөлбөрг хамрагдаад өсөн дэвжээд амжилтанд хүрсэн улс орон байдаггүй. Түүхий эдээ үнэгүй өгчихөөд эргээд тулгалтад нь ороод ноцтой шийдвэр гаргах гэж байна. Зэс нүүрсний үнэ хэд дахин нэмэгдсэн бэ. Ийм баялагтай улс байж цагаан тугаа өргөнө гэдэг үнэхээр гутамшигтай байна. Оюутолгойгоос ганц зэс биш, алт бусад үнэт металл хяналтгүй гарч байгаа. Тэгэхээр энэ “Рио Тинто” гэдэг компанитай өнөөдөр чаддаггүй юм гэхэд дараа нь бид тооцоо бодох хэрэгтэй юм шүү.
Ч.Хүрэлбаатар: Бид хөтөлбөрийг үргэлжлүүлэх ёстой
-ОУВС-тай бид хөтөлбөрөө хэрэгжүүлээд явах ёстой. Доллар орж ирэхээр эсвэл гарчихаар долларьн ханш хөдөлдөггүй юм. Хүмүүсийн эдийн засаг унах нь, эсвэл сэргэх нь гэсэн хүлээлтээс болдог. Нүүрс, зэснээс болдоггүй. Би муу, сайн ч эдийн засагч хүн. Тиймээс эдийн засагч хүний хувьд эдийн засаг сайжрахад миний хувь нэмэр байх ёстой гээд хатуу байр суурьтай байгаа юм. Түүнээс биш Засгийн газрын гишүүн биш. АН-ыг эрх барьж байх үед миний хэлж байсан байр суурь одоо ч яг адилхан. Нэг нэгнээ доромжилсон үг хэлээд энэ байдлаас гарахгүй. Би өөрийнхөө байр суурь дээр хатуу байдаг хүн шүү. Тийм учраас бид хөтөлбөрийг үргэлжлүүлэх ёстой.
Ялтайд тооцох хугацаа нь дуусаагүй байгаа гэх Н.Энхбаяр нэр дэвшихээр боллоо
УИХ-д суудалтай гурван нам Ерөхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүнээ тодрууллаа. МАН-ын намаас намын дарга М.Энхболд, харин АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга нарын нэр тодроод байгаа. Харин МАХН-аас намын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд сойхоор дөнгөж сая шийдвэрээ гаргасан байна. МАХН-ын бага хурлаар нэлээд хэдэн хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэсэн мэдээлэл гарч байсан. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Академич, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Нарангэрэл, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар, Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуун нарын нэр яригдаж байсан. Гэвч тэдний эцсийн хувилбар нь намын дарга Намбарын Энхбаяр аж.
Нэлээд хэдэн сарын өмнөөс МАХН-аас намын дарга Н.Энхбаяр өрсөлдөнө гэж байсан ч түүний ялтайд тооцох хугацаа дуусаагүй байгаа учраас боломжгүй гэдэг хариуг Сүхбаатар дүүргийн шүүхээс өгөөд байгаа билээ.Гэвч шүүхийн шийдвэр эсрэг гарсан ч гэсэн Н.Энхбаярын нэр тодорлоо. Хэдэн хоногийн өмнө О.Баасанхүү гишүүн ярилцлага өгөхдөө “Манай намын дарга Н.Энхбаярт ямар нэг шалтаг гаргаж ирээд дарамт шахалт учруулахыг үгүйсгэх аргагүй. Энэ тохиолдолд вариант бий” хэмээн ярилцлага өгч байсан. Түүний энэ үгнээс харахад тус намд “Б” төлөвлөгөө бас байгаа бололтой.
МАХН-ын дэд дарга Ц.Шаравдорж хэлэхдээ " МАХН Н.Энхбаяр даргыгаа нэр дэвшүүлнэ. Өнөөгийн дагаж мөрдөж байгаа Монгол Улсын бүх хуулиар Н.Энхбаяр гэдэг хүн ял шийтгэлгүй гэдэг нь тодорхой байгаа. Үүнийг зарим улс төрийн хүчин, хуульчид хэлж байгаа шүү дээ. Жишээ нь, АН-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Тэмүүжин болон Монгол Улсын гавьяат хуульч Б.Цэрэнбалтав энэ хүнд ял шийтгэл байхгүй гэж хэлсэн. Зөвхөн энэ хүмүүсийн ярьснаар ч биш өнөөгийн дагаж мөрдөж байгаа Монгол Улсын бүх хуулиар ял, шийтгэл байхгүй байгаа. Иймээс Н.Энхбаяр дарга нэр дэвших бүхий л нөхцлийг хангаж байгаа. Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд бүх улс төрийн хүчин хамгийн шилдэг нэр дэвшигчээ тодруулж, өрсөлдөх байх." хэмээсэн хэлсэн. Тус намын зүгээс Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхгүй гэвэл жагсана хэмээн мэдэгдлээ. МАХН-ын энэхүү шийдвэрийг хуулийн байгууллага хэрхэн шийдвэрлэхийг харах л үлдлээ. Нэмэлт мэдээлэл дуулгахад Н.Энхбаярын ялтай тооцох хугацаа 2017 оны наймдугаар сард дуусах тухай мэдээллийг хуулийн байгууллагаас өгсөн билээ.
О.Амаржаргал: Энэ зөвхөн 29-р сургуулийн асуудал биш, сонсголын бэрхшээлтэй монгол хүүхэд бүрийн эрхийн тухай юм
Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгодог 29-р сургуулийн сурагчдын эцэг эхчүүд өчигдөр мэдээлэл хийсэн юм. Тэд хэвлэлийн хурлын эхэнд тус сургуулийн сурагчдын сурч боловсрох эрх зөрчигдөж байна гэж үзэж байгаагаа онцолж байсан юм. Энэ үеэр Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхийн холбооны гүйцэтгэх захирал, 29-р сургуулийн сурагчдийн эцэг, эхийн төлөөлөг О.Амаржаргалтай ярилцлаа.
-Сонсголгүй хүүхдүүдийн сурах орчин хаагдмал байна-
-Танай хүүхэд 29-р сургуулийн хэддүгээр ангид суралцдаг вэ?
-Манай охин энэ сургуулийн дунд ангид явдаг. Одоо 12 настай. Өвчний улмаар хэт их химийн эм тариа хийлгээд сонголд нь нөлөөлж сонголгүй болсон.
-Танай холбоо 29-р сургуулийн сургалтын чанарт мониторингийн судалгаа хийсэн гэсэн. Судалгааны үр дүнгээсээ танилцуулна уу?
-Өнгөрсөн 2016 онд Нээлттэй нийгэм форумын санхүүжилтээр 29-р сургуулийн сургалтын чанарт мониторингийн судалгаа хийсэн. Судалгаанаас харахад сурагчдын орчин нөхцөл, сургалтын чанар хангалттгүй гэсэн дүн гарсан. Тодруулбал, авиа тавилтын хичээлийг долоо хоногт нэг удаа зааж байгаа нь хангалтгүй. Дохионы хичээлийг мөн л бага цагаар заадаг. Монгол Улсын хэмжээнд сонсголын бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгодог ганц сургууль байдаг нь 29-р тусгай сургууль. Гэтэл энэ сургуульд сургалтын хөтөлбөр, стандарт гэж байдаггүй. Бичиг үсгийн боловсролгүй, бичих чадваргүй, уншаад юм ойлгохгүй ийм түвшинд л суралцаж байна хэмээн тэд тус сургуулийн арга зүй, стандартад шүүмжлэлтэй хандаж байна. Товчхондоо сонсголгүй хүүхдүүдийн сурах орчин хаагдмал байна. Иймд БСШУСЯ боловсон хүчнээ бодлогоор бэлдэх ёстой, шаардлагатай байна. Дохионы хэлээ муу ойлгож байна гэж хүүхдүүд ээж аавдаа хэлдэг. Учир нь багш нар нь дохионы хэлэнд бэлтгэгдээгүй учраас хүүхдүүдтэй харилцаж чадахгүй байна. Мөн сурах бичгийн хүрэлцээ маш муу, бараг л байхгүй гэхэд болно гэсэн юм. Уг нь сонсголгүй хүүхдүүд харах мэдрэхүйгээр дамжуулан суралцах бүрэн боломжтой тул сурах бичиг их чухал. Энэхүү судалгааныхаа тайланг БСШУСЯ-ны харьяа хэлтсийн мэргэжилтнүүдэд танилцуулсан. Мөн хүүхдүүдийн эрх зөрчигдөж байгаа асуудлыг яаманд хэн хэдэн удаа амаар болон бичгээр уламжилсан ч өнөөдрийг хүртэл дорвитой арга хэмжээ аваагүй л байна.
Монгол Улсын хэмжээнд сонсголын бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгодог ганц сургууль байдаг нь 29-р тусгай сургууль юм. Гэтэл энэ сургуульд сургалтын хөтөлбөр, стандарт гэж байдаггүй.
-Шинэ захиралтай эцэг, эхийн төлөөлөл уулзсан уу. Сургалтын чанар болон үүсээд байгаа нөхцөл байдлын талаар танилцуулав уу?
-Энэ ганц нэг хүн халж сэлгээд, буруутгаад өнгөрөх асуудал биш. Учир нь монголд байгаа ганцхан энэ сургуулийн сургалтын чанар, орчин, стандарт, багш ажилчдын ур чадвартай холбоотой зүйл. Мөн энэ зөвхөн 29-р сургуулийн асуудал биш, сонсголын бэрхшээлтэй монгол хүүхэд бүрийн эрхийн тухай юм. Сонсголын бэрхшээлтэй маш олон хүүхдийн ирээдүйн боловсрол, өнөөдөр сурч хөгжих, мэдлэг олох, чадвар эзэмших эрхийг хамгаалах. Тиймээс хэн нэгнийг халж сэлгээд шийдэх зүйл огт биш. Манай эцэг, эхийн төлөөлөл хоёр хоногийн өмнө шинэ захиралтай уулзаж мэдээлэл солилцсон, мөн өөрсдийн хийсэн судалгааний дүнг танилцуулсан.
-“Чимээгүй хашгираан” нэвтрүүлгийн үеэр 29-р сургуулийн зарим эрэгтэй багш нар охиддод бэлгийн дарамт үзүүлдэг гэсэн сурагчдын яриа байсан. Энд ирсэн эцэг, эхчүүдийн дунд ийм зүйл тохиолдсон хүн байгаа юу? Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Эрээнд биеэ үнэлж байсан эмэгтэйчүүдийг албадан буцааж эхэллээ
Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газраас консулын тойргийн нөхцөл байдалд үнэлэлт өгч, тус улсад хууль бусаар оршин суугаа иргэдийн эрх ашгийг хамгаалах ажил хийж, хэрэгжүүлж эхэлсэн байна.
Ялангуяа тус улсад амьдарч, биеэ үнэлж байгаа монгол бүсгүйчүүдийн асуудлыг цэгцлэх, тэдэнд учирч болох эрсдэл ч чамгүй олон байгаа. Иймд хэдийгээр гадаад улсад биеэ үнэлэгч нэрээр амьдарч байгаа ч Монгол Улсын иргэн гэдэг утгаар нь тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалах, болзошгүй гэмт явдлаас урьдчилан сэргийлэх үүднээс Эрээн хотын НАХГ-ын удирдлагатай уулзаж, хамтран ажилласны дүнд биеэ үнэлж байсан тодорхой тооны монгол эмэгтэйг саатуулж, ирээдүйд өртөж болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэн нутаг буцаасан байна.
Мөн консулын газарт иргэдийн зүгээс чамгүй олон өргөдөл ирсэн байна. Үүнд "БНХАУ-ын нутагт визгүй зоричх 30 хоногоо хэтрүүлсэн, торгуулийн мөнгөгүй, нутаг буцах хүсэлтэй байна" гэсэн агуулгатай өргөдөл, хүсэлт ирсэн байна. Иймээс 2016 оны гуравдугаар улирлаас эхлэн тус консулын газраас тойргийн хэмжээнд хууль бусаар оршин суугаа иргэдийн бүртгэлийг явуулжээ. Гэвч асуудал тойргийн хэмжээнээс хальж тус улсын Хөххот, Бээжин, Шинжин, Шанхай, Тунляо, Бугат, Гуанжоу гээд олон газрыг хамарсан тухай мэдээллийг Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суух консулын газраас мэдээллээ.
Өнөөдрөөс цэрэг татлага эхэллээ
Өнөөдрөөс нийслэл хотын хэмжээнд цэргийн жинхэнэ албаны нэгдүгээр ээлжийн татлага эхэллээ. Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага тавдугаарсарын 7-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Зарлан дуудах хуудас авсан иргэд хуудсанд заасан газар товлосон цагт өөрийн биеэр очих ёстой аж. Ингэхдээ иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хэрэв оюутан бол холбогдох материалаа бүрдүүлж харьяа дүүргийн цэрэг татлагын байранд очих юм.
Цэргийн албаны тухай хуульд “Цэргийн бүртгэлийн журам зөрчсөн, зарлан дуудах мэдэгдэл авсан боловч тогтоосон хугацаанд заасан газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, дайчилгааны сургууль, цугларалт болон цэрэг татлагаас зайлсхийсэн цэргийн үүрэгтэн, цэргийн насны иргэнийг аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газрын батлан хамгаалах асуудал эрхэлсэн нэгжийн дарга хорин таваас нэг зуун хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг аж.
“Бүргэдчин охин” кино монголд нээлтээ хийлээ
Н.Айшолпан охины амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Бүргэдтэй анчин” буюу “The Eagle Huntress” кино дэлхийн олон оронд нээлтээ хийсэн. Уг кино Монгол Улсад өчигдөр нээлтээ хийв. Израйлийн гэрэл зурагчин 2014 оны дөрөвдүгээр сард Монголд очиж, бүргэдийн баярт оролцжээ. Тэрбээр энэ үеэр Айшолпан охины зургийг авч нийгмийн сүлжээнд нийтэлсэн аж. Гэрэл зурагчны зургийг албан ёсны зөвшөөрөлтэйгээр дэлхийн томоохон хэвлэлүүд болох “ВВС”, “CNN”зэрэг агентлагууд цахим сайтдаа нийтэлсэнээр найруулагч Отто Белл Монголд хүрэлцэн ирж охины гэр бүлтэй уулзан баримтат кино хийх зөвшөөрөл авсан гэдэг. Киноны ерөнхий найруулагчаар Отто Беллээс уг киног Монголд гаргах эрхийг “Шинэ Монголын Санаачилга” ТББ авчээ.
“Бүргэдчин охин” кино “Тэнгис” кино театрын дэлгэцнээ гарч байна.
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
Монгол Улсын Засгийн газар энэ оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг баталж өнөөдрөөс орон даяар хэрэгжүүлж эхэллээ.
Д.Сүхбаатарын талбайд болсон “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож үг хэллээ.
Тэрээр “Элэгний хорт хавдар, хатуурлын үндсэн шалтгааны нэг болсон С вирүсийн өвчлөлийг эмчлэх эм, үүний дотор “Харвони” эм бий болсноор өвчлөлийг бууруулах, эдгээх өргөн боломж нээгдсэн.Хэдийгээр эдийн засгийн хүндрэл, бэрхшээлтэй тулгарч байгаа ч технологийн үр шимийг хүртэх, эмчлэгдэх боломжийг иргэддээ нээж өгч улсын төсөв, эрүүл мэндийн даатгалын сангийн хосолсон санхүүжилтээр С вирүсийг илрүүлэх, эмчлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлж байна. Засгийн газар халдварын талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, зан үйл, хандлагыг өөрчлөх, өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ халдвараас хамгаалах мэдлэг, дадалтай болгох, архаг халдвартай байгаа хүнийг илрүүлэн эмчилгээнд хамруулах, элэгний хатуурал, хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх, халдвар дамжих замыг таслан зогсоох чиглэлээр ажиллаж байна” гэв.
Цаашид элэгний өвчлөлийг эрт илрүүлэхэд иргэд, сайн дурын идэвхтэн, нийгмийн ажилтнуудыг татаж оролцуулан, бүх шатандаа хяналт тавьж үр дүнтэй ажиллахыг Ерөнхий сайд санууллаа. Мөн төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, төрийн бус байгууллага, иргэдийн оролцоо чухал байгааг тэмдэглэв.
Засгийн газар “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2020 он гэхэд С вирүсийн халдвартай 150 мянган хүнийг бүрэн эмчилж, элэгний хорт хавдар, хатуурлын шалтгаантай нас баралтыг эрс бууруулж, вирүсийн голомтыг устгахыг зорьж байна.
Тухайлбал энэ жил 40-65 настан, ирэх онд 15-39 настай болон 65-аас дээш насны иргэдийг В,С вирүсийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулна. Мөн эмийн эмчилгээг даатгалын хөнгөлөлттэй үнэд багтаан, цаашдаа элэг шилжүүлэн суулгах хагалгааны зардлыг төрөөс хариуцдаг болох юм.
Статистик мэдээнээс үзвэл 2016 онд хавдрын 5991 тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд 2160 буюу тал хувь элэгний хавдартай гарсан байна. Сүүлийн 10 жилд элэгний хорт хавдрын улмаас жилд дунджаар 2600 хүн буюу өдөр бүр долоон хүн нас барж байгаа нь дэлхийн дунджаас өндөр үзүүлэлт юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран хийсэн түүвэр судалгаагаар манай улсын 400 орчим мянган хүн В,С вирүсийн халдвартай байх магадлалтай юм
Чонын бэлтрэг зарах гэж байгаад баригджээ
Өнгөрсөн сард олон нийтийн сүлжээнд тавигдсан “Амьд бэлтрэг зарна” гэсэн зарын дагуу цагдаагийн байгууллага шалгалт хийжээ. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэн Б зургаан ширхэг чонын бэлтрэгийг тээвэрлэн хот руу авчирч зарах гэж байхад нь цагдаагийн байгууллага ийнхүү илрүүлсэн байна. Энэхүү үйлдэл нь Эрүүгийн хэргийн тусгай ангийн ан агнуурын хууль тогтоомжийг зөрчсөн гэмт хэрэг гэдгийг мөрдөн байцаагч нар тодотгож байна.
Дөнгөж төрсөн хүүхдийнхээ амийг бүрэлгэсэн хэрэг гарчээ
Энэ сарын 03-ны өдөр Буриадын их сургуульд сурч байсан монгол оюутан охин дөнгөж төрүүлсэн хүүхдийнхээ амий хүрэлгэсэн аймшигт хэрэг гарсан байна. Оюутныг Эрүүгийн хуулийн 106 дугаар заалт буюу “төрсөн хүүхдээ санаатайгаар бүрэлгэсэн” хэмээн ОХУ-ын цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ. сэн байна. Тэрбээр 2016 оны намар Буриадын их сургуульд суралцахаар ирсэн нэгдүгээр курсын оюутан аж.
Тэрээр лхагва гаригийн үүрээр 04:00 цагийн үед өрөөнөөсөө гарч ариун цэврийн өрөөнд орж хаалгаа түгжиж байгаад хүүхдээ төрүүлсэн аж. Цагийн дараа дотуур байрны харуул аюулгүй байдлыг шалгаж яваад ариун цэврийн өрөөний түгжээтэй бүхээгээс ихээхэн хэмжээний цус урссан байхыг олж харжээ. Бүхээгийг онгойлгон ортол охин их хэмжээний цус алдаж ухаан алдсан байсан бөгөөд түүний дор дөнгөж төрөөд эндсэн нярай байжээ.
Харуул түргэн тусламж дуудаж, яаралтай эмнэлгийн тусламж үзүүлснээр охины амийг аварсан байна. Нярайн үхлийн шалтгааныг тогтоохоор шинжээчид ажиллаж байгаа аж.
Storify: Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулгын талаар хэн юу хэлэв
Энэ долоо хоногийн онцлох явдал нь улстөрийн намууд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулсан билээ. МАН бага хурлаа хийж МАН-ын дарга М.Энхболдыг нэр дэвшүүлэхээр болсон. Харин Ардчилсан нам нийт гишүүдийнхээ дунд санал асуулга явуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулсан билээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Х.Баттулга 2740.9 оноо авч тэргүүлж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болоод байгаа. Ингээд Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулгын талаар сошиал ертөнц хэрхэн шуурч байгаа талаар мэдээлэл хүргэе. Түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх мэдээтэй зэрэгцээд өнгөрсөн онд дуулиан дэгдээд байсан төмөр замын хэрэг эргэн сөхөгдөж эхэллээ.Ингээд цахим ертөнцийн сонин сайхан мэдээллийг хүргэе. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.